Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/0114

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:       Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхийг хариуцагчдад даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0852 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуяа, Р.Энхбат, өмгөөлөгч Г.Нацагдорж,

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, З.Сүхбаатар,

Гуравдагч этгээд “П ц” ХХК-ийн өмгөөлөгч Г.Жанчив нар,

Гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргад даалгасан байна.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0852 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-иудын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/MA2017/0852 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Н” ХХК-иас дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Шүүх нь дараах эрхэм зорилготой: 4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох гэж заасан байдаг.

5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгчийн эрхийг сэргээн шийдвэрлэх журамтай байдаг.

6. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “Н” ХХК нь цайны газрын барилга, хашаа, харуулын пост барьсаны улмаас нэхэмжлэгч “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, тэдгээрийг буулгаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийж, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна.

7. Ийнхүү Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан байна. “Н” ХХК нь өөрийн эзэмшлийн биш газар дээр цайны газрын барилга, харуулын пост, цахилгаан түгээх станцын барилгын баруун урд талаар залгаж хашаа барьсан байгаагаас үзэхэд дээрх хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ “Н” ХХК биелүүлээгүй байх ба газар эзэмшигчдийн буюу “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.” гэж дүгнэсэн. Гэтэл хуулийн дээрх заалт нь хууль, журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байгаа этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК-ийн эзэмшлийн газар биш байтал нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн мэтээр хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барин хоорондоо зөрүүтэй үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

8. Нэгэнт хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй учир цайны газрын барилга, хашаа, харуулын пост зэргийг буулгаснаар “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, хамгаалагдах боломжгүй юм.

9. “Н” ХХК-ийн барьсан цайны газар нь 2011 оны 440 дүгээр захирамжаар хууль, журмын дагуу “Н” ХХК-д олгогдсон бөгөөд тухайн үед өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс ажилчдын цайны газрыг барьсан юм.

10. Ийнхүү эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу олгогдсон газар “Н” ХХК-ийнх байсан нь эргэлзээгүй бөгөөд хууль, журам зөрчөөгүй болно. Гэтэл захиргааны байгууллагаас ирээдүйд гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас гарсан үр дагаварт аж ахуйн нэгж байгууллагыг буруутган, бусдын хувийн өмчийг сүйтгэн, үгүй хийх нөхцөлийг шүүх бүрдүүлж байгаа нь харамсалтай.

11. Түүнчлэн маргаан бүхий газрын байршил нь туйлын онцлог бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК болон гуравдагч этгээд “Н” ХХК-ийн залгаа барилгуудын яг голд байрлах бөгөөд тус барилгын өмчлөгч, түрээслэгчдээс өөр этгээд дамжин өнгөрөх боломжгүй буюу бодит байдал дээр нийтийн эзэмшлийн зам, талбай болгон ашиглах боломжгүй юм.

12. Энэ тухай хэрэгт авагдсан нотлох баримт болон кадастрын зурагт тодорхой харагдах бөгөөд хэрэв үнэхээр нийтийн эзэмшил гэж үзвэл мөн л өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн шиг захиргааны байгууллага ирээдүйд тус газрыг өөр бусад этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг үгүйсгэх боломжгүй тул цаашдаа гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн зөрчигдөхөд хүрэх юм.

13. Мөн цахилгаан түгээх дэд станцын барилгын урд талаар залгаж барьсан хашааны тухайд Монгол улсын Эрчим хүчний сайдын 2014 оны Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 33-т “Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 дүгээр хүснэгтэд /1м-4,5м/ зааснаас дотогш зайд ойртохыг хориглоно” гэж заасны дагуу цахилгаан түгээх дэд станцын орчмын газрын аюулгүй байдлыг хангах үүднээс барьсан төдийгүй, тэрхүү хашааг буулган орц, гарц хийн автомашины хөдөлгөөнт газарт болгох нөхцөл бүрдэхгүй буюу түүгээр автомашин багтаж дамжин өнгөрөх зайгүй болно. Хэрэв тус хэсгийг орц, гарц болгоно гэвэл дээрх журмыг зөрчин түүгээр дамжин өнгөрөх иргэд, автомашин өмчлөгч нарын аюулгүй байдалд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүсэхийг шүүх анхааран үзээгүй.

14. Дээрх маргаан бүхий цахилгааны түгээх станцын хажуугийн хашаа байрлах хэсэг нь анхнаасаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орц, гарц байхаар төлөвлөгдөөгүй. Хэрэв үнэхээр орц, гарц болгох үндэслэлээр хашааг шүүхийн журмаар албадан буулгах үндэслэл нь орц, гарц болгох эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр тус газрыг орц, гарц хэлбэрээр ашиглах үндэс бүрдэх учиртай.

15. Цаашлаад хашааг буулган орц, гарц хийх үйлдэл нь Засгийн газрын 2016 оны тогтоолын Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.13-т “Барилга байгууламж, задгай агуулах, галын гадна шат, гал унтраах автомашины усны эх үүсвэрт хүрэх зам гарц, хонгил, нүхэн гарц нь автомашин явах бүрэн бололцоотой, өвлийн цагт цас, мөснөөс цэвэрлэгдсэн байнгын бэлэн байдалд байна.” 6.1. Барилга байгууламж, барилга хоорондын гал эсэргүүцэх зайд тоног төхөөрөмж, чингэлэг, эд зүйл байрлуулж ашиглахыг хориглоно. 6.2. Гал унтраах автомашин, техН хэрэгсэлд зориулагдсан талбайг тээврийн хэрэгслийн зогсоолын зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасантай шууд зөрчилдөх буюу орц, гарц байх боломжгүй талбай юм.

16. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий өөрийн эзэмшлийн бус нийтийн эзэмшлийн газрыг автомашины зогсоол хэлбэрээр ашиглах эрхтэй гэж тайлбар өгч, маргадаг гэвч нэхэмжлэгч нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасны дагуу “И” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газрын барилгажих талбай нь 1481 м.кв хэмжээний 70 хувиас илүүгүй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 1481 м.кв газартаа бүхэлд нь барилга барьж, хуульд зааснаар эзэмшлийн талбайдаа автомашин, орц гарцны асуудлыг төлөвлөлгүй барилга барьсан нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдлыг шүүх зөвтгөн бусдад халдаан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

17. Түүнчлэн маргаан бүхий газрыг 2012 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн газар гэж дүгнэсэн байдаг ба шүүх мөн нийтийн эзэмшил байх тул нийтийн эрх ашиг буюу “И” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн. Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9. “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг; гэж заасан байна.

18. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүхийн дүгнэж буйгаар нийтийн эзэмшлийн талбайг ашиглах тухай маргаантай асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийг тодорхой заан, хуульчилж өгсөн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч “И” ХХК нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн шаардлагыг хангахгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

19. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Н” ХХК нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийлэн хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан болно.

20. Анхан шатны шүүх хурал дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх хүсэлтээ өөрийн биеэр илэрхийлсэн боловч шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж заасныг зөрчин, хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс хуульзүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхийг хангалгүйгээр мэтгэлцэх зарчмыг бүрнээ хэрэгжих нөхцөлийг үгүйсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

21. Ийнхүү шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 14/ “... хууль зүйн туслалцаа авах,... шударга шүүхээр шүүлгэх,” эрхийг ноцсон зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

22. Иймд Захиргааны хэргийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/MA2017/0852 дугаар магадлал тус бүрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

23. Гуравдагч этгээд “П ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төгсгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0852 дугаар магадлалыг эс зөвшөөрч “П ц” ХХК-иас энэхүү гомдлыг гаргаж байна.

24. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаас хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж үзээгүй мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянан хэлэлцээгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

25. Учир нь анхан шатны шүүх маргаан бүхий хянан хэлэлцэхдээ гуравдагч этгээд “Н” ХХК болон “П ц” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар уг маргааныг хянан шийдвэрлэхэд Нийслэлийн засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байна хэмээн үзэж гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “...Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6. 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно...” заасныг зөрчиж гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг Нийслэлийн засаг даргыг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хуулиар олгогдсон эрхийг шүүхээс шууд хязгаарлан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс харагдаж байгаа болно.

26. Энэ нь анхан шатны шүүх хуулиар олгогдсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдол гаргах эрхийг шууд хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох нь тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэлгүй “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул гуравдагч этгээдүүдийн “үл хөдлөх хөрөнгүүдийг барьсан газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй ...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй юм.

27. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг магадлалын хянавал хэсэгтэй “...Нэхэмжлэгч “И” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд холбогдуулан “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцны хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын постыг албадан буулгахыг хариуцагчид даалгуулах...” хэмээн тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл   нэхэмжлэл            гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.

29. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах вэ гэдэг асуудал нэн чухал болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль маш тодорхой зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл “Н” ХХК нийтийн эзэмшлийн талбай дээр цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост барьсаны улмаас нэхэмжлэгч “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, тэдгээрийг буулгаснаар түүний эрх, хууль ёсны сэргэх, хамгаалагдах эсэх асуудал маш чухал юм.

30. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “И” ХХК-ийг эзэмших, ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглахад нь гуравдагч этгээд “Н” болон манай “П ц” ХХК-ийн зүгээс саад учруулсан зүйл байхгүй, нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учир “Н” ХХК-ийн барьсан цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост зэргийг буулгаснаар нэхэмжлэгчийн эрх, сэргэх хамгаалагдах боломжгүй юм.

31. Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх зүйн чадварыг тодорхойлсон бөгөөд 18.3-т зааснаар нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байхаас гадна дүрмийн зорилгын дагуу гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардаж байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас авч үзвэл нэхэмжлэгч “И” ХХК нь гуравдагч этгээдийн барьсан цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын постыг албадан буулгахыг шаардах эрх үүсээгүй байна.

32. Дээрх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж байгаа тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Н” ХХК болон манай “П ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл боллоо.

33. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0852 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            34. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.  

 

            35. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл гуравдагч этгээдийн цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуул пост нь тус компанийн эзэмшил биш, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүй баригдсан болох нь тус компанийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгсөн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” 1/589 тоот албан бичиг, Нийслэлийн Газрын албанд өгсөн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” 1/955 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

            36. Мөн Нийслэлийн Газрын албанаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2/1952 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Ж.Батсайханд “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 97 тоот захирамжийн хашаа арга хэмжээний хүрээнд буулгах арга хэмжээг 2009 оны 08 дугаар сарын 01-ний дотор авч хэрхэн шийдвэрлэсэн талаараа манай албанд хариу ирүүлэхийг мэдэгдье...”, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/5048 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт “...“Н” ХХК-д гаргасан зөрчлөө арилгах талаар манай газраас хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч одоо болтол тодорхой арга хэмжээ аваагүй байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана уу” гэж мэдэгдэж байсан байтал хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            37. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар “...33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 27 дугаар  зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн зохицуулалтыг дагуу “Н” ХХК нь эхлээд газар эзэмших асуудлаа холбогдох хууль журмын хүрээнд шийдүүлсний дараа тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхтэй.

 

38. Иймд гуравдагч этгээдийн “...бусдын хувийн өмчийг сүйтгэн, үгүй хийх нөхцөлийг шүүх бүрдүүлж байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

39. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0852 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-иудын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

 

           

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН