Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0817/З |
Дугаар | 221/МА2019/0502 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0502
“У м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0467 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0467 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “У м э” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У м э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй болно.
1. Анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар газрын хэвлийг дуусгавар болгох эрхтэй байх тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэн уг захиргааны актыг гаргах эрхтэй байсан гэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон. Гэхдээ газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эрхээ ямар шийдвэрээр хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ... заасан хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй. Нэхэмжлэгчид газрын хэвлий ашиглах эрхийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгосон бөгөөд тусгай зөвшөөрлөөс гадна тусдаа газрын хэвлий ашиглах эрх олгох тухай захирамж, шийдвэр Нийслэлийн Засаг дарга гаргаагүй. Тэгэхээр эндээс газрын хэвлий ашиглах эрх олгосон тусгай зөвшөөрлөө л цуцалж байж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох логик харагдана. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг бол нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр буюу тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хууль бусаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт юм.
2. Нэхэмжлэгчийг “газрыг хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрыг хэвлийг ашиглаж эхлээгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэлэх талаар журам зөрчсөн. Хэрэгт нотлох баримтаар тусгай зөвшөөрлийн эдэлбэр талбайд баригдсан бетонон суурьтай төмөр хашаа, бетонон талбай, ус зайлуулах шугам, хоолой, өрмийн ажил хийсэн нүх зэргийг харуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ордын нөөцийн хасалт хийх маркшейдерын хэмжилтийн тайлан, хайгуулын ажлын тайлан, хайгуулын ажлын гэрээ, хашаа, нойл, талбай цутгуулах ажлын гэрээ зэрэг авагдсан.
Эдгээр нотлох баримтаас газрын хэвлийг олгосноос хойш ашиглаж эхэлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэсэн тодорхойлолтыг баримтлан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэснийг хэт өрөөсгөл явцуу байдлаар тайлбарлан “ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулаагүй тул газрын хэвлийг ашигласан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн.
Газрын хэвлий ашиглах эрхийг олгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй учраас нэхэмжлэгч байгууллага газар дээрээ ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад ашиглагдах хашаа, талбай барьж, мөн талбай дээрээ хайгуулын ажил хийж, өрөмдлөг хийсэн. Газрын хэвлий ашиглах эрх буюу тусгай зөвшөөрөл аваагүй бол ийм үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийг ашиглах эрх байхгүй. Тийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул явуулах”, 20.1.6-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор ... шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах ...” эрхтэй гэж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг заасан.
Нөгөө талаас Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэж заасан бөгөөд ашигт малтмалын олборлолт хийгээгүй гэсэн үг өгүүлбэр байхгүй. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлийг ... газрын хэвлий гэнэ” гэсэн тодорхойлолтоос үзэхэд ч хашааны суурь цутгах, өрөмдлөг хийх зэргээр газрын хэвлийг ашигласан нь тодорхой билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “У м э” ХХК “... газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг, Газрын хэвлийн тухай хуулиар ашигт малтмал олборлолтын зориулалтаар газрын хэвлий ашиглах харилцааг зохицуулаагүй, газрын хэвлий ашиглах эрх нь зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор л уг эрх дуусгавар болдог, маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагааг явуулаагүй, шийдвэр гаргах гэж байгаа талаар мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулж байсан болохыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн” гэсэн үндэслэлээр маргаж, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У м э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “У м э” ХХК нь Хан-Уул дүүргийн “М д” нэртэй газарт 32.10 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-016862 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр нэр бүхий 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “У м э” ХХК хамрагджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу гурван жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй, хуульд заасан журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гээд 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд заасны дагуу газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмалыг ялган авах, олборлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсныг түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Ажил гүйцэтгэх гэрээ”, Ордын нөөцийн хасалт хийх маркшейдерийн хэмжилтийн тайлан, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт төмөр хашаа барьж, гэр, контейнер байрлуулж, хэсэг газрыг цементлэн, тодорхой байршилд өрмийн ажил хийсэн зэрэг үйл ажиллагааг олборлолтын үйл ажиллагаа явуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж үзэхгүй, харин ашигт малтмал ашиглахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн “... тусгай зөвшөөрлийн эдэлбэр талбайд бетонон суурьтай төмөр хашаа, бетон талбай, ус зайлуулах шугам хоолой өрмийн ажил хийсэн нүх зэргийг харуулсан зураг, маркшейдерийн тайлан, хайгуулын ажлын тайлан, хайгуулын ажлын гэрээ, хашаа нойл, талбай цутгуулах ажлын гэрээ зэрэг баримтаас газрын хэвлийг олгосноос хойш ашиглаж эхэлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй ... Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т ... ашигт малтмалын олборлолт хийгээгүй гэсэн үг өгүүлбэр байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан болохоо олборлолт хийсэн, түүнийгээ борлуулсан борлуулалтын орлогоороо нотлох боломжтой ч энэ талаар ямар нэгэн баримт нотолгоог гаргаж маргаагүй, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зааж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгох”-оор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болохоор зохицуулснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрөл ашиглах эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан шалгалтаар[1], тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт явуулахад “У м э” ХХК нь анх тусгай зөвшөөрөл олгосон 2011 оны 06 дүгээр сарын 24-ний өдрөөс маргаан бүхий акт гарсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч “У м э” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-....... дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон 2011 оноос эхлэн Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг ашиглагч болсон, тусгай зөвшөөрлийн дагуу зориулалтаар нь газрын хэвлийг ашиглах эрх үүрэгтэй, хэрэв зөрчил гаргавал мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх бүхий этгээд газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн боломжтой байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно”, 2/-т “ашигт малтмал олборлох”, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно”, 1/-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл газрын хэвлийг ашиглах хэлбэрийн нэг болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харин газрыг хэвлийг ашиглахтай холбоотой харилцааг Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “У м э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийн MV-....... дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бус гэж үзэх буюу хуульд заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч “У м э” ХХК 2011 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшсэн байх боловч тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хууль бусаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэх давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Мөн хариуцагч захиргааны байгууллагаас 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үйл ажиллагааг өдөр тутам мэдээлдэг цахим хуудсаар захиргааны байгууллагаас шалгалт хийсэнтэй холбоотойгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар олон нийтэд мэдээлсэн байх тул хариуцагчийг захиргааны актыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0467 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1ХХ-ийн 1-10 дугаар хуудас