Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

хохирогч: Б.О;

гэрч: М.Б;

шүүгдэгч: О.Н, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, С.Үзмээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Нид холбогдох эрүүгийн 1809030000012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................... 17 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байрны 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Боржигон овогт О.Н.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Н нь 2018 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Никитон” нэртэй үйлчилгээний газрын гадаа Б.О нь ажил үүрэгтэйн холбогдуулан доромжиллоо хэмээн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуун гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө найз Мандуулын төрсөн өдөрт очсон. Би замаараа дэлгүүр орж бэлэг аваад 23 цагийн үед очсон. Очиход Батзориг, Мандуулын эхнэр Хандаа 2 танихгүй залуу байсан. Бид хэд “Жак даниелс” гээд виски уугаад байж байтал О жоохон согтолттой ирсэн. Би их согтоогүй байсан. О надтай танилцсан. Тухайн үед их орж гарч тамхи татсан. Түвшинбаяр, О хоёр Мандуулын эхнэр Хандааг янхан мэтээр доромжилж ярьсан. Тэр янхан гэдэг үг надад их муухай санагдаж байсан. Намайг тамхи татаж байхад Түвшинбат, О хоёр гарч ирэхээр нь би “найзынхаа төрсөн өдрөөр ирчихээд ингэж болохгүй” гэж хэлсэн. Оын хувьд  маш их согтолттой байсан. Тэгээд “чи хаана ажиллагдаг юм” гэхээр эрүүгийн цагдаад ажилладаг гэж хэлсэн. Чи Дэлэг гэж хурандааг таних уу, чи яах юм энэ тэр гээд бид хоёр заамдалцаад авахад Түвшинбат  гэдэг залуу  намайг хоёр удаа нүд рүү цохиод миний нүд маргааш нь хавдсан байсан. Би хойшоогоо болоод О руу дайраад Оын хувцсыг аваад цаашаа явж байхад хэн нэг нь намайг цээжнээс хойшоо түлхээд холдуулсан. Удалгүй цагдаа нар ирээд бид хэд салаад би адилхан алба нэгтэй хүмүүс гэж бодоод ажлыг нь хүндлээд гайгүй болсон. Тэгээд байж байтал О надруу дайраад бөөн хэрүүл болж байхад цагдаа нар ерөнхийдөө болохгүй юм байна гээд цаана нь эмэгтэй алба хаагч нар байхад бөөн хэрүүл болсон. Би цагдаагийн ахмадтай уулзаад “намайг уучлаарай би найзыгаа аваад явчихъя” гээд хэлсэн. Тэгэхэд  зөвшөөрсөн. Цагдаагийн эмэгтэй албан хаагчийг О гичий янханаар нь дуудаад эхэлсэн. О, Түвшин хоёр цагдаа нарыг хэл амаар доромжилоход цагдаа нар эрүүлжүүлэх байр руу авч явсан. Энэ асуудлаас хойш төрийн тусгай албан хаагч архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэдгээр сахилгын шийтгэл хүлээсэн. Би О яагаад гомдол өгсөнд гайхаж байна. Мөн гэрчээр Хандаагаас яагаад мэдүүлэг аваагүй. О яагаад мэдүүлэгтэй доромжилсон талаар огт хэлээгүй.  Тухайн үеийн цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Би От гар хүрээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай үеэл эгчийн хурим болсон. “Никитон” паб дээр очиход Батзориг, Мандуул, Хандаа, Н, Түвшинбат нар байсан. Намайг очиход шахаад байхаар нь “болиорой” гээд найзууддаа тоглоомоор сануулж байсан. Жүгдэрдорж, Мянганбаяр хоёртой тамхи татаад зогсож байхад Н гарч ирээд танилцсан. Би “Сүү” ХХК-д эдийн засагч хийдэг. Мандуулын 10 жилийн найзууд гэж хэлсэн. Зөрүүлээд  чи хаана ажилладаг вэ гэхэд  Н би цагдаа гэж хэлсэн. Би Мандуулын найз болохоор нь илүү дотно танилцах гээд хаана цагдаад ажилладаг вэ гээд асуухад би хаана ч харъяалалгүй гээд шууд цохиод авсан. Миний зүүн нүдрүү цохиход нүдний шил унаад алга болсон. Би салгах гээд заамдахад Нийн подволк урагдсан байх, харин миний цамц урагдаад алга болсон. Нүүр, нүд, чих, толгой руу нилээд хэдэн удаа цохисон. Жүгдэрдорж бид хоёрыг салгах гээд сайн хүчрэхгүй байсан. Мянганбаяр “найзаа болиорой” гээд салгаад урагдсан цамцаараа би цусаа арчаад зогсож байсан. Тухайн үед би нүдний шилтэй явж байсан. Н  цагдаагийн албан хаагчийг дэгээдэж унагаагаад байсан. Миний хувьд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээд дуугуй машинд нь суусан. Манай найз Түвшинбат эсэргүүцэл үзүүлсэн. Миний хувьд сайн найзынхаа эхнэрийг тэгж хэлэх ёс зүй байхгүй. Зодоон болсны маргааш Мандуул надтай ярьсан. “Муухай юм болсон байна. Чи Нийг битгий цагдаад өгөөрэй, хохирлыг чинь барагдуулаад өгье. Чи цагдаад өгмөөр байгаа бол намайг зодсон гээд хэлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Н өөрөө надтай уулзаад учираа олох ёстой гэж хэлсэн. Н надтай ярьж уулзахгүй болохоор нь би цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст өргөдөл өгөхөд түүний дагуу Нид сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн бичиг ирсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Б мэдүүлэхдээ: О хуримнаас ирсэн гээд бид нараас илүү согтолттой байсан. Түвшинбат Нийг 2 удаа цохиж байсан. Жүгдэр гэдэг залуу Түвшөө, Нямаа хоёрыг салгаж байсан. Би Оогийг салгасан. Тэгээд “найзынхаа төрсөн өдөр дээр яагаад байгаа юм бэ” гэхэд О миний ам руу салаавч өгсөн. Тэгэхээр нь би Оыг мөргөөд хоёр удаа цохисон. Би Нийг хохирогчийг цохиж байхыг хараагүй. О над руу дайраад байхаар нь би цохисон гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О /хх-ийн 14-15, 16-19, 20-21/, гэрч Э.Мандуул /хх-ийн 22/, М.Б /хх-ийн 23, 25-26/, Э.Түвшинбат /хх-ийн 27/, Н.Алтансувд /хх-ийн 28/, Б.Жүгдэрдоржийн /хх-ийн 33-34/ нарын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөгч Х.Мандахын яллагдагч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх-ийн 36-37/, шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №7772 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, О.Нямдложийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32, 53-54/, О.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-77, 83-93/, хохирлын баримтууд /хх-ийн 107-110/    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 24 (00) цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Никитон” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Отай маргалдан муудалцаж улмаар түүнийг зодож, хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Оын /хх-ийн 14-15, 16-19, 20-21/: “... 2018 оны 06 дугаар сарын16-ны өдөр найз Мандуулын төрсөн өдөрт оролцсон. “Никитон” шөнийн клубд орж сууж байгаад Мянгаа, Жүгдэрдорж нартай тамхи татах гээд баарнаас гарч үүдэнд нь зогсож байтал Н гэх залуу гарч ирээд танилцсан. Би хаана ажилладаг талаар нь асуухад цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн. Би “аль цагдаагийн газар ажилладаг вэ” гэхэд “би харьяалалгүй” гэж хэлээд шууд миний зүүн талын нүд руу гараараа цохисон. Би “яаж байгаа юм” гэж хэлтэл үгийн зөрүүгүй дахиад 4-5 удаа нүүр толгой хамар руу цохиод “алнаа” гээд дайраад байхаар нь би зөрүүлээд Нийг болиулах гээд түлхсэн боловч чадаагүй. Энэ үед миний нүдний шил уначихсан байсан тул би юу ч харж чадахгүй байсан. Жүгдэрдорж дундуур орж ирээд Нийг салгасан. Миний хамарнаас цус гарчихаар нь үүдний сандал дээр суугаад арчиж байтал Н дахин ирээд шууд миний цээж руу хөлөөрөө өшиглөж би газар унасан. Миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Мандуул болон бусад найзууд маань гарч ирээд Нийг салгасан. Н Мандуулын цаанаас “чамайг ална, чи муу хэн юм бэ” гээд орилоод байсан. Намайг Ноос өөр хүн цохиж зодоогүй. Бид хоёроос өөр хүн хоорондоо муудалцаагүй. Н гарч ирээд муудалцаад миний нүүр рүү цохиход Жүгдэрдорж, Мянгаа хоёр байсан. Зодооныг бүгд харсан. Эмчилгээний зардлаа Н гэх хүнээс нэхэмжилнэ. Намайг цохиж гэмтэл учруулсан хүн бол Н. “Хаана харъяалалтай юм бэ” гэхэд “харьяалалгүй” гээд намайг цохиод нүдний шил унагаагаад дээрээс нүдчихсэн. Найз нар ирээд салгаад холдуултал дахин ирж гэнэдүүлж нүүр цээж рүү цохисон. Батзориг тэр үед байгаагүй. Тухайн өдөр миний зүүж байгаа холын харааны шил газарт унаад алга болчихсон. Маргааш нь нөгөө газраа хайж байгаад олоход эвдэрсэн байсан. Нүдний шил авсан гэх ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч Э.Мандуулын /хх-ийн 22/: “.. гадаа гарсан чинь найз Н, О хоёр хоорондоо муудалцсан байдалтай, О цээж нүцгэн, Нийн фудволка нь урагдсан байдалтай найз нар салгаад хоёр тийш болгосон байдалтай байсан. Тэр хоёрын зодооныг би хараагүй...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч М.Бийн /хх-ийн 23, 25-26/: “... бид нар гадаа тамхи татах гээд гарсан. О, Н хоёр хоорондоо муудалцаад барилцаад авсан. Би Оыг “чи яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ” гээд холдуулсан. Тэгсэн О над руу дайрч ам руу салаавч хийсэн. Тэгэхээр нь би Оыг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. О Нийг “дарга чинь хэн гэдэг юм бэ” гээд хэрүүл зодоон болсон...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Э.Түвшинбатын /хх-ийн 27/: “... би болсон явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд О Н хоёр муудалцаад байх шиг байсан. Хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь салгах гээд очсон. Цагдаагийн албан хаагч нар О бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Бид хоёр эрүүлжүүлэгдсэн. Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй согтуу байсан болохоор муухай зан гаргасан байх. Миний буруу. Н, О хоёр архи уусан байсан...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Н.Алтансувдын /хх-ийн 28/: “... Миний бие Б.Сүхбаяр, ахлах ахлагч Н.Лувсан-Осор нарын хамтаар бүлгийн эргүүлд явж байгаад “Никитон” клубын гадаа нэмэгдлээр очсон. Тэгтэл Түвшинбат, О нар нь шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжилж автомашины хаалга үүд эвдчих гээд “та нар хэнтэй харьцаад байгаагаа мэдэхгүй байна, наад залуу чинь ерөнхийлөгчийн хамаатан, та нар маргааш ажилгүй болов доо, янхан гичий, пизда” гэх мэтийн хараалын үг хэллэг, хэлж байсан. Уг хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Очиход Оын цээжин хэсэгт жаахан зулгаралт үүссэн байсан. Зүүн нүдний доод хэсэгт цэнхэр туяа татсан байсан. Тус хоёр иргэн манай хоёр цагдаатай маргаад шаардлага биелүүлээгүй болохоор нь эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Б.Жүгдэрдоржийн /хх-ийн 33-34/: “... тамхи татах гээд гадаа гараад хартал яг үүдэн дээр О, Н хоёр тамхилаад хоорондоо юм яриад зогсож байсан. Би хажууд нь очиж хамт тамхилсан. Тэр хоёрын яриаг сайн ойлгоогүй зогсож байтал тэр хоёр хоорондоо муудалцаад эхлэхээр нь “хүүе юу болж байна” гээд салгах гээд дийлэхгүй байсан. Араас найз нар гарч ирээд салгасан боловч маргаад дийлдэхгүй байсан. Миний нүдэн дээр хоорондоо л маргаад зууралдаад заамдалцаад байсан. О, Н хоёр л маргалдаад байсан. Хамт байсан Батзориг Оыг миний нүдэн дээр л лав зодсон зүйл болоогүй. О, Н хоёр л маргасан шүү дээ. Би өөрийнхөө нүдээр харсан, санаж байгаа зүйлээ ярьж байна...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Оын биед “зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуу эмтрэл” бүхий  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №7772 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/,

 

     шинжээч Н.Энхцолмонгийн /хх-ийн 46-47/: “... Б.Оын зүүн нүдний доод зовхины дотор хэсгийн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зулгаралт баруун зүүн дээд хазах гадаргуун эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, шүдний эмтрэл гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... “ гэх мэдүүлгээр,  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийг нь зодсон хүнийг хохирогч шууд заасан, хохирогч, шүүгдэгч нар өөр хоорондоо маргалдан тэмцэлдсэн байдалтай байсныг болон барьцалдаж авсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

     Хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн О.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Б.Оыг хөнгөн гэмтээсэн хэрэгт О.Н оролцоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

Тухайн үед өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас өөрийг нь О.Н зодсоныг хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, гадаа гарахад О.Н, Б.О нар өөр хоорондоо маргалдан тэмцэлдсэн, О.Нийн фудвольк урагдсан, Б.О дээгүүрээ цээж нүцгэн, тэдний тэмцэлдээнийг салгасан, О.Н, Б.О нараас өөр хүмүүс маргаж зодолдоогүй талаар хэргийн гэрч нар дэлгэрэнгүй мэдүүлцгээсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь О.Н, Б.О нарын хооронд зодоон болсныг, О.Ноос өөр хүнтэй хохирогч маргалдаж зодолдоогүй болохыг нотолж байх бөгөөд “хохирогчийг цохиогүй” гэх О.Нийн тайлбар, “Б.Оыг би цохисон” гэх гэрч М.Бийн мэдүүлэг бодитой бус, хохирогч, хэргийн бусад гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.

 

Мөн хохирогчийн согтуурлын зэргийг тухайн үед шалгасан эсэх баримтыг хэрэгт хавсаргах, хэрэг учрал болоход дуудлагаар нэмэгдэж ирсэн цагдаагийн алба хаагч нарыг хэрэгт гэрчээр байцаалгах, хохирогч болон гэрч М.Б нарыг нүүрэлдүүлэн байцаалгах зэрэг өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Б.О, Э.Түвшинбат нарыг тухайн үед эрүүлжүүлсэн талаар гэрч Н.Алтансувд мэдүүлэгтээ нэгэнт дурьдсан байх бөгөөд Б.Оын биед хэн, яаж гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох хэргийн үйл баримтад хамааралтай эрх зүй, гэм буруугийн шинжтэй асуудал тул зодоон болоод дууссан хойно дуудлагаар нэмэгдэж ирсэн цагдаагийн алба хаагч нарыг бүгдийг байцаах нь үр дүнгүйгээс гадна  хохирогч тухайн үед өөрийг нь зодсон хүнийг танихааргүй хэт согтсон байсан гэж дүгнэх боломжгүй. Б.О, М.Б нарыг нүүрэлдүүлэн байцаалгахыг хүссэн асуудал нь хэрэгт ач холбогдолгүйгээс гадна М.Бийг өмнө нь гэрчээр байцаасан байна.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Нийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, хохирогч Б.Оаас хавтаст хэрэгт тусгуулсан нийт 248.000 төгрөгийн зардлыг (хх-ийн 107-108) шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин дан ганц эмнэлгийн үзлэгийн карт, үйлчилгээний үнийн саналд (хх-ийн 109-110) тулгуурлан хохирогчийн цаашид хийгдэх эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжгүй байх тул түүний 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдьсугай.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ноос нийт 248.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлын талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ