Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 314

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          улсын яллагч П.Ганбаатар,

          хохирогч М.Мөнгөнзул,

          шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809014181221 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын гоёлын засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрх цагаан гантиг” ХХК-д шаварчин ажилтай байсан, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Д.О, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1 дүгээр гудамжинд иргэн М.Мөнгөнзулын LG Q6-А маркийн гар утсыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэж дээрэмдэн авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд “...Би 2018 оны 3 дугаар сарын 11-ны шөнө 21-22 цагийн үед таксинд явж байгаад хохирогч Мөнгөнзулыг авч яваад “Сод монгол” шатахуун түгээх газрын хажууд буулгахад мөнгөө өгөхгүй, “мөнгөө өгөөч” гэж хэлсэн чинь тоохгүй утсаар яриад байхаар нь анхаарлыг нь сарниулах зорилгоор үнссэн. Тэгээд нүүр лүү нь түлхээд гар утсыг нь аваад зугтаасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Би 2018 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Өөрийн эзэмшлийн 48-52 УБМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтайгаа таксинд явж байхад үл таних эмэгтэй хүн гар өргөхөөр авч яваад “Сод Монгол” ШТС-ын орчим очоод зам дээр буулгасан. Тэгээд буулгачхаад араас нь мөнгө олох санаатай дагасан. Тэгээд “Сод Монгол” ШТС-ын ойролцоох гэр хорооллын гудамжинд тэр эмэгтэйг араас нь дуудсан. Тэгээд эргээд харахаар нь утсаа өг гэхэд өгөхгүй байхаар нь барьж аваад үнссэн чинь миний уруулыг хазахаар би гарт нь байсан утсыг нь аваад зүүн гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж тавиулаад зугтаасан. Тэгээд тухайн утсыг 2 удаа барьцаалан зээлдүүлэх газар 80.000 төгрөгийн барьцаанд тавьж авалгүй хаясан. Дээрэмдэж авсан гар утас нь LG маркийн гар утас байсан.…” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Хохирогч М.Мөнгөнзул шүүх хуралдаанд “... Тухайн өдөр найзуудтайгаа караокед сууж байгаад гарсан. Миний санахаар би зам гараад таксинд суусан гэж бодоод байгаа юм. Тэр үед нилээн халамцуу байсан. Такси барихдаа энэ залуугийн машинд суусан юм байна лээ. Тэгээд чиний машинд суухгүй гээд машинаас нь буугаад найзтайгаа утсаар яриад Максын урд талын гудамжаар алхаад доошоогоо утсаар яриад алхаад явсан. Тэгээд найзтайгаа утсаар ярьж байхдаа миний араас хүн дагаад байна гэж хэлсэн. Би хүн дагаад байхаар нь зам руу гаръя гэж бодоод Сод монгол шатахуун түгээх газрын араар доошоогоо яваад гарсан. Тэгэхэд энэ залуу миний хойноос хөөе гээд дуудахаар нь эргээд харсан чинь намайг барьж аваад үнссэн. Би уруулыг нь хазахад уруулаа татаж аваад миний нүүр рүү түлхээд утас аваад зугтаасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэр рүүгээ орох гээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” ШТС-ын арын гудамжинд явж байхад араас нэг үл таних хүн хөөе гэж дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад үнссэн. Тэгээд тэр хүн баруун гараараа миний зүүн халаасанд байсан гар утсыг минь бариад авсан. Тэгээд би үнсээд байхаар нь уруулаас нь хазаад чирч байгаад гэрэлд гаргаж ирсэн. Тэгтэл тэр хүн миний нүүрний зүүн тал руу гараараа 1 удаа цохисон. Мөн баруун гараараа хоолойноос боосон. Тэгээд л миний утсыг аваад зугтаасан. ...миний хохирол болох 544.000 төгрөгийг Оюунбат нь төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-20-23/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-56-64, 66/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-67-68/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны З дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1 дүгээр гудамжинд иргэн М.Мөнгөнзулын LG Q6-А маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Мөнгөнзулын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Оын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Оын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Оыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнгөнзулд 544.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.О нь дээрх хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Оын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзав.

 

Шүүх шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн  дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                       

            1.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Д.О бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

            7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР