Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01148

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох,

гэм хорын хохиролд нийт 217,729,137 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

зураг төслийн үнэ 5,000,000 төгрөг, дээврийн засварын зардал 1,073,000 төгрөг, нийт 6,073,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А.Б нь "А " ХХК-тай 2016 оны 06 сарын 18-ны өдөр "Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ"-г байгуулж, С дүүргийн **-р хороо, Б-ийн Х-д 141 м.кв талбайтай амины орон сууцны барилгыг Канад технологиор хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно. Захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Хүйтний улирал эхэлсэн тул гүйцэтгэгч нь барилгын зарим дутуу ажлыг 2017 оны хавар хийж дуусгахаар амаар тохиролцоод байрны түлхүүрийг өгсөн. Гүйцэтгэсэн ажил хүйтэнд хөлдөлт үүсдэг, дулаанд бороо ус гоождог, гадна фасад нурж унадаг, барилгын сууринд нуралт үүсдэг, барилгын хананд заадас үүссэн, шалны тень 00-ийн өрөөг халааж дийлдэггүй, насос хөлдсөнөөс хагарч ус алддаг, алдсан уснаас болж паркетан шал хөндийрч ховхорсон, халаалт, цэвэр, бохир усны системийн доголдол үүссэн талаар удаа дараа мэдэгдэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдолтой холбоотой хохирол нэхэмжлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед буюу 2019 оны 11 сарын 18-ны өдөр амины орон сууц эзэнгүй байхдаа бүрэн шатсан. Өнгөрсөн хугацаанд галын дүгнэлт гарах гэж багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд гал байшингийн гол хэсгээс цахилгааны хэт ачааллаас үүдэлтэй богино холболт буюу бөмбөлөг үүсэж шатсан болох нь дүгнэлтээр тогтоогдсон. Ажлын үр дүн олон төрлийн доголдол байсан ба түүний дотор байшингийн цахилгааны шит байнга хаях, байшингийн зарим хэсэг хөлдөж халахгүй байх зэрэг доголдлоос болж гүйцэтгэгч нэмэлт дулааны эх үүсвэр буюу хоёр хэсэг газар цахилгаан тень нэмж суурилуулсан ба мөн байшингийн гол хэсэгт сантехникийн хоолой халаах кабель утас шатаж, сольж байсан зэргээс болж захиалагч надад сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учрууллаа. Иймд захиалагчийн зүгээс төлсөн 173,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 44,729,137 төгрөг, нийт 217,729,137 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Захиалагч талд 2016 оны 09 сард ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгч, байрны түлхүүр гардуулж өгсөн. Гэрээт ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсний дараа талууд харилцан тохиролцож нэмэлтээр гадна явган хүний зам талбайг хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 мөн 352.2.3-т заасны дагуу захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй байдаг. Гэтэл захиалагч тал ажлын хөлсийг бүрэн төлсөн. Үүнээс үзвэл гүйцэтгэгч тал доголдолгүй ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэж өгсөн болох нь нотлогдоно. Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний 3.3-т заасан журмын дагуу ажлын хөлс төлөх үндэслэл нь гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, захиалагч ажлын явцтай танилцсан тухай дүгнэлт /акт/, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн акт болно. Мөн гэрээний 4.1.4-д захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанаас ажлын 1 хоногийн дотор хүлээж авах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж тус тус тохиролцсон. Талууд барилгын ажлын төлбөр төлсөн тухай баримтад амины орон сууцны барилга барих ажлыг хийж гүйцэтгэх 2016 оны 06 сарьн 18-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу барилгын ажлын төлбөр нийт 173,000,000 төгрөгийг ажлын хөлс төлөх журмын дагуу гэрээний 3.3-т зааснаар 2016 оны 06 сараас 10 сарын хугацаанд төлбөрийг хуваарийн дагуу төлж дууссан болно гэж хоёр тал харилцан тохиролцжээ. Мөн захиалагч тал нэхэмжлэлдээ эзгүй байх хойгуур байшин бүрэн устсан гэж дурдсан нь байшиндаа амьдарч байсныг нотолно. Дээрх баримтуудаар А ХХК нь ажлын үр дүнг захиалагчид бүрэн хүлээлгэж өгсөн болохыг батална. Х ХХК-аас шинжээч томилохоос эхлээд шинжээчийн дүгнэлт гаргах үе хүртэл барилга бүрэн шатсан байсан. 2019 оны 12 сарын 11-ний Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн цахилгааны утсанд хийсэн дүгнэлтээр Цахилгааны утсанд үүссэн бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг гэж тайлбарласан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс захиалагчийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгээд, Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж хэргийг хаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох баримт нь хариуцагч талыг үндэслэлгүйгээр гүтгэсэн байх ба гал гарсан шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Прокурорын тогтоол байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчээс 6,073,000 төгрөгийг нэхэмжилнэ. Тус нэхэмжилж буй эскиз зургийн төлбөрт 5,000,000 төгрөг, нэхэмжлэгч талын захиалгаар бариулсан байшингийн дээвэр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдэрснийг зассан 1,073,000 төгрөг байна. Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ, хавсралтаар талууд эскиз зургийн төлбөрийн талаар харилцан тохиролцоогүй боловч А ХХК-аас барилгын зураг, ажлын зураг, ажлын зураг нэхэмжилж байгаа учир манай тал захиалагчийн сонгогдож баталсан эскиз зургийн дагуу барилгыг хийж гүйцэтгэсээр болохоор уг төлбөрийг нэхэмжилнэ гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Барилга байгууламж барихдаа барилгын эх зураг буюу эскиз зураг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах нь ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг. Гүйцэтгэгч барилгын зураг төсөлгүй барилга барьсан, өнөөдрийн 5,000,000 төгрөг гэж байгаа эскиз зураг ямар ч үнэгүй олон нийтийн сүлжээнд хэдэн зуугаараа байдаг түгээмэл зураг юм. Бидний хооронд түлхүүр гардуулах гэрээтэй ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн тооцоо тусдаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ төрлийн зардал гарсан бол тэр нь гэрээний үнийн дүн 173,000,000 төгрөгт багтах ёстой. Байшингийн дээвэр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн түүний засварт 1,073,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. 2016 оны 06 сарын 18-ны өдрийн Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ-ний 4.2-т гүйцэтгэгч доголдлыг өөрийн зардлаар хариуцан засах тухай үүрэг хүлээлгэсэн. Тухайн ойр орчимд хэний ч хашаа унаагүй байхад дээвэр нь зай завсар гарч хууларсан. Энэ бол чанарын доголдолтой шууд холбоотой. Түүнчлэн эскиз зургийн үнэ болон байшингийн дээврийн үнийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас нийт 217,729,137 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэгчээс 6,073,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,514,810 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,118 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,514,810 төгрөг, шинжээчийн зардал 400,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн, хэт нэг талыг баримталж үйл баримт болон нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

6.1. Бид амины орон сууц барих ажлыг гэрээний үндсэн дээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний төлбөр 173,000,000 төгрөг бөгөөд төлбөрийн үлдэгдлийг амины орон сууцны ажил гүйцэд дууссаны дараа төлнө гэсний дагуу амины орон сууцаа хүлээн авсны үндсэн дээр төлж, улмаар нэмэлтээр гадна тохижилтын ажлыг хийлгэхээр болж нэмэлт гадна тохижилтод 11,500,000 төгрөг төлж Барилгын ажлын төлбөр төлсөн тухай баримтыг 2018 оны 10 сарын 23-ны өдөр үйлдсэн бөгөөд энэ баримт нь төлбөрөөс гадна байшингийн ажил бүрэн дуусаж хүлээлцсэнийг нотлох баримт юм.

6.2. Хариуцагчаас барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгч нэхэмжлэгч тал амины орон сууцандаа орж тавилгаа бүрэн байршуулан амьдарч байсан талаарх гэрэл зураг, СиДи зэргийг нотлох баримтаар өгснийг анхан шатны шүүх үнэлсэнгүй. Бид ажилдаа хариуцлагатай хандаж, нэхэмжлэгч байраа хүлээн авч байрандаа орсноос хойш нэмэлтээр гадаах тамбар, тохижилт зэрэг нэмэлт ажлуудыг захиалагчийн саналаар дахин дахин очиж нэмэлтээр хийж өгч байсан бөгөөд үндсэн байшингийн хийц, чанартай холбоотой ямар ч асуудал үүсч байгаагүй. Учир нь бид хамгийн чанартай барилгын материалыг ашиглан хийсэн талаарх тайлбар болон нотлох баримтууд өгсөн.

6.3.  Нэхэмжлэгч тал анх шүүхэд гэрээний доголдлын талаар нэхэмжлэл гаргаж байхад энэ харамсалтай зүйл болсон. Бидний ажлын гүйцэтгэлийн муугаас гал гарсан гэж үзэхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч амины орон сууцандаа амьдарч байсан бөгөөд эзэнгүй орхих явцдаа гэр ахуйн цахилгаан хэрэгслээ асаалттай орхиж ахуйн гал гарсан байх магадлалтай. Бид цахилгааны утас, монтажийг хамгийн чанартай материалаар гүйцэтгүүлсэн бөгөөд тэжээлийн доголдол үүссэн тохиолдол автоматаар унтрах шийт суурилуулж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр цахилгааны утас, монтаж, гүйцэтгэлээс болсон талаар дүгнэх боломжгүй гэсэн бөгөөд гэрчээр оролцсон шинжээч Б.Д нэг бол ил галаас эсвэл хоёр утасны хооронд бөмбөлөг үүссэн байж болзошгүй хэмээн хэт нэг талыг баримталж худал мэдүүлэг өгсөн байна.

6.4.  Гүйцэтгэгч талын буруугаас юм уу барилгын материалаас болсон гэсэн нэг ч дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гаргаагүй бөгөөд цахилгааны утас хайлж богино зангилаа үүсэх тохиолдол байдаг болохоос манай тохиолдолд ямар шалтгаанаас, ямар голомтоос гал гарсан талаарх хөтөлбөргүй нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нэг талыг баримтлан ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гарсан хэмээн дүгнэн шийдлээ. Гүйцэтгэсэн ажлыг бүрэн шилжүүлэн өгсөн талаарх хангалттай тайлбар, нотлох баримт байсаар байхад шүүх үнэлж дүгнэлт хийсэнгүй.

6.5.  Мөн өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ зөв хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэргийг бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгчтэй шийдэх ёстой байсан гэж буцаасан бөгөөд шийдвэрийн үндэслэлтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүх өмнө шийдсэн шүүгчийн үндэслэлийг харгалзалгүй эсрэгээр нь өөр шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан гэх хардлага төрүүлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн. Талуудаас томилсон эрх бүхий комисс чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн шалгах бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт байхгүй, гүйцэтгэгч чанарын шаардлага хангасан үр дүн хүлээлгэж өгөөгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт даргалагчаас А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Г-оос ажлын үр дүнг хүлээлцсэн акт үйлдсэн эсэх талаар асуухад акт үйлдээгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүх Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д зааснаар эрсдэлийг гүйцэтгэгчид хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гомдолд дурдсан барилгын түлхүүрийг гүйцэтгэгчээс авсан нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлсөн, тавилгыг байршуулсан нь амины орон сууцны барилгыг өөрөөр хэлбэл ажлын үр дүнг хүлээлцсэн, хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Амины орон сууцны барилга чанарын доголдолтой баригдсан учраас гүйцэтгэгч тал барилгад илэрсэн доголдлыг захиалагчийн шаардсаны дагуу арилгах арга хэмжээ 2019 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн. Гэрээний үр дүн буюу амины орон сууцны барилга биет байдлын доголдолтой байсан нь дээрх үйл баримтаар нотлогдоно. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Г ажлын үр дүн доголдолтой байсан доголдлыг засаж залруулж байсан тухай мэдүүлсэн. Амины орон сууцны барилга биет байдлын доголдолтой байсан нь захиалагч гүйцэтгэгч нар хоорондоо барилгын доголдлын талаар мессеж, мессенжер чат, Viber-p харилцаж байсан захианууд болох бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Цахилгаан хэрэгсэл асаалттай орхисноос гал гараагүй болох нь Галын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Цахилгааны шит байнга унадаг цахилгааны доголдол байсан. Гүйцэтгэгч гомдолдоо цахилгааны утас монтажийг хамгийн чанартай материалаар гүйцэтгүүлсэн бөгөөд тэжээлийн доголдол үүссэн тохиолдолд автоматаар унтраах шийт суурилуулж өгсөн гэж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа боловч Орон сууцны барилгын гадна дотор цахилгааны угсралт, монтажийн зураг, ил далд ажлын актыг гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 181/ШТ2022/00528 дугаар тогтоолоор хариуцагчид даалгаад гаргаж өгөөгүй. Гүйцэтгэгч ачаалал даахгүй байнга унадаг шитийг өндөр фазын шитээр сольсон боловч цахилгааны утсыг солиогүй нь богино холболт үүсэх үед гал хамгаалагч буухгүй байх эрсдэлийг бий болгосон. Шинжээчийн дүгнэлтэд цахилгааны холболт угсралт буруу хийгдсэнээс шалтгаалан гал үүссэн нь тодорхой байсан ... гэж дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.3, 10.4-т зааснаар захиалагчид гүйцэтгэсэн ажлын үр дүнг шилжүүлэхээс өмнө гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан гэмтсэн эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцан гэж тохиролцсон тухайд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч гомдлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу гэм хор учруулснаас үүссэн үр дагавартай холбоотой хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Бүрэлдэхүүнтэй хэлэлцэж байгаа хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар иргэдийн төлөөлөгч оролцож, дүгнэлт гаргасан. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд гэрээний дагуу төлсөн 184,500,000 төгрөг, шатаж устсан эд хөрөнгийн үнэ 33,229,137 төгрөг, нийт 217,729,137 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч зураг төслийн үнэ 5,000,000 төгрөг, дээврийн засварын зардал 1,073,000 төгрөг, нийт 6,073,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-3, 68-70, 90-91, 167-168, 2хх 6-7, 81-82, 139-143, 197-199, 4хх 149-157/

Гэрээг цуцлах субъект нь гэрээний талууд тул нэхэмжлэгчийн тодорхойлсон ...ажил гүйцэтгэх гэрээг цуцлах... шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Талууд 2016 оны 06 сарын 18-ны өдөр Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь С дүүргийн **-р хороо, Б-ийн Х-д 141 м.кв талбайтай амины орон сууцны барилгыг Канад технологиор барих ажил гүйцэтгэх, А.Б нь ажлын хөлс 173,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 9-13/

3.2. Дээрх гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу А.Б нь нийт 173,000,000 төгрөгийг бүрэн төлсөн; /1хх 24, 43, 46, 47, /

3.3. Мөн талууд гадна тохижилтын ажил гүйцэтгэхээр тохиролцож, А.Б нь ажлын хөлс 11,500,000 төгрөгийг мөн төлсөн; /1хх 24, 2хх 9/

3.4. Гэрээний 3.3-т ...ажлын явцтай танилцсан тухай дүгнэлт /акт/, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдэх...-ээр тусгасан боловч гэрээний талууд ийм дүгнэлт, акт үйлдээгүй; /1хх 9/

3.5. Амины орон сууц 2019 оны 11 сарын 18-ны өдөр гарсан гал түймрийн улмаас шатаж бүрэн устсан. /2хх 20, 146-149/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5. Гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх талаар зохигч талууд харилцан адилгүй тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан фото зургууд, үзлэг хийж бэхжүүлсэн цахим зурвасууд, тэдгээрийн агуулга, 2019 оны 04 сард захиалагч, гүйцэтгэгч болон НМХГ-ын барилга хариуцсан байцаагч нарын үйлдсэн жагсаалт зэргээс үзэхэд ажил гүйцэтгэгч А ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан болох нь тогтоогдож байна. /1хх 26, 22-52, 2хх 11-17, 24-70, 190-195, 4хх 25-126, 158-161/

Иймд ...доголдолгүй ажлыг хүлээлгэн өгсөн... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч нь анх гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой зардал шаардсан боловч амины орон сууц шатаж устсантай холбоотойгоор гэм хорын хохирол шаардсан тул гүйцэтгэсэн ажилд зарим доголдол байсан эсэх нь ач холбогдлоо алдсан. Харин хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цахилгааны ажлын улмаас гал гарсан эсэх буюу гэм хорын хохирол учирсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

6.1.Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 12/195 тоот дүгнэлтэд ...шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүссэн байна... гэж, /1хх 172-173/

6.2.  Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 25/2714 тоот дүгнэлтэд ...гал түймэр гарахад хүргэсэн нөхцөл болон шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд богино холболт үүсч ... хялбар шатах материалаар дамжин гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна... гэж, /2хх 20/

6.3. Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн дүгнэлтэд ...цахилгааны монтажийг ханаар ил татах эсвэл далд буюу шаварны дундуур татсанаас хамаарч ус хүрч цахилгааны богино залгаа үүсч гал гарах боломж бүрддэг... гэж, /2хх 220-224/

6.4. Галын шинжээчийн шүүхэд өгсөн тайлбарт ...богино холболт буюу гүйдэл дамжиж байгаа хоёр утсанд цахилгааны масс үүссэн буюу цахилгааны хоёр утасны хооронд тусгаарлагч байхгүйгээс цахилгааны хоёр утсанд богино холбогдолт үүссэнээс шалтгаалан гар гарсан нь маш тодорхой байсан. ...Цахилгааны холбогдолт угсралт буруу хийгдсэнээс шалтгаалан гал үүссэн нь тодорхой байсан. Жишээ нь гадна шитнээс дотор шит хүртэл явж байгаа цахилгааны ерөнхий утсанд гар аргаар залгасан холбогдолт байх ёсгүй. ...Энэ бүхнээс үзэхэд богино холболтын улмаас цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэж гал гарсан байна. Галын аюулгүй байдлыг хамгаалах гэдэг нь цахилгааны холбогдолт зөв хийгдсэнээс хамаарна. Галын үзлэгийн явцад дотроо гал хамгаалагч байгаа эсэх нь олдоогүй. ...Цахилгааны утас байнга хуурай сэрүүн газар байх ёстой. Гэтэл тийм газар байрлах ёстой зүйлийг ус чийгэнд нэвтрүүлж болохгүй. Энэ нь гал гарахад нөлөөлөх хүчин зүйл болно. ...Цахилгаан дамжуулагч хоёр утасны тусгаарлах бүрээсний гэмтлээс, эсхүл механик гэмтэл буюу хүн буруу угсарсан цахилгааны буруу холбогдолтын угсралт нь гал гарахад нөлөөлсөн байна... гэж тус тус дурдагджээ. /3хх 152-156/

7. Дээрхээс үзвэл амины орон сууц нь цахилгааны холбогдолтын буруу угсралт болон дусаал гоождог, чийг авч хөлддөг зэрэг нөхцөл байдлын улмаас шатаж устсан буюу ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын зарим доголдлоос шалтгаалсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, ...ажлын гүйцэтгэлийн муугаас энэхүү гал гарсан гэж үзэхгүй байгаа... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд болох хариуцагч А ХХК нь учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх... зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч амины орон сууцнаас тусдаа байршилд байсан буюу гал түймрийн улмаас шатаагүй үлдсэн гадна тохижилт, гадна бохирын цооног зэргийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн хангасан үнийн дүн болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 184,500,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 33,229,137 төгрөг, нийт 217,729,137 төгрөгөөс гадна тохижилтын үнэ 10,679,000 төгрөг, гадна бохирын цооногийн үнэ 7,000,000 төгрөг, нийт 17,679,000 төгрөгийг хасаж, үлдэх 200,050,137 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1хх 24, 79, 102, 176-237/

Харин нэхэмжлэгч нь амины орон сууцны суурийг ирээдүйд ашиглаж, адил хэмжээ, загвар бүхий барилга барих үүргийг хүлээхгүй тул холбогдох үнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан нийт 6,073,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

10.  Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаар гэм хорын маргаан болон ажил гүйцэтгэх гэрээний маргааныг хамтатган шийдвэрлэсэн нь зохимжгүй байх тул тусдаа заалтаар шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна.

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ...хариуцагч нь олон байшин барьсан ч энэ удаа хайхрамжгүй хандсан, учир битүүлэг тайлбар тавих, хэт тойрсон яриатай, мөн мэргэжлийн хяналтын гаргасан шинжилгээний хариуг харгалзан хариуцагчийг буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргажээ. /4хх 162/

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01193 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас 200,050,137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, үлдэх 17,679,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-оос нийт 6,073,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...1,514,810 төгрөг... гэснийг ...1,158,201 төгрөг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,647,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР