Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 340

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдох 

Гуравдагч этгээд: Ерөнхий боловсролын сант сургууль 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагч П.Д,  Г.М, Х.Б, Т.Н, М.Г, гуравдагч этгээд Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б" ХХК-ийн захирал Б.Б, түүний өмгөөлөгч Д.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий боловсролын с сургуулийн захирал Д.З-тэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад Д.З нь санхүүжилтийг гэрээний дагуу төлөөгүйгээс манай компани өөрсдийн нөөц бололцоогоор 330 сая гаруй төгрөгийн хөрөнгийг гарган барилгыг зоорийн хамт 3 давхар хүртэл барьсан. 

Гэтэл Д.З 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцлан манай компанийг барилгын талбайд оруулахгүй болсон бөгөөд дутуу хийгдээгүй ажлыг хувь хүмүүсээр гүйцэтгүүлж дуусгасан байдаг. 

Д.З нь манай компанийн ажлын хөлс болон оруулсан хөрөнгө орлуулалтыг буцаан төлөхгүйн тулд барилгын цахилгааны ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгээгүй гэж маргаж ингэхдээ хууль бус дүгнэлт гаргуулах зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний яаманд дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний хяналтын газрын даргын шийдвэрээр эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн П.Д “Зөрчил арилгах” албан шаардлагыг гаргасан байдаг. П.Д нь уг албан шаардлагыг гаргахдаа тухайн барилга дээр огт очиж үзээгүй атал газар дээр нь үзэж шалгаж уг шаардлагыг гаргасан мэт хууль бус, хуурамч албан шаардлага гаргасанд гомдолтой байна. Мөн үүний дараа 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 01/2016 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг мөн л Д.З-ийн хүсэлтээр гаргасан байх бөгөөд ингэхдээ Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нар нь улсын байцаагчийн эрхгүй атал уг дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчсөн. 

Дээрх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гомдлыг гаргахад Ерөнхий боловсролын с сургуулийн захиалгаар баригдсан сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжид шүүхийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул хяналтын байгууллагаас дээрх гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дээрх асуудалд хуулийн байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.  Албан шаардлагад 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу мэдэгд гэж бичсэн. Хувийг “Б” ХХК-д гэж бичсэн байдаг боловч манай компанид өнөөдрийг хүртэл энэ албан шаардлагын хувь албан ёсоор ирээгүй. 

5 хүний бүрэлдэхүүнтэй очиж үзээд 8 шаардлагатай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Үүнийг “Б” ХХК-д хамааруулж бичээгүй, Ерөнхий боловсролын с сургууль гэж бичсэн. Гэтэл улсын байцаагчийн албан шаардлага болон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж надад эрүүгийн хэрэг дээр прокурор яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх рүү шилжүүлсэн. Албан шаардлага болон дүгнэлт нь илт хууль бус юм. Төрийн хяналт шалгалтын хууль болон стандарт зэргээс харахад 1 хоногийн дотор бүх ажиллагааг амжуулах боломжгүй байдаг. П.Д, н.Ц 2 албан шаардлагыг газар дээр нь очиж үзсэн гэх боловч П.Д 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр би очиж үзээгүй н.Ц-ыг ирэхлээр нь түүний үгээр би бичсэн гэж хэлсэн байдаг. Гэтэл н.Ц-аас Захиргааны хэргийн шүүх тайлбар авахад би энэ асуудлаар огт мэдэхгүй, энэ бол надад хамаагүй. Миний нэр яагаад орсон байгаа юм. Миний ажил үүргийн хуваарьт ч гэсэн шалгах чиг үүрэг байхгүй гэсэн байдаг. Энэ бүгдээс харахад энэ албан шаардлага угаасаа илт хууль бус болох нь тодорхой байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Эрчим хүчний тухай хуулиас харахад Эрчим хүчний яаманд хяналт шалгалт хийх, ялангуяа Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспичирийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино гэж хуульд тодорхой заасан.

Гэтэл Ерөнхий боловсролын с сургууль Эрчим хүчний яамруу хүсэлт гаргасан. Удирдамжийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн дарга гаргасан. Гэтэл 5 хүн шалгалт хийхдээ удирдамжийн дагуу  хийсэн байсан ч газар дээр нь очоод, зөрчлийн тэмдэглэл бичих ёстой байтал бичээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг огт баримтлаагүй. Эрчим хүчний яаманд Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх шинээр барьж байгаа барилга байгууламжинд хяналт тавих үүрэг огт байдаггүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 буюу тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан илт хууль бус байна гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Эрчим хүчний яаманд хүсэлт гаргахад Эрчим хүчний яам нь өөрийнхөө бланк дээр шалгалт хийсэн гэж бичиж өгөх байтал, Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан бланкыг ашигласан нь илт хууль бус гэж үзэж байна.

Мөн албан шаардлага болон дүгнэлтэд заагдсан ажлууд тухайн үед огт байгаагүй, дутуу хийгдсэн. Манайх нийт цахилгааны ажлын 40 гаруй хувийг гүйцэтгэсэн. Үүнээс хойш буюу 20 хоногийн дараа 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Г к” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ байгуулаад ажлаа үргэлжлүүлсэн. Иргэний хэргийн шүүхээс шинжээч томилсон. “Б” ХХК цахилгааны ажлыг 100 хувь хийгээгүй, Ерөнхий боловсролын сант сургууль өөрсдөө разетк болон тоног төхөөрөмжийн угсралтаа хийсэн гэсэн байдаг. Тэгэхлээр цахилгааны ажлын нийт 40 гаруй хувийг хийсэн мөртлөө эргээд хариуцлага тооцох болохлоор 100 хувь надруу хариуцлага тооцож байгаа нь илт хууль бус юм. 

2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлагад Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилт зохицуулах газрын даргын шийдвэрээр газар дээр нь очиж үзэж шалгалаа гэсэн байдаг. Гэтэл Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын шийдвэр байхгүй. Бодит байдал дээр энэ зөрчил дутагдал байхгүй тул зөрчил дутагдлыг биелүүлэх боломжгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус акт байна.

Албан шаардлагын хувийг “Б” ХХК”-д гэсэн боловч бидэнд  албан шаардлагыг өгөөгүй. Зөвхөн Ерөнхий боловсролын сант сургуульд хаяглагдаад очсон. Ерөнхий боловсролын сант сургууль энэ албан шаардлагыг зөвхөн надад зориулж гаргасан гэдэг. Гуравдагч этгээд өөртөө зориулж хүсэлтээ гаргаад энэ актыг гаргуулсан. Улсын байцаагч нар хэнд хандаж шаардлага, дүгнэлт гаргаад байгаа юм бэ?, Хэн гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасны дагуу илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд гаргасан байдаг. Зөрчил дутагдлыг цаашид зургийн авторын хяналтан дор батлагдсан зургийн дагуу гүйцэтгүүлж холбогдох дүрэм журам стандартыг хангуулах нь зүйтэй гэх боловч хэн гүйцэтгэхийг мөн зааж өгөөгүй. Тэгэхлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. 

Чанаргүй барилга барьсан гэдэг эрүүгийн хэрэг хамгийн анх 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр залилангийн хэргээр эхэлсэн. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-өөр шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болонгуут, Ерөнхий боловсролын с сургууль гомдол гаргаад Нийслэлийн прокурорын орлогч эсэргүүцэл бичээд сэргээсэн байдаг. Сэргээхдээ 148 дугаар зүйлээр сэргээсэн мөртлөө явцын дунд Эрүүгийн хуулийн 174 дугаар зүйлийн 174.1 буюу чанаргүй барилга барьсан, улсын комисст ашиглалтад өгсөн гэдэг зүйл ангиар солигдсон. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл намайг чанаргүй барилга барьсан гэдгийг нотлох баримт эрүүгийн хэрэгт огт байхгүй. Яагаад гэвэл цагдаагаас 15-16 газарлуу шинжээч томилуулахаар хүсэлт явуулсан боловч бүгдээрээ хүсэлтэд татгалзсан хариу ирүүлж байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий боловсролын сант сургуулийн захирал Д.З энэ 2 актыг эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагчид өгөөд 3 дугаар сарын 04-ний өдөр П.Д байцаагаад 3 дугаар сарын 07-ны өдөр надад танилцуулаад 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр явуулсан байдаг. Энэ бүгдээс харахад ер нь 2 актыг зориуд намайг чанаргүй барилга барьсан гэдэг эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгүүлэх зорилготой хийсэн нь цаг хугацаанаас харагддаг.

Д.З албан шаардлага надад хаяглагдсан надад зориулагдсан тийм учраас хэзээ засах нь миний эрх үүрэг гэж хэлж байна. Тийм учраас энэ хүн эрхээ эдлээд хэзээ засах засахгүйг өөрөө мэдээд зориуд эрүүгийн хэрэгт намайг гүтгэхийн тулд энэ материалаа ашигласан нь тодорхой боллоо.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д захиргааны актыг бичгээр гаргах, 40.2.1-д Захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр бүхий хаяг тамга тэмдэг болон гарын үсэг зураг эрх бүхий албан тушаалтны нэр гарын үсэг захиргааны актын нэр он сар өдөр дугаарыг тодорхой заасан байна гэж тусгасан. Гэтэл захиргааны акт нь 01/2016 гэсэн дугаартай байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартад  энэ дугаарын ард заавал тухайн байцаагч нарын хувийн дугаар байх ёстой. Гэтэл энэ дээр хувийн дугаар байдаггүй. Албан шаардлагад П.Да-ийн хувийн дугаар байдаг. Хэрвээ олон байцаагч нар хамтарч ажилласан бол тухайн үед ахалж байсан юм уу, нэг байцаагчийнхаа хувийн дугаарыг бичнэ гэж Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартад байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.2-т Захиргааны акт хаяглагдсан этгээд нь хуулийн этгээд бол түүний нэр хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээллийг тусгана гэж заасан. Мөн хуулийн 40.2.4-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах гэж заасан. Гуравдагч этгээдийн хүсэлтээр хийж байгаа учраас гүйцэтгэгч нь өөр компани байх ёстой. Гомдол гаргаж байгаа этгээд болон гүйцэтгэх этгээд нь 2 өөр субъект байна гэж хэлсэн заалт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 буюу түүнийг бодит байдал дээр биелүүлэх боломжгүй гэдэг бол үнэхээр бодит байдал дээр биелүүлэх ямар боломжтой байсан юм бэ? Боломжтой гэдгийг илэрхийлсэн зөрчлийн тэмдэглэл байх ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт бус шалгалт хийх бол удирдамж байх ёстой. 

Мөн үнэхээр алдаа дутагдлууд тухайн үед байсан уу, үгүй юу гэдгийг хэн ч нотлоогүй, эрүүгийн хэрэг дээр ч нотлоогүй. Цахилгааны утсыг 1.5-аар хийсэн байна, 2.5-аар солиорой гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Тухайн үед манай “Б” ХХК ганцхан цахилгааны утастай холбоотой асуудал байсан гэдгийг цахилгааны автор өөрөө хүлээн зөвшөөрөөд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхий боловсролын С сургуульд албан бичиг явуулсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Барилгын хяналтын улсын байцаагч 10 гаруй хүмүүс байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “У ц т с” ТӨХК хоёрын хооронд хийгдсэн гэрээн дээр иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хамтарч шалгана гэж тодорхой заасан байдаг. Гэтэл “У ц т с” ТӨХК иргэдээс өргөдөл гомдол ирвэл очиж шалгана уу гэхээс биш, яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар хийнэ гэж байхгүй. Яам гэдэг бол том бодлого тодорхойлох газар болохоос, ийм зүйл рүү орох эрхгүй. Барилгын тухай хуульд барилгын техникийн хяналтын улсын байцаагч хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Төрийн нарийн бичгийн даргын эрх үүрэг, ажлын байрны тодорхойлолтод удирдамж гаргах эрх үүрэг байхгүй. Харин П.Д хэлтсийн дарга улсын ахлах байцаагчийн эрхтэй учраас улсын байцаагч нартаа удирдамж гаргах эрхтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартад хяналт шалгалт яаж явуулахыг маш тодорхой зааж өгсөн. 

2015 оны 3 сарын 03-ны өдрийн шалгалтыг төлөвлөгөөт бус шалгалт гэж байгаа тул дараагийн шалгалт нь заавал гүйцэтгэлийн шалгалт байх ёстой. Гэтэл энэ хүмүүс дахиад төлөвлөгөөт шалгалт хийсэн. Энэ хүмүүсийн яриагаар бол төлөвлөгөөт шалгалтыг 100 удаач хийж болохоор яриад байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бол төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн бол дараагийн шалгалт нь гүйцэтгэлийн шалгалт байна. Өмнөх өгсөн албан шаардлага үүрэг даалгаврын биелэлтээ заавал хангуулна гэсэн заалт 9-р зүйлд байдаг. 

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа 5 хүн газар дээр нь очиж үзсэн гэдэг дээр маргахгүй. Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс ажил хийж байгаа хүмүүс бол ар талдаа заавал нотлох баримттай юм уу, төрийн хуулийг заавал баримталж байх ёстой. Гэтэл төрийн хяналт шалгалтын тухай хуулиа тэр чигээр нь зөрчсөн. Одоо эргээд ямар баримт байгаа, юу надад үзүүлээч гэхлээр баримт байхгүй. 

Ер нь бол гүйцэтгэгч нь “Б ХХК юм уу? “Г к” ХХК юм уу?, эсвэл энэ Д.З захирал нь юм уу?, эсвэл “М” ХХК юм уу? Эдгээр акт нь хэнд чиглэгдэж гарсан болох нь үнэхээр мэдэгдэхгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, Г.М, Х.Б, М.Г, Т.Н, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Албан шаардлагыг гаргахдаа даргын цохож өгсөн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн. П.Д би газар дээр нь очиж шалгаагүй зургийг үзэж шаардлага бичсэн. Би хугацаатай албан шаардлагыг өгсөн. Энэ шаардлагын дагуу Ерөнхий боловсролын с сургуулиас таны албан шаардлагын биелэлтийг одоо бид нар хүргүүлэх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гарсан үед албан шаардлагыг биелүүлж танд албан ёсоор хүргүүлнэ гэсэн 2 удаагийн албан бичгийг ирүүлсэн. 

Ерөнхий боловсролын с сургуульд хаягласан албан шаардлага дүгнэлт хоёрыг эзэн хаяггүй гээд байх юм. Дээр нь Ерөнхий боловсролын С сургуулийн захиралд гээд хаяг байгаа. Албан шаардлага, дүгнэлтийг Эрчим хүчний тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Барилгын чиглэлээр хяналт хийх учраас бидэнд хяналтын хуудас хамаарахгүй. Бид нар Барилгын тухай хуулийн дагуу барилгыг шалгаагүй. Харин Эрчим хүчний тухай хууль, хяналт шалгалтын бусад хууль тогтоомж, дүрмийн дагуу зөвхөн энэ барилгын дотор цахилгааны монтаж ерөнхий шийдний угсралтыг үзсэн болохоос биш барилга дээр очоод барилгыг үзээд барилгын хуулийн биелэлт зэргийг үзээгүй.

Дүгнэлтэд 2 улсын байцаагч биш хүн орж гарын үсэг зурсан гэж ярьж байна. Энэ дүгнэлт бол шинжээчийн дүгнэлт биш. Шинжээчийн дүгнэлтийг шүүхийн захирамжаар томилогдсон хүмүүс гаргадаг. Энэ бол мэргэжлийн байгууллагад хандсан учраас мэргэжлийн байгууллагаас гаргасан мэргэжлийн талын дүгнэлт юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус, мэргэжлийн бус байгууллага шинжээч эдгээр байгууллагын нэгжийг татан оролцуулж болно гэсэн заалт байдаг. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1-д холбогдох байгууллагатай тохиролцон, мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оролцуулна. Шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх гэж заасны дагуу бид нар мэргэжлийн дагуу хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажилласан. Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас батлагдсан стандартаар батлагдсан бланк бол тухайн байцаагч өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагын хаягийг бичих ёстой. Үүний дагуу улсын байцаагчийн дүгнэлтэд оролцсон бүх хүн гарын үсэг зурсан. 

Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн үндсэн чиг үүрэг бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлууд байдаг. Энэ нь осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, хүний амь насыг хамгаалахтай холбоотой юм. Ерөнхий боловсролын с сургуулийн өргөтгөлийн барилгад хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас тэр хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаасаа хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч оролцсон. 

Дүгнэлтийн хувьд газар дээр нь очиж үзсэн. Дээрээс ирсэн удирдамж чиглэлийн дагуу очиж үзсэн. Ингэхдээ бид нарын гаргасан дүгнэлт зөвхөн цахилгааны дотор монтажтай холбоотой. Утас, кабель, шийт нь хаана байрлаж байна, хаана байрлах ёстой байсан юм. Батлагдсан зургаараа байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байж дүгнэлт гаргасан. Харин тэр барилга чанартай чанаргүй гэдэгт дүгнэлт гаргаагүй.

Бид нар ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийн дугаа удирдлагаас өгсөн чиглэлээр үүрэг даалгавар биелүүлсэн. Барилгын болон эрх бүхий байгууллагын батлагдсан зургийн дагуу л ажлын зураг хийгдэх ёстой. Ил далд ажлын акт байгаагүй. 

Дүгэнлт нь албан шаардлагаар тодорхойлсон зөрчлийг арилгах зорилгоор гаргасан акт юм. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь буруутгах гэж гаргасан юм шиг яриад байх юм. Байгаа зөрчлийг тов тодорхой бичээд өгсөн учраас тэр албан шаардлага дүгнэлтэд зөрчлийн тэмдэглэлийг үйлдэх шаардлагагүй байсан. 

Барилга байгуулалтын хийц, угсралттай холбоотой асуудал нь барилгын байцаагчийн хяналттай холбоотой асуудал. Эрчим хүчний барилга байгууламж буюу дотоод монтажийн асуудал бол цэвэр манай эрчим хүчний асуудал учраас үүнтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийн ард фото зураг байгаа. Шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн дүгнэлт хоёрыг хооронд нь холимооргүй байна. Бид улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Бид нарыг аливаа шалгалт хийхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч шалгалт хийнэ гэж хэлээд байна. Бид бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрх олгогдсон байцаагч нар юм. Бид нар шалгалтыг хийх болгондоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байцаагч дуудаад байх шаардлага байхгүй. Бид нарын хамтарч ажиллах гэрээн дээр байгаа. Гэрээгээ жил болгон дүгнээд, сунгаад шинэчилдэг. Жил болгон хамтран ажиллах гэрээгээ сунгадаг. Иргэдэд байгууллагаасаа туслалцаа үзүүлэх талаасаа албан шаардлага дүгнэлт өгөх эрхтэйгээр ажилладаг. Дүгнэлт албан шаардлагын бланкын тухайд Мэргэжлийн хяналтаас гаргасан баталсан загвар байдаг. Хэн гүйцэтгэхийг байцаагч  нар бид заах ёсгүй. Тийм учраас энэ бол хууль ёсны дагуу, мэргэжлийн хяналтын газраас гаргасан загварын дагуу л хийгдсэн баримт бичиг, акт юм. Бид захиалагчид хандаж бичсэн. Өргөдөл гаргагчид “Б” ХХК-иар хийж гүйцэтгүүлэх гэсэн хүсэл шаардлага байхгүй байсан. Өнөөдрийн хувьд зөвхөн энэ хоёр албан шаардлага дүгнэлтийг цуцлуулах гэж өдий хүртэл явж байна. Бидний албан шаардлага бол Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу яг л зөв хийгдсэн. Сургуулийн цахилгааны монтаж нь хийгдэж улсын комисс ашиглалтад хүлээж авсан.

Биднийг үзэж шалгаагүй бол ямар аваар осол гарч, ямар үр дагавар гарахыг хэлж мэдэхгүй. Бид нар Эрчим хүчний байцаагч учраас Эрчим хүчний хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийн дагуу зөвхөн цахилгааны монтажуудыг ямар хийгдсэн юм бэ, зураг нь ямар байсан юм бэ, аль нь дутуу байна вэ гэдгийг шалгасан. Тийм учраас албан шаардлага дүгнэлт 2 илт хууль бус биш. 

Улсын байцаагчийн албан шаардлага биелэгдээд улсын комисс хүлээж авчээ. Тэгэхлээр илт хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Дүгнэлтийн хувьд бид тухайн нөхцөл байдлыг л тодорхойлсон байх ёстой бөгөөд  хэн гүйцэтгэсэн, хэн гүйцэтгээгүй тухай хүсэлтэд байхгүй. Бид ч энэ тухай дурдаагүй. Тэгэхлээр захиалагч болон гүйцэтгэгч нар, туслан гүйцэтгэгч нарын хооронд ямар гэрээтэй байсан түүгээрээ зохицуулагдах юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ерөнхий боловсролын С сургуулийн захирал Д.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд барилга бариулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцаллаа гээд албан бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцалсан үйлдэл хийгээгүй. Эд нарын үйлдлээр л бид гэрээгээ цуцлаад харилцаагаа дуусгасан. Үүнээс хойш бид барилгынхаа цахилгаанаас бусад засал чимэглэл цонх шал гээд бусад ажлуудыг өөр компаниар хийлгэсэн. Ерөнхий боловсролын с сургуулийн барилга бол сургуулийн өмч учраас яаж ажлыг үргэлжлүүлэх, яаж явуулах гэдэг нь бидний эрхийн хүрээний асуудал болно. Шинжээчээр Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналт гэх мэт олон байгууллагад хандахад дүгнэлт гаргахгүй гэдэг тайлбар өгсөн. Бид Эрчим хүчний яаманд хүсэлт тавьсаны дагуу П.Д, н.Ц нар ирсэн. Ингээд үзчихээд дараа нь шаардлага гаргаж надад хоёр хувь өгсөн нь үнэн. Би “Б” ХХК-иас харилцаагаа дуусгасан. Үүнийг би өөрөө засах байсан. Тийм учраас “Б” ХХК-д албан шаардлагыг өгөөгүй.

Энэ шаардлагаас үзэхэд бид нар юугаа засахаа мэдэхгүй учраас дахин нарийвчлах хэрэгтэй байсан. Хоёр дахь удаагаа бид Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасан. Мэргэжлийн үүднээс бидэнд энэ хохирлыг тодруулж өгнө үү, бид юугаа засахаа тодруулмаар байна гэсэн. Тэгээд хоёр дахь удаа 5 хүний бүрэлдэхүүнтэй ирээд үзсэн, зурагтай нь харьцуулж үзээд бүр нарийн гаргаад ирсэн. Бид юуг засахаа мэдэж авсан. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш “Б” ХХК бид нараас 500 сая төгрөг нэхсэн. Ямар үндэслэлээр өгөх ёстой юм бэ тайлбараа тайлангаа өгөөч гэхлээр өгөөгүй. Манай улаан дэвтрийг барьцаалаад 500 сая төгрөг өгөхгүй бол барилгыг чинь хүлээлгэж өгөхгүй гэсэн. Ингээд өөрсдөө иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлийн хурал дээр орж ирээд нэхэмжлэлээ татаад авсан. Энэ хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Тэр маань дагаад бас хүчингүй болсон. Бид нар зөндөө хохирсон. 

2014 оны 1 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлж байна. Би эднийхийг их мундаг компани, Солонгос улсын инженертэй гээд байхаар нь итгэж байсан. Гэтэл дөнгөж төгссөн нэг, хоёр залуу, ажиллах хүч байхгүй байсан. Бид нараас 4 сарын хугацаанд 1.2 тэрбум төгрөг шахаад бөөн бөөнөөр нь авсан. Энэ компани үндсэн ажлаас 2 ажил хийсэн. Тэгээд дутуу чанаргүй хийсэн. Хэн гүйцэтгэх нь бидэнд хамаатай асуудал болохоос нэхэмжлэгч талд хамаагүй. 

2016 оны 6 сар хүртэл энэ байшингийн зөвхөн цахилгааныг оролдоогүй. Бусдыг бүгдийг нь хийсэн. Нэхэмжлэгчийн хийх ёстой ажлыг бүгдийг нь гүйцээж хийсэн. 2014 онд засах боломж байсан. “М” ХХК-иар бүгдийг нь засуулаад, дахиад 100-гаад сая төгрөгний зарлага гаргаад улсын комисст хүлээлгэн өгсөн. Анх нэхэмжлэл гаргахдаа хүчингүй болгуулъя гэж гаргуулж байгаад дараад нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах үед илт хууль бусад тооцуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. 

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь ор үндэсгүй, гарах ёсгүй акт гарсан байхыг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус захиргааны акт, эрх зүйн зөрчилтэй буюу маргаан бүхий захиргааны актыг тусгайлан хуульчилсан. Тэгэхлээр үүнд ямар үндэслэлийн хүрээнд хянах вэ гэдэг нь тус тусдаа хуулийн зохицуулалттай. "Илт хууль бус захиргааны акт" гэдэг нь ор үндэсгүй гарах ёсгүй байсан акт гарсныг ойлгож байна. Тэгэхлээр мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага үнэхээр илт хууль бус юм уу, бодит байдал дээр байх ёсгүй юмыг бичсэн юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Бодит байдал дээр цахилгааны ажлыг зургийн дагуу хийгээгүй гэдэг зөрчил байсан юм уу, байгаагүй юм уу гэдгийг эхлээд заавал ярих ёстой гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар албан шаардлага дүгнэлт гаргахдаа нийтийн эрх зүйн хүрээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн биелэлтийг хянах, хэрэв зөрчил байвал тогтоох, зөрчилтэй холбоотой арилгуулах талаар албан шаардлага тавих үүнтэй холбоотой дүгнэлт болон бусад актуудыг гаргах бүрэн эрхтэй. 

Агуулгын хувьд албан шаардлага, дүгнэлт 2 нэг ижил. “Ерөнхий боловсролын С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил батлагдсан зургийн дагуу хийгдээгүй" гэдэг. Тэгэхлээр үнэхээр ийм зөрчил байсан уу?, үгүй юу гэдгийг байцаагч нар өөрсдөө газар дээр нь очоод хянан шалгасан. Зөрчилтэй холбоотой зургийн дагуу хийгдээгүй гэдгийг зөвхөн улсын байцаагч нарын акт албан шаардлага, дүгнэлтээр ч бус зургийн авторын дүгнэлт байдаг. “А” ХХК хяналт хийгээд зургийн дагуу хийгдээгүй зөрчлүүд байна гэдгийг тодорхойлсон. Эрүүгийн хэргийн шүүхээс эрчим хүчний сургуулийг шинжээчээр томилсон бөгөөд зургийн дагуу хийгдээгүй, ийм ийм алдаа байна. Ялангуяа “Б" ХХК-ийн захирал Б.Б нь 800 м утас 2,5 мм хөндлөн огтлолтой байх ёстой 1,5 мм-н утсаар сольсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Өмнөх хуралдаан дээр “Б” ХХК цахилгааны самбарыг байх ёстой газраас нь өөр газарт зөөж шилжүүлсэн гэдгээ хүлээсэн. Бодит байдал дээр ийм зөрчил байгаа тохиолдолд Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хүрч ирээд зөрчлийг тогтоолгох, зөрчилтэй холбоотой албан шаардлага дүгнэлт гаргах эрхтэй. Тэгэхлээр бодит байдал дээр зөрчил байсан л юм бол энэ зөрчлийг арилгуулах талаар төрийн хяналт шалгалт хийгдэх ёстой. Хийгдэж байгаа бол албан шаардлага, дүгнэлт гарах ёстой. Нэхэмжлэгч тал 3 үндэслэл хэлсэн. Энэ хоёр акт нь цаг хугацааны хувьд бараг жилийн зайтай, хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүний хувьд өөр өөр, захиргааны актын хэлбэрийн хувьд 2 өөр учир энэ хоёр актын хууль зүйн үндэслэлийн талаар тус бүрд нь тодорхой ярих нь зүйтэй гэж үзэж байна. 

2015 оны 3  дугаар сарын 03-ны өдрийн мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-т "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" тул илт хууль бус гэж байна. Энэ дээр хэнд хаяглагдсан нь тодорхой бус хэнд хандсан нь тодорхой бус хэн гүйцэтгэх нь тодорхой бус ийм захиргааны актыг л бид нар илт хууль бусад тооцно. Гэтэл албан шаардлага дээр хэнд хаяглагдсан нь тодорхой байна. Барилгын тухай хуулиар захиалагчийн үүргийн тодорхойлсон байдаг. Тус хуулийн 37.1.8-д Захиалагч нь "барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх" үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл захиалагч үүнийг биелүүлэх хэн нэгэн төрийн албан тушаалтан шаардлага тавьсан тохиолдолд үүнийг биелүүлэх үүрэгтэй. Тухайн үед 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр албан шаардлага гарч байх хугацаанд  "Б" ХХК нь аль хэдийн гүйцэтгэгч биш болсон байсан. Яагаад гэвэл 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр "Б" ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдлийг өгөөд, барилгын ажлын талбайг орхиж явсан байсан. Тэгэхлээр Ерөнхий боловсролын С сургуульд хаяглагдсан тул өөрсдөө гүйцэтгэх нь тодорхой. Ерөнхий боловсролын С сургууль үүнийг хуучин гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж чадахгүй бол шинээр өөр гүйцэтгэгчээр зайлшгүй гүйцэтгүүлэх ёстой. Энэ хүрээндээ "М" ХХК-иар албан шаардлага, дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилгуулах арга хэмжээг бүрэн авсан. 

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д "Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэжээ. Захиргааны актын зохицуулалтын зүйл болох тэр зөрчлийг хэн ч хийж чадахгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хэний ч биелүүлж чадахгүй юмыг тэр захиргааны актаар хэн нэгэнд үүрэг болгосон байхыг ойлгоно. Гэтэл энэ зөрчлүүд тийм арилах боломжгүй зөрчлүүд юм уу, хэнд ч ойлгомжтой.  Ялангуяа барилгын салбарт ажиллаж байгаа, Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст ойлгогдохоор хамгийн энгийн наад захын шаардлага байдаг. Барилгын ажилбар бүрийг батлагдсан зургийн дагуу хийх ёстой. Гэтэл тавиад байгаа дүгнэлтэн дээр энэ зургийн дагуу хийгдээгүй байна гэсэн 8-10 зөрчил байна. Эрүүгийн хэрэг дээр шинжээчээр томилогдсон "Эрчим хүчний сургууль"- ийн дүгнэлтэд  “Үүний гүйцэтгэлийг “М" ХХК-иар гүйцэтгүүлээ” гэсэн байдаг. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2016/340 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт хэрэгт байгаа. Улсын комисс барилга үнэхээр зургийн дагуу хийгдэж үү үгүй юу гэдгийг шалгаад хүлээж авдаг. Үнэхээр үүнийг зургийн дагуу хийсэн тохиолдолд комисс хүлээж авдаг. Тэгэхлээр бодит байдал дээр засагдаад биелэгдсэн актыг одоо Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасны дагуу бодит байдал дээр биелэгдэх боломжгүй акт гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.  

Бодит байдал дээр очиж үзэж шалгасан уу гэдэг асуудал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хяналт шалгалт хийх арга хэлбэртэй холбоотой асуудал. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.3-т "Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдлыг биеэр очиж үзэх эсхүл цугларсан нотлох баримтаар тогтоох эсэхийг тухайн захиргааны байгууллага албан тушаалтан өөрөө шийдвэрлэх боломжтой. Энэ хүрээндээ цугларсан зураг, нотлох баримтын хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоож, албан шаардлага гаргасан нь уг захиргааны актыг "илт хууль бус"-д тооцуулах ямар нэгэн үндэслэл болохгүй. Нөгөө талаас энэ арга хэлбэрийг үнэхээр журам зөрчсөн гэдэг асуудал яригдаж байгаа бол "эрх зүйн зөрчилтэй буюу маргаан бүхий захиргааны акт"-ын хувьд яригдах ёстой. 

Дүгнэлттэй холбоотойгоор “Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М. Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т. Н нар улсын байцаагчийн эрхгүй атал Мэргэжлийн хяналтын улсын байцаагч мэт өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар улсын байцаагчийн албан бланка ашиглан дүгнэлт гаргасан нъ илт хууль бус байна” гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1-д мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг тодорхойлсон байдаг. “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих" гэсэн байна.  Өөрөөр хэлэх юм бол хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх журмын биелэлтэд хяналт тавих эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд гаргасан дүгнэлт. Улсын байцаагчийн эрх нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т "Тодорхой хуулийн этгээдэд Улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно" гэж заажээ. 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 196 дугаар тушаалаар П.Д, Г.М, X.Б нарт Эрчим хүчний улсын байцаагчийн эрх олгосон. Энэ улсын байцаагчийн эрх олгосон захиргааны акт нь өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээрээ. Энэ эрхийнхээ хүрээнд энэ дүгнэлтийг гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.5-т  “Хяналт шалгалт хийхдээ мэргэжлийн бус хүн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно" гэж заасан байдаг. Энэ эрхийн хүрээнд удирдамжийг баталсан эрх бүхий албан тушаалтан М.Г, Т.Н гэсэн мэргэжлийн 2 хүнийг татан оролцуулсан. Тэгэхлээр илт хууль бусад тооцуулах боломжгүй. 

Улсын байцаагч нарыг шинжээчээр томилсон цагдаа прокурор шүүхийн шийдвэр байхгүй. Энэ дүгнэлтийг зөвхөн Ерөнхий боловсролын С сургуулийн хүсэлтээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу гаргасан дүгнэлт юм. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэж байдаг. Төлөвлөгөөт бус  хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн  нэгж байгууллагын өргөдөл гомдол хүсэлтийн дагуу хийж болно.

Эрчим хүчний Улсын байцаагч нарын үндсэн чиг үүрэг бол Эрчим хүчний тухай хууль түүнтэй холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах юм. Албан шаардлага, дүгнэлтэд зөрчлийг маш тодорхой заасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлд Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч дараах чиглэлээр мэргэжлийн хяналт тавина. Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт засвар ашиглалт аюулгүй ажиллагааны тайлан хэрэгжүүлэхэд тусгай  зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавина. Эрчим хүчийг зүй зохистой хэмнэлттэй хэрэглэхэд шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хянахад эрчим хүчний байцаагч нар хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд зөвхөн цахилгааны ажил нь эрчим хүчний хууль тогтоомжоор гаргасан дүрэм журамтай нийцээгүй байна. Зургийнхаа дагуу хийгдээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ийм учраас эдгээр байцаагч нарыг өөрийнхөө эрх хэмжээ, чиг үүргийнхээ хүрээнд гаргасан албан ёсны албан шаардлага дүгнэлт гэж үзэж байна.

Хяналт шалгалт хийхдээ журам зөрчсөн асуудал ярьж байгаа боловч өнөөдөр бид нар албан шаардлага дүгнэлтийг илт хууль бусад тооцуулахад энэ талаар ярих ёстой юу, энэ асуудал эрх зүйн зөрчил бүхий маргаан бүхий актын хүрээнд яригдах ёстой юу гэдгийг ялгаж зааглах ёстой. Тэгэхлээр илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид нар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэлээр л шалгах ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө өөрчилсөн. Тэгэхлээр энэ үндэслэлийг шалгуулахаас өөрсдөө татгалзсан гэж ойлгож байна. Тэгэхлээр энэ бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур яригдаж байгаа юм байна. Зургийн автор нь өөрөө энэ цахилгааны ажлыг зургийн дагуу хийгдээгүй байна гэдгийг бичсэн.

Бодит байдал дээр бид нар биелүүлэх боломжгүй гэж ярьж байна. “Б” ХХК биелүүлэх хүсэлтгүй, биелүүлэх боломжгүй гэж үзэхгүй. Хэн нэгэн этгээд биелүүлэх хүсэлгүй бол энэ захиргааны акт биелэгдэх боломжгүй гэж үзэх боломжгүй. Зургийн дагуу хийгээгүй зөрчлийг арилгах ёстой. Энэ зөрчлүүд нь бодит байдал дээр арилаад биелэгдээд явж байна. 

Эрүүгийн хэрэгт намайг гүтгэхийн тулд улсын байцаагч нар ажилласан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч уг баримтыг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал, нотлох баримтаар үнэлж авах уу үгүй юу гэдэг асуудал нь тэр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байгаа прокурор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг удирдаж байгаа шүүгчийн эрх мэдлийн асуудал юм. Мэргэжлийн хяналтын байцаагч эрх үүргийнхээ хүрээнд энэ албан шаардлага дүгнэлтийг гаргажээ. Үйлдвэрлэхээс эхлээд хэрэглэгч хүртэл цогц системээр ажилладаг. Энэ болгон чинь өөрөө зайлшгүй аюулгүй ажиллагаатай холбоотой. Аль нэг нь алдагдвал аль нэгэндээ зайлшгүй үр дагавар үүсгэж байдаг учраас холбоотой систем. Тийм учраас үйлдвэрлэгчээс эхлээд хэрэглэгчийг хүртэл хяналт тавих ёстой. Ийм төрийн хяналт шалгалт эрчим хүчний салбарт хэрэгждэг юм байна гэж ойлгож байгаа. Тийм ч учраас цахилгааны ажлыг хийхэд анх зургийг нь гаргадаг компанид тусгай зөвшөөрөл олгодог. Гүйцэтгэх компанид нь тусгай зөвшөөрөл олгодог. Төрийн хяналт шалгалтын хуулийн 10.4-т зааснаар улсын мэргэжлийн хяналтын байцаагч нар энэ хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй байна. Барилгын тухай хуулиар захиалагч ч гэсэн тодорхой үүрэг хүлээнэ. Хэрэв гүйцэтгэгч барилгыг зургийн дагуу хийх үндсэн үүрэгтэй л бол захиалагч ч мөн адил үүрэгтэй. Барилга дээр ирээд акт гаргалаа гэхэд энэ зөрчлийг захиалагч давхар хариуцаад явах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг,

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч дээрх 2 захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4. захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн 3 үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна. 

 “Б” ХХК “Ерөнхий боловсролын с сургууль” Боловсрол, сургалтын байгууллагатай /цаашид “С” сургууль гэх/ 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд орших С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх 13/02 тоот гэрээг  байгуулжээ.  

Улмаар 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн санаачлагаар гэрээг цуцалсан гэж гуравдагч этгээд тайлбарлаж байна .

Үүний дараа “С” сургууль 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 92 дугаар албан бичгээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын даргад хандан хүсэлт  гаргахад “Ц: Д-той хамтран газар дээр нь шалгаж дүгнэлт гаргаж өгье” гэж шийдвэрлэжээ  

Уг шийдвэрийг үндэслэн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг  гаргажээ. 

“С” сургуулиас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр  Эрчим хүчний яаманд дахин хандан сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн барилга угсралтын гүйцэтгэлийн ажилд дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгчээ. 

Уг хүсэлтийг үндэслэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Хяналт шалгалтын удирдамжийн  дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд төлөвлөгөөт бус шалгалт хийж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 тоот дүгнэлтийг  гаргажээ. 

Шүүхээс нэхэмжлэгчийн илт хууль бус гэж үзэж гаргасан шаардлага бүхий  нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс “С” сургууль Эрчим хүчний яаманд хандан өргөдөл гаргасан бөгөөд албан шаардлагыг яамны мэргэжилтэн бөгөөд улсын байцаагч гаргасан,  дүгнэлтийг яамны мэргэжилтэн, улсын байцаагч, өөр байгууллагын байцаагч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн, Эрчим хүчний тухай хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулдаг учир иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлыг шалгах чиг үүрэг яаманд байхгүй, Төрийн нарийн бичгийн дарга удирдамж батлах ёсгүй гэж маргаж байна. 

- 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д дангаараа гаргажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараахь чиглэлээр мэргэжлийн хяналт тавина” гэж заасны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “... хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.” гэж заасан байна. 

Дээрх хуулийн заалтын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 163 дугаар тушаалаар П.Д-д эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрх олгосон бөгөөд энэ талаар талууд маргаагүй. 

Эдгээрээс үзвэл эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь Эрчим хүчний тухай хуулийн дээрх заалтын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.8-д заасан “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхтэй ажээ. Иймд албан шаардлагыг гаргасан улсын байцаагчийн хувьд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

- 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, эрчим хүчний улсын байцаагч П.Д, тус яамны мэргэжилтэн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч,  Х.Б, “У ц т с” ТӨХК-ийн техник хяналтын инженер, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н, Эрчим хүчний яамны мэргэжилтэн М.Г нар гаргажээ. 

Дээр дурдсан хуулийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 163 дугаар тушаалаар, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар Г.Магсаржаламд тус тус улсын байцаагчийн эрх олгосон бөгөөд байцаагчийн эрхтэй эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй.

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээс үзвэл дээрх албан тушаалтнууд Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажил үүргээ гүйцэтгэсэн байх бөгөөд улсын байцаагч нарын дүгнэлт нь яамны шийдвэр биш тул нэхэмжлэгчийн уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй.  

Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар төрийн мэргэжлийн шинжээч, мэргэжилтнийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд татан оролцуулж болох боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэж зааснаас үзвэл Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н, Эрчим хүчний яамны мэргэжилтэн М.Г нар улсын байцаагчийн дүгнэлтийг хамтран гаргах /гарын үсэг зурах/ эрхгүй байна. 

Иймд 01/2016 дугаар дүгнэлтийг улсын байцаагчийн эрхгүй инженер, мэргэжилтэн хамтран гаргасан байх тул захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлд хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “У ц т с” ТӨХК, Эрчим хүчний яаманд ажиллаж байгаа нь ажил үүргийн давхардлыг үүсгэх нөхцөл байдал бий болсон хэдий ч энэ тохиолдолд эрх бүхий улсын байцаагч нарыг хяналт шалгалт явуулах эрхгүй гэж үзэхгүй юм. 

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулиас үзвэл эрчим хүч үйлдвэрлэхээс хэрэглэгчид хүрэх цогц үйл ажиллагаа болох эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулсан байх бөгөөд аж ахуйн нэгж, иргэн бүр хэрэглэгч тул тухайн хуулийг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барих зэрэг асуудлыг зохицуулсан гэж ойлгох нь өрөөсгөл юм. 

Иймд Эрчим хүчний тухай хуулиар зохицуулсан харилцаанд улсын байцаагч нар хяналт тавих эрхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааж, олгосон тул Эрчим хүчний яамны улсын байцаагч нар шинээр ашиглалтанд орж байгаа аж ахуйн нэгжийн барилгад хийсэн цахилгааны ажилд хяналт тавих эрхгүй гэсэн нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.  

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.5, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 9-ийн 1.13-т  зааснаас үзвэл Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга хяналт шалгалтын удирдамж батлах эрхгүй боловч нэхэмжлэгч уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд дүгнэлт гаргасан улсын байцаагч нарыг уг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Харин Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, эрчим хүчний улсын байцаагч П.Д нь албан шаардлагыг гаргахдаа удирдамжгүй, газар дээр нь очиж үзээгүй  атлаа очсон мэтээр шаардлагадаа бичиж, хяналт шалгалтыг явуулалгүй гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон стандартыг зөрчсөнийг энд дурдах нь зүйтэй. 

Хоёр. Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэсэн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Дээрх албан шаардлага, дүгнэлт нь “С” сургуулийн өргөдлийг үндэслэн гарч, түүнд хаяглагдсан байх бөгөөд “С” сургуулийн захирал Д.З-аас “Б" ХХК өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг хэрхэн гүйцэтгэсэнийг мэргэжлийн хүнээр шинжлүүлэхээр зөвхөн өөртөө зориулж гаргуулсан албан шаардлага, дүгнэлт гэж, “Б” ХХК-ийн захирал Б.Б-ээс уг албан шаардлага, дүгнэлтийг үндэслэж надад эрүүгийн хэрэг үүсгэж, 8 жилийн хорих ял оноохоор яллах дүгнэлт үйлдэгдээд байна гэж дээрх захиргааны актуудын эрх зүйн үр дагавар болон үйлчлэл, хэнд чиглэн гарсан талаар тус тусын тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан “С” сургуулийн өргөдөл, албан шаардлага, дүгнэлтээс үзвэл улсын байцаагч нар “Б” ХХК-ийн ажил гүйцэтгэх 13/02 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн С сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн 9.3.3 дахь заалтад заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 207 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ыг / цаашид стандарт гэх/ баталжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.8 “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;”, 5 дугаар зүйлийн 5.6 “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.”, Стандартын 10.1-ийн 1.4.11 “Өргөдөл, гомдол, санал хүсэлтээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ гомдол гаргагч болон эрх ашиг нь зөрчигдөж буй талуудаас тайлбар авч, гарсан шийдвэр, хяналт шалгалтын бичиг баримтын хувийг холбогдох бүх талуудад хүргүүлнэ”, 1.7 ““албан шаардлага”-хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцлийг арилгуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтнаас шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулахад үйлдэх баримт бичиг“, 1.8 “дүгнэлт-барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм , дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж зааснаас үзвэл “холбогдох байгууллага, аж ахуйн нэгж”, “шалгуулах этгээд”, “эрх ашиг нь зөрчигдөж буй тал” гэдэгт “Б” ХХК хамаарч байх бөгөөд харин “С” сургууль нь өргөдөл гомдол гаргагч этгээд байх тул өөрийн барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлгэсэн, “Б” ХХК орхиод явсан учир хамаагүй гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. 

Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор гэж тодорхойлсоноос үзвэл улсын байцаагч нар “С” сургуулийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд бус “С” сургуулийн захиалгаар “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн /үзүүлсэн үйлчилгээ/ цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажлыг шалгажээ.

Иймд “Б” ХХК-ийн үзүүлсэн үйлчилгээг шалгасан атлаа түүнд хандаж, уг албан шаардлага болон дүгнэлт гараагүй, хяналт, шалгалтын баримт бичгийг гардуулаагүй нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 111 дүгээр яллах дүгнэлтээр Яллагдагч Б.Б нь “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 7 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “А” ХХК-ийн боловсруулан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “С” сургуульд 119604574 төгрөгийн онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй  гээд дүгнэлтэнд улсын байцаагчийн албан шаардлага болон улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзсэн байна.  

Ийнхүү Б.Б-т албан шаардлага болон дүгнэлтийн үр дагавар үүсч, түүнд холбогдох эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад хариуцагч болон гуравдагч этгээдээс “С” сургуульд чиглэсэн акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн албан шаардлага болон дүгнэлтийг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэсэн үндэслэлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Гурав. Захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б албан шаардлага болон дүгнэлтийг манай компанид хандаж гаргаагүй, бидэнд гардуулаагүй учир уг актаар тогтоосон зөрчлийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан гэж, мөн уг албан шаардлага болон дүгнэлтээр тогтоосон зөрчил байхгүй байсан учир түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан гэж уг шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгчийн зөрчлийг арилгах этгээдэд хандаж гаргаагүй гэсэн үндэслэл нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэсэн нөхцөлд хамаарах бөгөөд гардуулаагүй гэсэн үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хэрэглэгдэх нөхцөл тул уг үндэслэлд хамаарахгүй. 

Харин зөрчил дутагдал байхгүй байсан учир биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа албан шаардлага болон дүгнэлтийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан бөгөөд эдгээр захиргааны актаар тогтоосон зөрчил байсан эсэх нь “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдох учиртай. 

Иймд зөрчил байсан эсэхийг шүүх шалгаагүй тул улсын байцаагч нарын тавьсан шаардлагыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой эсэхийг тогтоох, дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй. 

Түүнчлэн албан шаардлагыг гаргахдаа удирдамжгүй, газар дээр нь очиж үзлэг хийгээгүй гаргасан, хяналт шалгалтыг хийхдээ “Б” ХХК болон цаашилбал түүнтэй “С” сургуулийн дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ хийсэн “Т” ХХК-ийг оролцуулаагүй, эдгээр компаниас баримт материалыг гаргуулаагүй, мэдэгдэх хуудас, хяналтын хуудасгүй, шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, албан шаардлага болон дүгнэлтийг гардуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон стандартаар тогтоосон хяналт шалгалт явуулах журмаа зөрчсөнөөс “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;”, “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;” төрийн хяналт шалгалтын зарчим алдагджээ.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарын гаргасан  2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шүүх шийдвэрлэлээ. 

Дээрх албан шаардлага болон дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн 9.3.3, 10 дугаар зүйлийн 10.8, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.8, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Эрчим хүчний яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, түүнд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ