Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 11

 

 

 

М.Сур-Амгаа нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой М.Сур-Амгаа нарт холбогдох эрүүгийн 201621000195 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан Тугтан овогт Мягмарсүрэнгийн Сур-Амгаа,

Монгол улсын иргэн, 1980 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр 131.2-т зааснаар  1 жилийн хугацааны хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

2001 оны 03 дугаар 20-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 117 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдож Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 21дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан Зуутраг овогт Дэвээжаргалын Эрдэнэжаргал, М.Сур-Амгаа нар нь бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Элсэн худаг гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Х.Уламбаярын 3 тооны үхэр хулгайлж 1050000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Баяраагийн 6 тооны үхэр хулгайлж 3750000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дэвээжаргалын Эрдэнэжаргалд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тугтан овогт Мягмарсүрэнгийн Сур-Амгааг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тугтан овогт Мягмарсүрэнгийн Сур-Амгаагаас 10000 /нэг зуун мянга / төгрөг хурааж, 05 /тав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон нэг үхрийн үнэ болох 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Сур-Амгаагаас гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Сур-Амгаад оногдуулсан 05 /тав/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хэм хэмжээнд бүрэн нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, 296 дугаар зүйлийн  296.1-д заасан шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, 296 дугаар зүйлийн 296.2-д зааснаар хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно гэж заасныг зөрчсөн, шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь шүүгдэгч М.Сур-Амгаатай бүлэглэн бусдын эд хөрөнгө буюу хохирогч Х.Уламбаяр, Х.Баяраа нарын 9 тооны үхэр хулгайлсан үйлдлийг ямар нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэж байгаа, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, яллагдагч Д.Эрдэнэжаргал, М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргалын эхнэр С.Энхбаярын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тасралтгүй ярьсан цаг хугацаа, шүүх хуралдааны явцад гэрч С.Энхбаярын өгсөн М.Сур-Амгаа нь урьд өмнө нь гэрч С.Энхбаяртай ярьж байгаагүй гэх, байдлуудад хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3-т зааснаар Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй гэж заасан байхад Д.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо дээрх нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгааг тодорхой дурдаж өгөөгүй, Д.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Тогтоолын тогтоох хэсэгт Д.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д.Эрдэнэжаргалд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалтыг заана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргал хоёр бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй юм.

М.Сур-Амгаа хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд хэргээ мэдүүлж ирсэн байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь :М.Сур-Амгаа,Д.Эрдэнэжаргал нар нь бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн “ Элсэн худаг “ гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Х.Уламбаярын 3 тооны үхэр хулгайлж 1050000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Баяраагийн 6 тооны үхэр хулгайлж 3750000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Д.Эрдэнэжаргал , М.Сур-Амгаа нар нь хохирогч Х.Уламбаярын 3 тооны үхэр, Х.Баяраагийн 6 тооны үхрийг бүлэглэн хулгайлсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ж.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “. . .Манайхыг нүүж ирэхэд манай буух газрын хажууд 9 тооны 1 тугалтай үхэр байсан тэгээд манай үхэртэй холилдоод байж байтал уржигдар буюу 2016 оны 8 дугаар сарын 14-ний орой Мараа буюу Д.Эрдэнэжаргал, Бороо буюу М.Сурамгаа 2 мотоциклтой согтуу ирээд энд байсан үхэр бид хоёрын үхэр байгаа юмаа гэж хэлсэн тэгэхээр нь би хаанаас ирсэн юм бэ гэхэд бэлгэнд ирсэн юмаа гэж байсан тэгээд орой тэр 2 архи ууж манайд хоносон тэгээд маргааш нь буюу өчигдөр 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бид нар сумын төв банк орох гээд явсан ард нь М.Сурамгаа, Д.Эрдэнэжаргал 2 үлдсэн тэгээд өдөр 17 цаг болж байхад эргээд гэртээ хүрээд ирсэн чинь тэр хоёр нэг үхрийг нь манай гэрээс баруун талд унагаачихсан / алчихсан / байж байсан бас хаанаас юм ирсэн нэг 7014 ХОҮ улсын дугаартай машинтай нэг танихгүй хүн ирчихсэн байж байсан тэгтэл манай сумын хэсгийн төлөөлөгч Сумъяа машинтай ирээд тэр хүмүүсийг аваад явсан. . . . Д.Эрдэнэжаргал нь миний жи мобайлын 98123876 гэсэн дугаараас нэг хүн рүү яриад хүрээд ир гэж дуудаж байсан . . . Манай бага хүүд Эрдэнэжаргал энэ 9 үхэр дотроос нэг бяруу бэлгэнд өгнө гэж хэлсэн . . . Манайх 8 сарын 11-нд хадлан хийх гэж нүүж ирсэн нүүж ирэхэд манай сумын биш 9 тооны үхэр байсан тэр 9 үхэр хулгайн үхэр байх гэж бодож байсан гэтэл Эрдэнэжаргал ирж авна хүнээс бэлгэнд авсан үхэр гэж хэлж байсан. . . “  гэх мэдүүлэг / 1- р хх-н 15-16, 2-р хх-н 30-31,57-58 /,

            Гэрч Ц.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “. . . 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай сумын М.Сурамгаа гэдэг залуу хажуудаа нэг залуугийн хамт оройхон манайд нэг мотоциклтой согтуу ирсэн тэр залууг Мараа гэж байсан тэгээд нэг шил архи гаргаж уусан тэр шөнөө манайд хоносон би өглөө эрт сумын төв явсан.Мараа гэдэг нь энэ миний бэлгэнд авсан үхэр танай бага хүүхэд аль нь вэ би нэг үхэр өгнө гэж хэлж байсан. . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 237-238 /, 88438251, 89438810 дугааруудын утсанд орсон, дуудлагын лавлагаа , хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх Д.Эрдэнэжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд Д.Эрдэнэжаргал нь уг 9 үхрийг бэлгэнд авсан үхэр гэж гэрч  Ж.Дүгэрсүрэнд хэлсэн, түүний бага хүүхдэд нь нэг бяруу өгнө гэж эхнэр Ц.Мөнхтуяад хэлсэн, маргааш өглөө нь нэг үхрийг М.Сурамгаатай хамт гаргалцсан, гэрч Ж.Дүгэрсүрэнгийн 98123876 дугаарын утаснаас 7014 ХОҮ улсын дугаартай машинтай гэрч Б.Баттулгыг дуудсан зэрэг үйлдлээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч М.Сурамгаатай бүлэглэн үйлдсэн байхад түүнийг М.Сурамгаатай хамт 9 тооны үхрийг тууж ирсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол М.Сур-Амгааг урьд цагдан хорихоор авсан, Д.Эрдэнэжаргалыг батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээнд нь тус тус байлгасугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

                                                                  ШҮҮГЧИД                              Д.МӨНХӨӨ

                                                                                                                 Б.ДАМБА