Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч Т.Жавхлантөгс,

          Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын өмгөөлөгч Г.Мөнхбаяр,

          Шинжээч М.Эрдэнэжаргал,

          Гэрч Д.Сод-Эрдэнэ, Ж.Очиртулга, Б.Баяраа, П.Туяа, Г.Цагаанхүүхэн, Г.Бадамцэцэг, Б.Сайнцэцэг, Г.Болормаа, Б.Энх-Амгалан, Ц.Пүрэвхүү, Ц.Нямхүү, Л.Сайнсанаа,

          Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708029651106 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас 2012 онд Боловсролын тэрүүний ажилтан, 2014 онд Алтан гадас одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй, А.Б,

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч А.Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Б мэдүүлэхдээ: “2005 оны хичээлийн жил эхлэхэд Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газраас эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд өөрсдийн төсвөөр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг эцэг эхийн дэмжлэгээр шийдвэрлэх зааварчилгаа өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эцэг эхийн нээлттэй өдөрлөг хийж сурагчдын оронд эцэг эхчүүдийг авч ирж сурагч болгож сургуулийн үйл ажиллагаатай танилцуулсан. Энэ өдөрлөгийн орой дунд ангийн эцэг эхийн зөвлөлтэй уулзаад, дараа нь бага ангийн эцэг эхийн зөвлөлтэй уулзсан. Учир нь бага анги 3 ээлжээр орооод орой 19.45 цагт тардаг. Бага ангийхантай хуралдаж байхдаа Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас багш тус бүрт 1 нөүтбүүк өгсөн. Нөүтбүүк дээр бэлдсэн хичээлийг хүүхдүүдэд харуулах бэрхшээлтэй байна. Практик дээр проектор ашигладаг, проектор ашиглахаар заавал дэлгэц авч явдаг. Проектор, дэлгэц чирэхгүйгээр шийдэх хамгийн хялбар арга нь 42 инчийн зурагт ангид байрлуулах  байсан. Зурагт байрлуулах нь 2 ач холбогдолтой. Хэвлэлийн газруудаар орж олон зүйл хэвлэх шаардлагагүй болсон учир багшийн цалин өөрт нь шингэх боломж бий болсон. Эцэг эхийн зөвлөлтэй эхэлж хуралдсан  учир нь бага ангийн 42 бүлэг 1840 орчим хүүхэдтэй. Үүний цаана ийм тооны эцэг эх байгаа. Хүүхэдтэй нь нэмэхээр 1 сумын хүн амаас их буюу 5400 орчим хүн болно. Хүн бүрт хэлэх боломжгүй учир анги бүрээс 1 хүний төлөөлөл авч ирж мэдээлэл өгсөн. Дараа нь ангийн багш эцэг эхийн зөвлөлийн дарга нар ангидаа хурал хийсэн. Энэ хурлаар эцэг эхчүүд бүгд зөвшөөрсөн. 1 хүүхдэд 6700 төгрөг оногдсон. Энэ мөнгийг хураалгахад нэг ч хэл ам гараагүй. Маш богино хугацаанд зурагтуудыг авч ирж суурьлуулсан. Дараа нь багш нарт эч ти эм ай оролтыг авч өгсөн. Орчин үеийн шаардлага хангасан байдлыг бий болгосон. Орчин үеийн хөгжлөө дагасан зоригтой алхмыг бид хийсэн. Намайг буруутгах ажиллагаа иргэний шүүхээр шийдвэр гаргахаас өмнө хийгдсэн. Би 2017 оны 4 сард ажлаа өгсөн. Манай сургууль дээр өдөр бүр жижүүр багш байдаг. Өдрийн ээлж ортол байж байгаад үдээс хойш өөр жижүүр багш ирдэг. Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орсноос хойш гараас гарт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тийм учир эцэг эхчүүд өглөө хүүхдээ хүргэж өгөөд өдөр тарахад нь ирж авдаг. Ийм учраас эцэг эхийн төлөөллийг нэмж оруул гэж даалгавар өгсөн. Жижүүр багш нар эцэг эхчүүдээр гарын үсэг зуруулсан байх. Дахиж эцэг эхчүүдийг дуудаад шалгаж зуруулах зав надад байдаггүй. Энэ асуудлыг их олон янзаар бодож байна. Жижүүр багш зуруулсан байж болно. Тухайн хүүхдийг хэн ч ирж авсан байхыг үгүйсгэхгүй. Олон хүмүүс дотор ижил нэртэй хүмүүс байсныг өөр хүмүүсээр зуруулсан байхыг мөн үгүйсгэхгүй. Одоо ажлаа хийхгүй байгаа учир үүний учрыг олж чадахгүй байна. Жишээ нь Оюун-Өлзий багшийн ангийн Отгонцэцэг гэдэг хүнийг хуралд суугаагүй байхад нь асуулгасан гэдэг зүйл яригддаг. Гэтэл Навчаа багшийн ангийн Отгонцэцэгийг асуулгах байсан. Энэ талаар манай багш нар ярьдаг. Би боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан. Хүний хүүхдүүдийг буруу юм хийж болохгүй, буруу зүйл хийж болохгүй гэж сургаж ирсэн хүн. Надад хурлын тэмдэглэл худлаа бичээд хуурамчаар гарын үсэг зуруулах сэтгэхгүй байхгүй. Эцэг эхийн нэрийг оруулж бич гэж хэлдэг нь тухайн хурал болсон цаг хугацааг хурлын тэмдэглэл бичсэн хүнээр бус эцэг эхчүүдээр баталгаажуулах гэсэн бодол юм. Энэ нь Б.Сайнцэцэг, Г.Болормаа нарын мэдүүлгээр батлагдана. Хэрвээ энэ хүмүүсийн гарын үсгийг зуруулахаас төвөгшөөсөн бол хурлын тэмдэглэлд нэрийг нь оруулахгүй байсан. Сургуульд авсан зүйлсийг сургуулийн хөрөнгөд бүртгэдэг. Ингэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар хүсэлт явуулдаг. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт  явуулсан. 2016 онд сонгууль болсонтой холбоотой 4 дүгээр сард явуулсан бичгийн хариу 11 дүгээр сард ирсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулах гэж бэлдсэн бичигт “Жин пи” ХХК гэдгээрээ явсан. Хавтаст хэрэгтэй танилцахад “Жин Ли” ХХК гэсэн байдаг. Аль болох хүүхдүүдээс бага мөнгө хурааж зурагт авч өгөх гэсэн зорилготой байсан. Намайг сонгуультай холбоотойгоор ажлаас чөлөөлсөн. Миний ажлыг авсан хүний нөхөр нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ганзориг гэж хурандаа намайг өдий хүртэл ийм байдалтай явуулж байгаа юм. Нэг компаниас зурагт авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээг шалгаж авдаг ёс байхгүй. Ямар ч эд зүйл худалдан авсан яль болох хямд үнээр авахыг хичээдэг. Нийтдээ 8 удаагийн шалгалт ирсэн. Сүүлийн шалгалтаар 2015-2016 онд эцэг эхээс хандив цуглуулж авсан зурагтын асуудлыг шалгасан. 2016 онд Нямбаатар гишүүний хөрөнгө оруулалтаар 18 ширхэг зурагт авсан асуудлыг шалгаагүй. Зурагт тавьснаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль бүрэн цахим дэлгэцтэй сургууль болсон. Цааснаас бүрэн татгалзаж чадсан. Багш нар бүгд нөүтбүүкээрээ хичээлээ бэлдэж ирэх болсон. Цаг үетэйгээ нийцэх гэсэн асуудал л байсан. Худалдан авалт хийхдээ падаан бичүүлсэн. Бид нар уншихдаа “Жин Пи” гэж уншсан. Яллагдагчаар татагдаад хавтаст хэрэгтэй танилцахад “Жинли” гэдэг нэртэй компани болохыг мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд “Жин Ли” гэдгийг тодруулсан хүн байхгүй. Би өөрөө тодруулж улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад “Жин Ли” ХХК бүртгэлтэй байсан. Миний хийсэн үйлдэл хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийсэн зүйл байсан гэв.

          Эрүүгийн 1809053790323 дугаартай хэргээс:

          Хохирогч А.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд хийгдсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал А.Б нь эцэг, эхчүүдээс 2016 онд мөнгө хурааж төрийн сангийн дансанд байршуулалгүйгээр бэлнээр зарцуулсан болохыг тогтоосныг үндэслэн А.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. А.Б нь сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн. А.Бын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд эцэг, эхийн хурлын тэмдэглэл болон зарлагын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,

          Хохирогч А.Ууганбаярын дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9 дүгээр сургуульд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шалгаж дүгнэлт гаргасан. Уг шалгалтаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн 1, 2, 3 дугаартай хурлын тэмдэглэл байгаагүй харин зурагт худалдан авсан талаарх баримт байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33 дугаар хуудас/,

           Гэрч А.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эцэг, эхээс 2016 онд авсан 9.380.000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн. ...ажил олгогчид олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед Нийслэлийн дотоод аудитын газрын аудитороор ажиллаж байсан. 9 дүгээр сургуульд иргэдээс гомдол ирсэн гээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу санхүүгийн холбогдолтой шалгалтыг хариуцан хийсэн. Уг шалгалтаар 2016-2017 оны хичээлийн жилд эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө 9.380.000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй зөрчил илэрсэн. Сургуулийн нягтлан бодогчоос зурагт худалдаж авсан баримтыг нэхэхэд гаргаж ирээгүй ба зурагт худалдаж авсан баримтыг Нийслэлийн аудитын газар руу явуулсан гэхээр нь маргааш нь уг баримтыг шалгахад зөвхөн зарлагын баримт байсан. Зарлагын баримт буюу зурагт худалдаж авсан баримт нь эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй хамт байх ёстой. ...хурлын тэмдэглэлийн баримт байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36 дугаар хуудас/,

          Гэрч Т.Сэржмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны хичээлийн жил эхлэхэд сургуулийн бүх ангиудыг зурагттай болгоно гээд тухайн үеийн сургуулийн захирал А.Б, сургуулийн менежер Г.Болормаа нар бага ангийн багш нартай хурал хийсэн. Нэгдүгээр улиралдаа мөнгөө хурааж авч дуусга гэж хэлсний дагуу хүүхдүүдийн эцэг, эхээс 1, 2 дугаар улиралдаа мөнгөө хурааж дуусгасан. Нэг ангиас хүүхдүүдийнхээ тооноос хамаарч 799.000 төгрөг цуглуулж өгсөн. Тухайн үеийн 42 бүлгийн эцэг, эхийн зөвлөлийн дарга нарыг 2-3 удаа цуглуулж А.Б захирал хуралдуулж байсан. Эцэг, эхийн зөвлөлөөс нэг нэг эцэг, эх сонгож хамт явж зурагтаа авна гэж хэлэлцэж байсан. 2-р улирлын амралт дуусаад дараагийн улирлын хичээл эхлэхэд А.Б захирал “12 ширхэг зурагт миний өрөөнд байгаа, анги ангидаа тарааж өгнө, 2 ангийн багш мөнгөө бүрэн өгөөгүй тул 2 зурагт аваагүй, нөхөж авч өгнө” гэж хэлсэн. Ж.Туяа, Түвшинзаяа бид 3 мөнгөө гүйцээж өгөөгүй байсан бөгөөд улирал эхэлснээс хойш гүйцээж өгөөд зурагтаа авсан. Тэр үед багш нар фермийн зурагт авна гэж ярьж байсан яасан гээд хэл ам хийсэн. А.Б захирал “эцэг, эхчүүдийн төлөөлөл авч өгсөн, би өөрөө яваагүй” гэж хэлсэн боловч ямар ч эцэг, эх яваагүй байсан.  Миний мэдэхийн 5-р ангийн 8 бүлгийг төлөөлж байсан эцэг, эх болох Баярмаа надад “би яваагүй, сургууль зохицуулсан гарын үсгийг чинь зурчих уу гэж утсаар ярьсан” гэж хэлсэн. 3-р ангийн эцэг эхийг төлөөлж Сод-Эрдэнэ, 4-р ангийн эцэг, эхийг төлөөлж Туяа, 2-р ангийн эцэг, эхийг төлөөлж Отгонцэцэг, 1-р ангийн эцэг, эхийг төлөөлж Ж.Очиртулга  нар байсан бөгөөд бүгд зурагт авахад яваагүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

  Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 9 дүгээр сургуульд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор томилогдон ажилласан.  Миний хүлээж авсан үдэгдсэн баримт дотор сурагчдын эцэг, эхээс хичнээн төгрөг гаргуулж авсан, уг мөнгөөр ямар эд зүйл хаанаас худалдаж авсан талаар баримт байгаагүй. Зөвхөн 14 ширхэг зурагт худалдаж авсан зарлагын баримт, үндсэн хөрөнгийн тайлан байсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан сургуулийн нярав Цагаанхүүхэн, нягтлан Бадамцэцэг нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40 дүгээр хуудас/,

          Гэрч Д.Сод-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 онын хичээлийн жилд манай охин 3г ангид сурч байсан. Би тухайн үед 3г ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга байсан. ...сургалтын менежер Бямбацогт бүх бага бүлгийн эцэг, эхийн зөвлөлүүдийг дуудаж уулзаж хурал хийгээд ...зурагт авах үеэрээ дуудна гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж эцэг, эхийн зөвлөлүүдийн  хурал болон ангийн сурагчдын эцэг эхийн хурал болоогүй. Хүүхдүүд амраад хичээлдээ орох үед зурагтаа авсан байсан. Сургуулийн захиргаа зурагт авах санал дэвшүүлсэн. Эцэг эхийн зөвлөлүүдийн хурлаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй, зүгээр л ярилцсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар хуудас/,

          Гэрч Ж.Очиртулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 1б ангид сурч байсан бөгөөд би  тухайн үед 1б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. Бага сургуулийн зүгээс зурагт авах санаачлагыг гаргасан. Солонго багш эцэх, эхийн хурлаар санал тавихаар нь бүх эцэг эхчүүд ярилцаад олонхи нь дэмжсэн. Нэлээд хугацааны дараа эцэг эхийн хурал хийхэд цуглуулсан мөнгөөр ийм зурагт авсан гэж нэг Хятад зурагт үзүүлж байсан. Би эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцож байгаагүй бөгөөд тэмдэглэлд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Солонго багшийн ангийн хуралд оролцож тэр ангийн хурлын үеэр хурлын протокол хөтөлж байсан. ...эцэг эхийн хурал хуралдаад зурагт авах саналтай байна, үүнийг дэмжиж байвал гарын үсэг зур гэж эцэг, эхчүүдээр гарын үсэг зуруулсан. Би зурагт авах үед хамт явж гарын үсэг зураагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас /,

          Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 9 дүгээр сургуулийн 5-р ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. ...Сургуулийн зүгээс зурагт ав гэж санаачилсан. Сургуулиас ангиа зурагттай болгоно гэж байна гэхээр нь ангийн хурлаар ярилцаад протокол хөтлөөд мөнгө өгнө гэж эцэг эхчүүд зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд нэг хүүхдийн 7600 төгрөг хурааж багш нь авсан. Эцэг эхийн зөвлөлөөс санаачилж хурал хийж тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурж байгаагүй. Би ганцхан янзаар гарын үсгээ зурдаг. Зүгээр л Баяраа гэж бичдэг. Таталж гарын үсгээ зурдаггүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 дугаар хуудас/,

          Гэрч П.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 оны хичээлийн жилд манай хүү 9 дүгээр сургуулийн 4д ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. 2015 оны 10 дугаар сард сургуулийн хичээлийн эрхлэгч эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг цуглуулж “бид нар сургуульдаа зурагт авмаар байна, зурагтаар хичээл заавал үр дүнтэй байдаг, ангийн эцэг, эхчүүдэд зөвөөр ойлгуулж өгөөч” гэж хэлж байсан. Бид нарт хэлэлгүйгээр зурагт авсан байсан. Бид нарыг зурагт авах үедээ дагуулж яваагүй. Сургуульд зурагт авч өгөхөөр 3 удаа хурал хийгээгүй. Би нэг л удаа эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцсон. Ямар нэг тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Би гарын үсгээ нэг л янзаар таталж зурдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар хуудас/,

          Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 2а ангид сурч байсан. 2015-2016 онд эцэг эхээс хандив авч 14 ширхэг зурагт авсан гэдгийг одоо л сонсож байна. Би 9-р сургуульд очиж байгаагүй бөгөөд эцэг эхийн зөвлөлд байдаггүй. Эцэг эхийн хуралд манай нөхөр Дамдинхүү суудаг байсан. 2015 оны 10, 11 дүгээр сард эцэг эхийн зөвлөлийн хурал хийж тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж байгаагүй. Би гарын үсгээ нэг янзаар бичдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49 дүгээр хуудас/,

          Гэрч Н.Орхонсэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 2-р ангид суралцаж байсан. Сургуульд зурагт авч өгсөн талаар анх удаа сонсож байна. Би эцэг эхийн зөвлөлд 2015-2016 онд байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж байгаагүй. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд бараг очдоггүй. Хөдөө Архангай аймаг руу голдуу явдаг. Намайг Ж.Орхонсэлэнгэ гэдэггүй, Намсрайн Орхонсэлэнгэ гэдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар хуудас/,

          Гэрч Б.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Амгалансайхан ХХК-ны захирал юм. Манай компани хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явулдаг. 2009-2012 оны хооронд “Амгалансайхан” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллаж байсан. 9 дүгээр сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чадлын өсгөгч 2ш, зурагт 14ш, депузер 7ш худалдаж байгаагүй. Манай компани 2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...”, “...үдийн цай өгсөн зарлагын баримтыг няравт өгдөг байсан. Тухайн үед хүүхдийн тоо зөрчсөн тохиолдол элбэг гардаг байсан. Тийм учраас хүүхдийн ирцийн тоог засах /падаан буюу зарлагын баримт/ зорилготойгоор сургуулийн нярав, нягтлан нарт уг баримтын хувийг өгдөг байсан. Баримтууд нь манай “Амгалансайхан” ХХК-ийн тэмдэг дарагдсан хоосон бичигдээгүй баримтууд байсан. Тэр баримтаас ашигласан байх... гэх мэдүүлгүүд /1хх-ийн 51, 52 дугаар хуудас/,

          Гэрч Г.Цагаанхүүхэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 9 дүгээр сургуульд 2002 оноос хойш няраваар ажиллаж байна. 2015 оны намар сургалтын менежер Болормаа “ангиудын нэг хүүхдээс 7600 төгрөг хураан авч байгаа, уг мөнгөөр бага ангиудад зурагт авна” гэж хэлж байсан. Өдрийн тэмдэглэлээ харахад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр захирал А.Б нь надад “сургууль дээр хураагдаж байгаа мөнгөний тооцоо аваад ир” гэж үүрэг өгсөн байна. Тухайн үед мөнгийг Болормаа, Одбаяр нар хурааж авч байсан. Тухайн үед 9.800.000 төгрөг хуримтлагдах ёстойгоос 7.627.150 төгрөг хураагдсан байсан. Үүнээс дутуу нь 2.172.850 төгрөг байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирал А.Бд танилцуулсан байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирал А.Б над руу залгаад “зурагтын мөнгөө багцлаад байж бай, очиж авна” гэж хэлсэн. Болормаа багш “эцэг эхээ дагуулж явж зурагтаа авахгүй юм байх даа” гэж надад хэлж байсан. Тэгээд оройн 18 цагт А.Б захирал ирээд зурагтын мөнгө 9.226.000 төгрөг авсан баримт байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Б захирал “зурагт 15 цагт ирнэ” гэж хэлсэн. Орой  нь захирлын өрөөнд 10 ширхэг зурагт байсан. Дараа нь 4 ширхэг зурагт авч ирсэн. Зурагтнуудыг улсын өмч болгохын тулд Нийслэлийн өмчийн харилцааны  газраас зурагтнуудыг шинээр хүлээн авах хүсэлт гаргадаг. Зурагт авчихсан учраас хүсэлт гаргахын тулд зурагт зардаг 3 газрын үнийн харьцааг харуулсан падан авч материалыг нь бүрдүүлэн уг газарт өгөх ёстой болсон. Уг ажлыг захирал А.Б өөрөө хийсэн. Зурагтыг анх надад хүлээлгэн өгөхдөө баримт буюу падантай өгөх ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн баримт өгөөгүй. Сүүлд нягтлан бодогч Бадамцэцэг захирлаас уг баримтыг нь аваад өгсөн. Хуримтлагдах мөнгө бүрэн гүйцэт  төвлөрөөгүй байсан учраас төрийн санд тушаагаагүй байсан чинь захирал бэлнээр мөнгийг авсан. Нягтлан бодогч Бадамцэцэг надад “ Амгалансайхан” ХХК-ийн хоосон бичигдээгүй тэмдэг дарсан баримт өгөөд уг падан дээр бич гэж хэлсэн. Нэгэнт зурагт авчихсан болохоор уг падан дээр зурагт авсан бичилт хийсэн.  ...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

          Гэрч Г.Цагаанхүүхэний дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас өмчийг бүртгэх тушаал ирсэн. Нягтлан бодогч Бадамцэцэг “зурагтнуудыг баримтжуулж тайландаа оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь надад баримт өгөөгүй гэж хэлэхэд Амгалансайхан ХХК-ийн хоосон бичилт хийгээгүй баримт өгөөд наад дээрээ биччих гэж хэлсэн. Тэгээд уг баримт дээр 14 ширхэг зурагт, өсгөгч, депузер зэрэг эд зүйлсийг авсан талаар бичилт хийсэн. Амгалансайхан ХХК-ийн баримтыг хуурамч гэдгийг А.Б захирал мэдэж байгаа. Учир нь өөрөө надад зурагт авсан баримт өгөөгүй, тухайн компани манай сургуулийн гал тогоог ажиллуулж байсан. А.Б захирал Жимпи ХХК-ийн баримт өгч байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 1, 2, 3-ийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56 дугаар хуудас/,

          Гэрч Г.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2011-2017.04.01-ний өдөр хүртэл 9-р сургуульд нягтлан бодогчоор ажилласан. 2016 онд сургуулийн хүүхдүүдэд зурагтаар хичээл заана гээд зурагт авч байсан. Би зурагт авахад огт оролцоогүй. Бэлэн мөнгө авах асуудлыг нярав хариуцдаг. Харин баримтыг авч өмчид бүртгүүлэх ажлыг нягтлан бодогч хариуцдаг юм. Зурагт авсан баримтуудыг нярав авсан байгаа. Надад Амгалансайхан ХХК-ийн баримт байгаагүй. Би Г.Цагаанхүүхэнд баримт гаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар хуудас/,

          Гэрч Б.Сайнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 9-р сургуульд 2004 онд нарийн бичгээр ажилд орж байсан. Манай хүү 2017 онд 2-р ангид сурч байсан. Эцэг эхчүүдийн зарим нь “ямар үнэтэй зурагт авах гээд нэг хүүхдээс долоон мянга гаран төгрөг авдаг юм бэ” гэж хэл ам хийхэд сургалтын менежер Болормаа эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан хурал хийсэн.  Хуралдаад тэмдэглэл хөтөлсөн. Уг хурлын тэмдэглэлийг бичиж гаргачихаад явсан. Хурлын тэмдэглэлийг Болормаад өгсөн. Эцэг эхчүүд гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Хоёр удаагийн хуралд 1-5-р ангийн эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга нар ирж суусан. Захирал А.Б эхний хурал дээр байгаагүй, сүүлийн хурал дээр орж ирж зурагтаа авсан талаар мэдээлэл өгчихөөд гарсан. Захирал А.Б надаас “зурагт авсан баримт хурлын тэмдэглэл байхгүй бол болохгүй байна, чи эцэг эхчүүдийн хурал хийсэн хурлын тэмдэглэл бичээд өгөөч гээд хурал хийсэн он, сар, өдрийг мөн юу бичих талаар зааж өгөөд бичүүлсэн бөгөөд 2 удаагийн хурлын тэмдэглэл бичүүлж авсан ба хуралд суусан хүмүүсийн нэрсийг Болормаа хэлж өгөөд гаргасан. Тэрнээс хурал хийсэн зүйл байхгүй. Би эцэг эхийн хуралд сууж тэмдэглэл хөтөлж байсан зүйл байхгүй. Би тухайн үедээ хуурамч юм бичээд гаргасандаа санаа зовоод худал мэдүүлсэн...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар хуудас/,

          Гэрч Г.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 9 дүгээр сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сард захирал А.Б 12 ширхэг зурагт авсан байсан. Уг зурагтыг нь багш нарт тарааж өгсөн. Зурагт хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Няравын өрөөнөөс зурагтыг зөөж авчраад ангид суурьлуулсан. А.Б захирал “баримтын шалгалт ирэх гэж байна гээд гар бичмэл бичсэн зүйлийг албан ёсны болго” гээд өгсөн. Би эцэг эхийн төлөөллийн гарын үсгийг зураагүй, гар бичмэл болон нэрсийг нь компьютер бичээд гар бичмэлтэй хамт тэмдэглэлээ буцааж өгсөн. Сайнцэцэг надад хурлын 2 тэмдэглэл өгөөгүй. Би хуралд суугаагүй байхад намайг байсан  гэж тэмдэглэлд бичсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Сайнцэцэг, Г.Болормаа нарыг нүүрэлдүүлж байцаахад: Б.Сайнцэцэг “...1, 3 дугаартай 2 удаагийн хурлын тэмдэглэлийг бичиж байсан. А.Б захирал хурлын тэмдэглэл бичээд өг, тэмдэглэлд би, Болормаа багш, мөн эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг оролцуулж бичээрэй, эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг мэдэхгүй бол Болормаа багшаас асуурай гэж хэлээд бичүүлж байсан. 2 дугаартай хурлын тэмдэглэлийг мэдэхгүй байна. Эцэг эхийн гарын үсгийг зуралгүй А.Б захиралд өгсөн...” гэх мэдүүлэг,

         Г.Болормаа “...надад гар бичмэл бүхий хурлын тэмдэглэлийг буюу 2 дугаартай хурлын тэмдэглэлийг хуулж компьютер дээр бичээд гарын үсэггүйгээр А.Бд өгсөн. Гарын үсгүүдийг хэн зурсан талаар мэдэхгүй. 1, 3 дугаартай хурлын тэмдэглэлийг бичээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68 дугаар хуудас/,

          Гэрч Т.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015-2016 оны хичээлийн жилд 9-р сургуулийн хичээлийн менежерээр ажиллаж байсан. Бага ангийн 14 кабинетэд зурагт авах саналыг сургуулийн захирал А.Б гаргасан. Захирал нийт 14ш зурагт авсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Би эцэг, эхийн хурлын тэмдэглэл бичээгүй, тэмдэглэл протоколд гарын үсэг зурсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Б-аас гаргаж өгсөн материалын хуулбарууд /1хх-ийн 171-206 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1688 дугаартай шийдвэрийн хуулбар /1хх-ийн 211-219 дүгээр хуудас/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дугаартай магадлалын хуулбар /1хх-ийн 222-230 дугаар хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00416 дугаартай тогтоолын хуулбар /1хх-ийн 233-238 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Эрүүгийн 1708029651106 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

          Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 4 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /2хх-ийн 5 дугаар хуудас/, ял шалгах хуудас /2хх-ийн 6 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 12 дугаар хуудас/, арилжааны банкнуудын албан тоот /2хх-ийн 14-16 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, бакалаврын дипломны хуулбар, магистрын дипломны хуулбар /2хх-ийн 197-201 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 222 дугаар хуудас/, алтан гадас одонгийн үнэмлэхний хуулбар, түргүүний ажилтан үнэмлэхний хуулбар /2хх-ийн 244 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгч А.Б нь  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Б/82 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг  гаргажээ. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Анхан шатны сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл-5 хуудас бүхий нотлох баримтыг хавсаргажээ.

         

          Хэргийн оролцогчоос нэхэмжлэлийн шаардлага татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Шүүгдэгч А.Б нь иргэний шүүн таслах ажиллагааны оролцогчийн хувьд Анхан шатны сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи”ХХК-ий зарлагын баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж хуурамчаар бүрдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

           Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэдэгт баримт нотолгоог бий болгох агуулгыг нь гуйвуулж өөрчлөх, хуурамчаар хийх, зохиомолоор хасах юмуу нэмэлт оруулах, тамга тэмдэг, гарын үсэг тоо, тэмдэглэл, дүрс, хэлбэр, өнгө зүсийг өөрчлөх зэргийг ойгоно. Энэ гэмт хэрэг нь хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтыг эрүү, иргэн, захиргааны хэрэгт хавсаргаж тусгаснаар төгсөнө.

         

          Шүүгдэгч А.Б-ын үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 

          1.Шинжээч Д.Энхбаярын “...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зарлагын баримт” гэсэн баримтын зүүн доод хэсэгтт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл нь олон удаа ашиглах зориулалттай бар ашиглан үйлдэгдсэн тэмдгийн дардас байна.

          Дээрх шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсаар дарагдсан байна” гэх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1196 дугаартай дүгнэлт /1хх-ийн 72-73 дугаар хуудас/, дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 74-76 дугаар хуудас/,

          2.Шинжээч Д.Энхбаярын “...Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и гэсэн  дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Зарлагын баримт”-ын баруун доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас нь олон удаа ашиглагдах зориулалттай бар ашиглан үйлдсэн тэмдэгний дардас байнна” гэх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 919 дугаар дүгнэлт /1хх-ийн 78 дугаар хуудас/, дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 79-80 дугаар хуудас/,

          3.Шинжээч Д.Энхбаярын “...Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай хавтаст хэргийн “6-8” хүртэл дугаарлагдсан талд авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудсанд байх шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

          Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Очиртулга” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Очиртулгын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

          Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Туяа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Туяагийн гэх гарын  үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

          Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Сод-Эрдэнэ” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Сод-Эрдэнийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

          Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Баяраа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Баяраагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

          Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Отгонцэцэг” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Отгонцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй...” гэх 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 749 дүгээр дүгнэлт /1хх-ийн 83 дугаар хуудас/, дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 86-126 дугаар хуудас/,

 

          4.Шинжээч М.Эрдэнэжаргалын “...Шинжилгээнд ирүүлсэн “Амгалансайхан” ХХК-ийн зарлагын баримтны нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Цагаанхүүхэний гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын хувийн архивт хадгалагдаж буй Жимпи ХХК-ийн баримтын нөхөх хэсгүүдэд бичсэн шинжилж буй бичгүүд нь дармал, харьцуулах загвараар А.Б, Г.Болормаа, Б.Сайнцэцэг нарын дармал бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй.

          Жимпи ХХК-ийн баримтын доод хэсэгт “А.Б” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг болон “А.Б” гэсэн бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Б-ын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №1”-ийн доод хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3-ын 2-р хуудасны дунд хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Сайнцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2”-ын 2-р хуудасны доод хэсэгт О.Очиртулга гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга” урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Б.Отгонцэцэг” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Отгонцэцэг” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Т.Сод-Эрдэнэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Сод-Эрдэнэ” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Туяа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Туяа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Баяраа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.

          “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “О.Очиртулга”, “Б.Отгонцэцэг”, “Т.Сод-Эрдэнэ”, “Туяа”, “Баяраа”, “Ж.Орхонсэлэнгэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга, Отгонцэцэг, Сод-Эрдэнэ, Туяа,  Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдтэй харьцуулуулахаар О.Очиртулга, Б.Отгонцэцэг, Т.Сод-Эрдэнэ, Туяа, Баяраа, Ж.Орхонсэлэнгэ нарын гарын үсэг, бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй” гэх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5365 дугаар дүгнэлт /2хх-ийн 95-100 дугаар хуудас/, дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 101-131 дүгээр хуудас/,

 

          5. Шүүхийн хэлцүүлэгт оролцсон гэрч нарын мэдүүлэг:

Гэрч Г.Цагаанхүүхэн... Энэ зурагтыг бэлэн мөнгөөр авсан. Зурагт  2016 оны 1 сард ирсэн байх. Сайн санахгүй байна. Өмчийн зөвшөөрөл 2-3 сарын дараа ирсэн. Тайлангаа гаргах гээд баримтыг захирлаас 2 удаа асуусан боловч баримт өгөөгүй. Гэтэл жилийн эцэс болоод нягтлан тайлангаа гарга гэсэн. Захирал баримт өгөхгүй байна гэхэд ямар ч хамаагүй падаан дээр бич гээд шургуулганаасаа падаан гаргаад энэ дээр бич гээд өгсөн. Өмнө нь ингэж байсан. Тухайн үед юм бодоогүй. Өөрөө падаанаа бичсэн. “Амгалансайхан” ХХК-ийн падаан байсан гэв.

Гэрч Г.Бадамцэцэг..Оны эцэст тайландаа оруулах шаардлага гарсан. Падаан нь байхгүй учир “Амгалансайхан” ХХК-ны баримт дээр бүртгүүлчих гэж хэлсэн гэв.

Гэрч Б.Сайнцэцэг:  Би 2 хурлын тэмдэглэл бичсэн гэдгээ зөвшөөрнө. Хурлын тэмдэглэл бичсэн боловч эцэг эхчүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. А.Б захирлын нарийн бичиг нь Солонгос улс руу явсан үеэр би 2 сарын хугацаанд нарийн бичгийн ажлыг хийсэн. Эцэг эхийн 5 төлөөллийн нэрийг Г.Болормаа багшаас авч бич гэж хэлсний дагуу бичсэн. Надад хурлын тэмдэглэлийг мөрдөн байцаалтын шатанд үзүүлсэн. Миний үйлдсэн хурлын тэмдэглэл биш байсан. Гэвч гарын үсэг мөн байсан. Ерөнхий чиглэлийг захирлаас авсан.

     Гэрч Г.Болормаа... Албан ёсны тэмдэглэл байгаагүй. Тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэг байсан. Секц тус бүрээс нэг нэг эцэг эхийн нэр олж бич гэсэн гэв.

Гэрч Ж.Очиртулга... Би 1б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга. Би тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй гэв.

Гэрч П.Туяа... Анги ангиас төлөөлөл ирсэн. Би хүүхдийнхээ ангийг төлөөлж орсон. Тухайн хурал дээр зурагт авъя гэдэг санал гаргаж, эцэг эхчүүд ямар санаа бодолтой байгаа талаар ярилцсан. Хэдэн хүн байсныг санахгүй байна. Ирцийн бүртгэл дээр гарын үсэг зуруулсан. Хурлын тэмдэглэл дээрх гарын үсэг минийх биш байна. Би сүүлийн хурал дээр байсан. Зурагтыг хамт явж авъя гэсэн гэв.

Гэрч Б.Баяраа: Тухайн 1-5 дугаар ангийн эцэг эхийн төлөөллийн хуралд суугаагүй. Хурлын тэмдэглэл дээрх  миний гарын үсэг биш байна гэв.

      Гэрч Б.Энх-Амгалан...Зурагт авахтай холбоотой 7.000 төгрөг цуглуулсан. Би хандив цуглуулах үйл ажиллагаанд оролцоогүй гэв.

Гэрч Ц.Пүрэвхүү…2015 оны 2 дугаар улиралд бага сургуулийн анги бүрийг зурагттай болгоё гэж ярьсан. Тухайн хуралд бага ангийн багш нар анги тус бүрийн эцэг эхийн зөвлөл оролцсон. Эцэг эхийн төлөөлөл зурагтын үнийн судалгаа хийхээр болсон. Ж.Очиртулга манай секцийн төлөөлөл гэв.

Гэрч Л.Сайнсанаа… 2 удаа хурал хийсэн. Ангидаа 1 удаа хурал хийсэн. Тухайн үед Нямхүү гэдэг хүн эцэг эхийн зөвлөлийн хуралд орж байсан гэв. эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцоогүй гэв.

Гэрч Ц.Нямхүү... Манай 2 зээ 5 болон 1 дүгээр ангид сурдаг байсан. 1в ангийн хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Түүний дагуу сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хуралд орсон. Ангид зурагт авах нь зүйтэй байна гэсэн асуудал ярьсан. Энэ талаар ангидаа ирж мэдээлэл өгсөн. Хэдэн удаа хурал болсныг мэдэхгүй байна. 7500-7600 төгрөг хураахаар болсон. Энэ талаар эцэг эхчүүдэд хэлж мөнгийг хурааж няравт өгсөн гэв.

Гэрч Д.Сод-Эрдэнэ...Хүүхдийн өвлийн амралтын дараа зурагтыг ангиудад байрлуулсан байсаг. Хэдэн хүмүүсийг төлөөлж сонгоод тэдгээр хүмүүс нь үнийн судалгаа хийнэ гэж байсан. Надад энэ талаар хэлээгүй гэв.

          Шүүгдэгч А.Б-ын үйпдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийнн 1 дэх хэсэг “ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдалд 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь дээрдэж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд шүүгдэгч А.Б-ыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслтэй байна.

         Шүүгдэгч А.Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. А.Б-г иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ТӨМӨРХҮҮ