Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0493

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                      

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, гуравдагч этгээд И.Б нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.С-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг дарга, Булган аймгийн Орхон сумын газрын даамал Д.Н, Газрын дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “г”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан иргэн Д.С-ийн “Орхон сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.С давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... миний бие газрын ... дуудлага худалдаанд ... хамгийн өндөр дүн өгч ялагчаар тодорсон. Гэтэл ... И.Б нь ... программын сааталтай холбоотой гомдол гаргасан байдаг. ... дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж гомдлыг хүлээн авч дуудлага худалдааг хүчингүйд тооцож дахин дуудлага худалдаа зарласан нь дуудлага худалдааны ялагч болсон миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

.... газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь программын бүрэн бүтэн байдлыг болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд энэхүү шаардлага хангасан программаар орон нутгийн байгууллага болон газрын даамал нь газрын биржийг явуулахаар заасан байхад шаардлага хангахгүй программаар явуулснаас болж алдаа заажээ. Энэ нь өөрөө төрийн захиргааны байгууллага болоод нутгийн байгууллагын буруутай ажиллагаа гэж үзэж байна.

 Иймд хууль ёсны дагуу дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Д.С миний ялагч болсон дуудлага худалдааг хүчингүй тооцож, дахин дуудлага худалдаа зарласан шийдвэр нь хууль бус тул ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.С нь “... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн газрын биржийн цахим системээр явуулсан газрын дуудлага худалдаанд оролцож хамгийн өндөр үнийн санал өгч ялагчаар шалгарсан боловч ялагчийг тодруулж, баталгаажуулахгүй байгаа нь миний эрхийг зөрчсөн, программ хэвийн ажиллаж хугацаа дууссан. Гэтэл дуудлага худалдааны ялагчийг зарлаагүй, хариуцагч хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж, дуудлага худалдааг дахин танхимаар явуулахаар шийдвэрлэсэн нь буруу, хүлээлтийн горимд ажиллах хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс үнээ өгөх боломж байхад үнийг өсгөөгүй, 1.900.000 төгрөг гэсэн үнийг хийсэн фото зураг байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн өгсөн үнийн дүнгээс өсгөөгүй учраас алдаа заасан, хариуцагч нар Захиргааны ерөнхий хууль болон Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам, Газрын биржийн үйл ажиллагааны журмыг зөрсөн” гэсэн үндэслэлээр маргаж, “Булган аймгийн Орхон сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.3 г/-д “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Газрын биржийн үйл ажиллагааны журам”-ын 4.2-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал энэ журмын 1.2-т заасан биржийн тусгай программ хангамжийг ашиглан биржийн үйл ажиллагааг эрхлэн явуулна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргааны нэгжийг хариуцсан Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргахаар, харин биржийн үйл ажиллагааг тухайн шатны газрын алба, газрын даамал эрхлэн явуулахаар байна.

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/08 дугаар тогтоол[1]-оор батлагдсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн Булган аймгийн Орхон сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/05 дугаар захирамж[2]-аар тус сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх газрын дуудлага худалдааг явуулах байршил, хэмжээ, анхны үнийг хавсралтаар баталж, дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт товлож, дуудлага худалдааг газрын биржийн программ хангамж ашиглан цахим хэлбэрээр холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллахыг дуудлага худалдааны комисст үүрэг болгосон, мөн сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/22 дугаар захирамж[3]-аар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, комиссын даргыг томилсон хариуцагчийн шийдвэрүүд нь сумын Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийцжээ.

Улмаар хариуцагч Булган аймгийн Орхон сумын Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн цахим дуудлага худалдааг “Газрын биржийн үйл ажиллагааны журам”-ын 4.2-т заасны дагуу зохион байгуулж, дуудлага худалдааг эхлүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дуудлага худалдааны явцад газрын биржийн цахим системд /www.mle.mn/ алдаа гарсан талаар дуудлага худалдааны оролцогч гомдол гаргаснаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт сүлжээний доголдол, программын ачаалалтай байсан эсэхийг тодруулж, холбогдох газраас хариу иртэл ялагчтай гэрээ байгуулах, дуудлага худалдааны үнийг дансанд төвлөрүүлэхгүй байхыг тодорхой хугацаагаар хойшлуулах”-аар шийдвэрлэсэн, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/517[4] дугаар албан бичгээр “... Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан 2019-1653, 2019-1658 дугаар бүхий дуудлага худалдааны явцад /2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 59 минутаас тус өдрийн 15 цаг 00 минут/ нэвтрээгүй үеийн хандалт “unafter utter access” алдаа гарч үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн байна. Иймд ... Газрын биржийн цахим системийг ажиллуулах журмын 8.7-д заасны дагуу тухайн дуудлага зохион байгуулах ажлын хэсэг шийдвэр гаргаж, зохих журмыг зохион байгуулж ажиллана” уу” гэсэн хариуг ажлын хэсэгт хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/1407[5] дугаар /... дуудлага худалдаанд оролцогч И.Б нь 202.131.228.34 дугаар бүхий тоон хаяг /ip/-аас оролцсон ... үнийн санал өгөх явцад нь нэвтрээгүй үеийн хандалт “unafter utter access” буюу “401 Unauthorized Error” алдаа гарсан, ... И.Б нь нийт 13 удаагийн үнийн санал өгөх оролдлого хийсэн ... 14 цаг 59 минут 59 секундээс 15 цаг 01 минут 00 секунд хүртэлх бусад 12 үнийн саналд алдаа гарсан нь тус системийн өгөгдөл бүртгэлээс харагдаж байна/ албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл 2019-1653, 2019-1658 дугаар бүхий дуудлага худалдааны явцад газрын биржийн цахим системд алдаа гарч гуравдагч этгээд И.Б-уын үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн болох нь тогтоогдсон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар дуудлага худалдааг танхимд явуулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн Орхон сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжаар “1653, 1658 кодтой нэгж талбаруудад дахин дуудлага худалдааг танхимаар зохион байгуулахыг дэмжсэн нь “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ын 8.7-д “Дуудлага худалдаа зохион байгуулах явцад ... программ, техник хангамж, цахилгаан, сүлжээний доголдол үүссэн асуудал болон бусад үүссэн маргааныг дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ”, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журам”-ын 5.1-д “Дуудлага худалдааг дараах хэлбэрийн аль нэгээр явуулна”, 5.1.1-д “танхимын, 5.1.2-т “цахим”, 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасантай тус тус нийцсэн, хариуцагч нарын тус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Ийнхүү газрын дуудлага худалдааны явцад системд алдаа гарсан үйл явцыг хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоох улмаар гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Газрын биржийн үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан тусгай программ хангамж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ын 14.4.2-т “Газрын биржийн цахим системийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг байнга ханган ажиллах чиг үүргийг Агентлаг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын чиг үүрэгт хамаарч байна.

Нэхэмжлэгчээс газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагаатай холбогдуулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “... ажлын хэсэг хуралдаж гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авч дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дахин дуудлага худалдаа зарласан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь программын бүрэн бүтэн байдлыг болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд энэхүү шаардлага хангасан программаар орон нутгийн байгууллага болон газрын даамал нь газрын биржийг явуулахаар заасан байхад шаардлага хангахгүй программаар явуулснаас болж алдаа заасан, энэ нь төрийн захиргааны байгууллага болоод орон нутгийн байгууллагын буруутай ажиллагаа” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] ХХ-ийн 37, 38 дугаар хуудас

[2] ХХ-ийн 39, 40 дүгээр хуудас

[3] ХХ-ийн 41 дүгээр хуудас

[4] ХХ-ийн 42 дугаар хуудас

[5] ХХ-ийн 102 дугаар хуудас