Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01106

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01106

 

 

Э.,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01856 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.,,,,,,,,,,

Хариуцагч: ,,,,,,,,,, ХХК, Н.,,,,,,,,,,,,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баасандорж

хувийн сууц, автогражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр болон газрын эзэмшигчээр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх, барьцаанаас чөлөөлүүлж, чөлөөлсөнтэй холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.,,,,,,,,,,аа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Э.,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хадат Вилла III хотхонд L7А байршил бүхий, нийт 273.57 м.кв /Сингл хаус талбай: 178.64 м.кв, гарааж: 40.87 м.кв, террас дээвэртэй: 31.59 м.кв, террас дээвэргүй: 15.14 м.кв/ талбай бүхий амины орон сууцыг гэрээнд заасан стандарт, загварын дагуу чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 750,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь амины орон сууцны үнийг бүрэн төлсөн.

Гэрээнд зааснаар орон сууцны өмчлөлийг барилга хүлээн авах, хүлээлгэн өгөх актаар хүлээлцэж, гэрээний зүйлийн төлбөр тооцоо гэрээний дагуу бүрэн хийгдсэн, чанарын асуудалгүй гэж талууд үзсэн тохиолдолд нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, орон сууцны өмчлөлийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй, шилжүүлэн өгөхтэй холбогдох тодорхой үйлдэл хийгээгүй.

1.2. Мөн амины ороны сууц нь иргэн Н.,,,,,,,,,,,,ын эзэмшлийн газар дээр баригдсан. Уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөөр ,,,,,,,,,, ХХК-тай тохиролцсон бөгөөд Н.,,,,,,,,,,,, нь эзэмшлийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд амины орон сууцны өмчлөгчөөр Э.,,,,,,,,,,ыг тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг ,,,,,,,,,, ХХК-д даалгах, газрын эзэмшигчээр Э.,,,,,,,,,,ыг тогтоох, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Н.,,,,,,,,,,,,д даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,, ХХК болон гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа бөгөөд зээл төлөгдөж дууссаны дараа Худалдаа хөгжлийн банкнаас барьцааг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэхүү барьцаа чөлөөлөгдөөгүй байгаа тул өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

Орон сууцыг манай компани нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцанд амьдарч байгаа.

Хадат вилла 3 төслийн замыг барих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Барьцаанд нь уг орон сууцыг барьцаалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н.,,,,,,,,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:

Банкны барьцаанаас чөлөөлөгдсөн тохиолдолд газрыг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,ыг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040497 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс үлдэх уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг болон барьцаанаас чөлөөлүүлэх, барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ,,,,,,,,,, ХХК-д даалгах, дээрх хаягт байрлах нэгж талбарын 1462706476 дугаартай, 203 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоох, эзэмших эрхийг шилжүүлэх болон эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Н.,,,,,,,,,,,,д даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, ХХК-аас 3,907,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахдаа орон сууцны газрыг хамтад нь нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Тухайн газарт амины орон сууц барьж, байгуулсантай холбогдуулан барилгыг барьсан ",,,,,,,,,," ХХК болон газрын эзэн Н.,,,,,,,,,,,, нарын хооронд харилцаа үүссэн эсэх, ямар тохиролцоо байгаа талаар шүүх тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй.

Хариуцагч Н.,,,,,,,,,,,, нь шүүхэд өгсөн тайлбартаа газрын эзэмшлийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүхээс зөвхөн анх гэрээ байгуулагдсан үеийн үйл баримтад ач холбогдол өгч, нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд газартай холбоотой асуудлаар амаар хэрхэн тохиролцсон болон талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үнэлэлгүй шийдвэр гаргасан.

Иймд Н.,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,ыг тогтоох, эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Н.,,,,,,,,,,,,д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нар болон гуравдагч этгээд оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040497 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, автогражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх, барьцаанаас чөлөөлүүлж, чөлөөлсөнтэй холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай,

хариуцагч Н.,,,,,,,,,,,,д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1462706476 дугаартай, 203 м.кв талбайтай газар эзэмшигчээр тогтоолгох, эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

2.1. Хариуцагч нар нь амины орон сууц, газар нь барьцаанаас чөлөөлөгдвөл шилжүүлж өгнө, харин чөлөөлөгдөөгүй тохиолдолд шилжүүлж өгөх боломжгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баасандорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын байр суурийг дэмжиж оролцсон.

 

3. 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн гэрээгээр ,,,,,,,,,, ХХК нь 273.57 м.кв талбай бүхий амины орон сууц, автограж, террасны хамт барьж хүлээлгэн өгөхөөр, Э.,,,,,,,,,, 750,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлж барагдуулжээ.

Мөн уг гэрээнд заасан амины орон сууц, автограж, террас нь Н.,,,,,,,,,,,,ын эзэмшлийн газар дээр баригдсан байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.1. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 80 хувийн гүйцэтгэлтэйгээр гуравдагч этгээд Ц.Баасандоржийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Үүний дараа ,,,,,,,,,, ХХК нь Э.,,,,,,,,,,тай гэрээ байгуулсан буюу бодитоор бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг талууд шилжүүлэх, тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Энэ талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

3.2. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040497 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, автогражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх, барьцаанаас чөлөөлүүлж, чөлөөлсөнтэй холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү шийдэлд нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

4. 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Өргөө групп ХХК-ийн захирал Ц.Баасандорж нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр тус компанийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1462706476 дугаартай, 203 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг Н.,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгчээ.

 

4.1. 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ,,,,,,,,,, ХХК болон Э.,,,,,,,,,, нарын байгуулсан гэрээний 12.3-т амины орон сууц барьсан газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр зохигч харилцан тохиролцжээ.

Уг гэрээний хэрэгжилтийн үр дагавар болох газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг хариуцагч Н.,,,,,,,,,,,, гаргасан. Харин газар эзэмшигчээр тогтоолгох шаардлага нь нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарч байх тул үүнийг шаардлагын хэмжээнд хянан шийдвэрлэснийг залруулна.

Иймд дээрх нэхэмжлэлийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ. Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна.

 

4.2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга, газар зохион байгуулалтын алба хянан шийдвэрлэж, холбогдох эрхийн гэрчилгээг олгодог тул нэхэмжлэгчийг газрын эзэмшигчээр тогтоох боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлажээ.

Иргэний эрх зүйн харилцааны солилцооны эргэлтэд орж буй газар эзэмших эрхийг иргэд өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлэх эрхтэй бөгөөд үүний дагуу Газрын тухай хуульд заасан журам, зохицуулалтын хүрээнд төрийн эрх бүхий байгууллага холбогдох эрх зүйн актыг гаргаж, бүртгэлийг хөтөлнө.

Мөн маргааны зүйл болж буй газар нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа нь газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй, түүнчлэн газар эзэмшигч солигдож буй Худалдаа хөгжлийн банкны барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хөндөхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,ыг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040497 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, автогражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дээрх хаягт байрлах нэгж талбарын 1462706476 дугаартай, 203 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэх болон эзэмших эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч Н.,,,,,,,,,,,,д даалгаж,

нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг болон барьцаанаас чөлөөлүүлэх, барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ,,,,,,,,,, ХХК-д даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,ы тэмдэгтийн хураамжид төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, ХХК-иас 3,907,950 төгрөг, хариуцагч Н.,,,,,,,,,,,,аас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ