Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 10

 

 

 

Ш.Түвшинбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, яллагдагчийн  өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжтай Ш.Түвшинбатад холбогдох эрүүгийн 201521000324 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Шагдарын Түвшинбат нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллах хугацаанд  албан тушаалын байдлаа ашиглаж, Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Хөрс” шатахуун түгээх станцын зүүн хойд талд байрлах хохирогч Ж.Мягмардоржийн нөхөр талийгаач Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-1617001044 дугаартай газрын гэрчилгээг 2009 оны 4 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сарын хооронд “газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар хохирогч Ж.Мягмардоржид 13.756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллах хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Хөрс” шатахуун түгээр станцын зүүн хойд талд байрлах хохирогч Ж.Мягмардоржийн нөхөр талийгаач Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-1617001044 дугаартай газрын гэрчилгээг 2009 оны 4 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сарын хооронд “газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар хохирогч Ж.Мягмардоржид 13.756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Ж.Мягмардоржийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ тогтоосон 782 дугаартай дүгнэлт, гэрч Л.Бадмаа, Р.Эрдэнэбаатар, З.Өмиртэй нарын мэдүүлэг, гарын үсгийн харьцуулсан шинжилгээний 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянаж үзвэл Ш.Түвшинбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурор 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/73 дугаар зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг хэргийн хохирогч С.Ганзоригийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Э.Баяраа, Б.Саранцэцэг нарын мэдүүлгүүдээс харахад Ш.Түвшинбат нь С.Ганзоригийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг түүнд хэлэлгүйгээр, шунахайн зорилгогүйгээр унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106 дугаар зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид нь гомдол гаргах эрхтэй болохыг зааж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг дээд шатны прокурор гаргана. 112.3 дахь хэсэгт гомдлыг хянасан албан тушаалтан энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана гэжээ. Ш.Түвшинбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрт дээрх хуулийн заалтын дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гомдол гаргаж хүчингүй болгоогүй байна. Түүнчлэн захирамжид дурдсанчлан Ш.Түвшинбат нь С.Ганзоригийн эзэмшлийн авто машиныг түүнд хэлэлгүйгээр, шунахайн зорилгогүйгээр унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь яллагдагч Ш.Түвшинбатыг хохирогч С.Ганзоригийн эзэмшлийн авто машиныг түүнд хэлэлгүйгээр, шунахайн зорилгогүйгээр унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Учир нь Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Мөн яллагдагч Ш.Түвшинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2, 223.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж агуулагдаагүй юм.

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор сэжигтэн П.Хишигжаргалд холбогдох нотариат өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх хэргийг сэжигтэн П.Хишигжаргал нь гэрээ, хэлцлийг илт хууль бусаар баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоосон боловч дээрх үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учираагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй юм. Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг эрхийн улсын бүртгэгч Ш.Мөнх-Од бүртгэгдсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн13 дугаар зүйлийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзсан үндэслэл байсаар байхад улсын бүртгэгч бүртгэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь улсын бүртгэгч бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 дугаар зүйлийн 1551.1д зааснаар татах үндэслэл байгаа боловч түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл юм.

Хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа яллагдагч Ш.Түвшинбат, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нараас Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу уг хуульд хамрагдах хүсэлтэй байгаа талаараа хүсэлт гаргаж өгсөн байхад шүүхээс дээрх хүсэлтийг орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасан заалтыг ноцтой зөрчжээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. П.Хишигжаргал, Ш.Мөнх-Од нар нь үгсэн тохирч хохирогчийн газрыг зарсан. Хохирогчийн зүгээс газраа авах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Түвшинбатад холбогдох эрүүгийн хэрэг бүрэн шалгагдаж дууссан.

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

            Прокуророос Ш.Түвшинбатыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллах хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэр “ Хөрс “ шатахуун түгээх станцын зүүн хойд талд байрлах хохирогч Ж.Мягмардоржийн нөхөр / талийгаач / Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-1617001044 дугаартай газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна “ хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар хохирогч Ж.Мягмардоржид 13756000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байх бөгөөд  хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байтал, нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй болжээ.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Ш.Түвшинбатыг урьд батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

            3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ТУЯА.

                                                      ШҮҮГЧИД                              Д.МӨНХӨӨ

                                                                                                     Б.ДАМБА