Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/0115

 

 

 

М.Э , С.С нарын

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:       Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:  

Нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар,

Гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Б.Мөнхбат,

Гуравдагч этгээд Л.Э, М.Өлзийбаяр нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Ц.Цэрэнжаргал, гуравдагч этгээд Л.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э , С.С нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Ч.М-аас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Ч.М-ын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн М.Э , С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, гуравдагч этгээд Ч.М-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн давж заалдах гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиуны давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Ц.Цэрэнжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Э , С.С нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №128/ШШ2017/0735 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №128/ШШ2017/0735 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Иргэн Ч.М нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус захиргааны актын үндэслэн хийгдсэн иргэн М.Э, С.С, С.Д нарын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4769 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4793 дугаар захирамжаар М.Э, С.С нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй нэгтгэсэн болно. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэртээ “... бүртгэлийн алдаатай асуудлаар дүүргийн газрын алба ...-нд холбогдуулж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

7. Мөн гуравдагч этгээдээс дээр дурдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь иргэн М.Э, С.С, С.Д нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлт болон холбогдох баримтаа ирүүлээгүй байхад газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэсэн үндэслэлээр маргасан.

8. Тодруулбал газар эзэмших эрх олгох журмыг Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлээр зохицуулж өгсөн бөгөөд иргэн М.Э, С.С, С.Д нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй болох нь мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүсэлт гаргаагүй, холбогдох баримт нь байхгүй байхад газар эзэмших эрх олгох захирамж гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр бүрэн нотлогдож байгаа болно.

9. Гэтэл анхан шатны шүүхээс ...нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийн огноо нь тэдгээрт газар эзэмших эрх олгосон захирамжийн огнооноос сүүлд байгаагаар тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь уг хүсэлт гаргагч иргэдийн газар эзэмших эрх үүссэн хүсэлт зоригийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй” гэж хуульд заасан журмыг үгүйсгэсэн, хэт явцуу утгаар дүгнэж байгаа үндэслэлгүй байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой байтал хуулиас гадуур дур зоргоороо үйл ажиллагаа явуулж болох мэтээр дүгнэж нь байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

10. Түүнчлэн 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь материаллаг болон процессийн эрх зүйн зохицуулалтыг хамтад нь тусгасан хууль байсан. Уг хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг зааж өгсөн.

11. Гуравдагч этгээдийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны 163 дугаар захирамж нь дээрх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу иргэний газар эзэмших хүсэлт болон холбогдох баримт нь байхгүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэсэн үндэслэлээр шаардлага гаргасан байтал анхан шатны шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийг 2004 оны харилцаанд хэрэглэж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гарган маргаж буй захиргааны акт нь 2004 оны захиргааны акт тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийг баримтлан шийдвэр гаргах боломжгүй буюу тус хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм.

13. Харин маргаан бүхий захиргааны акт гарах үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хэсгийг баримтлан ажиллах үүрэгтэй байсан билээ.

14. Анхан шатны шүүхээс шийдвэртээ “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 163 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй, тэдгээрт олгосон газар нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй болохыг харуулж байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар нь давхцалтай болох нь тодорхой харагдаж байтал мэдээллийн санд бүртгэхдээ гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулсан гэж дүгнэсэн боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой нотлогдохгүй байтал ийнхүү дүгнэж буй нь үндэслэлгүй юм.

16. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газрын зүүн талд буюу замын зүүн талд байх бөгөөд уг газарт нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нар нь 2006 онд кадастрын зургийг хийлгэхдээ замын баруун талд гарган кадастрын зургийг хийлгэснээр өнөөдрийг энэ газрын давхцал үүсэх гол нөхцөл болсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

17. Ер нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой байтал газар давхцалгүй байна гэсэн дүгнэлтээ ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

18. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлан тогтоогоогүй.

19. Шүүхийн магадлалд “...Өөрөөр хэлбэл 2003 онд нийслэлийн Засаг даргын, 2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын бусдад эзэмшүүлсэн газрууд нь анхнаасаа 1 газар байсан уу гэдгийн тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Давж заалдах шатны шүүхээс, тухайн газрын байршил анхнаасаа нэг байршил байгаагүй гэж хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэв...” гэжээ. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг яг ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

20. Ийнхүү энэхүү дүгнэлтээ цааш дэлгэрүүлэн тайлбарлахдаа “О д” ХХК нь анх газар эзэмших эрх авахдаа Найрамдал зуслангийн ажилчдын орон сууцыг барихаар авсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ ямар баримтаар нотлогдоод байхгүй нь тодорхойгүй байна.

21. Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын ерөнхий архитектор, хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгийн баталсан схем зургаас үзвэл 1/ Найрамдал зуслан Н т ХХК-ийн, 2/ Зуслангийн сууц, 3/ Байгаль хамгаалагч 4/ Найрамдал зуслангийн ажилчдын зуслан, 5/ Улаанбаатар импекс ХХК ажилчдын зуслан 6/ Одон консалтинг ХХК ажилчдын зуслан гээд тус бүрт нь дугаарлан, үсгээр ялган тэмдэглэсэн.

22. Эндээс “О д” ХХК-д хамааралтай нь 6 дугаартай А1 , Б1, В1, Г1 гэсэн тэмдэглэгээ бүхий газар л хамааралтай бөгөөд Найрамдал зуслангийн ажилчдын зуслангийн газар нь зөвхөн 4 дугаар дугаарлагдсан газарт хамааралтай байна. Ийнхүү шүүхийн үндэслээд буй нотлох баримтаас үзвэл схем зураг нь зөвхөн Найрамдал зуслангийн ажилчдын орон сууцыг барихаар гаргасан схем зураг биш бөгөөд шүүхийн дүгнэсэн шиг “О д” ХХК-ийн зуслангийн орон сууцны зориулалтаар эзэмшсэн газар гэж дүгнэх боломжгүй гэж буй нь хуулийн болоод нотлох баримтын ямар ч үндэслэлгүй юм.

23. Түүнчлэн хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар О д ХХК-д зуслангийн зориулалтаар 2 га газар олгосон болох нь тодорхой байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, талууд маргаагүй асуудлаар ийнхүү дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

24. Энд нэг зүйлийг дурдахад нэхэмжлэгч нар нь “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438-р захирамжийн иргэн Л.Э-д газар эзэмшүүлсэн хэсэг, 2013 оны A/1050-p захирамжийн иргэн Ч.М-д газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж маргаж байгаа байтал маргаагүй өмнөх харилцаанд дүгнэлт хийн шийдвэрлэж буй нь үндэслэлгүй.

25. Түүнчлэн кадастрын мэдээллийн санд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн газар давхацсан байна гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ л ийнхүү тайлбарлаад байгаа боловч кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал нь тусдаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй. Энэ талаар анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нар нь 2009 онд “О д” ХХК-ийн газрын байршлыг кадастрын мэдээллийн санд оруулсан, холбогдох газрын албаны үйлдэл, үйл ажиллагааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

26. Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа “Газар эзэмшүүлсэн захирамж болон бусад баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Э , С.С нарын эзэмшил газар анхнаасаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд, харин “О д” ХХК-ийн эзэмшил газар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд анхнаасаа олгогдсон гэж үзэх боломжгүй, харин Ёлын аманд байршилтай байна...” гэж дүгнэж буй нь ойлгомжгүй байна.

27. Учир нь Найрамдал зуслан байршиж буй уг амыг бүхэлд нь Баянголын ам гэж нэрлэдэг бөгөөд гуравдагч этгээд Ч.М-ын эзэмшиж буй газар нь Баянголын амны Ёлын аманд байрлалтай байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодорхой тайлбарласан байхад ямар нотлох баримтаар Баянголын ам болон Ёлын ам нь хоёр өөр ам гэж үзэж, тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй юм.

28. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нар нь анх хүсэлт гаргахдаа замын зүүн талд газар авахаар тойм зураг хийж өгсөн байдаг.

29. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гомдол гаргасан ба гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг ямар үндэслэлээр хангаагүй талаар огт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

30. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь хууль зүйн хувьд бүрэн хангагдах боломжтой шаардлага байтал ямар үндэслэлээр хангах боломжгүй талаар ч огт дурдаагүй нь шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

31. Дээр дурдсанчлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас анх маргаан бүхий захирамж гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчин газар эзэмших эрх олгосноор энэхүү маргаантай нөхцөл байдал бий болсон байтал энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

32. Газрын тухай хууль 2002 онд батлагдан, дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд маргаан бүхий харилцаанд захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх олгох ёстой байсан байтал огт хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрх олгож буй нь эрх хэмжээ хэтрүүлсэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байтал энэхүү байдлыг зөв мэтээр тайлбарлан шийдвэрлэж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль бус, хуульд нийцээгүй юм.

33. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №128/ШШ2017/0735 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

34. Гуравдагч этгээд Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №128/ШШ2017/735 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 221/МА2018/0006 дугаар магадлалыг үл зөвшөөрч гуравдагч этгээд Л.Э миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

35. Нэг. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд миний бие болон Ч.Мийн гаргасан гомдлын талаар ямар ч дүгнэлт тайлбар гаргалгүйгээр хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргаж нэхэмжлэгч талтай холбоотой илт хууль бус үйлдэл, зөрчлийг авч үзэлгүйгээр үндэслэлгүй, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

36. Хоёр. О к компани Найрамдал зуслангийн ажилтнуудад байшин барина гэсэн зориулалтаар өөр байршилд /Ёлын ам/ газар авсан гэх мэт хэргийн материалд байхгүй, өмнөх шүүх хурлууд дээр хөндөгдөөгүй, нягтлаагүй асуудлыг оруулж ирэн илт гуйвуулсан дүгнэлт хийсэн байна. О к компани нь Баянголын ам /Ёлын амны хэсэг/-нд зуслангийн сууцны зориулалтаар газар олгож компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн өргөдлийг 2002 оны 4-р сарын 5-ны өдөр гаргасан бөгөөд энэ зориулалтаар газар олгохоо Хотын ерөнхий архитектор М.Цэлмэг 2003 оны 5-р сарын-нд мэдэгдсэн /Хавтаст материалуудад байгаа/. Мөн өдрийн тодорхойлолтод Н т компани болон О к компанид хамт газар олгосон байршлын зурагт Баянголын ам, Найрамдал зуслангийн хажууд Ёлын уулын хэсэгт байгааг маш тодорхой заасан. Зуслангийн ажилтнуудад зориулсан газрыг өмнө нь авсан байсныг дээрх зурагт тэмдэглэсэн.

37. Гурав. Нэхэмжлэгч М.Э , С.С нарын захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй шийдвэр гаргуулсан, анх хүссэн /авсан/ газрын байршлыг өөрчилж О к компанийн газартай давхцуулж энэ маргааны эхлэлийг тавьсан, энэ асуудлыг Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоолд /№ 90, 2017.3.13/ тодруулахыг заасаар байтал авч хэлэлцэлгүй маргааны нэг талыг илт хамгаалсан шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй.

38. О к компани хууль, дүрэм журмын дагуу 2003 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн үеийн кадастер буюу тойм зураг дээр заасан байрлалдаа газраа эзэмшиж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар яагаад анх хүссэн гэх газраасаа хол өөр байршилд газрын хэмжээгээ өөрчлөн бусдын эзэмшлийн газартай давхцуулан 2006 онд зураг хийлгэсэн, хэний ямар шийдвэрээр энэхүү өөрчлөлтийг хийсэн талаар ямар ч баримт ирүүлээгүй, тайлбар хийж чадахгүй байхад шүүхээс энэхүү буруутай үйлдлийг тодруулалгүйгээр шийдвэр гаргаж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна.

39. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

40. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлснээс шийдвэр магадлал үндэслэл бүхий байх шаардлага хангаагүйг хяналтын шатны шүүхээс залруулж магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

41. Нэхэмжлэгч М.Э , С.С нар “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э-д газар эзэмшүүлсэн хэсэг, 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.М-д газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

42. Дээрх маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 438 дугаар захирамжаар “-” ХХК-иас иргэн Л.Э-д зуслангийн зориулалттай, 2837 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/1050 дугаар захирамжаар иргэн Л.Эаас иргэн Ч.М-д зуслангийн зориулалттай, 2837 м.кв талбай бүхий газрыг мөн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шилжүүлсэн байна.

43. Хэргийн оролцогчдоос газрын давхцалтай хэмээн маргаж буй газарт анх “О к” ХХК-иас Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт хандаж 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 02/19 тоот албан бичгээр “компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор газар хүсэх тухай” хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Барилгын байршилт тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 159 дүгээр захирамж гарч “О к” ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ёлын аманд байршуулан 2,0 га газар эзэмшүүлсэн, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж баталгаажуулсан зэрэг баримтуудаар цаг хугацааны хувьд нэхэмжлэгч М.Э , С.С нарт тухайн газрыг эзэмших эрх үүсэхээс өмнө тухайн газрыг бусдад эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.

44. “О к” ХХК-ийн захирал Б.Оюунбилэг, иргэн Л.Э нар 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн  нэр шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Газрын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн холбогдох хэсгээр шийдвэрлэсэн, Л.Эаас тухайн газрын эзэмших эрхийг иргэн Ч.М-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн дагуу шилжүүлэн эзэмшүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогджээ.

45. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй бөгөөд уул эрхийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Барилгын байршилт тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 159 дүгээр захирамжаар анх газар эзэмших эрх үүссэн “О к” ХХК эрхийн гэрчилгээгээ Л.Э-д, Л.Эаас Ч.М-д тус тус шилжүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй 2011 оны 438 дугаар захирамжийн дагуу иргэн Л.Э-д, 2013 оны А/1050 дугаар захирамжаар иргэн Ч.М-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

46. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлажээ.  

 47. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч  М.Э , С.С нарт тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Баянголын аманд зуслангийн зориулалтаар тус бүр 0,04 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

48. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, ийнхүү  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн газар эзэмших тухай хүсэлтийг мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх учиртай. Гэтэл хариуцагч дээрх журмыг баримтлаагүй өөрөөр хэлбэл иргэд газар эзэмших хүсэл гаргахаас өмнө захиргааны байгууллагын газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, нэхэмжлэгч нарын хүсэлтдээ дурдсан газар нь тухайн захирамжаар эзэмшүүлсэн газраас байрлалын хувьд өөр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад үүнтэй холбоотой үйл баримтыг анхан шатны шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамж хууль зөрчөөгүй”, “бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй”, “...гаргасан  хүсэлтийн огноо тэдгээрт газар эзэмших эрх олгосон захирамжийн огнооноос сүүлд байгаагаар тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь уг хүсэлт гаргагч иргэдийн хүсэл зоригийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй” хэмээн буруу үнэлсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э , С.С нарын “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд Ч.М-ын бие даасан шаардлагыг хангасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 буцаан олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН