Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Ганбаатар,

          шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оад холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын гоёлын засварчин мэргэжилтэй, “Эрх цагаан гантиг” ХХК-д барилгын шаварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /РД:......................./;

Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 1 дүгээр гудамжинд иргэн М.Мөнгөнзулын LG Q6-A /Эл Жи Күй6-А/ загварын гар утсыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэж дээрэмдэн авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Дамдиндоржийн Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.О бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 104 тоотод эхнэр Э.Уугантуяа, 2 охиныхоо хамтаар амьдардаг бөгөөд миний бие нь ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээхийн хажуугаар цалингийн зээл, автомашины лизинг төлдөг. Миний хийсэн гэм бурууг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж зүйлчлэлийг минь өөрчилж өгнө үү.

Д.О миний бие 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед иргэн М.Мөнгөнзулын LG Q6-A загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булааж зугтсан нь үнэн болно. Би гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлсөн. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг мөн, гэм буруутай боловч “хүч хэрэглэж авахаар довтолсон" шинжээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг шүүх зөвтгөөгүйд гомдолтой.

Хэрэгт холбогдогч, хохирогч нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг харьцуулж үнэлэхдээ хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байгаа тухай өмгөөлөгчийн саналыг шүүхээс няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй.

Шүүгдэгч Д.Оын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял шийтгэсэн гэж үзэж байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэргийг магадлан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Оын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.  

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан нь нотлогддог. Анхан шатын шүүх хурал дээр хохирогч М.Мөнгөнзул оролцсон байдаг. Шүүгдэгч Д.О нь хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа. Ийм нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Миний хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 1 дүгээр гудамжинд иргэн М.Мөнгөнзулын LG Q6-A /Эл Жи Күй6-А/ загварын гар утсыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэж дээрэмдэн авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мөнгөнзулын “...нарийн гудамж руу ороод явж байтал араас дагасан эрэгтэй хүн “хөөе” гээд дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад үнссэн. Тэгээд баруун гар нь миний зүүн талын халаасанд байсан гар утсыг бариад авсан юм. ...зүүн гараараа миний нүүрний зүүн тал хэсэг рүү цохисон. Нөгөө эрэгтэй баруун гараараа хоолойноос боосон юм. Тэгээд би гар утсаа барьж байснаа тавихад миний утсыг аваад зугтаачихсан юм...” гэх /хх 18-21, 22-23/,

гэрч Э.Уугантуяагийн “...LG маркийн гар утас машинд нь суусан хүн хаясан байх гэж хэлээд авчирч байсан. Тэгээд тэр олсон гэх LG маркийн гар утсыг 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд “Сүртэй 2” гэдэг нэртэй ломбардад 80.000 төгрөгөөр тавиад буцааж аваагүй...” гэх /хх 27-28/,

гэрч С.Батжаргалын “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өөр өөрийн цахим үнэмлэхтэйгээ ирээд LG Q6-а маркийн гар утас 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх /хх 29-30/ гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-34/, хохирол төлөгдсөн тухай баримт /хх 35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Оад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих...” ялаар шийтгэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Оад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хохирогч М.Мөнгөнзулын “...нарийн гудамж руу ороод явж байтал араас дагасан эрэгтэй хүн “хөөе” гээд дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад үнссэн. Тэгээд баруун гар нь миний зүүн талын халаасанд байсан гар утсыг бариад авсан юм. ...зүүн гараараа миний нүүрний зүүн тал хэсэг рүү цохисон. Нөгөө эрэгтэй баруун гараараа хоолойноос боосон юм. Тэгээд би гар утсаа барьж байснаа тавихад миний утсыг аваад зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд хүч хэрэглэж дээрэмдсэн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн, үндэслэлтэй ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч Д.Оын “...Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ