Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 315

 

                                    Э.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 867 дугаар магадлалтай, Э.Х-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 01-34 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Д овогт Э-н Х-.

Э.Х- нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 15 дугаар гудамжинд амь хохирогч Я.Э-ыг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй болсныг мэдсээр байж, хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдэх явцдаа түүнийг ар дагзаар нь  унагаж, хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д заасан, түүнчлэн мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Э.Х-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Х-ыг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 16 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Э.Х-аас 8,028,299 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Н.Лхагвад олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Х- гаргасан гомдолдоо: “...Миний хийсэн үйлдэл хүний амь насанд хүрнэ гэж бодолгүй татан унагааж хохироосондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Амь хохирогчийн гэр бүлээс дахин дахин уучлал гуйж байна. ...Надад оногдуулсан 16 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Х- нь амь хохирогч Я.Э-ыг согтуу гуйвж явахыг хараад түүний гар утсыг авах зорилгоор заамдан авч, хүч хэрэглэн унагасны улмаас хохирогч гавал тархины битүү гэмтэл авч амь нас нь хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж дүгнэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүхээс шийтгэх тогтоол, магадлалд дурдагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан.

Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.Х-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр, шүүгдэгчийн үйлдэл болон амь хохирогчийн үхлийн хоорондох шалтгаант холбоо хангалттай нотлогдоогүй байхад хүнийг алах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, улмаар шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д тус тус тодорхойлсон гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтат мэдээллийг хянан үзэхэд шүүгдэгч Э.Х-ын сэдэлт, санаа зорилго, үйлдлийн шинж чанарыг зөв шалгаж тогтоох буюу амь хохирогчийн үхлийн шалтгаан чухам юунаас үүдэлтэй болохыг хангалттай хэмжээнд тогтоогоогүй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэмтэл үхэлд хүргэсэн, эсхүл замын зорчих хэсэгт хэвтэж байхад тээврийн хэрэгсэлд мөргөгдсөний улмаас үхэлд хүргэх гэмтэл учирсан, эсхүл мэс засал хийсний дараа эмчлүүлэх явцад өөр өвчний улмаас нас барсан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлыг дутуу шалгасан, хохирогчийн үхлийн шалтгааны талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд хэрэгт авагдсан баримтанд бүрэн үндэслэсэн, мөн анагаахын шинжлэх ухааны хүрээнд шаардагдах тусгай мэдлэгийн хүрээ, хэмжээнд хийгдсэн эсэх талаар эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогчийн үхлийн оношийг тодорхойлсон үндсэн баримт болох өвчтний түүхийн эх хувь, эсхүл шаардлага хангасан хуулбарыг хэрэгт хавсаргаагүй, шинжээчийн 794 дүгээр дүгнэлтийн үндэслэл болсон хэсэгт өвчний түүхээс хуулбарласан тэмдэглэлд “...тархины хагалгаанд орж, мэс засал хийгдсэн, хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийснээр өвчтөний биеийн байдал дээрдэн амьсгалын аппаратаас гарсан,           “Ковид-19” вирусын халдвараар хүндрэн амьсгалын дутагдалд орж дээрдэхгүй, эмийн эмчилгээнд үр дүн муутай байсаар нас барсан” /х.х-ийн 212 хуудас/ гэж тусгаснаас үзэхэд хохирогч өвчний улмаас нас барсан байж болзошгүй байхад түүний үхлийн шалтгааныг тархины хүнд гэмтлээс болсон гэж эрс зөрүүтэй дүгнэлсэн байх тул шинжилгээг дахин хийлгүүлж, үхлийн шалтгааныг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоолгох шаардлагатай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт объектив хүчин зүйлд үндэслэсэн эсэх, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн эсэх, тусгай мэдлэгийн хүрээнд үл хамаарах асуудлаар, эсхүл хэтрүүлж алдаатай дүгнэлт хийсэн эсэхийг хянан хэлэлцэж, бодит байдалд нийцсэн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх ёстой.

Энэхүү гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхийн тулд ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хүний амь нас хохирсон үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлагатай буюу хүний субъектив хүчин зүйл, техникийн хүчин зүйл эсхүл давагдашгүй хүчин зүйл бий болсон эсэх нөлөөллийг зөв тооцоолсны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, үүнтэй холбогдуулан шүүгдэгчийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдлын талаар энэ удаа эцэслэн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 867 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Х-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                      С.БАТДЭЛГЭР

                                      Б.БАТЦЭРЭН

                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН