Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 114/2019/0004/З |
Дугаар | 221/МА2019/0529 |
Огноо | 2019-10-09 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0529
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Б, Д.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тс заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудаснаас “Б” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн татвар 5,503,947.60 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...1.3ахиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Үүнд:
“Б” ХХК нь ... “М э и” ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 431242811 дугаартай падаанаар 10,000,000.0 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 582828586 дугаартай падаанаар 26,363,636.36 төгрөгийн, нийт 36,363,636.36 төгрөгийн бараа, материал худалдан авсан гэх хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 3,636,363.60 төгрөгөөр бууруулсан болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдож байгаа бөгөөд тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, ажил гүйлгээг нягтлахад “М э и” ХХК-тай холбоотой зарлагын баримт нь дугааргүй, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй, кассын орлогын ордер нь дугааргүй, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэггүй, кассын зарлагын гүйлгээ, үлдэгдэл нь дээрх компанитай хийсэн бэлэн мөнгөний гүйлгээний дүнтэй зөрүүтэй зэрэг нь анхан шатны баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх дараах хуулийн шаардлага хангагдаагүй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.6-д “ Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хасч тооцохоор хуульд зохицуулсан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтуудыг зөрчин хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
2. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнд:
Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд дурдагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтийн хавсралт нэгтгэл №1, хавсралт нэгтгэл №2, нэгтгэл №1, хавсралт №3, хавсралт №6-г нотлох баримтын хүрээнд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулаагүй, “М э и” ХХК-ийн борлуулалтын падааны жагсаалтыг цахим тайлангийн системээс гаргуулж аваагүй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нотлох баримтыг гаргуулан авахдаа зөрчилтэй падааны жагсаалтыг гаргуулж нотлох баримтад ашиглаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан байхад шүүх өөрөө нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй гэж тайлбар өгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс нотлох баримтыг гаргуулаагүй.
3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд: “М э и” ХХК-ийн захирал Р.Б нь “М э и” ХХК-ийн нэрээр 2012, 2015, 2016 онуудад 640 нэгжид 184,217,012,097.0 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.0 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлсхийсэн ... гэсэн нь гомдол гаргагчийн хувьд тус компаниас бодитой худалдан авалт хийсний үндсэн дээр авсан бус, харин энэ нь НӨАТ-ын хий бичилттэй падаанаар НӨАТ төлөх дүнгээ 3.636.363.60 төгрөгөөр бууруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх “Мо э и” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол зэргээс үзэхэд буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн хэрнээ “Б” ХХК-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, сэжигтэн, гэрчээр байцаалт, мэдүүлэг аваагүй, дээрх 2 ширхэг НӨАТ-ын падаан нь хий бичилттэй эсэхийг тогтоогоогүй гэж үзэн татварын улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5.503.947.60 төгрөгийн төлбөрийн хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй.
4. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэж заасан хэрэг маргааныг энгийн журмаар шийдвэрлэж, 113 дугаар зүйлийн 113.2-т “... шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад шийдвэр гаргахдаа процесс алдаа гаргасан нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаар шийтгэлийн хуудсаар 5,715,591.90 төгрөгийн төлбөр оногдуулснаас 5,503,947.60 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, хууль зүйн үндэслэл нь буруу байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Б нар “Б” ХХК-ийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2016 онд хэсэгчилсэн, 2017 онд бүрэн хяналт шалгалт хийж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2016 оны 08 дугаар сарын 31-нд 431242811 дугаартай падаанаар 10,000,000.00, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 582828586 дугаартай падаанаар 26,363,636.36 төгрөгийн, нийт 36,363,636.36 төгрөгийн төлбөрийн худалдан авалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон” гэх үндэслэлээр Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасны дагуу 192201872 дугаар шийтгэлийн хуудсаар 37,966,177.00 төгрөгийн зөрчилд 5,715,591.90 төгрөгийн төлбөр оногдуулжээ.
Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 211,617.30 төгрөгийг төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх “5,503,947.60 төгрөгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай компанийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр татварын улсын байцаагч нар шалгаж, 1,493,447.00 төгрөгийн торгууль тавьсныг төлсөн. Гэтэл жилийн дараа дахин шалгалт хийж төлбөр ногдуулсан нь ойлгомжгүй байна, ... татварын албанд бүртгэлтэй, цахим сүлжээнд бүртгэгдсэн татвар төлөгч “М э и” ХХК-аас худалдан авалт хийсэн тул зөрчил гарах боломжгүй, ... 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “П А” ХХК-аар санхүүгийн тайлан, тэнцэл хийлгэхэд манай компанийг зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан, зөрчилтэй байсан бол дээрх шалгалтаар илрэх байсан” гэж тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... “Б” ХХК нь “М э и” ХХК-аас 2016 оны оны 08 дугаар сарын 31-нд 431242811 дугаартай падаанаар 10,000,000.00 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 582828586 дугаартай падаанаар 26,363,636.36 төгрөгийн, нийт 36,363,636.36 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж маргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь илэрхий тодорхойн улмаас зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд, мөн холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр байна.
Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Б нар “Б” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 онд хэсэгчилсэн, 2017 онд бүрэн шалгалт хийж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 192201872 дугаар шийтгэлийн хуудсаар 5,715,591.90 төгрөгийг төлбөр оногдуулсан нь хууль бус болжээ.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаартай албан бичгүүд, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 58 дугаар тогтоол, шийтгэлийн хуудсыг танилцуулж, гардуулсан тухай тэмдэглэл, “Б” ХХК-ийн өгсөн тайлбар зэрэг баримтуудаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой болсон гэж үзэхээргүй байхаас гадна холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл бий болоогүй байхад “Б” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар уг зөрчлийг “Хялбаршуулсан журам”-аар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсаар 5,715,591.9 төгрөгийн төлбөр оногдуулсныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Б нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 5,503,947.60 төгрөгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ