Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 101/2023/00437/И |
Дугаар | 210/ма2024/01252 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/ма2024/01252
2024 06 19 210/МА2024/01252
Б.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 101/ШШ2024/01754 дугаар шийдвэртэй, Б.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А-д холбогдох, 24,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Б.У нь 2022 оны 05 дугаар сард Ж.А-тай ноос, ноолуур угаах үйлдвэрт 258 кг ноолуурыг тухайн үеийн ханш 31,000,000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцсон.
1.2. Тухайн үед Ж.А нь өөрийн 5 тонн ноолуур байгаа, 1 кг ноолуурыг 120,000 төгрөгөөр хамт худалдан борлуулж өгвөл 1 кг тутамд 5,000 төгрөг өгөхөөр ярилцсан боловч ноолуур болон мөнгийг өгөөгүй. Ж.А нь “...1 кг ноолуурыг 98,000 төгрөгөөр худалдсан учраас мөнгө өгөх боломжгүй” гэх хариу өгдөг. Түүнчлэн, Ж.А-д холбогдуулан цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргаан гэх бөгөөд Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “...258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн, цааш нь худалдсан” гэдгээ тодорхой хэлсэн байдаг.
1.3. Хариуцагчийн ирүүлсэн С ХХК-ийн баримт, Ж.Э-ийн тайлбар зэргээс үзэхэд Ж.Э нь С ХХК-д 5347 кг ноолуурыг 1 кг-ийг 98,000 төгрөг, нийт 547,000,000 төгрөгөөр ноолуурыг худалдсан болох нь тогтоогддог. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд Ж.А нь 258 кг ноолуурыг авсан атлаа буцааж өгөөгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Ж.А гаас авсан 5 тонн ноолуур дээр 258 кг ноолуураа нэмээд, 5258 кг болгоод цааш нь Ц.Б-ийн үйлдвэрт зарах зорилготой байсан ба мөнгө нь цаад үйлдвэрээс ирэхэд мөнгийг Ж.А гаар дамжуулж авах байсан, Ж.А-д ноолуурыг худалдаагүй.
1.4. Хэргийн 65 дугаар талд Ж.Э-ийн тайлбараас үзэхэд Ж.Э нь Ж.А гийн дүү бөгөөд ашиг сонирхол нэгдмэл, нэг нь хөдөөнөөс зуучилдаг, нэг нь ноолуур угаах үйлдвэрээр дамжуулж ноолуураа зардаг болох нь тогтоогддог. Тухайн үед анх зах зээлийн ханш 1 кг ноолуур нь 120,000 төгрөг байсан учраас энэ ханшаар тооцож 31,000,000 төгрөг нэхэмжилсэн, энэ дүнгээр бодоход 30,960,000 төгрөг байх ёстой.
1.5. Иймд дээр дурдсан Ж.А гийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Прокурорын тогтоол дээрх мэдүүлэг, Ж.Э-ийн тайлбар, гэрч Д.Г, Ц.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно. Ж.Э-ийн тайлбарт 1 кг ноолуурыг 95,000 төгрөгөөр худалдсан гэж дурдсан учир 258 кг ноолуурын үнэ 24,510,000 төгрөг болж байх тул үүгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байна. Иймд хариуцагч Ж.А гаас 258 кг ноолуурын үнэ болох 24,510,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У т олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь Б.У-ын ноолуурыг худалдан борлуулахаар тохиролцоогүй. Б.У нь намайг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан бөгөөд түүний гомдол худал гэдэг нь нотлогдож, тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Мөн иргэний хэргийн шүүхэд үндэслэлгүй худал зүйл бичиж, мөнгө нэхэмжилж надад хүндрэл учруулж байна.
2.1. Тухайн үед миний 5 тонн ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж, 1 кг тутмаас 5,000 төгрөг авна гэж тохирсон. Б.У нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүмүүсээ дагуулан ирж ноолуур үзээд ангилан ялгасан боловч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ирээгүй. Энэ хооронд ноолуурын ханш унаж дээрх ноолуурыг С ХХК-д 1 кг тутмыг 98,000 төгрөгөөр борлуулж нийт 85,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.
2.2. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явц нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон. Гэвч Ж.А нь бусдын хөрөнгийг хууль бусаар олж авсан зүйл байхгүй, ийнхүү хууль бусаар олж авсны үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.У нь 258 кг ноолуурыг өөрийнхөө эхнэрийн ажилладаг компанид худалдах зорилготой, гэхдээ тухайн ноолуурыг өөрийнх гэдгийг мэдэгдэх сонирхолгүй, зөвхөн 5 тонн ноолуур дунд нь багтааж худалдах зорилготой байсан нь тогтоогддог.
2.3. Дээрх үйл баримтаас үзэхэд Б.У нь агуулахад ноолуур авсан гэдэг үйл баримт байх боловч 258 кг болох нь тогтоогдохгүй, хэдэн кг байсан нь мэдэгдэхгүй, үүнийгээ нотолсон баримт байхгүй. Гэрч Д.Г нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна.
2.4. Мөн цагдаагийн байгууллагад Ж.А нь ноолуураа аваарай гэснээс бусдад худалдана гэж хэлээгүй, 258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар баримт байхгүй. Түүнчлэн, ноолуурын үнийг 120,000 төгрөг, 98,000 төгрөг, 95,000 төгрөг гэдэг боловч хэрхэн яаж тодорхойлсон нь ойлгомжгүй, Ж.Э-ийн тайлбарт дурдсан үнэ эргэлзээтэй, энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нь Ж.Э-ийн тайлбараар “...ноолуурыг худалдсан хэдий ч өөрийнхөө ноолуурыг бусдад худалдсан” болохыг нотлох зорилгоор гаргаж өгсөн. Б.У нь ноолуурыг Ж.А-д биш агуулах дотор байсан хүнд хүлээлгэж өгсөн боловч ноолуурыг хүлээж авсан хүн хэн болох нь тодорхойгүй байдаг. Агуулах дотор байсан ноолуур нь Ж.А гийнх биш, Ж.Э-ийн х байсан.
Иймд Б.У-ын 258 кг ноолуурыг Ж.А хүлээж авсан, ийнхүү хүлээж авсан ноолуураа бусдад худалдаад үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.А-д холбогдох, 24,510,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Д.Г, Ж.А нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлээгүй. Мөн шүүхээс хариуцагч Ж.А г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.А-тай харилцан тохиролцож, түүний агуулах складад 258 кг ноолуурыг тэдний жин дээр хэмжин хүлээлгэн өгч, Ж.А гийн 5 тонн ноолууртай хамт угаалган худалдахаар тохиролцсон. Тухайн үед ноолуурыг 1 кг тутмыг 120,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэтэл Ж.А нь миний ноолуурыг өөрийнхөө 5 тонн ноолууртай хамт цааш нь худалдан борлуулсан атлаа өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Хариуцагч Ж.А нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээс ноолуурыг цааш нь худалдаж өөрийн төрсөн дүү Ж.Э-ийн дансаар ноолуурын мөнгийг авсан болох нь нотлогддог. Анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...миний ноолуурыг хүлээж аваагүй, цааш нь худалдан борлуулж ашиг олоогүй” гэж маргадаггүй, харин ноолуурыг бусдад худалдсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрч Д.Г гийн мэдүүлгээр “...Ж.А 258 кг ноолуурыг хүлээн авсан” нь нотлогдож байна. Шүүхээс гэрч Д.Г д хууль сануулан мэдүүлэг авсан байх ба гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг хангасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Ж.А гийн ноос, ноолуур угаах агуулахад Б.У нь 258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн, Ж.А нь ноолуурыг агуулахдаа хүлээж аваагүй гэж маргаагүй байхад шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Түүнчлэн, хариуцагч Ж.А нь миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, үгүйсгэсэн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа нотлоогүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2498 дугаартай тогтоолоор Ж.А нь миний ноолуурыг хүлээн авч, цааш нь худалдан борлуулж, өөрөө ашиг олсон болох нь тогтоогдсон, мөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон. Хариуцагч Ж.А нь 258 кг ноолуурыг авч, цааш нь худалдан борлуулж, ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байгаа, гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй.
4.3. Шүүх хэт нэг талыг баримталж нотлох баримтыг үнэлсэн байх ба нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнд Ж.Эрдэнэцэцэгээс гэрчээр мэдүүлэг авахуулах, түүнээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзсан нь давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг биелүүлээгүй гэж үзнэ. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-т нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзсан байх тул түүний тайлбарыг нэг талын баримт гэж үзэх учир 1 кг ноолуурын үнэ 95,000 төгрөг гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа хариуцагч талаас гаргаж өгсөн Ж.Э-ийн тайлбар болон тодорхойлолтоор Б.У-ын 258 кг ноолуурыг Ж.Э-ийн ноолууртай нийлүүлээд С ХХК-д 1кг-ийг нь 95,000 төгрөгөөр бодож өгсөн нь үйл баримтаар нотлогдож байна. Ийм байхад Ж.Эрдэнэцэцэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаагүй атлаа түүний гаргасан тайлбарыг нэг талын баримт гэж үзэх учир 1 кг ноолуурын үнэ 95,000 төгрөг гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
4.4. Тухайн ноолуурыг Ж.Э нь өөрийнхөө 5 тонн ноолууртай нийлүүлэн 1кг-ийг нь 95,000 төгрөгөөр бодож С ХХК-д худалдан борлуулсан тул 258 кг ноолуурын үнийг 1 кг-ийг нь 95,000 төгрөгөөр бодож 24,510,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймээс хариуцагчаас ноолуурын үнэ 24,510,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд цуглуулсан баримтад хамаарахгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн ноолуурыг худалдаж, худалдан авахтай холбоотой харилцаа нь Ж.А , Б.У нарын хооронд үүсээгүй. Уг ноолуурыг худалдаж авсан хүмүүстэй төлбөртэй холбоотой маргаан байсан. Мөн “Сор кашемир” ХК нь ноолуурын үнийг төлсөн гэх нотлох баримтыг гаргуулж, хэргийг материалд хавсаргасан. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.А-д холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,490,000 төгрөгөөр багасгаж 24,510,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/22453 дугаар захирамжаар “нотлох баримт гаргуулах хүсэлтийн үндэслэл тодорхойгүй, гэрч асуулгаснаар ямар үйл баримтыг гэрчлүүлэх нь тодорхой бус, хүсэлтэд энэ талаар тодорхой тусгаагүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч Б.У нь “...258 кг ноолуурыг Ж.Э-ийн ноолууртай нийлүүлээд С ХХК-д 1 кг-ийг 95,000 төгрөгөөр өгсөн” гэж тайлбарласан ба уг тайлбараа нотлох зорилгоор Ж.Э-ийн бичсэн тодорхойлолтод “...258 кг ноолуур нэг хүн авчирч, бидний ноолуурт орж ялгалтанд цуг орсон, С ХХК-д 1 кг-ийг 95,000 төгрөгөөр өгсөн” гэж дурдсанаас үзвэл маргаан бүхий ноолуурыг Ж.Э-т өгөхдөө хэдэн төгрөгийн ханшаар, ямар хэмжээний ноолуур худалдсан эсэх үйл баримтыг тодруулах”-аар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна.
Ж.Э-ийг гэрчээр асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт нь талуудын маргаж байгаа мөнгөн хөрөнгийг хэн хариуцах нь тодорхой болох бөгөөд ноолуур худалдсан үнийн талаарх үйл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой.
Иймд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх талаарх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/01754 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ЦОГТСАЙХАН