Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 114/2019/0010/З |
Дугаар | 221/МА2019/0478 |
Огноо | 2019-09-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0478
2019 оны 09 сарын 11 өдөр |
Дугаар 221/МА2019/0478 |
Улаанбаатар хот |
Ж.О, Б.Ц, И.Д,
Н.Л, Я.Т нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.О, Н.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Н нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Я.Т нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Я.Т нар 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13/04, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолуудын Хар бэлчирийн хөндийн 25 газар болох 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:
“Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нараас Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндсэн болон Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13/04 дүгээр тогтоол, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Х........... хөндийн ........ газар болох 8 дугаар бригадын .........га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
...Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатанд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ж.О 15 хүн, Х.Л 11 хүн, Б.Ц, И.Д нар 37 хүн нийт 63 иргэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг олгосон байх боловч төлөөлүүлэх итгэмжлэлийг нэхэмжлэгч Ж.О нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх нэхэмжлэгч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр олгосон байна.
Иймд дээрх 63 иргэнээс 62 иргэнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ төлөөлүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болохыг заасан.
Энэ заалтын дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1, 2 дугаар багийн иргэд сайн дураар цуглаж санаа бодлоо нэгтгэн хуралдаж дундаасаа төлөөлөгчид томилж тэднээр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчдийн дундаас томилогдсон төлөөлөгч хэргийн оролцогч тул бусад хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эрх зүйн байдлын хувьд ялгаатай, тэгээд ч нэхэмжлэгчдийн дундаас томилогдсон төлөөлөгч өөрөө нэхэмжлэгч байхад тэдний хуульд заасан эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэхгүйгээр хязгаарлаж, тэднийг нэхэмжлэгч гэж үзэхгүйгээр “63-62 иргэнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ төлөөлүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй.
“Дархан-Уул аймгийн Хонгор сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэсэн тухайд:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол нь Хонгор сумын 1, 2 дугаар багийн иргэдийн, малчин айл өрхийн эрх ашгийг хөндөж, мал бэлчээх малын бэлчээргүй, хадлан тэжээлээ бэлтгэх боломжийг хааж, олон жил эзэмшиж ашиглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, эзэмшиж ирсэн газруудын зарим хэсгээр давхцалыг үүсгэж хохироосон. Энэ нь хэрэгт авагдсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ, хадлан бэлчээр хийх эрхийн гэрээ, гэрэл зураг, нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдоно.
Анх Хонгор сумын Засаг дарга “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх” саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдүүдэд мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэл хүргүүлж сонсгол зохион байгуулалгүйгээр, нууц байдлаар мал бүхий иргэдэд мэдэгдэлгүйгээр Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолуудыг гаргасан нь хууль зөрчсөн малчин өрх, ойн нөхөрлөлүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр болсон гэж үзнэ байна. Дээрх захиргааны актууд нь
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх”, 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсвэл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”,
2.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”,
3.Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа зуслан намаржаа байхыг хориглоно”, /иргэд малчид дээрх газруудыг 2-15 жилийн хугацаагаар эзэмшиж ирсэн. Харин атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх асуудал нь 2019 оны 3-4 сард хэлэлцэгдэж байгаа асуудал гэдгийг анхаарна уу/
4.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6 дугаар зүйлийн 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа, бүхий газар орно”, 22 дугаар зүйлийн “...баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заахдаа 22.1.1-д нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг зохион байгуулах”,
5.Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах, түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “Ойн сангийн газарт хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих аливаа объект байгуулахыг хориглоно” /Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “эрчимжсэн мал аж ахуй” гэж суурин болон хагас суурин байдлаар өндөр ашиг шимт мал, тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан нь хуульд харшилж байна. Энэ зориулалтаар 25 га, 13 га газрыг “тариалангийн талбайд” шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа/ гэснийг тус тус зөрчсөн байхаас гадна агро химийн физикийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байхад Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан нь эрх зүйн зөрчилтэй хууль бус акт болсон юм.
Ийнхүү дээрх олон хуулийн заалтуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй актууд гарсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүй нэг талыг барьсан иргэдийн эрх ашгийг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт нэхэмжлэгч нарын хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл хөтөлж, гэрэл зургаар баримтыг бэхжүүлж явахдаа тариалангийн газарт шилжүүлэхээр дэмжсэн 895 га атар газар, Хар бэлчирийн шугуй гэх газар нутагт байрших 25 га, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь малын бэлчээр, хадлангийн талбайг хамарсан ойн нөхөрлөлүүдийн эзэмшлийн талбайтай давхацсан.
Тухайлбал Ц.З, н.Б, Б.Ц, X.Зо, Д.А гэх иргэдийн өвөлжөөний газартай давхацсан болохыг мэдсэн атлаа /маргаж буй газар дээр шүүгч биечлэн очиж үзлэг хийхдээ нүдээр харж мэдэрсэн ба энэ талаар Хонгор сумын Засаг дарга н.А гэрчийн мэдүүлэг авахдаа тодорхой асуудлыг тавьж байсан байдаг/ “давхцалгүй болох нь нотлогдон тогтоогдож байна” гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь Хонгор сумын 30 гаруй өрх айл, малчин иргэдийн эрх ашгийг хохироож байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хянан хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Анх шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр захирамжаар “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжих тухай” 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр тус аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгчдээс “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” 13/04 дүгээр тогтоол, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 01 дүгээр тогтоолын Х....... хөндийн ...... га, 8 дугаар бригадын ......... га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татаагүй атлаа бичгээр тайлбар авч, улмаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэ талаарх шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэлд хавсаргасан Хонгор сумын 2-р багийн иргэдийн Хурлын тэмдэглэлээс үзэхэд 57 иргэн хуралд оролцож, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэр бүхий 5 иргэнд олгосон талаар шийдвэр гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.О 15, Н.Л 11, Б.Ц, И.Д нарт 37 иргэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус олгосон байх бөгөөд энэхүү төлөөллийн асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэр бүхий 5 иргэн нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг процессийн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй.
2.Хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй талаар:
Анхан шатны шүүхээс дээр дурдсанчлан 5 иргэн нэхэмжлэл гаргасан гэж үзсэн атлаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О гаргасан хүсэлтийн дагуу нийт 67 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэхийг Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас шаардаж холбогдох зарим баримтыг гаргуулсан боловч эдгээр нь маргаан бүхий тогтоолд заасан тариалангийн газартай давхцалтай эсэх талаарх баримт бүрдүүлээгүй байна.
Гэтэл нэхэмжлэгчдийн зүгээс Дархан-Уул аймгийн болон Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар тус тус тариалангийн газарт шилжүүлсэн нийт .....га газар нь нэхэмжлэгч иргэдэд өвөлжөө, хаваржаа, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхацсан гэж, харин хариуцагчдын зүгээс газрын ямар ч давхцал байхгүй гэж тус тус маргах бөгөөд энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд 1 бус айлын өвөлжөө байгаа талаар тусгасан, зургийг баримтжуулсан байгаагаас үзэхэд ч нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэлийг батлах болоод үйгүйсгэх баримтыг хангалттай бүрдүүлэх нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрийн “…Тариалангийн газарт шилжүүлэхээр дэмжсэн 895 га атар газар, Хонгор сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэхээр нэмэлт оруулсан Х..........шугуй гэх нутагт байрших ...... га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцалгүй…” гэсэн дүгнэлт нэхэмжлэгч 5 иргэн, эсхүл тэдгээрт итгэмжлэл олгосон нэр бүхий иргэдэд хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН