Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0500

 

Х.Д, С.Б нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгч Х.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч Х.Д-гийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Д, С.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарын нэр дээр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“... 1. Нэхэмжлэгч Х.Д, С.Б нараас “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг газар өмчлөх эрх олгосон захирамжийг батлан гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны актыг мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээгээгүй буюу захиргааны хэргийн хяналтын дагалдах хуудас, хувийн хэргийн бүрдүүлэлтийн талаар нарийвчилсан зохицуулалт байгаагүй тул энэ талаарх баримт архивт хадгалагдаагүй байна.

Иймээс тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, Ц.Б нарт хүлээлгэн өгснөөр тухайн нөхцөл байдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Нэхэмжлэгч Х.Д нь уг гэрчилгээг авч, авдрандаа хадгалж байсан гэдгийг нэхэмжлэлдээ дурдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг.

2. Иргэн Х.Д, С.Б нараас захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэлд итгэмжлэл хавсаргаагүй байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна.

3. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны Тэргүүлэгчдийн Хурлын 1991 оны “Аж ахуйн хашааг худалдах тухай” 103 дугаар тогтоолоор Х.Д болон С.Б нарт аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах бүхээг зэргийг худалдсан байна. Уг тогтоолын үндсэн дээр уг обьектыг газрын хамт шилжүүлэн авсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа ч маргаан бүхий газрыг Ц.Б-д өмчлүүлснээр хэний эрх, ашиг хөндөгдөж байгааг тодорхойлоогүй, Х.Д-ийн ямар эрх нь хөндөгдсөн талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гэрч Д.Д-ийн мэдүүлэн болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны Тэргүүлэгчдийн Хурлын 1991 оны 103 дугаар тогтоолд тус тус үндэслэн маргаан бүхий газрыг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Дэлгэрүүлбэл: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.1-д заасны дагуу газар өмчлөх эрх нь бүртгүүлснээр үүсэх, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу эрх бүхий шийдвэрийн үндсэн дээр эзэмших, ашиглах эрх үүсэхээр заасан байна.

Иймд уг тогтоол гарсан нь түүн доорх газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүсгэхгүй бөгөөд гэрч Д.Д нь тухайн газрыг Х.Д-д албан ёсоор шилжүүлсэн гэх боловч үүнийг баталгаажуулсан эрх бүхий субьектын шийдвэр гараагүй тул уг тогтоол нь газрын эрх зүйн хувьд дангаар үйлчлэх эрх зүйн акт биш юм.

5. Шийдвэрийн Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн байх бөгөөд нэхэмжлэгчээс Х.Д, Ц.Б нарт газар эзэмшүүлсэн шийдвэрт маргаагүй, мөн газар өмчлүүлэх талаар нарийвчлан зохицуулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар газар өмчлүүлэхэд тавигдах нарийвчилсан шаардлагыг тусгасан байх тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгчээс газрын байршил, солбицлын цэгт маргаагүй юм.

6. Нэхэмжлэгч Х.Д нь Б.Ц-д 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосноор төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.Ц нар уг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд оролцох эрхтэй болох тул үүнээс өмнөх цаг хугацаанд шүүх хуралдаанд оролцох эрхгүй этгээдийг байлцуулан хийсэн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд ... шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:

“... Б.Ц би эд хөрөнгө өмчлөх эрхийн Г-2202004835 дугаартай гэрчилгээтэй, ... 349б тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691 м.кв газрыг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн аав Ц.Б-с гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Аав Ц.Б уг газрыг 1993 оны 07 дугаар сарын 23-аас 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны 06 дугаар сарын 28-нд батлагдан гарсан хуулийн дагуу өөрийн эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн ... 349б тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691 м.кв газрыг өмнөх эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн газар өмчлүүлэх тухай шийдвэрээр 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөн авсан байдаг.

Нэхэмжлэгч аав Ц.Б-д анх газар эзэмшүүлсэн эзэмшлийг хууль бус гэж маргадаггүй.

Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 54.3.3 дахь заалтыг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны Тэргүүлэгчдийн Хурлын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор ... хэнд юу худалдаж байгааг тодорхой бичсэн байдаг. ... Харин ... газрыг эзэмших эрхийг шилжүүлэн өгөөгүй. Уг газрыг Ц.Б нь эзэмших хүртэл хугацаанд төрийн эзэмшилд байсан.

Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар нь тус шүүхэд нэхэмжлэгч гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-2202004835, 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, ... 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлдээ тодорхой биш ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийн үнэн зөвөөр шийдвэрлээгүй.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Х.Д-ийн газар эзэмших, өмчлөх эрхийг хөндсөн эсэх, Ц.Б-д өмчлүүлсэн 691 м.кв газар нь нэхэмжлэгч Х.Д-ийн газартай ямар ч давхцалгүй, Х.Д нь хуульд заасан эрхийн дагуу нэг удаа газраа үнэгүй өмчилж авсан. Одоо Х.Д-ийн ямар эрх ашгийг хөндөөгүй, түүний газар өмчлөх эрх хэвээр байна. Х.Д бол нэхэмжлэл гаргах эрхгүй.

Нэхэмжлэгч С.Б-ын газар өмчлөх эрхийг зөрчсөн эсэх талаар, С.Б нь газрын эзэмших болон өмчлөх хүсэлтийг Засаг даргад нэг удаа ч гаргаж байгаагүй. Шүүхээс Ц.Б-ийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгохдоо тухайн газар дээр С.Б 2009 онд байшин барьсан нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй учир Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн нэг талыг барьсан шийдвэр гэж гомдолтой байна. Аав Ц.Б газрыг 1993 оны 07 дугаар сарын 23-аас эзэмшсэн. Гэтэл С.Б газрын эзэмших эрхийг гэрчилгээгүй атал 2009 онд Ц.Б-ийн эзэмшлийн газарт байшин барьсан үйл явдалд Засаг даргыг буруутгах үндэслэлгүй. С.Б би болон манай аав өөрийн өмчлөлийн газарт 1994 онд 4:6 хэмжээтэй модон байшин барьсан нь 2010 онд 7:6 хэмжээний барилгын цутгамал суурь барьж 2010 оноос 2012 онд гэр барьж амьдарч байсан. Иймд нэхэмжлэлийг тал бүрээс нь шалгаж шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Х.Д, С.Б нараас Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын  2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197, 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжуудын Ц.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, улсын бүртгэлийн Г-2202004835 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... 1051 м.кв газартай аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах газрыг бүхээг зэргийг 1991 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 58940 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Ц.Б нь Х.Д-г өндөр настай, бичиг үсэг огт мэдэхгүйг далимдуулан хуурч 1051 м.кв газрын 360 м.кв газрыг Х.Д-ийн нэр дээр болгож, бидний зөвшөөрөлгүйгээр үлдэх 691 м.кв газрыг хууль бусаар өөрийн нэр болгон улмаар хүү Б.Ц-ын нэр дээр шилжүүлсэн болохыг 2018 онд олж мэдсэн, Нийслэлийн Засаг дарга Ц.Б тухайн газрыг эзэмшиж байсан эсэх, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалгалгүй, бидний эзэмшил газрыг эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаагүй Ц.Б-д өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч бидний өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан газраа шударгаар өмчлөн авах эрхийг зөрчиж, тухайн газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах боломжгүй болгосон, улмаар Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг үндэслэн маргаан бүхий газрыг Б.Ц өмчлөх эрхтэй болохыг баталгаажуулж, газар өмчлөх эрхийг гэрчилгээ олгосон нь хууль бус” гэсэн үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг дарга “... гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газрыг иргэн Ц.Б, Б.Б, Б.О, Б.Д, Б.С нарын болон Х.Д-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан өргөдлийг тус дүүргээс судлан үзэж ирүүлсэн саналын дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжаар иргэдийн өмчилсөн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж, Х.Д-д 359 м.кв, Ц.Б-д 691 м.кв болгон Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн” гэх, хариуцагч Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс “... 349б тоот газрын эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ Ц.Б-ийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өдрийн мэдүүлэг, хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамж, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг тус тус үндэслэн иргэн Ц.Б, Б.О, Б.Д, Б.С нарын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, улмаар 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Ц-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн, дээрх бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн” гэсэн тайлбаруудыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар “Нийслэлийн Засаг даргын  2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, анхан шатны шүүх татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнд хэргийн оролцогч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэг. Нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжуудын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл  ажиллагааг сумын газрын  даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тухайн газар байрлах засаг захиргааны нэгж дэх газрын алба нь иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоож, тэмдэгжүүлэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж, газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй, газар өмчлөх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох тухайн засаг захиргааны нэгжийг хариуцсан Засаг дарга нь өргөдөл гаргасан иргэнийг тухайн газрыг өмчлөх эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдсон тохиолдолд газар өмчлөх эрх олгох шийдвэр гаргах хууль зүйн боломжтой, ийнхүү шийдвэр гаргахдаа хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх, тухайн газарт бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газрыг өмчлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотолж тогтоогоогүй, харьяа газрын алба газрын хил заагийг газар дээр нь тогтоож, тэмдэгжүүлсэн эсэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж, газрын мэдээллийн санд оруулсан эсэхийг, мөн бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхацсан эсэхийг буюу тухайн газарт бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа эсэхийг нягтлан хянах ажиллагааг хийлгүйгээр Ц.Б, Б.Б, Б.О, Б.Д, Б.С нарт 691 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хууль бус байх тул анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан Монголын Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аж ахуйн хашааг худалдах тухай” 103 дугаар тогтоол[1]-оор тус хорооны ажилчин Х.Д, иргэн С.Б нарын гаргасан өргөдөл хүсэлтийг харгалзан үзэж, аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58490 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн, уг тогтоолд гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн Ц.Б-ийн нэр байхгүй байна.

Гуравдагч этгээд Б.Ц, түүний эцэг Ц.Б нар нь маргаан бүхий газарт оршин сууж байгаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Б.О-ийн “... Ц.Б бид 2 энэ хашаанд амьдарч байгаагүй”, гэрч Ц.Б-ийн “... Х.Д 1978 оноос хойш амьдарч байгаа, ... энэ газар дээр С.Б 1998 онд байшин барьсан, .... би анхнаасаа энэ газрыг өмчилж авах хүсэлт сонирхолгүй байсан” гэх мэдүүлгүүд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “... Б.Ц нь бүртгэлтэй боловч хаягандаа огт амьдардаггүй болно” гэх 09 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгч Х.Д болон С.Б нараас Ц.Б, Б.Б, Б.О, Б.Д, Б.С нарт тус газрыг эзэмших, өмчлөх эрх олж авахыг зөвшөөрсөн буюу өөрсдөө тус газрыг эзэмшиж, өмчлөх эрмэлзлэлгүй байсан талаар ямар нэгэн баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хамтран эзэмшүүлж, өмчлүүлэхийг зөвшөөрсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, мөн гуравдагч этгээдэд газар өмчлөх эрхээ шилжүүлсэн Ц.Б нар нь тус газрыг эзэмших, өмчлөх талаар нэхэмжлэгчээс өмнө хүсэлт гаргаж байсан тухай баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий газрыг “Х.Д гэх гарын үсэг бүхий баримтаар 2007 онд нэмэгдүүлсэн” гэж гуравдагч этгээдээс маргасан байх боловч Х.Д өөрөө тус өргөдлийг гаргасан эсэхийг буюу ямар шалтгааны улмаас эзэмшил газрын хэмжээгээ багасгах талаар зөвшөөрснийг хариуцагч тодруулаагүй, энэ талаар баримт нотолгоогүйгээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар Х.Д-д өмчлүүлсэн 676.58 м.кв газрын хэмжээг багасгаж, Ц.Б-д 691 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх болсон шалтгаан үндэслэлтэй холбоотой баримт нотолгоо байхгүй байх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээдийн газрын хэмжээг нь нэмэгдүүлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч маргасныг шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Мөн гуравдагч этгээдийн аав Ц.Б нь нэхэмжлэгч Х.Д-ийн хүргэн гэсэнтэй, Х.Д-ийн охин болох Б.О 2 хүүхэдтэй, Ц.Б 7 хүүхэдтэй анх гэр бүл болж, тэд нарын дундаас 1 хүүхэд төрсөн талаар, нэхэмжлэгч С.Б 1998-2001 онуудад маргаан бүхий газарт байшин барьсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргахгүй байх бөгөөд гуравдагч этгээд “... Х.Д анх Ц.Б-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч ямар шалтгааны улмаас Х.Д-ийн охин Ц.Б-ийн эхнэр Б.О болон Б.О, Б.Д, Б.С, Б.Б нараас бусад хүүхдүүдэд газрыг өмчлүүлэх талаар зөвшөөрөөгүй, тэд маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр оролцоогүй нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Анх Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны 1991 оны 103 дугаар тогтоолоор маргаан бүхий газарт байрлах хашаа, складын барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг Х.Д, С.Б нарт худалдахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч С.Б гуравдагч этгээдийн өмчлөх эрх үүссэн маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан, эзэмшиж, ашиглаж байгаа боловч газар эзэмших, өмчлөх эрх огт үүсээгүйтэй хэргийн оролцогчид маргахгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч С.Б маргаан бүхий газрыг эзэмших өмчлөх талаар хүсэлт гаргаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх боловч тус газрыг эзэмших, өмчлөх хүсэл эрмэлзэлгүй байсныг нотлох баримтгүй, мөн нэхэмжлэгч Х.Д С.Б-ыг төлөөлөн түүний тус газрыг эзэмших, өмчлөх эрхээс татгалзах эрхтэй болохыг, тэрээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны 1991 оны 103 дугаар тогтоолоор худалдахыг зөвшөөрсөн хашаа зэргийн байрлаж буй газрын зарим хэсгийг Ц.Б, түүний хүүхдүүд эзэмшиж, өмчлөхөд дангаараа татгалзах эрхтэй эсэх, татгалзсан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон баримтгүй байхад эдгээрийг тодруулалгүйгээр Ц.Б нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн, улмаар үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Х.Д-ийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, Ц.Б нарыг эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн хариуцагчийн шийдвэр хууль бус, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Хоёр. Нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн Г-2202004835 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэгэнт шүүхээс бодит нөхцөл, байдлыг тогтоолгүй хууль зөрчиж маргаан бүхий газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд олгосон гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон энэ тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн хийгдсэн 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэлтэй хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, тус бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч нарын газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул анхан шатны шүүхийн “улсын бүртгэлийн Г-2202004835 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Гурав. Нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь, нэхэмжлэгч нар хуульд зааснаар маргаан бүхий газрыг хэдий хэмжээгээр өмчилж авах талаар эрх бүхий байгууллагад хандсан, улмаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс газар өмчлөх эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй гаргасан, тэрхүү эс үйлдэхүй нь хууль бус байсан нөхцөл байдал үүсээгүй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс даалгах хууль зүйн боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримталсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1ХХ-ийн 17 дугаар хуудас