Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00120

 

Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгарьд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерээр ажилладаг. Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ий өдрийн Б/145 тоот тушаалаар намайг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Захирлын энэхүү шийдвэрийг миний бие эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие ам бүл бага насны дөрвөн хүүхэд нөхрийн хамт зургуулаа амьдардаг. Амьдралын хувьд гэвэл нөхөр маань ажилгүй би хамаг амьдралаа авч явдаг юм. Тэгээд мөнгө төгрөгийн гачигдалд орж хүүхдээ хараад гэртээ сууж чадахаа байж ажилдаа орохоор шийдэн ажилд орох тухай өргөдлөө өгсөн. Гэтэл Гэрэлтуяа би жинхлэхээр хөөцөлдөж байна. Чи түр хүлээгээч гэсэн. Тэгэхээр нь би амьдрал хэцүү мөнгө төгрөгийн боломжгүй хэцүүдээд байна гэж хэлсэн. Гэрэлтуяа би чамд цалингаасаа мөнгө өгьө гэдэг саналыг хэлсэн. Мөнгөний асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эхлээд утсаар ярилцаж байгаад сүүлдээ би тохирохгүй орхичихсон юм. Тэгээд сүүлдээ яриад болохгүй болохоор нь би за яахав ажилдаа орохоо түр азная харин яаралтай ажлаа бэлэн болгоорой гэсэн. Тэгтэл Гэрэлтуяа над руу мөнгө шилжүүлсэн байсан.

Манай ам бүлд би ганцаараа орлого олж, нөхөр маань зүрхний өвчтэй байнгын асаргаанд байдаг дүүгээ асардаг, ээж маань элэгний өвчний улмаас мөн хүнд өвчтэй байдаг зэрэг олон олон шалтгааны улмаас ажилдаа заавал орж цалиндаа хүрэх нь надад хэрэгтэй байсан. Энэ тухайгаа л Гэрэлтуяад хэлэхэд өөрөө мөнгө санал болгосон. Тэгээд би түүнд туслах зорилгоор ажилд орохоо хойшлуулсан. Гэвч түүний жинхлэх асуудал удаашраад байсан учраас 2016 оны 1 сард мөнгийг чинь буцааж өгье би ажилдаа оръё гэхэд элдвээр хэлж уурлан загнасан чамаас хариугаа авна хараарай чи ажилдаа байна гэж бодож байна уу гэх мэтээр дарамталсан юм. Тэгэхээр нь би хүүхдүүдийнхээ дэргэд уурлаж хэрэлдэхээс болгоомжилж утсаа тасалж мессеж бичсэн юм. Гэтэл Гэрэлтуяа өмнө ярьсан зүйлүүдийнхээ хариу болгож бичсэн мессежийг хэвлэж намайг дарамталсан мэтээр ашигласан байсан. Би хүнд туслах гэснийхээ төлөө л ийм зүйл хийсэн. Би мөнгө авахгүй гэж мөнгийг нь буцаан өгч ажилдаа оръё гэдэг асуудал тавьснаар л энэ асуудал босч ирсэн. Гэрэлтуяа намайг чи хэлсэн амандаа хүрсэнгүй миний ажил бүтээгүй байхад ажилдаа орох гэлээ гэж л намайг буруутган өс санаж захиралд өргөдөл өгч намайг ажлаас халуулах гэж улайрсан. Ингээд энэ өргөдлийг үндэслэж намайг ажлаас халсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэгэн алдаа зөрчил огт гаргаж байгаагүй.

Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн Б/145 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд маань эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин /нөхөн олговор/-г гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Р.Оюунцэцэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд түүний оронд иргэн Б.Гэрэлтуяаг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллуулсан.

 

Р.Оюунцэцэг нь өөрийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр хугацаагаар ажиллаж байсан Б.Гэрэлтуяагаас удаа дараа мөнгө авч өөрийн ажил, албан тушаалыг урвуулан хувийн зорилгодоо ашигласан бөгөөд энэхүү үйлдэл нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.7, Р.Оюунцэцэгтэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1204 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.2.6-д заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтойд тооцогдох зөрчил тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч нь хүүхэд харах асрах чөлөөг сунгуулж ажилдаа эргэн ороогүйн төлөө шан харамж болгож түүний оронд ажиллаж байсан иргэн Б.Гэрэлтуяагаас удаа дараа мөнгө авсан нь түүний өөрийн болон Б.Гэрэлтуяагийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог тул ажил олгогчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд иргэн Р.Оюунцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Р.Оюунцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжпэгч Р.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү давж заалдсан гомдолдоо:

Р.Оюунцэцэг нь шүүхэд хандаж Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн Б/145 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд эгүүлэн томилох, хүүхэд асарсны тэтгэмж олгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтын “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. гэж үзэж байна. Үндэслэлийг тайлбарлавал: '

            Ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 , 131.1.3. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.7, 8.9.13. Хөдөлмөрийн гэрээний 4.2.6., 4.2.10 дахь заалтуудыг баримтлан түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг хэрэглэхдээ Р.Оюунцэцэгийн үйлдэл нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд үүссэн сахилгын зөрчил мөн эсэх дээр дүгнэлт хийлгүй иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн иргэд хоорондын маргааныг хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй хольж хутган шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй хууль бус шйидвэр болсон байдаг.

Гэтэл шүүх энэ байдлыг зөвтгөхийн оронд нэхэмжлэгчийг “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.13-д заасан хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, үндэслэлгүй халсан гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнд гомдож байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.7,-д “албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан” гэж, 8.9.13-д “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрэм, компанийн ёс зүйн журмыг ноцтой зөрчсөн” гэж Хөдөлмөрийн гэрээний 4.2.6.-Д “Апбан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан” гэж, 4.2.10-д “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж заасан байна.

Эндээс Ажил олгогч Р.Оюунцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан”, “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэжээ гэж ойлгож байна.

Үүнээс “Албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашиглах” гэдгийг авч үзвэл энэ нь албан тушаалтан өөрийн албан ажлын хүрээнд болон эрх мэдэлд нь хамаарч байгаа аливаа үйл ажиллагааг албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан идэвхитэй үйлдэл, эс үйлдлээр илэрч гардаг. Тэгвэл энд

1. Оюунцэцэг маань энэхүү эрх мэдэл бүхий албан тушаалтан мөн эсэх тухай асуудал яригдана.

2. Оюунцэцэгийн үйлдэл нь албан ажлын хүрээнд болон эрх мэдэлд нь хамаарч байгаа аливаа үйл ажиллагааг албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан үйлдэл мөн эсэх тухай яригдана.

Оюунцэцэг нь тус байгууллагад “менежер” гэсэн ажил эрхэлдэг. Түүний ажлын байрны тодорхойлолтоос харахад менежер гэж нэрлэж буй энэхүү албан тушаал нь үндэсний ажил мэргэжил, ангилал тодорхойлолтын техникийн ажилтан” гэсэн ангилалд хамрагддаг байна.

Гүйцэтгэдэг ажил үүрэг нь :

компанийн гадаад ажилтнуудын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хугацаа сунгах, оршин суух бүртгэл, визний асуудал хариуцах,

компанийн харилцагч гадаадын түншүүдийн монголд зорчих визийг авах,

компанийн дэргэдэх ТИС-ийн багш оюутнуудын виз урилгын асуудлыг хариуцах,

компанийн зөвлөлийн хуралдааны үеэр оросын болон монголын талын экспертүүдтэй ажиллах, тэдэнд холбогдох туслалцааг үзүүлэх

 

Компаниас яам агентлаг, болон холбогдох байгууллагад илгээсэн албан бичиг баримтыг яаралтай хүргэн өгч хариуг илгээх гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажилладаг байна. /Ажлын байрны тодорхойлолт ХХ-ийн ...р хуудас /

Гэтэл Оюунцэцэг нь энэхүү менежер албан тушаалын ямар эрх мэдэл, ямар албан үүргээ яаж урвуулан ашигласан нь тодорхойгүй байна.

Оюунцэцэгийн гүйцэтгэдэг ажпын чиг үүргүүдээс харахад аль чиг үүргийг яаж урвуулан ашигласан болох нь нотлогдохгүй байна.

Иймээс албан тушаалаа хувийн зорилгоор урвуулан ашигласан гэдэг нь нотлогдохгүй байна.

Харин болсон үйл явдал, Оюунцэцэг болон Гэрэлтуяа нарын харилцаанаас харахад Оюунцэцэг нь өөрийн ажиллах эрхээ тодорхой хугацаатайгаар Гэрэлтуяад төлбөртэйгээр шилжүүлсэн байдаг.

Р.Оюунцэцэг нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа өөрийн оронд ажиллаж байсан Гэрэлтуяатай харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар тохиролцон ажилд орох хугацаагаа хойшлуулан түүнийг өөр ажилтай болж жинхэлтэл өөрийн ажил дээр байлгах, үүний төлөө Гэрэлтуяа нь Оюунцэцэгт мөнгө төлөх үүрийг тус тус хүлээн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар хийсэн байна.

Талууд ийнхүү бие биедээ хүсэл зоригоо илэрхийлж харилцан зөвшилцөж хэлцэл байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Гэрэлтуяа, Оюунцэцэг нарын өргөдөл, мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн УБТГ-ын хурлын тэмдэглэл, шүүх хуралдаан дээр гэрч Гэрэлтуяа нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Гэвч хугацаа болон мөнгөн дүн дээр маргаж Оюунцэцэг ажилд орох болсноор Гэрэлтуяа компанийн захиргаанд өргөдөл гаргаж ажлаас халах ажиллагаа явагджээ. Р.Оюунцэцэгийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн УБТГ-ын менежерээр ажиллах эрх нь түүний хуулиар олгогдсон хууль ёсны эзэмших ёстой эрх гэж үзэж байна. / Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5/ Аливаа эрхийг бусдад түр буюу бүр хугацаагаар шилжүүлэх боломжтой бол эрх зүйн харилцаанд уг эрхийг худалдаж болдог. Р.Оюунцэцэг нь энэхүү эрхээ иргэний хуулийн дагуу Гэрэдтуяад төлбөртэй шилжүүлсэн нь Оюунцэцэгийн Ажил олгочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ямар ч хамааралгүй байдаг.

Ийнхүү Иргэний эрх зүй дэх иргэд хоорондын иргэний маргааныг Ажил олгогч ажилтан хоёрын хөдөлмөрийн маргаанд тооцон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль бус үндэслэлгүй байна. Гэтэл шүүх энэ байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Оюунцэцэгтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 4.2.10. “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрэм”-ийг ноцтой зөрчвөл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар гэрээ байгуулсан.

Гэтэл Оюунцэцэг “Ажил мэргэжлийн.дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрэм”-ийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байдаг. Ийм дүрэм ч байдаг болох нь тодорхойгүй байна. Харин ажил олгогч Оюунцэцэгийг ажлаас халсан тушаалдаа “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм ”-ийн заалтыг үндэслэсэн байдаг. Эрдэнэт үйлдвэр ХХК -ийн захирлын 2013 оны 03 сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалын 1-р хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм “,-ийг, 2-р хавсралтаар “Ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам ”-ыг тус тус баталсан байна.

Эндээс харахад энэхүү дүрэм нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын ёс зүйн дүрэм байх ба Оюунцэцэгийн хөдөлмөрийн гэрээнд дурдсан “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрэм” биш байна гэж ойлгож байна.

Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй нийт ажилтнууддаа мөрдөх ёс зүйн зөрчлийн дүрмийн заалтыг баримталсан нь хууль бус болжээ. Үүнээс гадна Хөдөлмөрийн гэрээний 4.2.10-д “Ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж зааснаас харахад энэхүү ёс зүйн зөрчил маань өөрөө ноцтой зөрчил байхыг шаардаж байна. Гэтэл ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ямар дүрмийг яаж зөрчвөл ёс зүйн ноцтой зөрчил байх талаар талууд хөдөлмөрийн гэрээндээ тухайлан зааж өгөөгүй байна. Иймд Р.Оюунцэцэг нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Хэрвээ ажил олгогч Оюунцэцэгийг Компанийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн дүрэм болон Хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн ямар зөрчлийг ноцтой зөрчил байх тухай тухайлан зааж өгөх учиртай. Ингээд гэрээ дүрэмд заасан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан эсэхийг “Ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам ”-ын дагуу компаний Ёс зүйн хороо шалгаж дүгнэлт гарган Ерөнхий захиралд танилцуулж, Ерөнхий захирал уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлтийг үндэслэн ажилтанд Сахилгын шийтгэл ногдуулах ёстой байжээ. Гэтэл Оюунцэцэгт ажпаас халах Сахилгын шийтгэл ногдуулсан энэ үйл ажиллагаа дээрх хууль, дүрэм, журмын дагуу явагдаагүй байна.

Гэтэл ажил олгогч тушаалын үндэслэлдээ дурдаагүй Компанид мөрдөж буй ёс зүйн зөрчлийн талаар гаргасан Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.15 “ Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод гадаадын аливаа иргэн хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох амлалт өгөх, тэднээс шан харамж авах, хөнгөлөлттэй үйлчилгээ зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх” гэж заасан хэрэглэх ёсгүй эрхийн актыг хэрэглэсэн, хэрэглэхдээ Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.15-д заасан зөрчил гаргасан гэж үзэж журмын 2.1., 2.3.5-д заасны дагуу эрх бүхий субьектээр дүгнэлт гаргуулаагүй байж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Гэтэл шүүх үүнд мөн л зөв дүгнэлт хийсэнгүй.

Р.Оюунцэцэгииг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан нь хууль бус байна. Учир нь Оюунцэцэг хамгийн сүүлд хүүхэд асарах чөлөөгөө УБТГ-ын даргын

2015.11.15-ны өдрийн Б/14 тоот тушаалаар 2016 .11.17-ны өдөр хүртэл сунгасан байна. Энэ тушаалынхаа дагуу оюунцэцэг нь 2016.01.29-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байсан байна. Гэтэл ажил олгогч нь Оюунцэцэгийг 2016 оны 01 сарын 29-ны өдөр ажпаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах гэсэн заалтыг зөрчсөн. Р.Оюунцэцэг анх хүүхэд асрах чөлөөгөө 2014.08.28-ны өдөр авсан байх бөгөөд энэ өдрөөс хойш ажилдаа албан ёсоор ороогүй байна. Хэрвээ Оюунцэцэг хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орсон бол энэ тухай ажил олгогчийн тушаал шийдвэр өөр бусад нотлох баримт байх ёстой. Гэтэл энэ нь нотлох баримтаар нотлогддоггүй. Ажил олгогч Оюунцэцэгийг хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орох тухай тушаал гаргаагүй атлаа шууд 2016.01.29.-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан нь түүнийг Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажлаас халсан байна гэж үзэхээр байна.

            Энэ талаар шүүх хуралд тайлбарласан боловч анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгсөнгүй. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин олговор олгуулах гэсэн хэсгийг хүүхэд асарсны тэтгэмж олгуулах гэж өөрчилснийг ч хүлээн авалгүй шууд өмнөх нэхэмжпэлийн шаардлагаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээрээс гадна компани нь Оюунцэцэгийг сахилгын зөрчил гаргасан байна гэж үзэж байгаа бол ажилтныхаа эрх зүйн байдлыг аль болох,дордуулахгүйгээр зөрчлийн шинж байдалд нь тохируулан ажлаас халахаас бусад өөр сахилгын шийтгэл ногдуулах боломж байсан. Р.Оюунцэцэг урьд өмнө нь сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд амьдралын хувьд хүнд, ам бүлд нь өөрөөс нь өөр орлого бий болгох хүнгүй, ах дүү төрөл садан дотор нь хоёрын хоёр хүнд өвчтэй хүн байдаг зэргээр бий болсон нөхцөл байдлуудад дүгнэлт хийж ажил олгогчийн хувьд нийгмийн хариуцлагааа ухамсарлан ажилтнаа харж үзэх, дэмжих бодлого баримталж болох байсан. Энэ тухайгаа Оюунцэцэг ажил олгогчид өргөдөл гарган удаа дараа тайлбарласан байдаг. Гэтэл Оюунцэцэгийн үйлдлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хүндрүүлж , Хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд хүндэдсэн арга хэмжээ болсон байна.

Эдгээр үндэслэлүүдээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 142/ШШ2016/00690 дугаар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гаргаж байх тул хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь Захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/145 дугаар тушаалыг хүчингүй болгож, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэгчийг компаний ёс зүйн дүрмийг зөрчиж албан тушаалаа хувийн зорилгоор ашиглаж, бусдаас шан харамж авсан зөрчлийг гаргасан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Р.Оюунцэцэгийг хөдөлмөрийн гэрээ болон тус компаний 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр баталсан ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн нь зөв  боловч ажил олгогчийн гаргасан тушаалд  хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь тус компанид менежерээр ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар хүүхэд асрах нэг жилийн чөлөө олгож, уг чөлөөг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар сунгаж тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь тушаалын хуулбарууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмлэгч Р.Оюунцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус компанид дахин хүсэлтээ гаргаж 1 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилдаа орохыг хүссэн байна.

Нэхэмжлэгчийн оронд ажиллаж байсан Б.Гэрэлтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б/142 тушаалаар цуцалсан өдрөө нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр менежерийн үүрэгт ажлаас халсан ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна.

Учир нь ажил олгогч нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “  ...амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажилтны албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан атлаа  шүүхэд гаргасан гомдолдоо хүүхэд асрах чөлөөний мөнгө гаргуулах тухай шаардлага гаргасан гэж дурдсан байх ба тэрээр хүүхэд асрах чөлөөний тэтгэмж авах эрх нь нээлттэй, хүүхэд асрах чөлөөний мөнгийг байгууллагаас авч буй тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй энэ талаархи хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч байгууллагын гаргасан тушаалыг хүчингүйд тооцож, менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/145 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Р.Оюунцэцэгийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                                         ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                                      Б.ОЮУНЦЭЦЭГ