Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

П.Бямбажавд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Еркебулан, хохирогч Б.Батцэцэг түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, ялтан П.Бямбажав түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой П.Бямбажавд холбогдох эрүүгийн 201621000218 дугаартай хэргийг хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Паламын Бямбажав нь Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэр 52 айлын орон сууцны дэргэд байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины бүхээгэнд 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 17 цагийн орчим хохирогч Б.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу миний эхнэр Ж.Нямтуяатай хэрүүл хийсэн хэмээн маргалдаж, улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Боржигон овогт Паламын Бямбажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Паламын Бямбажавыг 450 /дөрвөн зуун тавин / цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч Паламын Бямбажавд оногдуулсан 450 цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлсгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн 50 дүгээр зүйлийн 50.3-д зааснаар ялтан П.Бямбажав нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн найман цагийн ялыг 1 хоногийн баривчлах ялаар тооцож солих учиртайг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажаваас 1960710 төгрөг гаргуулж, хохирогч Б.Батцэцэгт олгож, хохирогчийн таксины зардал, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөлөлийн хөлс 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Батцэцэг түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад хэт нэг талыг барьсан бөгөөд хэргийг шалгахдаа гүйцэт биш хийсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчид хүнд ялтай хууль хэрэглэх шаардлагатай гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч П.Бямбажав нь хохирогч Б.Батцэцэгийг эхнэр Ж.Нямтуяатай хэрүүл хийлээ гэж маргалдаж улмаар ар нуруу хэсгээс авч шидэж газарт унаган түүний биед шуу ясны хугарал гэх хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хохирогч нь П.Бямбажавтай маргалдсан зүйл ерөөсөө байхгүй бөгөөд шүүгдэгч П.Бямбажав нь араас нь шидэж хүчтэй унагасан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх болон мөрдөн байцаагч, прокурорын зүгээс ямар үндэслэлээр хохирогч Б.Батцэцэг, П.Бямбажав нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Улсын яллагч хэргийн жинхэнэ байдалд тохирсон зүйлчлэлийг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс ч энэ асуудлуудыг орхигдуулан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад түүнийг шалгалгүй орхигдуулж хэргийн нэг талыг баримтлан шалгасан байдал харагдаж байна. Мөн шүүхээс гарах дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй орхигдуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, эргэлзээтэй, дутуу гарсан, түүнчлэн хохирогчийн давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хайхралгүй орхигдуулсан. Хохирогч Б.Батцэцэгт учирсан гэмтэл нь бодит байдлаар гүйцэт тогтоогдоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл эдгэрэх боломжгүй, гэмтлээс учирсан хор уршиг арилаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1-д хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, эсхүл зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй гэж заасныг анхан шатны шүүхээс биелүүлээгүй нь хуулийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Ялтан П.Бямбажав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч Б.Батцэцэгт гэмтэл учруулсан миний буруу ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.

Би энэ хүний хохирлыг барагдуулна гэв.

Ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлнө. Энэ хэрэг танхайн гэмт хэрэг биш хохирогч гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслэн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, ялтан П.Бямбажавт оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байх тул хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

П.Бямбажав нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 17 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны дэргэд байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины бүхээгт хохирогч Б.Батцэцэгийг    “ эхнэр Ж.Нямтуяатай хэрүүл хийлээ” гэж  улмаар ар нуруу хэсгээс авч шидэж  газар унаган түүний биед “ шуу ясны хугарал “ гэх хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна.

П.Бямбажавын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтад  өгсөн : хохирогч Б.Батцэцэг / хх-н 27-29 /, насанд хүрээгүй гэрч Б.Оюундарь / хх-н 30-31 /, гэрч Ж.Нямтуяа / хх-н 32-33 /, Д.Цэрэнбадам / хх-н 134 /, Ц.Отгончимэг / хх-н 145 /, Н.Батболд / хх-н 34-35 , Э.Баяраа /хх-н 36-37 /, шинжээч эмч Д.Тогтох / хх-н 135 / нарын мэдүүлгүүд , хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 132-133 /,яллагдагч П.Бямбажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 136, 137-138 /,ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины 2016 оны 09 дгээр сарын 1-ний өдрийн 17 цаг 35 минутын үед хийгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх-н 23-24,25 /,Б.Батцэцэгийн биед гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх 411 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 10-11 / мөн Б.Батцэцэгийн биед гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 1347 дугаартай дүгнэлт / хх-н 68-69 /, Б.Батцэцэгийн биед гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх 447 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 58-59 /, Б.Батцэцэгийн өвчний түүхийн хуулбар / хх-н 60-67 /,хохирлын баримтууд / хх-н 101-102 , 109-123 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байна.

Хохирогч Б.Батцэцэг түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын “ П.Бямбажавын үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байхад энэ зүйлчлэлээр зүйлчилж хэргийг шалгаагүй мөн шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэж давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл :

Хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “. . . АТМ-ээс мөнгө аваад зогсож байтал миний хойд талд нэг эмэгтэй хүн ирээд : “ эмхэлж, цэгцэлж дууссан бол авгай минь гараач, цэгцэлдэг юм бол ийшээ гараад цэгцэл гэж хэлсэн тэгэхээр нь би болоогүй байна гэж хэлсэн тэгсэн чинь гар авгай минь гээд хэл амаар доромжлоод байсан тэгээд би аваад гарахын зуур ямар сүртэй юм бэ гээд АТМ-ийн бүхээгнээс гараад явсан чинь нөгөө эмэгтэй миний араас бөгс нь явчихсан янхан авгай байна гэж чанга дуугаар дахин дахин хашхираад байсан тэгэхээр нь би эргээд юу гэж хүн доромжлоод байгаа юм гэхэд тэр эмэгтэй миний урдаас гараа сарваагаад байхаар нь нүд рүү цохиж магадгүй гэж бодоод нүдээ хамгаалсан тэгээд маргаад зогсож байтал гэнэт нэг хүн ирээд миний ар шилэн хүзүүнээс цамцтай хамт базаж бариад хүчтэй татаад цементэн газар дээр аваад шидчихсэн . . .” гэх мэдүүлэг / хх-н 27-29 /,

Гэрч насанд хүрээгүй Б.Оюундарын мөрдөн байцаалтад өгсөн “. . .Манай нагац эгч Б.Батцэцэг нь хамт явъя гэхээр нь би хамт явсан тэгээд . . . АТМ-ээс мөнгө аваад би хажууд нь зогсож байсан тэгтэл нэг эгч ирээд манай эгчтэй чи наад мөнгөө авсан юм бол гараад янзалчихаач авгай минь гэж хэлсэн тэгэхээр нь манай эгч наадах дээр чинь ууурлаад байх юу байсан юм бэ гэж хэлээд гарсан тэгтэл нөгөө эгч манай эгчийн араас бөгс нь явчихсан авгай байна янхан царайлчихаад яадаг хар банзал бэ гээд хашхираад байсан тэгэхээр нь манай эгч олон нийтийн газар битгий хүн доромжлоод бай ямар бүдүүлэг юм бэ гэж хэлсэн тэгээд хэрэлдэж байтал нэг ах ирээд манай эгчийн ар хүзүүнээс нь өргөж байгаад цементэн дээр шидчихсэн юмаа. . .” гэх мэдүүлэг / 30-31 /,

Гэрч Ж.Нямтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “. . . АТМ дээр ирсэн чинь миний урд талд нэг эмэгтэй хүн АТМ-ээс мөнгө аваад зогсож байсан тэгээд тэр хүүхэн мөнгөө авчхаад өөрийнхөө цүнхийг уудлаад дэмий зогсоод байхаар нь би яарч байсан болохоор та мөнгө авсан бол холдчих би мөнгөө авмаар байна гэсэн тэгтэл миний урдаас муухай хараад юу гээд байгаа юм өмхий авгай гээд орилоод байсан тэгээд тэр авгай АТМ-ээс гараад явахаар нь араас нь би уур хүрээд өөрийгөө хараач дэлбэрчихсэн авгай гэж хэлсэн тэгээд би АТМ- ээс мөнгө аваад зогсож байтал эргэж орж ирээд намайг барьж аваад 2 гарыг мушгиад цамцнаас барьж аваад зууралдаад байсан тэгэхээр нь би мөнгө, карт 2 залгичихна гэж бодоод мөнгө, карт 2-оо авах хооронд надтай нэлээн зууралдаад зогссон тэгтэл манай нөхөр хамт ирсэн байсан машинаас бууж ирээд нөгөө эмэгтэйг хойд талын цамцнаас нь татаад салгасан чинь нөгөө эмэгтэй газар унасан . . .” гэх мэдүүлэг / хх-н 32-33 /,

Гэрч Д.Цэрэнбадамын мөрдөн байцаалтад өгсөн “. . . 103-аас бэртэл авсан гэсэн Б.Батцэцэг гэгч эмэгтэй орж ирсэн. Тухайн үед баруун болон зүүн өвдгөндөө газар унасан бололтой зулгаралттай мөн баруун гарын шуу хэсгээрээ хугарсан байсныг би үзлэг хийж гарыг нь гипсдэж өгсөн. . “ гэх мэдүүлэг / хх-н 134 /,

Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “. . .АТМ-д ирэхэд үл таних 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан тэгтэл цагаан хувцастай махлагдуу эмэгтэй явчхаад буцаж ирээд дахин хэрүүл хийгээд гар, хөлөөрөө барилцаж байтал нөгөө эмэгтэйгийнхэн  нөхөр гэмээр нэг бор цамцтай эрэгтэй хүн ирээд цагаан цамцтай махлагдуу эмэгтэйгийн ар тал хувцасны зах хэсгээс нь угз татан газар унагаасан тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг боль гээд би урдуур нь орж цааш нь явуулсан тэгээд нөгөө эхнэр ,нөхөр 2 машиндаа суугаад яваад өгсөн . . .” гэх мэдүүлэг / хх-н 145 /,

Гэрч Н.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн “ . . .Надтай нэг өдөр ирээд манай эхнэр нэг авгайтай маргалдаад түүнийг салгах гээд татсан чинь газар унаад гараа хугалчихлаа гэж хэлсэн тэгж л сонссон . . .” гэх мэдүүлэг / хх-н 34-35 /,

Гэрч Э.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн “. . . Би хотод явж байхад надтай утсаар яриад манай эхнэртэй нэг авгай АТМ дээр маргаад түүнийг салгаад татсан чинь гар нь гэмтчихлээ тэгээд цагдаа дээр шалгагдаж байна гэж хэлсэн. . .” гэх мэдүүлгүүд / хх-н 36-37/ , хохирогч Б.Батцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээч эмч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй  гаргасан дүгнэлтүүд / хх-н 10-11, 68-69 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

П.Бямбажав нь эхнэр Ж.Нямтуяагийн хамт машинтайгаа ирж эхнэр нь АТМ-ээс мөнгө авахаар орсон тэгээд эхнэр нь гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь ортол эхнэртэй  нь нэг үл таних эмэгтэйтээ  маргалдаад ,бие биенээсээ таталцаад байж байсан  ба  П.Бямбажав нь эхнэртэй маргалдлаа гэж хохирогч Б.Батцэцэгийн хувцасны ар хэсгээс татаж шалан дээр унагаж хохирогчийн биед санаатайгаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл ялтан П.Бямбажавын хохирогч Б.Батцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан энэхүү үйлдэл нь “өөрийнх нь эхнэртэй маргалаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн байх тул ямар ч шалтгаангүй, эсхүл үл ялих зүйлээр шалтаглаж танхайрсан гэж үзэж танхайн гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн сэдэлт нь зөвхөн шүүгдэгчтэй өөртэй нь маргасан, маргаагүй гэдгээр хязгаарлагдахгүй бөгөөд шүүгдэгчийн ойр дотнын хүнтэй маргаж байсан нь хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн сэдэлт гэж үзэх хууль зүйн үндэстэй юм.

Харин хохирогчийн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх хугацаанд таксигаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 21-ны өдрүүдэд явсны зардал нийт 708800 төгрөгийг нэмж гаргуулах нь  / хх-н 117-118 / үндэслэлтэй байна гэж үзэж энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг:” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажаваас 1960710 төгрөг гаргуулж, хохирогч Б.Батцэцэгт олгож, хохирогчийн таксины зардал, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажаваас 2669510 төгрөг гаргуулж, хохирогч Б.Батцэцэгт олгож, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай “ гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                Д.МӨНХӨӨ

                                                                                               Б.ДАМБА