Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 255

 

А.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар магадлалтай, А.Б холбогдох 1708029651106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 41-114 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул Гардены 1106 дугаар байрны 1103 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Аийн Б.

А.Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Быг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12,250,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтын “...12,250,000 ...” гэснийг “...12,240,000 ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэжж үзэж байна.

Миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг авах зорилгоор эцэг эхийн зөвлөлийн хурлыг хуралдуулж сургалтын орчин бүрдүүлэх дэмжлэг авч байсан нь бодит байдал бөгөөд, харин тэр хурлын үйл явц, тэмдэглэлүүдийг хожим нь албажуулахдаа нарийн бичиг Б.Сайнцэцэг, бага ангийн сургалтын менежер Г.Болормаа нарыг оролцуулсан. Учир нь эдгээр хүмүүс нь ажил үүргийн хувьд энэхүү зохион байгуулж байгаа ажиллагаа, арга хэмжээнд хамааралтай байсан. Харин энэ хүмүүст хурлын тэмдэглэлийг албажуулах үүрэг өгөхдөө тухайлан эцэг эхийн төлөөлөл болгож тодорхой нэр өгөөгүй, өгөх ч боломж байхгүй. Энэ талаар Б.Сайнцэцэг, Г.Болормаа нар “мэдэж байгаа байх гэж л” би бодсон.

Б.Сайнцэцэг нь мэдүүлэхдээ “эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан хурал хийсэн, Хуралдаад тэмдэглэл хөтөлсөн. Уг хурлын тэмдэглэлийг бичиж гаргачихаад явсан. Хурлын тэмдэглэлийг Болормаад өгсөн. Хоёр удаагийн хуралд 1-5 дугаар ангийн эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга нар ирж суусан. Хуралд суусан хүмүүсийн нэрсийг Болормаа хэлж өгөөд гаргасан.” гэж мэдүүлсэн байдаг. Харин Г.Болормаа нь “А.Б захирал ... гар бичмэл, бичсэн зүйлийг албан ёсны болго гээд өгсөн.” гэж мэдүүлсэн байдаг.

Мөн гэрч Т.Сэржмядаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Тухайн үеийн сургуулийн захирал А.Б 42 бүлгийн эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг 2,3 удаа цуглуулж хуралдуулж байсан.Миний мэдэхийн 5дугаар ангийн 8 бүлгийг төлөөлж байсан эцэг эх болох Баярмаа миний гарын үсгийг зурчих уу хэмээн менежер Бямбацогт ярьсан гэх. Гэвч Мөрдөн байцаалтын явцад энэ хүнийг дуудаж асуусангүй. Мөн Т.Сэржмядаг хэмээх энэ багш бусад багш нараас илүү их мэдээлэлтэй байгаа учрыг өөрөөс нь болон бусад багш нараас лавлаж тодруулсангүй энэ багш одоо менежер болно хэмээн дээрхи ажиллагааг удирдаад менежрээ болж чадаагүй тул тархинд нь цус харвасан байдаг эдгээр хүмүүс ийнхүү зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад үүнийг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийн зөрүүг арилгаж чадаагүй.

Мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагчид болон прокурорт удаа дараа амаар болон бичгээр хүсэлт өгдөг боловч эдгээр хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргадаггүй, хүсэлтүүдийг огт биелүүлдэггүй. Эдгээр мэдүүлгүүдээс харж байхад тухайн үйл явдлууд бүгд бодитой болсон хэд хэдэн хурлын тэмдэглэл байсан бөгөөд харин мөрдөн шалгах явцад эдгээр нөхцөл байдлуудыг шалгуулах, тогтоолгох, гаргуулах талаар удаа дараа хүсэлтүүд өгч байсан боловч шалгаж шийдвэрлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөн л энэ талаар тайлбар, мэдүүлэг өгсөөр байхад үүнийг анхаарч нгүүх дүгнэлт хийгээгүй юм.

Мөрдөн байцаалтын явцад тодорхой зорилго чиглэлтэй асуултаар удирдсан хариултыг гэрчүүдээс авсан боловч энэ хурлууд болсон гэдгийг бүгд хэлдэг. Үүнийг төөрүүлэхийн тулд телевиз авахад дагуулж явна гэчихээд авч яваагүй гэж л хэлүүлсэн байдаг. Худалдан авалт хийсэн ажиллагаа нь хурал хийснээс бараг л сарын дараа болсон ажил, үүний өмнө эцэг эхчүүдээр дээрхи санал дэмжигдэхийн тулд эцэг эхийн зөвлөлийн хурал хийгдсэн. Энэ хурлууд болсон гэдгийг бүгд л хэлдэг. Гэрч Болормаа болон Сайнцэцэг нарын мэдүүлгэнд хурлын протокол гар ноорог байсан тухай гардаг боловч шүүгдэгчид хэрэгтэй байж болох зүйлд пгүүх, прокурор, мөрдөн байцаагч нар дүлий, хэлгүй, сохор болоод А.Б намайг буруутай болгон яллахаар улайран зүтгээд байгааг 4 удаагийн шүүх хурал дээр гайхан харж харамсан сууна.

Уг хэрэгт хамааралтай зөв мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг шүүх дурдцаггүй бөгөөд аль болох эсрэг үг өгүүлбэрүүдийг таслан дурдаж хэрэглэдэг. Яллах талаа хэт баримтласан үйлдлүүд мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд ч, шүүх хуралдааны явцад ч байнга давтагдаж байсан бөгөөд харин цагаатгах талын дүгнэлтүүд нэг ч удаа хийгдсэнгүй. Анх НБГ ын хуулийн зөвлөх А.Ууганбаярын :Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд онц чухал баримт болох эцэг эхийн хурлын тэмдэглэл болон телевиз худалдан авсан зарлагын падаан гээд гомдол өгөхөд тийм гээд л дагаад явцгаасан. Гэтэл ЧДИХАШүүх шийдвэр дугаар 182/ШШ2017/) 01688 гаргахдаа дээрхи 14 телевиз худалдан авч сургуулийн хөрөнгөд бүртгэх ажиллагаа нь 2015-2016 онд хийгдсэн нь үнэн байна.

Ажлаас халсан захирамжид дурдсан 2016-2017 онд хийгдээгүй байна гэж дүгнэхдээ дараах баримтыг үнэлжээ. СХД-н 9-р сургуулийн эцэг эхийн хурлын тэмдэглэл, СХД-н 9-р сургуулийн захирлын 2016.04.18ны өдрийн 69 тоот албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны даргын 2016.11.10-ны өдрийн А/89тоот эргэлтийн бус хөрөнгө бүртгэх тухай тушаал, түүний хавсралт, СХД ийн 9-р сургуулийн үндсэн хөрөнгийн тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн. Үүнээс харахад тус сургуулийн бага ангийн 1800 гариу эцэг эхчүүдээс 9,300,000 орчим төгрөг босгож дээрхи үндсэн хөрөнгө босгох ажиллагаа нь хурал хийж нэг биш олон удаагийн уулзалт хурал хийсний үндсэн дээр хэрэгжиж хийгдсэн нь хэнд ч ойлгомжтой атал мушгин гуйвуулж ямар нэг хууль зөрчүүлж, эсвэл зөрчсөн болгож харагдуулах ажиллагаа явагдаад байгаа нь улс төрийн үйлдэл болохоос биш энд хууль зөрсөн шүүхэд хуурамч материал гаргаж өгсөн/НБГын хуулийн зөвлөх А.Ууганбаярын хардснаар хуурамч гэдгийг мэдсээр байж/ зүйл байхгүй.

Тухайн үед ажил хариуцаж байсны хувьд сургуулийнхаа ажилтнуудад үүрэг өгөхдөө “албан ёсны болгож албажуул хэмээн үүрэг өгснөөс биш хуурамчаар гарын үсгийг нь зураад ир гээгүй”. Энэ хүмүүсийг ажлаа шударга хийсэн хэмээн итгэсэн. Эрхийн хувьд ч би цагдан шалгах эрх байхгүй. Уг хурлын протокол нь сургуулийн бичиг хэрэгт хадгалагдаж байсныг ажлаас халагдсаны дараа авч нгүүхэд өгсөн. Албан бичгийн ангилал зэрэглэлийн хувьд ч эцэг эхийн хурлын протокол нь хурал болсон тухай тэмдэглэл болохоос биш хөрөнгө бүртгэж авах зөвшөөрөл хүссэн, мөн зөвшөөрсөн, хөрөнгө бүртгэн авсан тайлан зэргийн хэмжээнд үнэлэгдэхгүйг давхар авч үзэхийг хүсч байна.

Сургуульд телевизор авсан нь мөн л бодит нөхцөл байдал бөгөөд шүүхэд гаргаж өгсөн “Жинпи” ХХК-ийн зарлагын баримт нь тухайн компанийн санхүүгийн тэмдэгтэй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр ч нотлогддог. Энэ компани нь хожим нь нэрээ өөрчилж бүртгүүлсэн байдаг. Харин миний бие болон өмгөөлөгчийн зүгээс энэхүү баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгуулах хүсэлт, гомдлыг мөрдөн шалгах, болон прокурорын шатанд удаа дараа гаргаж, энэ талаар шүүхийн шатанд ч мэдүүлсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний шүүх зарлагын паданыг ямар нэгэн байдлаар үнэлж үзээгүйн зэрэгцээ худалдан авалт хийх үед иргэн надад тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шалгах уг падан дээрхи тамга тэмдэг компанийн нэртэй таарч байгаа зэргийг шалгах эрх хуулиар олгогдоогүй болно.Мөрдөн байцаалтын явцад 9-р сургуулийн нярав,нягтлан хоёр зарлагын падаан сольж өөр падаанаар орлого авч нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа зөрчснөө хүлээсэн.

Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийвэл миний бие “нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлээгүй байгаа нь илэрхий байгаа” бөгөөд түүнийг хуурамч болохыг мэдэх боломжгүй байгаа болно. Мөн энэ талаарх санал, хүсэлтийг маань шалгаж, дурдагдаж буй нөхцөл байдлуудад тал бүрээс нь бүрэн гүйцэд дүгнэлт хийх боломжийг бүрдүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх, миний гэм буруугүйг нотлох бүрэн боломжтой байсан болно.

Мөрдөн байцаалтын явцад анх яллагдагчаар татахдаа 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018.09.24 ний өдөр яллагдагчаар татсан бол хэрэг шүүхэд шилжихийн өмнө 2002 оны хуулиар 253.1 болгон шилжүүлсэн байдаг. Гэтэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдснээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй, 1.1-д Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил өнгөрсөн хэмээн заасныг зөрчөөд өдий хүрч байна.

Жич: Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд түүнчлэн шүүгч арбитарч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл 3- 6 сар хугацаагаар баривчлах хэмээн заасан.Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдон 253.1 ийн хорих ялыг хэрэглэхээ больсон хэмээн улсын яллагч тайлбарладаг.Хэрэв хорих заалт хэрэглэгдэхээ больсон бол энэ хөнгөн хэргийн ангилалдаа багтаж орохгүй яваад байх уу? Хорих заалттайгаа байхдаа ч бас л энэ ангилалдаа багтахаар харагдаж ойлгогдоод байдаг. Гэх мэтийн олон олон эргэлзээ олон олон асуулт хуулиа нэг мөр ойлгож мэдэхгүй зүйлүүд их л байдаг юм байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож иргэн миний буруугүйг тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх, эс бөгөөс миний дээр дурдсан нөхцөл байдлууд, хүсэлтүүдийг дахин харгалзан үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субектуудыг орлцуулж хэмээн дүгнэсэн нь хууль буруу хэрэглэх үндэслэл болсон хэмээн үзэхээр байна. Учир нь энэ хэргийн хохирогч биш иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ууганбаярын өмгөөлөгч нь энэ хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож хэргийн хохирогч мэтээр шүүх хуралд оролцож явж байгаа нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болж байна гэж үзэж байна.

Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч А.Быг уг 9 дүгээр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй Жинпи ХХК-н зарлагын баримт зэрэг нотлох баримтыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хэмээн үзсэн нь хууль буруу хэрэглэх нэг үндэслэл болж байна хэмээн үзэж байна.

Учир нь дээрх нотлох баримтуудыг А.Б нь өөрөө үйлдсэн буюу нотлох баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж өгсөн гэдгийг ямар баримтаар нотолсон гэдэг нь тодорхойгүй. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэмээн тодорхой заасан байдаг.

Хяналтын шатны шүүхээс хүсэхэд, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Быг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр түүнийг гэм буруутай хэмээн үзэж ял оногдуулсан байх тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргасан. Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч А.Быг 9 дүгээр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй Жинпи ХХК-н зарлагын баримт зэрэг нотлох баримтыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хэмээн үзсэн нь хууль буруу хэрэглэсэн.

Дээрх нотлох баримтуудыг А.Б нь өөрөө үйлдсэн буюу нотлох баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж өгсөн гэдэг нь ямар ч баримтаар нотлогддоггүй. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд “...нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” гэж тодорхой заасан байдаг. Улсын бүртгэлт бүртгэлгүй Жинпи ХХК нь нэрээ өөрчилсөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дээрх асуудлаар ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч авч хэлэлцээгүй. Мөн хохирогч тодорхойгүй буюу иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хохирогч мэтээр шүүх хуралд оролцдог. А.Батжаргалыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Иймд түүнд холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б нь “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар ял оногдуулсан нь мөн хуулийг зөв хэрэглэсэн байна. А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа эцэг, эхээс хурааж авсан мөнгийг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан үндэслэлээр ажлаас халах сахилын шийтгэл авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч нотлох баримт болохыг мэдсээр байж гаргаж өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Хэрэг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Б холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байж болох нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх А.Бын үйлдсэн гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ, гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд харин ийнхүү дүгнэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамласан нь Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа болон хуулийг буцаан хэрэглэх эрүүгийн эрх зүйн ойлголтуудыг буруу ойлгож тайлбарласан, хооронд нь хольсон шинжтэй дүгнэлт болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хууль буцаан хэрэглэхтэй холбоотой дээрх заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах эсхүл, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” түүний өмгөөлөгч нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН