Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/9

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч П.Бямбажав, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч Б.Батцэцэг,  хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

 Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Паламын Бямбажавд холбогдох эрүүгийн 201621000218 дугаартай, 153/2017/0007/Э/ индекстэй хэргийг 2016 оны12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1975 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1-17 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 200000 төгрөг, аминдаа гэр нэг, 28-03 ХОҮ улсын дугаартай “DAIHATSU” маркийн тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, ПИ75090611 дугаарын регистртэй Боржигон овогт Паламын Бямбажав.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд  дурдснаар /

Шүүгдэгч   П.Бямбажав нь Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэр 52 айлын орон сууцны дэргэд  байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины бүхээгэнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 17 цагийн орчим хохирогч Б.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “миний эхнэр Ж.Нямтуяатай хэрүүл хийсэн” хэмээн маргалдаж, улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

           Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №411 тоот

-Б.Батцэцэгийн биед гэмтэл учирчээ.

-Б.Батцэцэгийн биед шуу ясны хугарал, зүүн өвдөгөнд 8x3 см зулгаралт, баруун өвдөгөнд 5x1 см зулгаралт гэмтэл тогтоогдпоо

-Б.Батцэцэгийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

-Б.Батцэцэгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт: /хх-ийн 10-11 дүгээр хуудас/.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр ХААН банкны  52 айлын орон сууцны  АТМ-ийн бүхээгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр П.Бямбажав нь иргэн Б.Батцэцэгийн эрх чөлөөнд халдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйлдэлд дээрх үйлдэл бичигдсэн АТМ-ийн бүхээгний 2016 оны 09 сарын 01-ний өдрйин 17 цаг 35 минутаас 17 цаг 40 минутын хоорондох   бичлэгийг хуулбарлан авч тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр ХААН банкны 52 айлын орон сууцны  АТМ-ийн бүхээгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр П.Бямбажав нь иргэн Б.Батцэцэгийн эрх чөлөөнд халдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйлдэлд дээрх үйлдэл бичигдсэн АТМ-ийн бүхээгний 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 17 цаг 35 минутаас 17 цаг 40 минутын хоорондох   бичлэгийг хуулбарлан авч тэмдэглэл үйлдэв. Үзлэгийг дээрхи камерийн бичлэг нь нийт 5 минут 50 секундын хугацаатай бичлэг байх ба 2016 оны 09 сарын 01-ний өдөр Улаанбаатарын цагаар 17 цаг 35 минутаас 17 цаг 40 минутын хооронд үйл явдал болсон бичлэг бичигдсэн байна. Бичлэгэнд хохирогч Б.Батцэцэг нь АТМ-ээс бэлэн мөнгө авахаар зогсож үйлчлүүлж байх ба бичлэгийн 01 минут 40 секунтэд гэрч Ж.Нямтуяа нь АТМ-ийн бүхээгний гадна ирж байгаа ба 02 минут 30 секунтээс эхлэн Ж.Нямтуяа, хохирогч Б.Батцэцэг нар нь хоорондоо хэрэлдэж байгаа мэт үйл хөдлөлтэй бичлэг байх ба 03 минут 00 секундээс Б.Батцэцэг Ж.Нямтуяа нар нь хоорондоо гараараа түлхэлцэж байх ба 03 минут 10 секунтэд Б.Батцэцэгийн араас буюу баруун мөр хүзүүний ар талын хэсгээс сэжигтэн П.Бямбажав нь огцом татаж газар унагааж байгаа ба 03 минут 20 секунтэд Ж.Нямтуяа нь АТМ-ийн бүхээгнээс гарч явах ба бичлэг дуусах хүртэл АТМ-ийн дэргэд Б.Батцэцэг нь байлаа. Ингэснээр АТМ-ийн камерийн бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэв. Үзлэгийг Цагдаагийн газрын 204 тоот өрөөнд 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 11 цаг 06 минутад эхэлж 11 цаг 20 минутад дуусгав… гэх тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

Эрүүгийн 201621000218 тоот хэрэгт хэрэг учралын газарт хэрэг болох үед бичигдсэн 5 минут 50 секундын камерийн бичлэгийг  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтоов гэх…  тогтоол /хх-ийн  25 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батцэцэгийн өгсөн… Би Булган суманд амьдардаг. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний орой Булган сумаас орж ирээд маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 16 цаг 30 минутын үед АТМ-ээс мөнгө авах гээд Магсаржав багийн нутаг 52 айлын орон сууцны АТМ-ээс мөнгө аваад зогсож байтал миний хойд талд нэг эмэгтэй хүн ирээд: “эмхэлж, цэгцэлж дууссан бол авгай минь гараач, цэгцэлдэг юм бол ийш тийш гараад цэгцэл” гэж хэлсэн. Тэгэхээр нь: “би болоогүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь: “гар авгай минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би: “аваад гарахын зуур ямар сүртэй юм бэ?” гээд АТМ-ийн бүхээгнээс гараад явсан чинь нөгөө эмэгтэй миний араас “бөгс нь явчихсан янхан авгай байна" гээд чанга чанга дуугаар хашгираад байсан. Тэгэхээр нь би эргээд “юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ? ” гэхэд тэр эмэгтэй миний урдаас гараа сарвайгаад байхаар нь нүд рүү цохиж магадгүй гэж бодоод нүдээ хамгаалсан. Тэгээд маргаад зогсож байтал гэнэт нэг хүн ирээд миний ар шилэн хүзүүнээс цамцтай хамт базаж бариад хүчтэй татаад цементэн  дээр аваад шидчихсэн. Тэгээд тэр даруйдаа юу ч мэдэгдээгүй хэсэг зуур ухаан самуураад толгой өвдөөд амнаас цус амтагдаж байсан. Тухайн үед гар хугарсан эсэхийг мэдээгүй. Тэгээд би хэвтээд дээшээ харсан чинь миний  дээрээс нөгөө хүн хөлөөрөө дэвсэх гэж байсан. Тэгээд манай дүү болиоч гэхэд больсон. Би босох гэтэл гар эвгүй болоод хавдаад гараад ирсэн.Та миний  гар хугалчихлаа гэхэд нөгөө хоёр хүн “  хохь чинь   за”  гэж хэлээд машиндаа   зугтсан байдалтай  гүйж суугаад яваад өгсөн. Би 103 болон цагдаа дуудаж үзүүлсэн. 103 дээр очоод зураг авахуулахад булгараад дээр нь 2 урт шуу яс хугарсан бас богц яс хугарсан байдалтай даралт 170-тай байна гээд даралт буулгах тариа хийлгэсэн. Намайг эрэгтэй хүн цохиж авч шидсэн. Хоёр өвдөг шалбарсан гар хугарсан, толгой эргэж бөөлжиж байсан. Хөдөлж болохгүй,  төвөгтэй, шаналгаатай байсан. Одоо толгой байнга өвдөж байна. Дотор муухайрч байна. Өвдөгний 2 үе зовиуртай, Хугарсан гар янгинаж өвддөг мэдээгүй болсон юм шиг мэдрэгдэж байна. Тэгээд шөнө унтаж байхад зүрх хаачих гээд байгаа.  Зүүн нүд сүүмийж бүрэлзэж юм сайн харахгүй байгаа . Харааны шил ч зүүж үзээгүй.  Бие маш их зовиуртай байна. Гарын шууны яс зөрүүтэй  байна. Бас гарт үхжилт явагдаж байна Хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэж эмч хэлсэн. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Би эрүүл байсан. Одоо ямар ч хөдөлмөрийн чадваргүй спортоор хичээллэж чадахаа больсон. Эмчилгээний зардлаа барагдуулах хэрэгтэй байна. Энэ хугацааны ажлын хөлс хүүхдийн асаргааны мөнгө гэх мэт зүйлүүдийг нэхэмжилж байна….гэх мэдүүлэг. /хх-ийн 27-29 дүгээр хуудас/.“

                 Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Оюундарийн өгсөн …“...Би 2016 оны 09 сарын 01-ний өдөр хичээлдээ суучихаад гэртээ байж байтал манай нагац эгч Б.Батцэцэг нь “хамт гадагшаа явья” гэхээр нь би хамт явсан. Тэгээд манай эгч 52 айлын орон сууцны хажууд байдаг ХААН банкны АТМ-ээс мөнгө аваад би хажууд нь зогсож байсан. Тэгтэл нэг эгч ирээд манай эгчид: “чи наад мөнгөө авсан юм бол гараад янзилчих авгай минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эгч “ийм юманд уурлаад байх юм юу байсан юм бэ” гэж хэлээд гарсан. Тэгтэл нөгөө эгч манай эгчийн араас “бөгс нь явчихсан авгай байна, янхан царайлчихаад” гээд хашгирч байсан. Тэгэхээр нь манай эгч олон нийтийн газар битгий хүн доромжлоод бай, ямар бүдүүлэг юм бэ? гэж хэлсэн. Тэгээд хэрэлдэж байтал нэг ах ирээд манай эгчийн ар хүзүүнээс нь өргөж байгаад цементэн дээр шидчихсэн юм. Тэгээд газар унагаад дээрээс нь нөгөө ах дэвсэх гэхэд нь би болиоч гэж хашгирсан. Тэгэхэд нөгөө ах дэвсэхээ  болиод эхнэртэйгээ  хоёулаа  машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа болон эмнэлэг дуудсан. Манай эгч Ж.Нямтуяа гэдэг хүнийг болон нөхрийг нь цохиогүй,  гараараа заагаад хэрэлдээд байсан…Манай эгч Б.Батцэцэг уйлаад алхаж чадахгүй баруун гар нь хавдчихсан, 2 хөлний өвдөг  хэсэг нь шалбарчихсан байсан. Бас амнаас нь жаахан цус гарсан байдалтай байсан… гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/.

                 Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нямтуяагийн өгсөн…“ Би 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 16 цагаас 17 цагийн хооронд виза картнаасаа мөнгө авах гээд 52 айлын АТМ дээр ирсэн чинь миний урд талд нэг эмэгтэй хүн АТМ-ээс мөнгө аваад зогсож байсан. Тэгээд тэр хүүхэн мөнгөө авчихаад өөрийнхөө цүнхийг уудлаад дэмий зогсоод байхаар нь би яарч байсан болохоор: “та мөнгөө авсан бол холдчих би мөнгөө авмаар байна” гэсэн. Тэгтэл миний урдаас муухай хараад: “юу гээд байгаа юм” гээд орилоод байсан. Тэгээд тэр авгай АТМ-ээс гараад явахаар нь араас нь би уур хүрээд: “өөрийгөө хараач дэлбэрчихсэн авгай” гэж хэлсэн. Тэгээд би АТМ-ээс мөнгө аваад зогсож байтал эргэж орж ирээд намайг барьж аваад хоёр гар мушгаад цамцнаас барьж аваад зууралдаад байсан. Тэгэхээр нь би мөнгө, карт хоёр залгичихна гэж бодоод мөнгө, карт хоёроо  авах хооронд намайг нэлээн зууралдаад зогссон. Тэгтэл манай нөхөр хамт ирсэн байсан.  Машинаас бууж ирээд нөгөө эмэгтэйг хойд талын цамцнаас нь татаад салгасан чинь нөгөө эмэгтэй газар унасан. Тэгээд цагдаа дууд гээд орилж байсан. Бид  хоёр  гэрлүүгээ яваад өгсөн. Гэртээ очоод 1 цаг орчим болж байхад цагдаагаас ярьж байна хүрээд ир гэхээр нь бид 2 цагдаа дээр очсон. Б.Батцэцэг  миний  гарыг мушгиад хувцас урсан байсан,  өөр цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг.  /хх-ийн 32-33 дугаар хуудас/

                 Мөрдөн байцаалтад гэрч Н.Батболдын өгсөн… П.Бямбажав нь эхнэртэйгээ суугаад 10 жил гаруй  болж байна. Эхнэртэйгээ таарамж сайн. Гэр бүлийн хувьд хэрүүл маргаан нэг их байхгүй Эхнэр Ж.Нямтуяа нь зан аашийн хувьд жаахан аманцар. Надтай нэг өдөр ирээд манай эхнэр нэг авгайтай маргалдаад түүнийг салгах гээд татсан чинь унаад гараа хугалчихлаа гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

                 Мөрдөн байцаалтад гэрч Э.Баяраагийн  өгсөн… П.Бямбажав нь даруухан хүнд тусархаг, төлөв түвшин,  илүү дутуу зан байхгүй тийм хүн байгаа юм. Намайг хотод явж байхад надтай утсаар яриад манай авгай АТМ дээр маргаад түүнийг салгаад татсан чинь гар нь гэмтчихлээ тэгээд цагдаа дээр шалгагдаж байна гэж хэлсэн. Тэгж л сонссон…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

                 П.Бямбажавын эзэмшлийн 28-03 ХОҮ улсын дугаартай “DAIHATSU” маркийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 42-43, 89-92 дугаар хуудас/.

                 Ховд аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 09  сарын 23-ны өдрийн 447  дугаартай…

Б.Батцэцэгийн  гэх гавал тархины аксиаль компьютерт томографийн шинжилгээг 2016 оны 09 сарын 19-нд уншуулсан гэмтэл  тогтоогдоогүй.

Б.Батцэцэг нь нүдний эмчид 2016 оны 09 сарын 16-ны өдрийн үзлэгт зүүн нүдний хараа 0.6 болж буурсан байна.

Б.Батцэцэгийн биед  зүүн нүдний хараа бууралт, баруун гарын тохойн дотор хэсэгт 9х6 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Б.Батцэцэгийн биед үүссэн  дээрх гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу удаан  хугацаагаар сарниулсан /түр /гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

             Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд удаан хугацаагаар  нөлөөлөхгүй… гэх дүгнэлт /хх-ийн  58-59  дүгээр хуудас/

                 Б.Батцэцэгийн  Өвчний түүхийн хуулбар/ хх-ийн 60-67 дугаар хуудас/

                   Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч Б.Ариунзул, М.Отгонбаатар, М.Ариунтөгс нарын №1347 дугаартай … Б.Батцэцэгийн биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, баруун, зүүн хөлийн өвдөгт зулгаралт, баруун гарын тохойнд цус хуралт гэмтэл учирчээ.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Энэбишийн гаргасан №411 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Нэмэлтээр гаргасан №447 тоот дүгнэлтийн зүүн нүдний харааны бууралт гэсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт.. /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтад шинжээч Т.Энэбишийн өгсөн..Тухайн үед Ж.Нямтуяагийн биед ил харагдах шарх сорви хөхрөлт байхгүй  ч тархи доргилтийн гэмтэл учирсан байсан…Ирж үзүүлэхдээ 2016 оны 09 сарын 01-ний өдөр үйл явдал болсон гэж ярьж байсан ба  өөрөө ирж үзүүлэхдээ 2016 оны 09 сарын 27-ны өдөр буюу үйл явдал болсоноос хойш 26 хоногийн дараа ирж үзүүлсэн. ... Тархины судасны зураглал зулай болон дөгзны хэсгээр тодорсон гэдэг нь тархи доргилтын шинжүүдэд ордог юм…Гадны ямар нэг нөлөө болох цохиулах, унах хатуу биет мөргөх зэргээс үүснэ. ...Хүн бүрийн  бие махбодийн онцлог болон эмчилгээ сувилгаанаас хамаараад харилцан адилгүй байх ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэх мэдүүлэг/ хх-ийн 77 дугаар хуудас/

                 Мөрдөн байцаалтад П.Бямбажавын сэжигтэн, яллагдагчаар өгсөн.. . Манай эхнэр бид 2 эм авах санаатай 2016 оны 09 сарын 01-ний өдөр өөрийнхөө машинтай явж Магсаржав багийн нутаг 52 айлын орон сууцны буланд байрлах ХААН банкны АТМ--ээс мөнгө авах гээд манай эхнэр машинаас буугаад АТМ- рүү явсан. Тэр хооронд би машин дотроо байж байтал миний  хажуугаар  2 танихгүй хүн хоорондоо ХААН банкны АТМ дотор 2 хүн зодолдож байна гэж ярихаар нь би юу билээ гэж бодоод яваад очсон чинь манай эхнэрийг нэг эмэгтэй хүн АТМ-ийн бүхээгний буланд бариад авчихсан гарыг нь мушгисан байдалтай  барьчихсан наанаас нь хаагаад шахаад зогсож байхаар нь би тэр эмэгтэйгийн баруун  мөр хэсэг цамцнаас нь татаад салгасан. Тэгээд эхнэрээ аваад явсан. Тэгтэл нөгөө эмэгтэй газар суучихсан үлдсэн харагдсан. Тэгээд би машинаа асаагаад яваад өгсөн. Тэр эмэгтэйг огт танихгүй. ..Манай эхнэр хувцас нь урагдсан гар болон толгой өвдөж байсан гэсэн. Бас энгэр дээр нь маажигдсан байсан. ..Б.Батцэцэг намайг цохиогүй.. Б.Батцэцэг бид 2-ыг гүтгэж байна. Би гомдолтой байна. Би тухайн үед санаатай татаж унагааж, гэмтэл учруулж гарыг нь хугалъя гэж бодоогүй санаандгүй татаж унагаасан. .Би хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй. Би санамсаргүй байдлаасаа болоод ийм их хохирол учирсан үйлдэл хийлээ.  Би маш их  харамсаж  байна…гэх мэдүүлэг/ хх-ийн 79-80, 85-86 дугаар хуудас/

                 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Боржигон овогт П.Бямбажав нь  урьд ял шйигэгдээгүй гэх бартимт/ хх-ийн 87-88 дугаар хуудас/

                 Хохирлын баримтууд /101-102, 109-123 дугаар хуудас/

                 Хохирогч  Буянхишиг овогтой Батцэцэгийн  хохирлын тооцоо нийт дүнгээр 3756117 төгрөгийн баримт/ хх-ийн 124 дүгээр хуудас/

                  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн… Уг хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 52 айлын орон сууцны 1 давхарт ХААН банкны АТМ-ийн бэлэн мөнгөний машин байна. Уг газарт сэжигтэн яллагдагч П.Бямбажав нь хохирогч Б.Батцэцэгийг татан газар унагасан гэв. Уг газрыг “2” цэгээр тэмдэглэв. Уг газар нь дэлгүүрийн  үүд хэсэг байх ба хохирогчийг газар унаж гараараа тулсан гэх газар нь цементлэгдсэн газар байв. ХААН банкны АТМ бэлэн мөнгөний машиныг цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. 1 цэгээс “2” тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 2 М байна. “2 “ тоогоор хохирогч Б.Батцэцэгийн унасан газрыг тэмдэглэв гэх...  тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 132, 133 дугаар хуудас/.

                 Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэрэнбадамын өгсөн….“...2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай тасагт 103-аас бэртэл авсан гэсэн Б.Батцэцэг гэгч эмэгтэй орж ирсэн. Тухайн үед баруун болон зүүн өвдгөндөө газар унасан бололтой зулгаралттай, мөн баруун гарын шуу хэсгээрээ хугарсан байсныг би үзлэг хийж гарыг нь гипсдэж өгсөн. Өөр бэртэл гэмтэл харагдаагүй. Өөрөө хэлэхдээ толгой өвдөж дотор муухайрч байна гэж байсан..." гэх мэдүүлэг. :/хх-ийн 134 дүгээр хуудас/

                  Яллагдагч П.Бямбажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай …Би эхнэрийнхээ хамт эм авахаар болж 52 айлын орон сууцны  1 давхарт байх ХААН банкны АТМ бэлэн мөнгөний машин дээр ирсэн.  Эхнэр АТМ дээр очерлоод би гадна нь өөрийнхөө машинтай хүлээж байтал миний хажуугаар өнгөрсөн 2 хүн “АТМ дотор 2 хүн зодолдож байна”  гэж хоорондоо ярихаар нь би юу билээ гэж бодоод яваад очсон чинь  манай  эхнэрийг нэг эмэгтэй хүн АТМ-ийн бүхээгэнд буланд шахчихсан , хоорондоо гар барилцчихсан наанаас нь хашаад хаагаад зогсчихсон  байхаар нь би тэр эмэгтэйгийн баруун мөрнөөс нь татаад салгасан Тэгтэл тэр эмэгтэй газар унахдаа гараараа газар эвгүй тулаад гэмтээчих шиг болсон. Би машинаа асааагаад эхнэрээ дагуулаад явсан ...  гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дуусгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн136, 137-138 дугаар хуудас/.

                 Мөрдөн байцаалтад гэрч Ц.Отгончимэгийн өгсөн.. “...Би мөнгө авсан. Би Сурхайгийн Жаргалсайхан гэдэг хүний картаар 20000 төгрөгийг тэр АТМ-ээс авсан юм. Тэгээд намайг мөнгө авах гээд АТМ дээр ирэхэд үл таних 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдаж, хэрэлдэж байсан. Тэгтэл цагаан хувцастай махлагдуу эмэгтэй явчихаад буцаж ирээд дахин хэрүүл хийгээд гараараа барилцаж байтал нөгөө эмэгтэйгийн нөхөр гэмээр нэг бор цамцтай эрэгтэй хүн ирээд цагаан цамцтай махлагдуу эмэгтэйгийн ард тал хувцасны зах хэсгээс нь угз татан газар унагаасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ? Эмэгтэй хүнийг” боль гээд би урдуур нь орж цааш нь явуулсан. Тэгээд нөгөө эхнэр, нөхөр хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Нөгөө хоёр нэг нэгнийгээ цохиогүй, гар гараараа түлхэлцэж байтал нөхөр нь ирээд цагаан хувцастай эмэгтэйг татаж унагаасан. Тэр 2-т ямар нэгэн ил шарх сорви үүсээгүй. Харин сүүлд нь цагаан хувцастай эмэгтэй “ёо ёо” гээд гараа бариад байсан...”Тэгээд “машиных нь  дугаарыг хар, цагдаа дууд” гээд тэгж байсан. Би мөнгөө авчихаад яваад өгсөн… гэх мэдүүлэг. /хх-ийн 145 хуудас / 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бямбажавын өгсөн...  Санамсар болгоомжгүй байдлаас эмэгтэй хүнтэй ингэж харьцсан  нь миний буруу. ХААН банкинд данстай манай эхнэр мөнгө авах гэж орсон. 5-10 минут болсон. 2 хүн маргалдаж байна гэж ярьсан тухайн үед манай эхнэр Б.Батцэцэг 2 байсан. Хувцас хунар, цамцыг нь  урсан байсан.  Манай авгайтай барьцалдсан байсан. Би сандарч очоод араас нь татсан , гараараа газар тулаад унасан.  АТМ-ээс 2 хүн гараад явж байхдаа  хоёр хүн  маргалдаж байна гэсэн.  Тэгээд би АТМ ороход тийм зүйл болж байсан.  Хохирогч Б.Батцэцэгтэй уулзахаар “чамтай ярих яриа байхгүй хуулиараа явна” гэсэн. Цагдаа дээр 2 удаа уулзсан. Уулзахаас үнэхээр айдаг. Машин, гэр  байгаа,  өөр эд хөрөнгө байхгүй. Ажил төрөлгүй, авгай хагалгаанд ороод мөнгөний бас хэрэг байсан. Би хохиролыг  төлнө. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна... гэх мэдүүлэг.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 17-31 тоотод оршин суух Мэргэжлийн хяналтын  газар стандарт чанарын хяналтын улсын байцаагч ажилтай ПЭ81041506 тоот регисртэй  / Боржигон овогт Буянхишигийн Батцэцэгийн өгсөн ...  Би хил дээр ажилладаг мөнгө авах гэж байхад мөнгөө аваад гараад маргалдсан. Намайг хүлээгээд зогсч байхдаа маргалдаад зогсч байхад чамайг алаад хаячихъя гэж хэлээд шилэн хүзүүнээс татаж аваад унагаасан. Нүүрэн дээр дэвсэх гэж байсан. Манай дүү хашгираад “боль” гэсэн. Гэтэл тэр хоёр “хохь чинь за юу” гээд машиндаа суугаад яваад өгсөн. Би энэ хүнээс болж хагалгаанд орсон. Хагалгааны ширээн дээрээс үнэхээр аймаар байдалтай бууж ирсэн. Гэтэл авгай нь  чи юугаа авдаг юм сохор зоос ч өгөхгүй  гэх мэтээр янз бүрээр хэлсэн. Гар хөл гэмтэлтэй, тахир дутуу болсон явж байхад чинь доромжилсон. Эмнэлэгт байхад байнга нүдний даралтны эм ууна. 5-6 сар ийм байдалтай байна. 7 сартай хүүхдээ хөхүүлж чадахгүй үнэхээр зовж байна. Ямар ч гоо сайхан гэж юм алга. Үнэхээр гомдолтой байна. Одоо миний гар ямар ч хөдөлгөөн байхгүй. Зээлээ төлж чадахгүй  ажлаа хийж чадахгүй байна.

Нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Урагшаа хараад зогсч байхад хойноос хүн авч шиднэ гэж зүүдэндээ ч бодоогүй. Энэ хүнийг болон эхнэрийг нь өмнө нь таньдаггүй байсан.  Эхнэрийнх  нь  гарыг хааж болиулах гэж гарыг нь барьж байсан. Нүүрээ хамгаалж л байсан. Ам бүлийн хувьд нярай хүүхэдтэйгээ амьдардаг. Банкны зээлтэй учир ажил хийх шаардлагатай, одоо тийм боломж алга. Хагалгаанд ороод гарсаны дараа битүү хавантай яг хэвээрээ байсан 10 гаруй хадаасаар хадуулсан. П.Бямбажав нь араас “алаад өгье “ гэж хэлээд татаж унагаад,  хохь чинь за юу гэж хэлээд гүйгээд машиндаа суусан. Би Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхдаа 547700 төгрөгийн цалин авдаг байсан. гэх мэдүүлэг  болон хэрэгт цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

                   Хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:  Шүүгдэгч П.Бямбажав нь 2016 оны 09 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим  Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны дэргэд байрлах ХААН банкны АТМ  буюу бэлэн мөнгөний машины бүхээгт хохирогч Б.Батцэцэгтэй “ эхнэр Ж.Нямтуяатай хэрүүл хийлээ “ гэж маргалдаж улмаар  ар нуруу хэсгээс авч шидэж газар унаган түүний  биед “ шуу ясны хугарал “ гэх хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батцэцэгийн өгсөн ... намайг бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад цүнхээ янзалж байхад нэг эмэгтэй ирээд  “  эмхэлж, цэгцэлж дууссан бол гараач авгай минь”  гэж хэл амаар доромжилсон.  Тэгэхээр нь би аваад гарахын хооронд ямар сүртэй юм гээд бүхээгнээс гараад явсан чинь “ бөгс нь явчихсан янхан авгай байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд “ юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ “ гээд очиход миний урдаас гараа сарвалзуулаад байхаар нь нүүрээ хамгаалаад зогсож байтал араас нэг хүн ирээд татаж унагасан. Тэгээд дээрээс дэвсэх гэж  байтал манай дүү болон тэнд байсан нэг хүн болиулсан. Миний  баруун гарын шуу яс толгойн хэсгээрээ бяцарч хугарсан байсан. Улаанбаатар хотод эмчилгээнд явж 11 хадаасаар хадуулсан. Эмчилгээ болон хотод байр хөлсөлсөн унааны болон ажилгүй байсан хугацааны зардлаа гаргуулна. Маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бямбажавын өгсөн... Би гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Эмэгтэй хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирлыг төлж өгнө ... гэх мэдүүлэг,  мөрдөн байцаалтад гэрч Ж.Нямтуяагийн... Хаан банкны АТМ- ээс мөнгө авахаар ороход  тэр эмэгтэй цүнхээ уудлаад зогсоод байсан болохоор нь би яарч байсан тул “ та мөнгөө авсан бол холдчих би мөнгөө авмаар байна “ гэсэн. Тэгээд тэр эмэгтэй АТМ- ээс гараад явахаар би уур хүрээд “ Өөрийгөө хараач дэлбэрчихсэн авгай”  гэж хэлсэн. Тэгтэл эргэж ирээд миний хоёр гар мушгиад, цамцнаас барьж аваад зууралдаад байсан. Би мөнгө, карт хоёр залгичих гэж бодоод мөнгө, карт авах хооронд  намайг зууралдаад байсан. Манай нөхөр машинаас бууж ирээд татаад салгасан чинь нөгөө эмэгтэй газар унасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 дугаар хуудас/ мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Оюундарийн өгсөн... ХААН банкны АТМ-ээс эгч Б.Батцэцэгийг мөнгө авах үед хажууд зогсож байсан. Тэгтэл эмэгтэй ирээд “ наад мөнгөө авсан бол гараад янзалчих авгай минь” гэсэн. Тэгээд манай эгчийг гарах үед араас нь “ бөгс нь явчихсан авгай байна, янхан царайлчихаад” гэсэн. Манай эгч  олон нийтийн газар хүн доромжлоод бүдүүлэг юм бэ гэсэн. Тэгээд хэрэлдэж байтал нэг ах  ирээд манай эгчийн хүзүүнээс бариад цементэн  дээр шидчихсэн ... гэх мэдүүлэг/ хх-ийн 30-31 дүгээр хуудас/ , гэрч Ц.Отгончимэгийн... АТМ-ээс мөнгө авах гээд ирэхэд хоёр танихгүй эмэгтэй маргалдаж байсан. Цагаан  өнгийн хувцастай махлагдуу эмэгтэй явчихаад буцаж ирээд дахин хэрүүл  хийгээд гараараа барилцаж байтал нөгөө эмэгтэйгийн нөхөр гэмээр бор цамцтай эрэгтэй хүн “ цагаан хувцастай эмэгтэй ар талаас хувцасын зах хэсгээс нь угз татан газар унагасан. Тэгэхээр нь би урдуур нь орж боль гэж цааш нь явуулсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 145 дугаар худас/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл,  ХААН банкны АТМ- бэлэн мөнгөний машины 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 17 цаг 35 минутын үед хийгдсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож авсан баримт, бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, сэжигтэн П.Бямбажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч Б.Ариунзул, М.Отгонбаатар, М.Ариунтөгс нарын №1347 дугаартай … Б.Батцэцэгийн биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, баруун, зүүн хөлийн өвдөгт зулгаралт, баруун гарын тохойнд цус хуралт гэмтэл учирчээ.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Энэбишийн гаргасан №411 тоот дүгнэлт үндэслэлтэй байна… гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/  Буянхишигийн Батцэцэгийн өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 60-67 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Бямбажав нь хохирогч Б.Батцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулахыг хүсээгүй боловч  хохирогчийн араас буюу баруун мөр хүзүүний ар талаас огцом татаж газар унагах явцад хохирогчийн баруун гарын шууны  яс хугарал гэх гэмтэл учирч, эрүүл мэндийг нь 4 долоо хоногоос дээшгүй хугацаагаар сарниулах  хүндэвтэр гэмтэлийг учируулсан нь хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар  тогтоогдсон гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 Иймд шүүгдэгч П.Бямбажавын бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Бямбажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч П.Бямбажав нь цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн 201621000218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD-1  ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар   хэргийг хадгалах хугацаа  дуустал үлдээх нь зүйтэй.

 Хохирогч Б.Батцэцэг нь  Ховд аймагт болон Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмийн зардал, байр, унааны зардал зэргийг гаргуулахаар нэхэмжилсэн тул хэргийн 109 дүгээр  хуудас дахь  эмийн үнэ – 1950 төгрөг, 110 дугаар хуудас дахь эмийн үнэ 8400 төгрөг, 6750 төгрөг, зүрхний бичлэгийн үнэ -20000 төгрөг, эмийн үнэ 17220 төгрөг, эмийн үнэ –2400 төгрөг,  эмийн үнэ -2400 төгрөг, эмийн үнэ – 3500 төгрөг, хэргийн 11 дүгээр хуудас дахь  эмийн үнэ 32700 төгрөг,  эмийн үнэ 12200 төгрөг, хэргийн 112 дугаар хуудас дахь рентген зураг, толгойн КТГ-ийн зураг, эмчийн үзлэгийн төлбөр –145000 төгрөг, эмийн үнэ -11800 төгрөг,  хэргийн 113 дугаар хуудас дахь Бадамцэцэгийн зардал -65900 төгрөг, хэргийн 114 дүгээр хуудас дах Бадамцэцэгийн зардал 65000 төгрөг, Батцэцэгийн зардалд 65000 төгрөг,  ЭМД-ийн 15 хувь болох- 74194 төгрөг, эмийн үнэ 197195 төгрөг, эмийн үнэ 28300 төгрөг, хэргийн 115 дугаар хуудас дахь ор хоногийн төлбөр 77000 төгрөг, хагалгааны үнэ 95000 төгрөг, хэргийн 116 дугаар хуудас дахь эмийн үнэ – 231500 төгрөг,  хэргийн 119 дүгээр хуудас дахь орон сууц хөлслөх гэрээний  дагуу  төлсөн төлбөр 500000 төгрөг, Б.Батцэцэгийн онгоцны тийзний үнэ-175000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 10000 төгрөг нийт 1960710 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримт  нь  хуулийн шаардлага хангаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажаваас гаргуулан хохирогчид олгох нь  зүйтэй байна.

Харин хэргийн 111, 112 дугаар хуудас дах 8 ширхэг баримт, 113 дугаар хуудасны арын 4 ширхэг баримт, 115 дугаар хуудас 1 ширхэг баримт нь уншигдахгүй,  гаргацгүй байна.

Мөн Б.Батцэцэг нь  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар  ажилладаг гэх тодорхойлолтыг үндэслэн  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд ажилгүй байсан цалингаа нийгмийн даатгалын дэвтэр болон сар бүр цалин авч байсан цалингийн баримт, ажилд орсон тушаал, өвчний учир ажиллах  боломжгүй байсан талаархи нотлох баримтаар , зарим  эмийн зардлаа Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан  шаардлага хангасан нотлох баримтаар,  унааны зардал 708800 төгрөгийг тухайн  таксигаар үйлчлэгч нь таксиний үйлчилгээ эрхэлдэг эсэх, хохирогч Б.Батцэцэг нь  тухайн үед нярай хүүхэдтэйн улмаас таксигаар үйлчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан талаархи нотлох баримтаар, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. 

Хохирогч Б.Батцэцэг  нь өмгөөллийн хөлс -900000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны  зарим зардлыг төр хариуцаж төлөхөөр заасан бөгөөд төрөөс уг зардлыг хариуцаж төлсөн тохиолдолд  гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэхээр мөн хуулийн 100, 101 дүгээр зүйлүүдэд заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах нь төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчид төлсөн зардлыг төрөөс төлсөн / улсын өмгөөлөгч авсан /  тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн гаргуулж төрд олгохоор зохицуулсан байна.

Харин хохирогч Б.Батцэцэг нь төлбөрийн чадвартайн улмаас өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгчид төлбөр төлсөн байна.

Иймд өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажавын   эзэмшлийн ХОҮ 28-03 улсын дугаартай “DAIHATSU” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 11-ний  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 293, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Паламын Бямбажавыг бусдын бие махбодид   хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд    тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Паламын Бямбажавыг 450/ дөрвөн зуун тавин /  цагийн  албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар  шүүгдэгч   Боржигон овогт Паламын Бямбажавд оногдуулсан 450 цагийн  албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлсгүйгээр  хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 50 дүгээр зүйлийн 50.3-д зааснаар ялтан П.Бямбажав нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн найман цагийн ялыг 1 хоногийн баривчлах ялаар тооцож солих учиртайг тайлбарласугай

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-1 ширхэгийг уг  хэргийг  хадгалах хугацаа дуустал хэрэгт  үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 -д зааснаар шүүгдэгч П.Бямбажаваас 1960710 төгрөг  гаргуулж, хохирогч Б.Батцэцэгт олгож, хохирогчийн таксины зардал, бусад эмийн зардал, ажилгүй  байсан  хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  өмгөөллийн хөлс 900000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.  

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч П.Бямбажвын эзэмшлийн ХОҮ 28-03 улсын дугаартай “DAIHATSU” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 11-ний  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА