Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 19

 

                                   

 

 

 

 

 

 

 

Б.Дэмбэрэлд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:    

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Б.Энх-Амгалан

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан гомдлоор Б.Дэмбэрэлд холбогдох эрүүгийн 2016 1900 0766 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн овоот 5-4 тоотод оршин суух, одоо Тэнхун ХХК-нд операторчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Урианхай овогт Батбаярын Дэмбэрэл, /РД:НМ94090912/.

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Наран толгой” гэх газар П.Ганхуягийг санаатайгаар зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 44 дугаар шийтгэх тогтоолоор: Урианхай овогт Батбаярын Дэмбэрэлийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэмбэрэлийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дэмбэрэлд оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж,

Ялтан Б.Дэмбэрэлд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Дэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Ялтан Б.Дэмбэрэл нь хохирогч П.Ганхуягт 900.000 төгрөг төлсөн хохирогч П.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Миний бие З.Ганчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн 2016190000766 дугаартай хэргийн хохирогч П.Ганхуягийн өмгөөлөгч уг хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх Б.Дэмбэрэлд хэт хөнгөн ял оноосон гэж үзэж байна. Үүнд: 1. Шүүх Б.Дэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.41.9 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг нь харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан талаар дүгнэжээ.

Гэтэл Б.Дэмбэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй, хохирогчийн 3 шүд хугарсан / шүүх хуралдааны дараа шүдээ авахуулсан/, одоог хүртэл шүд хийлгээгүй бөгөөд шүүгдэгч Б.Дэмбэрэл нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн байдал байхгүй байсан. Ийм байхад шүүх түүнд 1 сар 15 хоногийн баривчлах ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай хэрэг учраас шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан байдлыг чухалчлан авч үзэх ёстой.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид учирсан хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэлгүй орхигдуулсан нь тогтоол хууль ёсны гарсангүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно...” мөн хуулийн 228.4 дэх хэсэгт “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж заасны дагуу хохирогч П.Ганхуяг өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд уг шаардлагыг шүүх хангах ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор шүд хийлгэх зайлшгүй зардалд хохирогч баримтаар 7.650.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг ялтан Б.Дэмбэрэлээс гаргуулж өгнө үү.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, шүүхээс ялтанд оногдуулсан ял нь ялтны гэм буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй зэрэгт тохирсон эсэхийг хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Урианхай овогт Батбаярын Дэмбэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Наран толгой” гэх газар согтуугаар П.Ганхуягтай маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Дэмбэрэлийн “... би Ганхуягтай маргалдаад нэг удаа гараараа нүүр лүү нь цохиход Ганхуяг доошоо ухраад тонгойсон тэгэхээр нь би нүүрлүү нь нэг өшиглөсөн... бид хоёр хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодолдсон. Би Ганхуягийг эхэлж цохиод намайг эргүүлээд цохиход нь би түүн рүү өшиглөсөн... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна” гэсэн,

Хохирогч П.Ганхуягийн “...Дэмбэрэл бууж ирээд уурлаад бид хоёр барьцалдаж аваад би барьж авах гэж байгаад газар унасан. Тэр үед Дэмбэрэл ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь би хугарсан шүдээ гараараа аваад Мөнхжаргалаа шүд уначихлаа барьж бай гээд өгөхөд Дэмбэрэл дахиад өшиглөсөн” гэсэн,

 Гэрч Д.Тэлмүүний “...ард дуу чимээ гараад Ганхуяг аваач гээд намайг дуудсан тэр үед Дэмбэрэл Ганхуягийг газар унагачихсан дээр нь гарчихсан байхаар нь би Дэмбэрэлийг салгаж авсан” гэсэн,

    Гэрч С.Мөнхжаргалын “...Ганхуяг ганцаараа доошоо харчихсан Дэмбэрэлд зодуулчихлаа гээд сууж байсан ... Дэмбэрэл надыг зодоод шүд унагачихлаа гэж хэлсэн...намайг харахад хамар амнаас нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлгүүдээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 95 тоот дүгнэлтэнд:

 1. 2016.10.14-ний дөрийн 14283 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

 2. П.Ганхуягийн биед хамар ясны далд хугарал, дээд зүүн 1, 2-р шүдний ёзоорын хугарал, дээд баруун 2-р шүдний цөгцний хугарал, дээд баруун зүүн 1-р шүдний ёзоор сулрал, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, эрүүнд зулгаралт, цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх, унах үед үүсгэгдэх боломжтой, ШЭГЗТЖурмын 2.4.1, 2.4.2-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

 4. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги 10% нөлөөлнө” гэсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн давж заалдах гомдлыг судалж үзэхэд;

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч П.Ганхуягаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал, тээврийн хөлс гэж нийт 607 800 төгрөгний баримт өгснөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Дэмбэрэл нь 900 000 төгрөг төлсөн байна /хх-26-31/,

Шүдний эмчлэгч эмч Э.Батцэцэг “Амбулаториор эмчлүүлэгчийн картанд” давтан 10 сарын 24-нд ирж үзүүлэх, төлбөр 35 000 төгрөг болно, 10 сарын 26-нд эмчилгээний төлбөр 159 200 төгрөг болно” гэж бичсэнийг / хх-85-86/, хохирогчийн эмчилгээ хийлгэхэд гарсан зардал гэж үзэхээргүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ганхуягаас “...сувгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрөө авчихсан” гэж мэдүүлснээс үзвэл хэрэг бүртгэлтийн шатанд Д.Дэмбэрэл нь хохирогчоос баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болон тээврийн хөлсний зардлыг илүү төлж төлбөрийг барагдуулсан байна.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч дээрх төлбөрөөс гадна ажилгүй байсан хугацааны цалин 1 575 000 төгрөг, шүд хийлгэх, эмчлүүлэхэд гарах зардал 7 650 000 төгрөг, нийт 8 933 500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлж, шүүгдэгчээс нэхэмжилжээ /хх-140,142/.

Анхан шатны шүүхээс хохирогчийн шүүхийн шатанд нэхэмжилсэн дээрх төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн нь буруу биш байна. Тодруулбал

а/. Хохирлын төлбөрийн дүн зөрүүтэй, тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл хохирлын нийт дүн 8 933 500 төгрөг биш 9 225 000 төгрөг болж байна. / 1575 000+7 650 000/ Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирлоо үнийн дүнтэйгээр шаардаж байгаа тохиолдолд хохирлын хэмжээ тодорхой байх ёстой.

б/. Хохирогчоос 45 хоног ажилгүй байсан хугацааны цалин 1 575 000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэх боломжгүй байна.

в/ Хохирогчоос “Эвада” шүдний эмнэлгийн үнийн санал /хх-75/ гэх баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

 Иргэний хуулийн 228 дүгээр зүйлийн 228.4-д зааснаар хохирогч П.Ганхуяг нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор учруулсан этгээд болох Б.Дэмбэрэлээс шаардах эрхтэй боловч Эвада шүдний эмнэлгийн үнийн санал өгсөн албан бичиг дээр тулгуурлан 7 650 000 төгрөгийг гаргуулахаар эрүүгийн хэрэгтэй хамтатган хянан шийдвэрлэх нь нотлох баримтын хувьд хангалттай биш байна.

     Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 95 тоот дүгнэлтээр хохирогч П.Ганхуягийн 2 шүдний ёзоорын хугарал, 1 шүдний цөгцний хугарал, 1 шүд ёзоор сулрал зэрэг нийт 4 шүдэнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.

 

Гэтэл 3 шүдийг авч хиймэл яс хийх болон нөхөх /GBR/, 2 шүдэнд имплант /Implant/ хийх, 2 шүдэнд холбогч хийх /CCM abutment/, 3 шүдэнд бүтэн шаазан бүрээс хийх /Full Zirconia/ зэргээр хохирогчийн өөрийнх нь хүсэлтээр Эвада шүдний эмнэлэг эмчилгээ үйлчилгээний үнийн санал гаргасан байна.

 “Эвада” шүдний эмнэлэг нь шүдний хувийн эмнэлэг байх ба бусад хувийн эмнэлгүүд шүдэнд имплант хийх, хиймэл яс хийх болон нөхөх, бүтэн шаазан бүрээс хийх зэргээр нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг ямар үнэтэйгээр үзүүлдэг эсэх, эдгээр эмчилгээ үйчилгээг улсын эмнэлгүүд хийдэг эсэх, шүдээ сэргээн засварлах биш гэмтсэн байгаа шүдийг аваад зайлшгүй имплант буюу шинээр шүд хийх шаардлагатай эсэх, нөхөн сэргээх боломжтой эсэх зэргийг тодруулж байж холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн Б. Дэмбэрэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан торгох болон баривчлах ялын төрлөөс баривчлах ял шийтгэлийг сонгон авч, хуульд заасан хэмжээний дотор 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлахаар шийдвэрлэсэн байх ба энэ нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчимтай нийцэж байна.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “... шүд хийлгэх зайлшгүй зардалд хохирогч баримтаар нэхэмжилсэн 7 650 000 төгрөг гаргуулж ...шүүхээс ялтанд оногдуулсан ял нь түүний гэм буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилаагүй зэрэгт тохирсон эсэхийг хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн “... шүд хийлгэх зайлшгүй зардалд хохирогч баримтаар нэхэмжилсэн 7 650 000 төгрөг гаргуулж, ...шүүхээс ялтанд оногдуулсан ял нь түүний гэм буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилаагүй зэрэгт тохирсон эсэхийг хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Г.БОЛОРМАА

                                                                                  Т.ЭНХМАА