Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 233

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД: ********/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, 

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн  нь  /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаал, /хуучнаар/ Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, А.П, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компани 2008 онд Газрын тосны газраас зарласан газрын тосны хайгуулын *-* талбайд зарласан олон улсын нээлттэй тендерт оролцон сонгон шалгарч, Газрын тосны газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний төслийг байгуулсан. Ингээд сонгон шалгарсан манай тендерийн материалыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ болон Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлахаар 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1-747 тоот албан бичгээр ЭБЭХЯ /хуучнаар/-нд хүргүүлсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй байгаа бөгөөд ямар учир шалтгаанаар хэлэлцэгдэхгүй удаж байгааг Газрын тосны газраас удаа дараа тодруулахад “холбогдох байгууллагуудад хэлэлцүүлэх хүсэлтийг уламжилсан байгаа” гэсэн хариуг өгч байсан.

Гэтэл хайгуулын “*-*” талбайн сонгон шалгаруулалтад шалгарсан манай компанийн асуудал, “Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталгаажуулах талаарх асуудлыг ҮАБЗ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байхад “Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт тендер”-ийг дахин зарласан ба энэ талаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн Газрын тосны газрын цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан. Үүнийг мэдмэгц манай компани Газрын тосны газрын дарга Г.Өд албан бичиг явуулж, манай компанийн асуудал, Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталгаажуулах талаарх асуудлыг ҮАБЗ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байхад дахин зарласан Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт тендерийг цуцлан, тендер зарлахгүй байхыг хүссэн. Энэ албан бичгээс хойш удаа дараа албан бичиг хүргүүлж, Газрын тосны даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн газрын тосны хайгуулын *-* талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай 183 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан боловч хариу ирүүлээгүй тул манай компани дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Уул уурхайн сайдад гомдлоо гаргасан.

Манай гомдлын хариуд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/438 дугаар Уул уурхайн сайд Р.Жийн гарын үсэг бүхий хариу бичгийг өгсөн болно. Энэ албан бичигт манай компанийн тендерт шалгарсан асуудал, Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталгаажуулах талаарх асуудлыг ҮАБЗ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх тухай хариу байхгүй ба 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 195 дугаар тушаалыг үндэслэн, 183 дугаар тушаал гарсан, уг тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн ба Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 195 дугаар тушаал, Газрын тосны газрын даргын 183 дугаар тушаалыг тус тус хавсаргаж өгсөн. Ингэж хавсралтаар өгсөн тушаалуудаар манай асуудал шийдэгдэхгүй удаад байсны учрыг мэдэж авсан.

Газрын тосны хайгуулын *-* талбайд зарласан олон улсын нээлттэй тендерт сонгон шалгарч, Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний төслийн материалыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл болон Засгийн газрын хуралдаан хэлэлцсэн эсэх, хэлэлцээд ямар шийдвэр гарсан нь одоо  болтол тодорхойгүй байна.

Уг тендерт оролцохын тулд манай компани маш шаргуу ажиллаж, бүхий л нөөц бололцоогоо дайчилж, хууль журмын дагуу сонгогдсон байхад ямар учир шалтгаанаар манай эрхийг хүчингүй болгосон талаар дурдаагүй байна.

Иймд Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 195 дугаар тушаал, Газрын тосны газрын даргын 183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, Ч.А нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандаж гомдол гаргасан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч болох Уул уурхайн яам, Газрын тосны газраас хариу тайлбарыг нотлох баримтын хамтаар хүргүүлж байна.

Газрын тосны хайгуулын “*-*”, “Н-4” талбайн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний гэрээлэгчийг сонгон шалгаруулах тендерт тус компани шалгарч, ЭБЭХС-ын /хуучин нэрээр/ 2009 оны 104 дүгээр тушаалаар БХГ-г “Т” ХХК-тай үзэглэхийг Газрын тосны газарт үүрэг болгосны дагуу гэрээнүүдийг үзэглэж ҮАБЗ болон Засгын газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1-747 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Гэрээ батлагдаагүй байх хугацаанд “Т” ХХК-ийн ерөнхий захирал Х.Аын хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс  манайд ирүүлсэн албан бичигт Х.Аыг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дуусаагүй, ялтайд тооцогдож байна гэсэн.

Бид хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс газрын тосны хайгуулын “*-*”, “Н-4” талбайд БХГ-г үзэглэсэн “Т” ХХК-тай ерөнхий захирал Х.А-ын ялтай байдлыг харгалзан БХГ байгуулах боломжгүй болсныг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1-1343, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1-369 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж байсан болно.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж хайгуулын “*-*", “Н-4” талбайд газрын тосны хайгуулын ажил хийгдэхгүй хөрөнгө оруулалт саатах нь Монгол Улсын газрын тосны салбарт шууд бусаар хохирол учруулах болно гэж үзээд дахин сонгон шалгаруулалт зарлах талаар Уул уурхайн яамнаас чиглэл хүссэн.

Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гарсан Уул уурхайн яамны 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 195 дугаар тушаалын дагуу Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын *-* талбайг олон улсад нээлттэй зарлаад байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу“ гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2008 онд Газрын тосны хайгуулын *-*, Н-6 талбайнуудад Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний гэрээлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, /хуучнаар/ Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр тушаалаар  дээрх талбайнуудад “Бүтээгдэхүүн хуваах  гэрээ”-г үзэглэх эрхийг олгожээ. 

Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1-747 дугаар албан бичгээр  хүргүүлсэн байна. 

Гэтэл гэрээ батлагдаагүй байх хугацаанд /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар  Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр тушаалын  нэгдүгээр зүйлийн “Т” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгож, *-*, Н-6 талбайд дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Уг тушаалыг үндэслэлээ болгон /хуучнаар/ Газрын тосны газрын дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Газрын тосны хайгуулын *-*, Н-6 талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” 183 дугаар  тушаалаа гаргажээ .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх маргаан бүхий актуудыг “...Олон улсын нээлттэй тендерын шалгаруулах журмын дагуу хянан шалгасан дүгнэлт болон үнэлгээний хорооны шийдвэр хүчинтэй хэвээр байсаар байхад нэг дарга, нэг сайд ямар нэгэн тодорхой үндэслэл дурдахгүйгээр, эрх зүйн үндэслэлгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол маш их хөндөгдсөн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ. 

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...гэрээ батлагдаагүй байх хугацаанд “Т” ХХК-ийн ерөнхий захирал  Х.А хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон. Тэгэхээр ялтайд тооцсон учраас уул уурхайн хайгуулын талбайг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон...” гэж тайлбарлан нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна.  

Нэг: /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн  195 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчаас уг маргаан бүхий 195 дугаар тушаалыг  гаргахдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4 дэх заалт Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 425 дугаар тогтоолыг” үндэслэжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д “хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах...” гэж байгаагаас үзэхэд эдгээр заалтыг Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд гаргах эрх зүйн актад баримталж болохоор байна.  

Харин  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолд  “...Т” ХХК-ийн ерөнхий захирал Х.Аыг  2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн 196 дугаар тушаалаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр *-*, Н-6 талбайнуудад Олон Улсын нээлттэй тендер зарлаж, уг тендерт “Т” ХХК-ийн шалгаруулсны төлөө “Т” ХХК-ийн ерөнхий менежер Н.О-д итгэмжлэл хийж өгч, Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.А-д 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 494.000.000 төгрөгийн үнэ бүхий ************ дүүргийн 11 дүгээр хороо, “Р” ******гийн тойруу Б1-103 тоот 160м2 талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг Ц.Ч-ийн нэр дээр шилжүүлэн хээл хахуульд өгсөн...” эрүүгийн хэрэгт холбогдон  3 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж...” шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл, агуулгад дурьдсан үйл баримтыг дээрх Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Учир нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаан бүхий актыг хүчингүй болгож Газрын тосны хайгуулын *-*, Н-6 талбайнуудад Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх хүсэл зориг агуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ерөнхий захирал Х.А нь  дээрх нэр бүхий Газрын тосны хайгуулын талбайн сонгон шалгаруулалт “Т” ХХК-г шалгаруулсны төлөө Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.А-д бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулсан болох нь /хуучнаар/ Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол , уг шийтгэх тогтоолыг хянасан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 дугаар магадлал , Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор тогтоогдож байна. 

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй”.

Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй бөгөөд хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох  этгээд  гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна гэжээ. 

Дахин нотлох шаардлагагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болох бөгөөд энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй ба эрүүгийн хэргийн шүүхийн нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцож болно.

Дээрхээс үзэхэд хариуцагч /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. 

Хоёр: /хуучнаар/ Газрын тосны газрын дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Газрын тосны хайгуулын *-*, Н-6 талбайд олон улсын  нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” 183 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт хариуцагч /хуучнаар/ Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тосны хайгуулын *-*, Н-6 талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” 183 дугаар тушаалын үндэслэл болсон /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан болохыг тогтоосон тул энэхүү шийдвэрт заасан ажиллагааг хэрэгжүүлэхээр дагалдан гарсан акт нь өөрөө Засгийн газрын агентлагын даргын эрх хэмжээний хүрээнд холбогдох хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан акт биш байна.

Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад  нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, Монгол Улсын “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн /хуучнаар/ Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаал, /хуучнаар/ Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар  тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР