Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0949/З |
Дугаар | 297 |
Огноо | 2017-04-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 297
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Б.А
Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Б.Аийн ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Б.А 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-ны 38 тоот дүүргийн сонгуулийн хорооны албан бичгээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Нт Сонгуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.3 дахь хэсгийг дурдан цалинтай чөлөө олгох тухай албан бичиг хүргүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128-р тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга гээд сонгуулийн хууль зөрчин, тушаалаа буруу бичин ажлаас үндэслэлгүй халсан. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.”, 29.3 дахь хэсэгт “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно.” гэж тус тус заасныг зөрчиж ажлаас халсан. Иймд хууль зөрчин ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин авах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг буруутай этгээдээр гаргуулах шаардлага тавьж байна.”
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аийг ажлаас чөлөөлсөн бөгөөд үндэслэлээ дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан гэжээ.
Уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр тушаал зэргээс үзэхэд миний эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал \ажлын байр\-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц дэх Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” баталгаагаар төрийн албан хаагч хангагдахаар заажээ.
Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн албаны ТЗ-6 зэрэглэлд хамаарч байгаа, өөрөөр хэлбэл, миний урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлээс буурч байгаа боловч үүнийг хүлээн зөвшөөрч дээрх хуульд заасан баталгааг хангагдах эрхтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүднээс Б.Аийн ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолын 7 дахь заалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсөн.
Дээрх тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль хэрэгжүүлэх тухай” А653 дугаар захирамжаар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийг татан буулгаж, Хөдөлмөр, халамжийн хэлтсийг байгуулсан.
Нэгэнт Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан, хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон тул Б.Аийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” 29.3-т “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно” гэж заасан.
Дээрх зохицуулалт нь сонгуулийн хороонд ажиллаж буй албан хаагчийг баталгааг хангасан зохицуулалт боловч тухайн байгууллага нь татан буугдсан тохиолдолд баримтлах хуулийн зохицуулалт биш юм. Нэгэнт Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон, байгууллага татан буугдсанаар Б.Аийн сул цалинжуулах боломжгүй тул чөлөөлөх шийдвэр гаргах хуульд нийцсэн юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах” гэжээ. Гэтэл тухайн орон тоо байхгүй тул хэрэгжих боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Аймаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсүүд нэгдэж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсонтой холбогдуулан \хуучнаар\ Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар тус тус чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Б.А нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3953178 төгрөг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн биеэр өргөдөл гарган ажилгүйдлийн тэтгэмж болох 2926211 төгрөгийг тус тус авсан байна.
Б.А нь ажилгүйдлийн тэтгэмж болон эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан нь түүнийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шинэчлэгдэн зохион байгуулагдаж байх явцад Б.Ат Хөдөлмөр, эрхлэлтийн албаны мэргэжилтнүүдийн ажлын байрнаас дуртайгаа сонгон авч ажиллах боломжтой талаар санал болгоход мэргэжилтнээр ажиллахгүй гэдгээ албан ёсоор өөрөө
мэдэгдсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь тус шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалингаа авах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгах”-аар нэмэгдүүлэн өөрчилсөн болно.
Нэг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар “Б.А-ийг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаалаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр хэлтсийн дарга *******ын А-ийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаас бусад маргаан хамаардаггүй тул харьяалан шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...намайг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу дүүргийн Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд Б/128 дугаар анхны тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга гэж буруу бичиж, Сонгуулийн хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.” гэсэн заалт, 29.3 дахь хэсэгт “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасны дагуу миний хариуцаж байсан чиг үүргийн дагуу тухайн хэлтэс нэгдсэн ч гэсэн нэг хэлтэс дотроо Хөдөлмөр, эрхлэлтийн албаны дарга гэсэн орон тоогоор хөдөлмөрийн чиг үүрэг, хийж байсан ажил нь хэвээрээ байгаа. Би чиг үүргийнхээ ажлыг хийе гэсэн болохоос биш тамга, тэмдэг барья гэсэн шаардлагыг тавиагүй...”гэж маргажээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас “...Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар орон тоо хасагдсан, тухайн байгууллага нь татан буугдсан үндэслэлүүд явж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй юм. Яагаад гэвэл Хөдөлмөрийн хэлтэс гэдэг байгууллага нь байхгүй болсон. Хөдөлмөрийн хэлтсийн дарга гэдэг албан тушаал байхгүй болсон байхад Сонгуулийн хороо татан буугдах хүртэл даргаар нь үргэлжлүүлэн ажиллуулаад цалинг нь олго гэсэн баталгаа хамаарахгүй...” гэж, харин хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас “...Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Б.Аийг ажилд орохыг санал болгосон. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болсон тэмдэглэл нь байгаа. Ингээд 2016 оны оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүтцээ хийгээд, мэргэжилтнүүдээ томилсон. Татан буугдаад, шинээр орон тоо байгуулагдсан. 70 гаруй орон тоо цөөрөөд, 42 орон тоо батлагдсан. Үүнтэй холбогдуулаад ажил үүргийн хуваарь өөрчлөгдсөн. Үүнээс өмнө нэг зүйл болсон. Байгууллага татан буугдахад бүх эд аж ахуйг хүлээлгэж өгөх ёстой болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын мэдэлд байсан бичгийн ширээ, 2 ширхэг сандал байхгүй, “Dell” компьютерийн оронд “Acer” компьютер өгсөн. Мөн сэйфээ сольсон асуудал гарч ирсэн...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан үгүйсгэжээ.
Нэг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.Нэхэмжлэгч Б.А нь /хуучнаар/ Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогджээ.
Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар “Б.Аийн ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаал гартал тэрээр тогтвор суурьшилтай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан бөгөөд энэ хооронд Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Аийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах хорооны гишүүнээр томилогдон Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу цалинтай чөлөөтэй байжээ .
Хариуцагчаас уг маргаан бүхий Б/127 дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамж...”зэргийг үндэслэлээ болгосон байна.
2. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаар бүхий “Засгийн газрын агентлагийн.талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог хавсралтаар баталсны дотор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог нийт 47, хэлтсийн дарга-1 байхаар тогтоосон байна.
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 08 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хэвээр хадгалагдсан”, “цөөрсөн”, “хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.
Гэтэл хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Аийг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан, үүнийгээ “...орон тоо хасагдсан, тухайн байгууллага нь татан буугдсан...” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь энэ тохиолдолд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бг томилохдоо нэхэмжлэгч Хөдөлмөрийн салбарын мэргэшсэн албан хаагч нэхэмжлэгч Б.А нарын хоорондын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журамтай байхад шалгаруулалт явуулаагүй, нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Мөн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн албан тушаалыг илэрхий алдаатай гаргасаны зэрэгцээ нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд томилогдон ажиллаж байх хугацаанд түүнийг үндсэн ажлаас нь чөлөөлж Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэж заасныг баримталсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд хэрэглэгдэхгүй заалт болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаал хууль бус нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ТЗ-6-/5/ шатлалаар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ингэхдээ түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг шилжүүлэн тооцож үлдэх мөнгийг нь хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хоёр: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын хүрээнд “...хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, шаардлага нь үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....яаманд Хөдөлмөр халамжийн хэлтэс татан буугдсантай холбогдуулаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж, дотроо албатай болно гэж сонссон учраас Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар дотор нь үлдээж өгнө үү гэсэн өргөдлийг өгч байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад өөрийнхөө биеэр очиж өргөдлөө өгч байсан...” гэх мэдүүлэг , “...нэхэмжлэгч маань 2016 оны 09 дүгээр сард албаны даргаар үргэлжлүүлэн ажиллах өргөдлөө сайдад өгч байсан гэж хэлж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргаж байсан. Үүнтэй маргахгүй...” гэх хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг , шүүхийн хэлэлцүүлэгт “...Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Б.Аийг ажилд орохыг санал болгосон, үүнтэй холбогдуулаад мэргэжилтнээр ажиллахгүй гэсэн саналаа тавьсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болсон тэмдэглэл нь байгаа. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүтцээ хийгээд, мэргэжилтнүүдээ томилсон. Гэтэл аудитын дүгнэлтээр хандиваар авсан зүйлийг тайландаа тусгахгүй байж байгаад дараа нь өгсөн. Энэ мэтчилэн зөрчил гарсан. Ийм учраас ёс зүйгүй дарга байж болохгүй гэж үзэх үндэслэл бий болсон...” гэх хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сийн мэдүүлэг , хэрэгт авагдсан баримт зэргээр нэхэмжлэгч Б.А нь эрх зүйн байдлаа илтэд дордуулалгүй мэргэшсэн салбартаа буюу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар ажиллах саналаа дээд шатны эрх бүхий албан тушаалтанд урьдчилан хандаж, татгалзсан хариуг авсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.А нь Хөдөлмөрийн салбарын мэргэшсэн албан хаагч байх бөгөөд түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хөдөлмөрийн албанд хэвээр хадгалагдан үлдсэн. Төрийн албан хаагчийн хувьд үргэлжлүүлээд ажиллах ёстой. Акт нь өөрөө хууль зөрчиж гарсан...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шийдвэрийн нэг дэх хэсэгт шүүх хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Хөдөлмөр болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Аийг тухайн байгууллагад мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлээгүй нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “... бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаа, 27.2.3-т заасан “...үргэлжлүүлэн ажиллах” эрхийг буюу төрийн албаны хаагчийн хуулиар хамгаалагдсан ажиллах нөхцөл баталгааг тус тус болохыг тогтоосон.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан.
Харин нэхэмжлэгч Б.А нь төрийн жинхэнэ албан хаагч болсоноос хойш хөдөлмөрийн албаны даргын албан тушаалын хүрээнд эрхлэх ажилтай холбогдсон чиг үүргээ маш сайн хэрэгжүүлэх, туршлага, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин гэдэг нь түүний нигмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн 2010-2016 онд хүртэл эрхэлж байсан ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлээс харагдаж байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” Төрийн албаны зарчмыг энэ тохиолдолд баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан 2 ажлын байрны тодорхойлолтоос харахад бодит байдал дээр нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр бүтэц зохион байгуулалтын дүнд бий болсон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байх тул түүнийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилуулан ажиллуулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгахаар шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Ат 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 4 сар 00 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.419.488 / таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны баримтлан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд *******ын Аийг томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР