Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 17

 

 

           

 

 

 

 

 

 

 

Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Сонинмөнх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          П.Ганбаатар

Шүүгдэгч                                       Б.Алтангэрэл

Нарийн бичгийн дарга                 А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 1900 0772 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харъяат, 1988 оны 08 сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ын Эрчим хүчний инженерийн сургуулийн 4-р курсын оюутан, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 13-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Балганы Алтангэрэл, /РД:НМ88082919/.

Монгол Улсын харъяат, 1995 оны 10 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р баг Бургасын 6-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандах, /РД:НМ95100511/

 

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бугын ам” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойд 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.054.782 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч О.Тэгшмандах нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Бугын ам гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойд 20 ширхэг нойтон нарс мод тээвэрлэн ойн санд 1.054.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны 41 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Балганы Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийг 1 /нэг/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар шүүгдэгч О.Тэгшмандахыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж,

Монгол улсын Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Алтангэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, ялтан О.Тэгшмандахад оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж

 Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б Б.Алтангэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, ялтан О.Тэгшмандахад оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтангэрэлд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст, ялтан О.Тэгшмандахад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгож,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдэж,

 Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 20 ширхэг хэрэглээний нойтон нарс модыг улсын орлого болгож,

Монгол улсын Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 26-16 УНО улсын дугаартай Хүюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож Ч.Ариунбаатарт буцаан олгох, мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Алтангэрэлийн эзэмшлийн цагаан өнгийн угаалгын автомашин, саарал өнгийн хөргөгч, НР маркийн нөүтбүүк зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож,

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №0110043 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт буцаан олгох, Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бугын ам” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойд 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.054.782 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч О.Тэгшмандах нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Бугын ам гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойд 20 ширхэг нойтон нарс мод тээвэрлэн ойн санд 1.054.782 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсоныг тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулан, нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоосон байна. Аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 41 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг хүлээн авч ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна. Тухайлбал: Шүүгдэгч Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Хьюндай Маяти” маркийн 26-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа уг тээврийн хэсэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлогод оруулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар, мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив”  гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Бугын ам” гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Алтангэрэл нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд 4.1364 м куб, 20 ширхэг нойтон эгэл нарс мод бэлтгэж, 26-16 УНО улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1.054.782 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, О.Тэгшмандах нь мөн өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 4.1364 м куб, 20 ширхэг нойтон эгэл нарс модыг 26-16 УНО улсын дугаартай Х.Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1.054.782 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан   гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн болон зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд  үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гаргасан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОХ-ын улсын байцаагчийн дүгнэлт, Экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан мэргэжилтний дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 26-16 УНО улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгохоор заасан атлаа уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалттай нийцээгүй байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд дараахь  зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: 

Шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д “... Оюунбатын Тэгшмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн” гэж утга найруулгын алдаатай, Б.Алтангэрэлийг гэм буруутайд тооцохдоо түүний мод тээвэрлэсэн үйлдлийг орхигдуулсан, 

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7-д баримтлах ёсгүй Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримталсан,

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8-д эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг улсын орлого болгох ёстой байтал устгахаар шийдвэрлэсэн,

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  9-д “...битүүмжлэлийг хүчингүй болгож, Ч.Ариунбаатарт буцаан олгох” гэж юуг буцаан олгох гээд байгаа нь ойлгомжгүй, тодорхой бичигдээгүй, 

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10-д иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №0110043 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Чулуунбатад биш иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт олгохоор заасан зэрэг нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-д “Шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” гэсэн заалтыг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих асуудлуудыг буруу шийдвэрлэж тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлд заасантай тус тус нийцэхгүй байна. 

 Иймд улсын яллагчийн бичсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэргүүцлийг  хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дүгээр шийтгэх  тогтоолын Тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1дэх заалтыг “Шүүгдэгч Боржигон овогт Балганы Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэснээс  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод тээвэрлэснээс  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус  тооцсугай” гэж,

б/ Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дах заалтыг “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хууль бусаар бэлтгэсэн 1.054.782 төгрөгийн үнэлгээ бүхий  4.1364 м куб,  20 ширхэг нойтон эгэл нарс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг худалдан борлуулж үнийг, шүүгдэгч Б.Алтангэрэл, шүүгдэгч О.Тэгшмандах нараас тээврийн хэрэгслийн үнэ тус бүр 2.000.000 төгрөгийг /тус бүр хоёр сая/ гаргуулж тус тус  улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөх,

в/  Шийтгэх тогтоолын Тогтоох  хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож,

г/ Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...хүчингүй болгож Ч.Ариунбаатарт буцаан олгох”, гэснийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Д.Чулуунбатад буцаан олгох” гэж,

д/ Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дах заалтын “...иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт” гэснийг “хууль ёсны эзэмшигч Д.Чулуунбатад” гэж ,

е/ Шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн “9, 10, 11, 12, 13” гэсэн заалтын дугаарыг “8, 9, 10, 11, 12” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3.Шийтгэх тогтоолын Тогтоох  хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Улсын яллагчийн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн  эсэргүүцлийг хүлээн авсугай.

5. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                          ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

                                                                                               Т.ЭНХМАА