Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0544

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Ц нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлын дагуу Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Цагдаагийн ахлагч Д.Н-г албанаас халах тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нямсүрэнд 4559408 / дөрвөн сая таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун найман/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч давж заалдах гомдолдоо: “… Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,” 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,” нийтлэг үүргийг хүлээхээр заасан бөгөөд мөн хуулийн 48.7-д “энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсныг шүүх хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.”, 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.1-д ““цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 2.4.8-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх”-аар тус тус зохицуулсан.

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчилтэй, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай алба бөгөөд дээрх чиг үүргий хэрэгжүүлэгч цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эд хөрөнгөд хохирол учруулж буй нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгосон явдал гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй гэж хэргийн үйл баримтыг дүгнэж буй нь цаашид төрийн албанд энэ мэт ёс зүйгүй сөрөг үзэгдэл таслан зогсоогдохгүй байх, улмаар төрийн алба хаагчдын дунд буруу хэвшил, хандлага тогтох нөхцөл бүрдэхээр байна.

Дээрх сөрөг үзэгдлийг талсан зогсоох, цаашид ийм зөрчил давтан гарахаас урьчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээ авах нь байгууллагын удирдлагын үүрэг бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн гэж үзэхгүй байна.

 

Цагдаагийн байгууллага нь алба хаагчдынхаа хуульд заасан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг хангаж ажиллах ёстой хэдий ч мөн хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн “хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй алба хаагчид хуульд заасан шийтгэл ногдуулах нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

          Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.4.8-д заасныг баримтлан цагдаагийн ахлагч Д.Н-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12.10-д “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж шууд тодорхой заасныг дагаж мөрдөж байсан[1] боловч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар дээрх 2014 оны 869 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг шинэчлэн баталсан байна.

Уг 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан ёс зүйн дүрэмд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосны дотор дүрмийн 2.4.8-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж заасан, мөн дүрмээр “ноцтой зөрчил”-д ямар үйлдэл, эс үйлдэхүйг тооцох талаар зөрчлийн шинж байдлын талаар зааж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан 5 төрлийн сахилгын шийтгэлээс зөрчлийн шинж байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтойгоор зохицуулжээ.

Үүнээс үзвэл хариуцагч аймгийн Цагдаагийн газрын дарга алба хаагчид шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, хор хохирол, давтагдах байдал  зэргийг харгалзаж сонгох боломжтой болжээ.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчлийн улмаас хүнд хор уршиг учраагүй, анх удаа үйлдсэн нөхцөлд сахилгын шийтгэлийн хамгийн хүнд нь болох албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг ногдуулахад тухайн хүний зан чанар, ажилласан туршлага, ур чадвар, хувийн болон гэр бүлийн байдлыг нь харгалзах нь хүнлэг ёсны зарчим,  тухайн байгууллагын хүний нөөцийн бодлогод нийцнэ гэж үзэхээр байна.

Д.Н-ийн гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдал болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, айлын хашаа мөргөсөн нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил мөн бөгөөд энэхүү нөхцөл байдлаа газар дээр нь цагдаагийн албанд өөрөө мэдэгдсэн, цагдаагийн албанд 12 жил ажиллаж байгаа, эхнэр, 02-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр М.Урантуяа нь өвчний учир байнгын эмчилгээ хийлгэдэг нь хэрэгт авагдсан эмнэлгийн хуудсаар тогтоогдсон, орон сууцанд нь гал гарсны улмаас албаны байранд амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийтгэл нь хүндэдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Н-г урьд өмнө удаа дараа зөрчил гаргаж байсан талаар тайлбар гаргасан  боловч ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, шийтгэл ногдуулах талаарх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн даргын зөвлөлийн хуралдаанаар энэ талаар яригдаагүй байх тул удаа дараа зөрчил гаргадаг, засрах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

          Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д ёс зүйн дүрэм зөрчсөн алба хаагчид ногдуулах 5 төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх бөгөөд халахаас өөр төрлийн шийтгэл ногдуулах нь бусад албан хаагчдад сургамж болохгүй, ийм сөрөг үзэгдэл таслан зогсоогдохгүй, алба хаагчдын дунд буруу хэвшил, хандлага, тогтох нөхцөл бүрдэнэ гэж бусад төрлийн сахилгын шийтгэлийн үр нөлөөг  үгүйсгэх үндэслэлгүй байна.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

    Д.Н-ийн гаргасан зөрчилд халахаас бусад төрлийн арга хэмжээ авахад энэхүү шийдвэр саад болохгүй.

 


[1] УДШ-ийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 238 дугаар тогтоол