Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 310

 

“Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч П.Д, Х.Б, гуравдагч этгээд “С” сургуулийн захирал Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0417 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн 9.3.3, 10 дугаар зүйлийн 10.8, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.8, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0417 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Б ц” ХХК-ийн “албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани “С” сургуультай 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 13/02 тоот гэрээ байгуулж, “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

“Б ц” ХХК нь тус сургуулийн барилгын ажлыг гэрээ болон графикийн дагуу хийж гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан.

Гэтэл захиалагч болох “С” сургууль нь барилгын ажлын явцад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний тодорхой заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан.

Үүний улмаас манай компани “С” сургуулийн захиргаанд энэ асуудлаар Ажил гүйцэтгэх гэрээний 10.2-р заалтын дагуу 2013 оны 10 дугаар 15-ны өдөр №13/117 тоот албан бичиг, 2013 оны 10 дугаар 21-ны өдөр 13/120 албан шаардлага хүргүүлсэн боловч 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “С” сургуулийн захирал Д.З утсаар гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн.

Тийм учраас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13/125 тоот албан бичгээр Ажил гүйцэтгэх гэрээний 10.3-р заалтын дагуу барилгын гүйцэтгэлийн ажлыг хүлээлцэх комиссыг байгуулж, ажлаа хүлээн авч, тооцоо нийлэхийг мэдэгдсэн боловч ажлыг хүлээн авалгүй, харуул хамгаалалтаа сольж, барилгын хашаанаас хөөж гаргасан. Энэ үед Ажил гүйцэтгэх гэрээний нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн билээ.

“С” сургуулийн захирал Д.З нь иргэн Б.Б надтай ажил хэргийн маргаан эхлүүлж, үүнийгээ хувийн өс хонзон болгож, өшөө авахын тулд өмгөөлөгч нарынхаа зөвлөгөөгөөр “Чанаргүй барилга барьсан” гэх эрүүгийн хэрэгт буруутгахын тулд 2015 оны 3 дугаар сарын 02, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасан.

Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцагч Д.Д нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-02-007 тоот албан шаардлага, Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Д, Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Эрчим хүчний яамны мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н, УБЦТС-ний ахлах инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М нар нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байдаг.

Эдгээр албан шаардлага, дүгнэлт нь “С” сургуулийн захирал Д.З-ийн захиалгаар хийгдсэн өөртөө зориулж гаргуулсан гэх албан шаардлага, дүгнэлт байсан бөгөөд энэ актуудад үндэслэн хүсэлт гаргаж, надад Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ актыг надад огт гардуулаагүй бөгөөд миний хийж гүйцэтгэсэн ажлыг намайг байлцуулаагүй хяналт шалгалт хийлгэсэн байх бөгөөд би хүлээн зөвшөөрөх боломжгүй акт байсан. Энэ актад дурдсан зөрчил дутагдал байхгүй байхад зөвхөн зураг хараад газар дээр нь очиж үзээгүй атал үзсэн мэт албан шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаад гомдолтой байна.

“С” сургуулийн захирал Д.З нь 2015 оны 3 дугаар сарын 02, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр Эрчим хүчний яаманд хандсан байдаг. Д.З гэдэг иргэнээр биш, “С” сургууль буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр хандсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”-д нийцэж байна..

П.Д, Х.Б, Г.М нар нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хэдий ч “С” сургууль хүсэлтээ Эрчим хүчний яаманд гаргасан бөгөөд Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын дарга Ц.Б-н шийдвэр, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу албан шаардлага, дүгнэлтээ гаргасан нь Эрчим хүчний яамнаас гаргасан захиргааны акт мөн бөгөөд тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь тодорхой байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Барилгын техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах барилтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагч нар хяналт тавих эрхтэй юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг батлах тухай”  505 дугаар тушаалд “Барьж буй барилгад хяналт шалгалт хийхийг хориглоогүй учир "С" сургуулийн захирал Д.З Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтэст хандаж, дүгнэлт гаргуулах нь эрхтэй бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхгүй Эрчим хүчний яаманд захиалагч “С” сургууль хүсэлт гаргаж манай компанид болон надад зориулж, албан шаардлага дүгнэлт гаргуулсан.

“С” сургууль нь манай комшний хийж гүйцэтгэсэн ажлыг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу шалгалтыг явуулж, “Б ц” ХХК-ны хийсэн ажил, зөрчил дутагдалтай, ил далд ажлын акт байхгүй гэж дүгнэлт шаардлагыг гаргасан.

Энэ дүгнэлтэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, "Мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.1-ийн 1.4.11, 1.7.1.8-д зааснаар гомдол гаргагч, гүйцэтгэгч нь тус тусдаа субъект учраас “С” сургуулийн гомдлоор шалгаж, харин зөрчилд дутагдал гаргасан уг ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн байгууллагын ажлыг хянан шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага дүгнэлтийг гаргадаг байхад гомдол гаргагчийн гомдлоор шалгасан хэрнээ гүйцэтгүүлж зөрчил дутагдлыг арилгуулах нь гомдол гаргагчийн эрх мэт тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Гомдол гаргагч өөрөө мэргэжлийн байгууллага биш учир мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлыг хянаж, дүгнэлт гаргуулж, шийдвэрлүүлэх хүсэлтийг байцаагчид мэргэжлийн түвшинд тусгай зөвшөөрөлтэй эсэхийг хянаж, уг байгууллагад хариуцлага тооцож хяналт шалгалтаа хийдэг байхад энэ удаагийн гомдол нь шинжээчийн түвшинд хяналтын байцаагчид ажилласан нь ар өврийн хаалгаар энэ дүгнэлт шаардлагыг гаргасан.

Албан шаардлага, дүгнэлтэд бичигдсэн алдаа дутагдал нь бодит байдалд байгаагүй юм. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нь 2015 оны 3 дугаар 03-ны өдрийн 2015/01/59-02-007 тоот албан шаардлагаа бичихдээ газар дээр нь очиж үзээгүй, Д.З захирлын авчирсан гэрэл зургийг харж байгаад бичсэн гэдгээ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдаанд мэдүүлдэг.

П.Д, Х.Б, М.Г, Т.Н, Г.М нар нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа бас очиж үзээгүй.

Хэдийгээр эдгээр хүмүүс өөрсдөө очиж үзсэн гэж мэдүүлдэг боловч Төрийн хянаж шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд, “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага, стандарт”-ын зохих заалтуудын дагуу хийгдэх ёстой ажилбаруудыг огт хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл очиж, үзэж шалгасан гэх шалгалтын хуудас, баримт бичиг байдаггүй юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд албан шаардлага, дүгнэлтэд дурдсан цахилгааны ажлын захиалагчийг буруу тодорхойлсон. Тийм ч учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд дээр дурдсанчлан захиалагч болох “Б ц” ХХК-ийн захирал Б.Б надад манай гүйцэтгэгч “T G K” ХХК-ийн хийсэн ажилд буруутган эрүүгийн хэргийн яллагдагч болон шүүхэд шилжсэн шүү дээ.

Хариуцагч нар хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд явуулаагүй, зөрчил дутагдлыг шалгаагүй, шалгалтын хуудас үйлдэж баталгаажуулаагүй нь өнөөдөр энэ зөрчил байсан гэх эргэлзээг хүртэл төрүүлж байна. Ер нь хяналт шалгалтыг хийхдээ бүх мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид хяналтын хуудас үйлдэж, зөрчлийг нэг бүрчлэн тэмдэглэж, шалгалтаар оролцсон этгээдүүд болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Гэтэл өнөөдөр миний амь амьдралыг шийдэх ийм хариуцлагатай үйл баримтыг зүгээр бид очсон, ийм дутагдал байсан, бичээд өгсөн гэх мэтээр ярьж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №221/МА2017/0417 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 340 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б ц” ХХК нь Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх захиргааны актуудаар “С” сургуулийн өргөтгөлийн барилгын  цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлийг холбогдох зураг төсөл, норм дүрмийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж, “батлагдсан зургийн дагуу хийгдээгүй” гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэх үндэслэлээр илт хууль захиргааны актад тооцуулахаар маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцохоор байна. Гэвч энэ тохиолдолд эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарт Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдсон буюу эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид хяналт тавих эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн “2008 оны Барилгын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагч хяналт хэрэгжүүлэх эрхтэй болохоос эрчим хүчний улсын байцаагч хяналт тавих эрхгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь эрчим хүчний улсын байцаагч нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар улсын байцаагчийн эрх олгогдсон, тэдний ажлын байрны тодорхойлолтод хяналт шалгалт хийх чиг үүрэг тусгагджээ.

2008 оны Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт барилга байгууламжид тавих техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах улсын байцаагч хэрэгжүүлэхээр заасан нь мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаггүй боловч эрчим хүчний хяналтыг хэрэгжүүлж байгаа, улсын байцаагчийн эрх бүхий бусад албан тушаалтны эрхийг хязгаарласан агуулгагүй, нөгөө талаас энэхүү маргаанаар барилгын хяналтын асуудал биш, зөвхөн тодорхой чиглэлийн хүрээнд, цахилгаан хангамжийн хяналтын асуудлыг хэлэлцэж байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой биш” гэх үндэслэл уг захиргааны актад хамааралгүй байна. Учир нь улсын байцаагчийн албан шаардлага болон дүгнэлтээр ямар нэгэн үйл ажиллагааг хэн нэгнээр гүйцэтгүүлэхийг үүрэг болгоогүй, тухайлбал “Б ц” ХХК-д ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийг даалгаагүй байна.

Улсын байцаагчдын албан шаардлага, дүгнэлт нь зөвхөн цахилгааны тоног төхөөрөмж холбогдох норм, дүрэмд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлсон болохоос тухайн зөрчлийг хэн гаргасан болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгчид хандсан улсын байцаагчийн акт үйлдээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар “С” сургууль нь барилга захиалагчийн хувьд барилгын ажлын үе шат болох цахилгааны тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих бүрэн эрхтэй, энэ эрхийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасан байх бөгөөд захиргааны байгууллагаас мэргэжлийн чиг үүрэг хэрэгжүүлж, дүгнэлт гаргасан байдал нь захиалагч “С” сургуульд чиглэсэн болохоос нэхэмжлэгчид чиглээгүй байна.

Нэхэмжлэгчийн “албан шаардлага, дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, үр дагавар учруулсан” гэх гомдлын тухайд улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтэд нэхэмжлэгчид “эрүүгийн хэрэг үүсгэх” тухай дүгнээгүй тул нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар учруулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь тусдаа хуульд заасан журмаар хэрэгждэг, өөр эрх зүйн харилцаа байна. Тодруулбал, уг албан шаардлага, дүгнэлт нь барилгын ажлыг бүхэлд нь шалгаагүй, зөвхөн тодорхой хэсгийг шалгасан байдал “чанаргүй барилга” гэх ойлголтод шууд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх үр дагаврыг агуулаагүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “цахилгааны ажлын захиалагчийг давж заалдах шатны шүүх буруу тодорхойлсон, нэхэмжлэгч нь цахилгааны ажлын хувьд захиалагч байсан, гүйцэтгэгчийн хийсэн ажилд буруутгасан” гэх гомдлын тухайд:

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар энэхүү маргаанд оролцож байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд захиалагч нь “С” сургууль бөгөөд маргаанд оролцоогүй ажлын гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгч захиалагч байх нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзлээ.

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг эс зөвшөөрч, маргахдаа илт хууль бус болон маргаан бүхий захиргааны акт гэсэн хоёр хэлбэрийн аль нэгийг сонгож маргах бөгөөд нэхэмжлэгчийн “улсын байцаагч газар дээр нь очиж үзээгүй, шалгалтын хуудас үйлдэж баталгаажуулаагүй, дүгнэлтэд заасан зөрчил, дутагдал бодит байдалд байгаагүй” гэх гомдол нь маргаан бүхий захиргааны актад хамааралтай болохоос илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, дээрх гомдол нь улсын байцаагчийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журамтай холбоотой буюу маргаан бүхий актын хүрээнд дүгнэгдэх үйл баримт учраас энэ гомдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн “ажлын хөлс өгөхгүйн тулд захиалгаар дүгнэлт гаргуулсан” гэх гомдол хэрэгт шууд ач холбогдолгүй, улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтээр ямар нэгэн үнэлгээ тогтоогоогүй, ажил гүйцэтгэх гэрээний хөлсний асуудал нь захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт хийх маргаан биш, иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН    

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ