Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0621

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0621

Улаанбаатар хот

 

 

 

Иргэн Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.Сод-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ, Б.Пүрэвхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол, гуравдагч этгээд С.Оюунгэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 4.1.33, 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан иргэн Ц.Хонгорзул болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Оюу сууц өмчлөгчдийн холбооны нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Эйкон ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Хонгорзул давж заалдах гомдолдоо: “Иргэн Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэргийн нотлох баримт, үйл баримтыг буруу дүгнэсэн талаар:

Маргаан бүхий газрын эзэмших эрхийг Ө.Булганаас “Эйкон” ХХК-д шилжүүлсэн байдаг бөгөөд иргэн Ө.Булганд анх газар эзэмших эрх олгосон захиргааны шийдвэр нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болж буй тул хэрэгт хамааралтай үйл баримт мөн. Тиймээс ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “маргаанд хамаарах үйл баримтууд”, гэсэн хэсэгт уг үйл баримтын талаар “...Ө.Булганы маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч дуудлага худалдааны анхны үнэ 29,937,600 төгрөгийг төлсөн тул хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжаар эрхийг нь сэргээсэн байна” хэмээн дүгнэжээ. Энэхүү дүгнэлтэд хэд хэдэн зөрчил байгаа нь дараах зүйлсээр нотлогдоно.

Захирамжийн нэг дэх хэсэгт “... хавсралтаар 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай” гэж заасан тул энэхүү асуудлаар дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлсөн учраас газар эзэмших эрхийг сэргээсэн гэж дүгнэх боломжгүй ба шүүхийн дүгнэснээр дахин газар эзэмших эрхийг нь сэргээх ч хууль зүйн боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын эзэмших эрхийг шинээр олгох нөхцөл бүрдсэн ба ийнхүү тухайн газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу явагдах ёстой байхад анхан шатны шүүх хуульд нийцэж байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Түүнчлэн дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэх баримт албан тооттой нь холбогдуулан хариуцагчаас төлсөн төлбөр төлсөн баримтыг шүүхээр дамжуулан гаргуулсан боловч уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна.

Хоёрдугаарт, хууль хэрэглээний талаар:

Анхан шатны шүүх маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн газар гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлээ “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг заагаад төрийн мэдэлд аваагүй байхад нийтийн эдэлбэр газар гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар” гэж заасныг тус тус зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүгээс зогсохгүй маргаан бүхий газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж заасныг зөрчиж байхад хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх огт хэрэглээгүй юм.

Иймд нэгтгэн дүгнэвэл Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар энэхүү гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, хэргийн үйл баримтын тухайд:

Маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газар болох талаар:

Нийтээр ашиглах газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэр газар” гэж зохих журмын дагуу “нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж заасан бөгөөд дараах урьдчилсан нөхцлийг хангасан байхыг шаардаж байна. Нэгдүгээрт, нийтээр ашиглахаар тогтоогдсон байх, хоёрдугаарт, төрийн өмчийн газар байх. Маргаан бүхий газрыг хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд өмчлүүлсэн зүйл байхгүй тул төрийн өмчийн газар мөн. Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалтгүйгээр нийтээр ашиглана” гээд 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар” гэж хуульчилж тогтоож өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг илтэд агуулгаас нь зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь буруу юм.

Инженерийн шугам сүлжээний газар болох талаар:

Мөн анхан шатны шүүх хэдийгээр инженерийн шугам сүлжээний газар гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад энэ нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Барилгын орчны газрын талаар:

Гуравдагч этгээд бидний бие даасан шаардлага нь “Эйкон” ХХК-ийн газрыг бүхэлд нь бус манай орон сууцны барилгын орчинд хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ гаргасан юм. Барилгын орчны газрыг ямар нэгэн байдлаар хэн нэгэн этгээд дангаар эзэмших нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Миний бие сонгуулийн ажлын улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны дундуур шүүгч орохыг зөвшөөрөөгүй болно.

“Оюу” СӨХ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд учир шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчтэй адил бие даасан шаардлагаа тайлбарлах, талуудтай тэгш мэтгэлцэх боломжоор хангагдах ёстой. Энэ утгаараа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг нэхэмжлэгчтэй адилтгах боломжтой тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэмэлт нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох, ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй бол нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулдаг энэхүү зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмнөх шүүх хуралдаан дээрх “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд уг нотлох баримт шүүхэд ирснийг мэдэгдээгүй бөгөөд танилцуулаагүй болно. Иймээс анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн нотлох баримттай танилцах хэргийн оролцогчийн эрх”-ийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар уг хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... маргаан бүхий газрын эзэмших эрх Ө.Булганаас “Эйкон” ХХК-д шилжсэн байдаг бөгөөд иргэн Ө.Булганд анх газар эзэмших эрх олгосон захиргааны шийдвэр нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болж буй тул хэрэгт хамааралтай үйл баримт мөн ... Ө.Булганд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу явагдах ёстой байхад анхан шатны шүүх хуульд нийцэж байгаа талаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь,

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах үүрэгтэй тул шүүх нэхэмжлэгч Ц.Хонгорзулын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох “Эйкон” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/497 дугаар захирамж үндэслэлтэй эсэх буюу гуравдагч этгээдэд газар эзэмших эрх холбогдох хууль журмын дагуу үүссэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгөх учиртай тул иргэн Ө.Булганы газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, тухайлбал, анх Ө.Булган тус газрыг анх эзэмшихдээ дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх, уг газрыг эзэмшүүлэхээр сонгон шалгаруулт явагдсан эсэх, газрын төлбөрийг тухай бүр төлж байсан эсэх зэрэг маргаан бүхий газрыг эзэмших эрх анх хэрхэн үүссэн талаар шалгаж тогтоох шаардлагатай байсан гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... маргаан бүхий газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж заасныг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/3500 тоот албан бичгийн хавсралтаар[1] ирүүлсэн байр зүйн дэвсгэр зургаар “Эйкон” ХХК-ийн эзэмшиж буй 18640308298205  нэгж талбарын дугаар бүхий 1168 м.кв газар нь дулааны шугамтай давхцаж байгаа нь тогтоогдож байх хэдий ч үүний улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Учир нь, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд нь давхцаагүй, мөн маргаан бүхий газар дээр барилга барихаар төлөвлөгдөөгүй, эрх бүхий этгээдээс холбогдох зөвшөөрөл олгогдоогүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэрэгт авагдсан 18640308298205, 18640308219177 нэгж талбарын дугаарууд бүхий “Эйкон” ХХК ба иргэн Ц.Хонгорзулын эзэмшиж буй газрын байршлын кадастрын зургууд, маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Харин гуравдагч этгээд “Эйкон” ХХК нь өөрийн эзэмшиж буй газартаа барилга барихаар төлөвлөж, улмаар эрх бүхий этгээдээс барилга барих зөвшөөрөл олгогдсоны дараа тухайн төлөвлөлт, шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн этгээдээс гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

Түүнчлэн гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн нотлох баримтыг ирсэн талаар надад мэдэгдээгүй бөгөөд танилцуулаагүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4854 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандаж гаргасан “Ус сувгийн удирдах газраас нотлох баримт гаргуулах” тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон, тус хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр биечлэн мэдсэн болох нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтаар[2] тус тус тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү нь тухайн үед хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжтой байжээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д ““орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” гэж тус тус заасны дагуу аливаа сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрыг ашиглаж болох хэдий ч гуравдагч этгээд “Оюу” СӨХ нь орчны газрыг ашиглах эрхтэй болох нь тогтоогдоогүй байх тул тус СӨХ-ны ашиглах эрх бүхий газартай “Эйкон” ХХК-ийн эзэмшлийн газар давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Гуравдагч этгээд “Оюу” СӨХ нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд “... байгуулагдсан цагаасаа хойш “Цэлмэг тэнгэр” хотхоны оршин суугчдын автомашины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин барилгын орчны газрыг зохистой байдлаар ашиглахаар холбогдох судалгааг хийж, үе шаттай төлөвлөгөө боловсруулсан ...” гэж тайлбарласан байна.

Гэвч дээрх тайлбартай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд хавсарган ирүүлээгүй байхаас гадна нотлох баримтын шаардлага хангаагүй “иргэн Ц.Хонгорзулын эзэмшлийн газрыг шилжүүлэн авсан гэх 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, иргэн Ц.Хонгорзулын Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлт” зэрэг баримтуудаар тус СӨХ-ны орчны газрыг ашиглах эрх баталгаажсан гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Хонгорзулын газар эзэмших эрхийн гэрчилгээ[3], иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[4], 18640308343196 нэгж талбарын дугаар бүхий иргэн Ц.Хонгорзулын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг[5], нэхэмжлэгч, хариуцагчийн хариу тайлбараас үзвэл иргэн Ц.Хонгорзулын эзэмшиж буй газар нь “Оюу” СӨХ-д шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн “... шүүх Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын шүүхэд гаргасан “нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь өөрийн барилгыг эзэмшил газрынхаа хил хязгаараас илүү гаргаж барьсан, мөн бусдын эзэмшил газрыг дур мэдэн засаж тохижуулсан...” гэх хариу тайлбарыг нэхэмжлэгчээс үгүйсгэж, няцаагаагүй байх ба маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “Эйкон” ХХК-ийн бусдаас шилжүүлэн авч эзэмшсэн газар нь нэхэмжлэгч Ц.Хонгорзулын эзэмшил газартай давхцаагүй, “Оюу” СӨХ нь орчны газрыг ашиглах эрхийг баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...уг газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаардаг тул ямар нэг байдлаар суурин нүх ухаж барилгажих боломжгүй, оршин суугчдын эрүүл аюулгүй орчныг хангах үүднээс бид тус шороон хэсгийг замтай нь хамт өөрсдийн хөрөнгөөр засаж сайжруулсан ... гэтэл уг газрыг чөлөөлөхийг шаардан миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах зэргээр хууль бус шаардлагыг тавьж, газар эзэмших эрхээ зориулалтын дагуу, хэвийн нөхцлөөр эзэмших боломжийг хязгаарлаж байна ...” гэх үндэслэлээр гуравдагч этгээд “Эйкон” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч нь бусдын нэрийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаагүй байх ба маргаан бүхий газрыг өөрийн хөрөнгөөр зассан, инженерийн шугам сүлжээтэй давхцаж байгаа гэх үндэслэлээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан байх боловч гуравдагч этгээд “Эйкон” ХХК маргаан бүхий газрыг эзэмшсэнээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, харин шүүх шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт гуравдагч этгээд “Оюу” СӨХ-оос гаргасан бие даасан шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгсөн атлаа “Тогтоох нь” хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгалгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...иргэн Ц.Хонгорзул болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Оюу” сууц өмчлөгчдийн холбооны нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... ” гэснийг “...иргэн Ц.Хонгорзулын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, гуравдагч этгээд “Оюу” сууц өмчлөгчдийн холбооны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс болон гуравдагч этгээд “Оюу” СӨХ-оос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

     ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэрэг №1, 174-176 дугаар тал

[2] Хавтаст хэрэг №2, 122 дугаар тал

[3] Хавтаст хэрэг №1, 149 дүгээр тал

[4] Хавтаст хэрэг №1, 150 дугаар тал

[5] Хавтаст хэрэг №1, 153 дугаар тал