Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 625

 

185/2019/0190/Э

 

 

 

 

 

2019           6             20                                           2019/ДШМ/625                                                

О.Н- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Бямбасүрэн,

хохирогч Б.Отгонбаатар,

шүүгдэгч О.Н- , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

                                                                                             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н- ийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Н- холбогдох эрүүгийн 1809030000012 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн О-ийн Н, .......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

 

О.Н-  нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Никитон” нэртэй үйлчилгээний газрын гадаа Б.Отгонбаатарыг ажил үүрэгтэй холбогдуулан доромжиллоо хэмээн зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуу эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Н- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Н- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н- ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н- оос нийт 248,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбаатарт олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Н- ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...О.Н-  нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Никитон” нэртэй үйлчилгээний газрын гадаа Б.Отгонбаатар нь ажил үүрэгтэй нь холбогдуулан доромжиллоо хэмээн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуун гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 220 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Н-  болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг О.Н-  үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч О.Н-  нь мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа хохирогч Б.Отгонбаатарт гар хүрээгүй, гэмтэл учруулаагүй болохоо тогтвортой мэдүүлдэг. Харин хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй тогтворгүй байдаг.

Хохирогч Б.Отгонбаатарын “...Зүүн нүдэнд гараараа, шанаанд гараар цохисон, толгой руу олон цохисон, цээж рүү цохисон, найзууд салгасны дараа толгой руу гараараа цохисон. ...” /хх 12/, “...Н миний зүүн нүд, хамар, толгой, цээж, дээд үүдэн шүд хэсэгт цохисон тус тус гараараа цохисон. ...” /хх 14/, “...Миний хамарнаас цус гарчихаар нь үүдний сандал дээр суугаад цусаа арчиж байтал Н дахиж ирээд шууд миний цээж рүү хөлөөрөө өшиглөтөл би газар унахад нүүр рүү минь 2-3 удаа өшиглөсөн. ...” /хх 18/, “Н хамгийн түрүүнд миний нүд рүү цохиход миний нүдний шил газар унасан. Түүнээс хойш яг хаана, ямар байдлыг цохисныг нь сайн харж чадаагүй байсан. ...” /хх 14/ гэх мэдүүлэг нь хохирогч Отгонбаатар нь хэн, яг хаана нь яаж цохисон болохыг эргэлзээгүй мэдэхгүй байгааг харуулж байна. Мөн хохирогч Б.Отгонбаатарын /хх 28/ “Та ямар учраас дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй юм бэ? Би шаардлага биелүүлсэн, эсэргүүцсэн зүйл огт байхгүй. ...” гэж мэдүүлэг өгсөн боловч хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч гэрч Н.Алтансувдын мэдүүлгээр /хх 28/ “Түвшинбат, Отгонбаатар нар нь шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжилж, авто машины хаалга үүд эвдчих гээд та нар хэнтэй харьцаад байгаагаа мэдэхгүй байна, наад залуу чинь Ерөнхийлөгчийн хамаатан та нар маргааш ажилгүй болов, янхан, гичий пизда гэх мэтийн хараалын үг хэлж байсан, тэгээд уг хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн.” Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй болох нь нотлогдож байна. Дээрх мэдүүлгүүдээс хохирогч худал мэдүүлэг өгч байгаа нь нотлогдож байна.

Гэрч М.Батзоригийн мэдүүлэг /хх 25/ “...Би хажуугаар нь ороод Отгонбаатарын нүүр лүү мөргөөд гараараа мөн нүүр лүү нь 2-3 цохисон... бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт очоод гарах гэсэн боловч Отгонбаатар урдаас салаавч өгөөд зайл энэ тэр гээд дайраад байсан бөгөөд тэнд байсан цагдаа нар нь хүртэл танай энэ найз чинь бүүр ухаанаа алдчихсан тасарчихсан байгаа биз дээ, та нар өглөө ирж найзыгаа ав гэсэн... Тэр үед Отгонбаатар бодит байдал дээр яг юу болж байгааг мэдэх чадваргүй согтуу байсан. Анх л бидэн дээр ирэхдээ согтуу ирсэн, дээрээс нь нэмээд зөндөө виски уусан байсан. Тэгээд Н-той эхэлж ирсэн, дээрээс нь зөндөө виски уусан байсан. Тэгээд Н-той эхэлж маргаснаа л түүнд зодуулсан гээд байгаа байх. ...” гэрч М.Батзориг энэ хэргийг үйлдсэн болохоо мэдүүлдэг боловч түүнийг яллагдагчаар татаж шалгалгүй орхигдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдоогүй байхад гэмт хэргийг О.Н-  үйлдсэн гэм буруутай гэж ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу О.Н- ашигтайгаар шийдвэрлэх ёстой.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 220 тоот шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хэрэгсэхгүй болгоно уу.  Түүнчлэн, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгааг өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж байна. Мөн уг хэрэг давж заалдах шатны шүүхэд хэрэг ирэх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Н-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн хувьд нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдоогүй байхад гэмт хэргийг миний бие О.Н- ыг үйлдсэн гэм буруутай гэж ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Отгонбаатар миний бие нь шүүгдэгч О.Н-  болон түүний өмгөөлөгчийн гаргаж буй давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна.

Шүүгдэгч О.Н-  нь цагдаагийн албан хаагчийнхаа дагуу олж эзэмшсэн тусгай ур чадвараа согтуудаа ашиглаж, жирийн иргэн миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Гэхдээ эдгээр гэмтлүүд нь надад хүнд байна. Хэрэг гарснаас хойш одоог хүртэл шүүгдэгч О.Н-  надаас уучлалт гуйгаагүй. Хүний ёсоор уучлалт гуйвал өдийг хүртэл заргалдахгүй байсан. Анхан шатны шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө шүүгдэгч О.Н-  ахтайгаа манай ажил дээр ирж уулзахдаа “гомдолгүй гэж хэлээд гомдлоо татчих, чиний эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөг болгоод өгье” гэж хэлсэн нь камерт бичигдсэн.

Тухайн үед миний бие нь шүүгдэгч О.Н- ийг “эр хүний ёсоор ирээд уучлалт гуйж байгаа бол за тэгье” гэсэн. Хэрвээ худлаа ярьсан бол одоог хүртэл хэлсэн бүхэн маань худлаа болж би өөрөө хариуцлага хүлээнэ. Тийм болохоор би гомдолгүй гэж хэлж чадахгүй. Миний хувьд шүүгдэгч О.Н- ийг ажлаас нь халуулах, амьдралд нь нөлөөлөхүйц ял шийтгэл ногдуулмааргүй байна. Ёс журмын дагуу уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг барагдуулаад өгчих гэсэн байр суурьтай байсан. Шүүгдэгч О.Н-  нь намайг зодоогүй гэж мэдүүлсэн хэвээр байна. Давж заалдах гомдол нь ял завших гэж байгаа санаархал болов уу гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар өмгөөлөгч гэм бурууг тогтоогдохгүй байгаа гэх асуудал ярьж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүгдэгч О.Н- ийн гэм буруутай үйлдлээс Б.Отгонбаатарт гэм хорын хохирол учирсан.

Мандуулын “гадаа гарсан Н- , Отгонбаатар нар хоорондоо маргалдаж байсан”, Түвшинбатын “Отгонбаатар, Н-  хоёр маргалдаж байх шиг байсан. Хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь салгах гэж очсон”, гэрч Алтансувдын “Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Очиход Отгонбаатарын цээжинд зулгаралт үүссэн байсан. Зүүн нүдний доод талд цэнхэр туяа татсан байсан” гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан. Хохирогчийн биед гэмтэл үүссэн нь дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Жүгдэрдоржийн “Гадаа гартал үүдэнд Отгонбаатар, Н-  хоёр тамхилаад хоорондоо юм яриад зогсож байхаар нь хамт тамхилсан. Маргалдаж эхлэхээр нь салгах гээд чадахгүй байсан. Батзориг Отгонбаатарыг зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Н-  нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хохирогч Отгонбаатарын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Батзоригийг гэрчээр оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Отгонбаатарын биед учирсан гэмтэлд зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүд, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт гэх олон тооны гэмтэл учирсан. Энэ нь олон үйлдлээр үүснэ гэх дүгнэлт гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

О.Н-  нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Никитон” нэртэй үйлчилгээний газрын гадаа Б.Отгонбаатарыг ажил үүрэгтэй холбогдуулан доромжиллоо хэмээн зодож,  эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуу гэмтэл” гэсэн хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Отгонбаатарын “...2018 оны 6 дугаар сарын16-ны өдөр найз Мандуулын төрсөн өдөрт оролцсон. “Никитон” шөнийн клубд орж сууж байгаад Мянгаа, Жүгдэрдорж нартай тамхи татах гээд баарнаас гарч үүдэнд нь зогсож байтал Н-  гэх залуу гарч ирээд танилцсан. Би хаана ажилладаг талаар нь асуухад цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн. Би аль цагдаагийн газар ажилладаг вэ гэхэд би харьяалалгүй гэж хэлээд шууд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Би яаж байгаа юм гэж хэлтэл үгийн зөрүүгүй дахиад 4-5 удаа нүүр, толгой, хамар руу цохиод “алнаа” гэж дайраад байхаар нь би зөрүүлээд Н- ийг болиулах гээд түлхсэн боловч чадаагүй. Энэ үед миний нүдний шил уначихсан байсан тул би юу ч харж чадахгүй байсан. Жүгдэрдорж дундуур орж ирээд Н- ийг салгасан. Миний хамраас цус гарчихаар нь үүдний сандал дээр суугаад арчиж байтал Н-  дахин ирээд шууд миний цээж руу хөлөөрөө өшиглөж би газар унасан. Миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Мандуул болон бусад найзууд маань гарч ирээд Н- ийг салгасан. Н-  Мандуулын цаанаас чамайг ална, чи муу хэн юм бэ гэж орилоод байсан. ..Намайг Н- оос өөр хүн цохиж зодоогүй. Яагаад гэхээр Н-  бид хоёроос өөр хүн хоорондоо муудалцаагүй. ...” /хх 14-21/,

            гэрч Э.Мандуулын “...Гадаа гарсан чинь найз Н- , Отгонбаатар хоёр хоорондоо муудалцсан байдалтай Отгонбаатар цээж нүцгэн, Н- ийн фудволка нь урагдсан байдалтай найз нар салгаад, хоёр тийш болгосон байдалтай байсан. Тэр хоёрын зодооныг би хараагүй...” /хх 22/,

гэрч Э.Түвшинбатын /хх 27/ “...Би болсон явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд Отгонбаатар Н-  хоёр муудалцаад байх шиг байсан. Хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь салгах гээд очсон. ...” /хх 23, 25-26/,

гэрч Б.Жүгдэрдоржийн “...Тамхи татах гээд гадаа гараад хартал яг үүдэн дээр Отгонбаатар, Н-  хоёр тамхилаад хоорондоо юм яриад зогсож байсан. Би хажууд нь очиж хамт тамхилсан. Тэр хоёрын ярьж байгааг сайн ойлгоогүй зогсож байтал тэр хоёр хоорондоо муудалцаад эхлэхээр нь “хүүе юу болж байна” гээд салгах гээд дийлэхгүй байсан. Араас найз нар гарч ирээд салгасан боловч маргаад дийлдэхгүй байсан. Миний нүдэн дээр хоорондоо л маргаад зууралдаад заамдалцаад байсан. Отгонбаатар, Н-  хоёр л маргалдаад байсан. Хамт байсан Батзориг, Отгонбаатарыг миний нүдэн дээр л лав зодсон зүйл болоогүй. Отгонбаатар, Н-  хоёр л маргасан шүү дээ. Би өөрийнхөө нүдээр харсан, санаж байгаа зүйлээ ярьж байна...” /хх 33-34/  гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 7772 дугаартай “...Б.Отгонбаатарын биед “зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун, зүүн дээд 1, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуу эмтрэл” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 41/ ,

шинжээч Н.Энхцолмонгийн “...Б.Отгонбаатарын зүүн нүдний доод зовхины дотор хэсгийн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зулгаралт баруун зүүн дээд хазах гадаргуун эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, шүдний эмтрэл гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 46-47 гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч О.Н- ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг “...О.Н-  нь Б.Отгонбаатарт гэмтэл учруулаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэрч М.Батзориг нь хэрэгт “...Бид нар гадаа тамхи татах гээд гарсан. Отгонбаатар, Н-  хоёр хоорондоо муудалцаад барилцаад авсан. Би Отгонбаатарыг чи яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж холдуулсан. Тэгсэн Отгонбаатар над руу дайрч ам руу салаавч хийсэн. Тэгэхээр нь би Отгонбаатарыг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Отгонбаатар Н- ийг дарга чинь хэн гэдэг юм бэ гэж хэрүүл зодоон болсон...” /хх 23, 25-26/ гэж Б.Отгонбаатарыг өөрөө цохисон талаараа мэдүүлдэг боловч Б.Отгонбаатарын тус мэдүүлгийг тухайн цаг хугацаанд хамт байсан хэн нь ч давхар нотлон мэдүүлдэггүй бөгөөд харин О.Н- , Б.Отгонбаатар нар л маргалдаж, зодолдсон талаар мэдүүлжээ.  

 

Иймээс О.Н- ийн үйлдлийн улмаас Б.Отгонбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж,  О.Н- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Гэхдээ шүүгдэгч О.Н- ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд өнгөрсөн байх тул О.Н- холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсэгт “Шүүгдэгч О.Н- холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, О.Н- ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н- ийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ