| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2017/0051/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-03-23 |
| Зүйл хэсэг | 098.1., 099.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 202
П.Энхболд, С.Алтанхуяг нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор И.Ариунсанаа,
Ялтан С.Алтанхуягийн өмгөөлөгч Н.Буянжаргал,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Энхболд, С.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн 201625013636 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Атган овогт Пүрвээгийн Энхболд, 1979 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны 9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: МЮ79080614/,
Бодонгууд овогт Санжаадоржийн Алтанхуяг, 1969 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Их жонон инвекс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51 дүгээр байрны 70 тоотод оршин суудаг,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 402 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 6 сар хорих ял, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД: ХЖ69072917/,
П.Энхболд нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд хохирогч С.Алтанхуягтай “Хасбаатар гэгч дур мэдэн архи авч гарсан, түүнийг зодсон” гэх байдлаас үүдэн маргалдаж улмаар зодож цохин бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,
С.Алтанхуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд хохирогч П.Энхболдтой харилцан зодолдох явцдаа түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: П.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, С.Алтанхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “П.Энхболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, С.Алтанхуягийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.Энхболдыг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар С.Алтанхуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар П.Энхболд нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар С.Алтанхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Энхболд, С.Алтанхуяг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, С.Алтанхуяг нь шүдний эмчилгээтэй холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, …тогтоол хүчин төгөлдөр болтол П.Энхболд, С.Алтанхуяг нарт тус бүр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Ялтан С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...77 дугаар шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: С.Алтанхуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр П.Энхболд бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлийг таслан зогсоох гэж очоод өөрөө зодуулан үүдэн 1 шүд, 4 хиймэл шүд, хамрын мөгөөрс хугарч, мөн 4 хавирга хугарч хүндэвтэр гэмтэл учирсныг шүүх эмнэлгийн 13364 тоот дүгнэлтээр тогтоосон юм.
Гэтэл хохирогч С.Алтанхуяг нь шүүгдэгч П.Энхболдын худал, нотолгоогүй мэдүүлгээр П.Энхболдод хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл хүлээлгэж байгаа нь буруу юм.
С.Алтанхуяг нь П.Энхболдод зодуулаад нүүр ам нь цус болсон байхыг гэрч Хадбаатар, Наранцэцэг, Юмжирдулам нар гэрчлээд, шүүх хурал дээр ч нотлоод байсан. Гэтэл С.Алтанхуяг П.Энхболдын эрх чөлөөнд халдсаныг хэн ч нотолдоггүй. Зөвхөн П.Энхболд 17 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэн хөнгөн гэмтэл учирсан дүгнэлтээр буруутгаж яллаж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болж байна.
Шүүх хурлын мэтгэлцээний явцад ч П.Энхболд нь С.Алтанхуягт зодуулснаа нотолж чадаагүй С.Алтанхуягтай барьцалдан газар унаад босч ирсний дараа дэлгүүр рүү ороод намайг цохисон гэдэг боловч цагдаа дуудсанаас хойш дэлгүүрт С.Алтанхуяг ороогүйг гэрчүүд ч нотолдог юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан нийгэмд учруулсан хор аюулгүй үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт С.Алтанхуягийн П.Энхболдтой маргалдсан үйлдэлтэй тохирч байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолын С.Алтанхуягт холбогдох заалтыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Хохирогч С.Алтанхуяг нь П.Энхболдод зодуулж бие эрхтнээрээ хохироод, хохирол төлбөрөө ч бүрэн гаргуулж чадаагүй, шүдгүй явж байхад дээрээс нь буруутан болгож, торгуулийн ял оноож байгаа нь хэт шударга бус байгааг харуулж байгааг анхаарч үзэхийг хүсч байна...” гэжээ.
Ялтан С.Алтанхуягийн өмгөөлөгч Н.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Энхболдын биед учирсан гэмтэлд хийсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлд заасан агуулгад нийцээгүй гэх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Энхболдын биед үзлэг хийж, 14135 дугаартай үндэслэлтэй дүгнэлт гарсан байна. Шинжээч томилох тогтоолд 5 асуулт тавигдсан. 2 дахь асуултад “гэмтэл учирсан бол ямар багаж зэвсгийн хэдэн удаагийн үйлчлэлээр хэзээ учирсан бэ” гэсэн асуулт тавигдсан байхад шинжээчийн дүгнэлтэд гэмтэл хэзээ учирсныг тогтоогоогүй. “П.Энхболдын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал учирсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1 дэх хэсэгт зааснаар энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч хэзээ гэмтэл учирсан нь тодорхойгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр С.Алтанхуяг П.Энхболдод гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна. Тэдний мэдүүлгээр С.Алтанхуяг доор нь хэвтэж байсан, П.Энхболд дээр нь сууж байсан гэдгийг хэлдэг болохоос энэ үйл явдлыг нотлох хүн байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн тохиолдолд нэмэлт шинжилгээ хийхээр зохицуулсан. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд адил агуулга бүхий зохицуулалт байдаг. П.Энхболдтой холбоотой шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаагч шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд хугацааг тодруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шинжээчийг байцаах асуудал нь тухайн шинжээчийн гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан нэмж тайлбарлуулах, тодруулах үүрэгтэй болохоос дутуу хийгдсэн ажиллагааг нөхөж гүйцэтгэх зохицуулалт биш юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудалд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн” гэв.
Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих зүйлсийг бүрэн нотолсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад П.Энхболд “С.Алтанхуяг бид хоёр дуудаад ирсний дараа харилцан тохиролцож, ингээд гомдол, саналгүй шүү гэж бие биендээ хэлсэн. Гэтэл С.Алтанхуяг гомдол гаргаад явсан учир би 17 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Наранцэцэг, Хүрэлбаатар, Хасбаатар нарын мэдүүлгээр С.Алтанхуяг, П.Энхболд нар ноцолдож, зодолдсон гэсэн мэдүүлгүүд өгсөн. С.Алтанхуяг 190 см, П.Энхболд 170 см орчим өндөртэй хүмүүс байдаг. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүний биед хөхрөлт, няцралт учирсан бол хөнгөн зэргийн гэмтэл юм. П.Энхболдын цээжинд нь хөхрөлт бүхий гэмтэл учирсан нь хөнгөн зэргийн гэмтэл юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
П.Энхболд нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд хохирогч С.Алтанхуягтай “Хасбаатар гэгч дур мэдэн архи авч гарсан, түүнийг зодсон” гэх байдлаас үүдэн маргалдаж улмаар зодож цохин бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
С.Алтанхуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд хохирогч П.Энхболдтой харилцан зодолдох явцдаа түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч /ялтан/ П.Энхболдын “...Алтанхуяг найз Хасбаатарыг өмөөрч улмаар бид маргалдан барьцалдаж авсан. Тухайн үед Алтанхуяг миний зүүн нүдний дээд хэсэгт цохисон, нуруу бөөр хэсэгт цохисон, цээжний зүүн хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үедээ үзүүлж чадаагүй хэд хоногийн дараа үзүүлсэн. Тэгэхэд миний цээжний зүүн хэсэгт хөндүүртэй хөхөрсөн байсан бусад гэмтэл шарх нь эдгэрсэн. Намайг гараараа л цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Миний бөөр нуруу, зүүн нүдний дээд хэсэгт тус тус гараараа цохиж байсан. Тухайн үед бас хүзүү хоолойгоор улайсан байж байгаад эдгэсэн...” /хх-16-17/,
Хохирогч /ялтан/ С.Алтанхуягийн “...би очоод юу болж байна, яаж байгаа юм бэ, яагаад хүн зодоод байгаа юм бэ гэтэл миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Мөн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Намайг газар унасан байхад хавирга хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд миний дээр суухдаа өвдөглөөд намайг тэвэрч хэвтчихээд өвдөглөөд байсан. Намайг газарт хэвтэж байхад мөн мөргөөд байсан. Ямар нэгэн зүйлээр цохиогүй. Миний нүүр лүү мөргөсөн. Миний баруун талын 6-9 дүгээр хавирга хугарсан дээд үүдэн шүд хугарсан, хамрын ясны хугарал баруун хацар хамрын үзүүрт зулгаралт баруун нүдний зовхи хамрын нуруунд цус хурсан гэмтэл учирсан...” /хх-12-13/,
Гэрч Б.Хасбаатарын “...Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байх “Мини маркет” дэлгүүр лүү ойролцоогоор 11 цагийн орчимд орсон. Би дэлгүүрээс 1 шил “Улаанбаатар” архи аваад гарсан. Тэгтэл дэлгүүрийн эзэн Болдоо намайг дуудаад архи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь архиа буцаагаад өгсөн гэтэл тэр залуу намайг дэлгүүрийн гадаа хөл рүү нэг удаа өшиглөөд авсан. Үүнийг манай найз Алтанхуяг хараад байж байснаа “чи наад хүнээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Болдоо Алтанхуягийн хамар хэсэг рүү гараараа цохиод газар унасан байхад нь дээрээс нь өшиглөж байсан. Тухайн үед дэлгүүрийн хажууд сүү зардаг Нараа гэх хүүхэн байж байгаад цагдаа дуудсан. Би салгах гэж оролдсон боловч чадаагүй...” /хх-18-19/,
Гэрч П.Энхцэцэгийн “...Би П.Энхболдын төрсөн эгч нь байгаа юм. П.Энхболд 1979 оны 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болж төрсөн. Ерөнхий боловсролын сургуулийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төгссөн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 жил шахам цагдаагаар ажилласан. Тэгээд хот руу орж ирээд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж сурч байгаад 2 дугаар курсээсээ орхисон. Энхболд одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Миний дүү намуухан, дуу цөөтэй, дөлгөөн тайван, хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй юм. Ар гэрээ авч яваа ганц хүн нь байгаа юм. Тухайн хэрэг болсны урд өдөр би дүүгийнхээ дэлгүүрт сууж байхад Хасаа гэх залуу орж ирээд 0.75 литрийн “Улаанбаатар” архи аваад, доороос нь “Фузтий” гэх ундаа аваад гараад явсан бөгөөд би араас нь гараад “чи ямар хаашаа юм бэ, мөнгө төгрөгөө өгөөч” гэсэн чинь “өгнө ш дээ” гээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь бас ийм зүйл болсон гэсэн...” /хх-20-21/,
Гэрч С.Долгорсүрэнгийн “Би П.Энхболдын эхнэр нь байгаа юм. Манай нөхөр 1979 оны 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болж төрсөн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 10 жилийн сургуулиа дүүргэсэн. Би нөхөр Энхболдтой 13 жилийн өмнө танилцан одоо 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49-9 тоотод оршин сууж байна. Манай нөхөр хувиараа Баянзүрх дүүрэгт Ахмадын хороололд дэлгүүр ажиллуулдаг юм. Нөхөр бид хоёр ээлжлээд хүүхдүүдээ зөөж ажлаа хийдэг. Манай нөхөр бол намуухан, дөлгөөн тайван, хүмүүстэй хэрэлдэж муудалцаж байгаагүй, илүү дутуу хэл үг гаргадаггүй хүн байгаа юм…” /хх-22-23/,
Гэрч Л.Наранцэцэгийн “…Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ойролцоогоор 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд би хувиараа сүүн бүтээгдэхүүн худалдаалж байсан ба тухайн үед Болдоо гэх “Мини маркет” дэлгүүрийн залуу Хасаа гэх залуутай маргалдаад зодолдоод байсан. Тэгээд Алтанхуяг ирж байхаар нь би ороод сүүгээ зарчихаад эргээд гараад иртэл нөгөө Алтанхуяг Болдоо нар хоорондоо зодолдоод Алтанхуяг доор нь дээр нь Болдоо гарчихсан ноцолдоод байсан. Тэгээд бүр салахгүй болохоор нь би очоод “та нар эр хүмүүс байна, больцгоо” гэхэд миний үгэнд ороогүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би яагаад зодоон болсон талаар мэдээгүй. Дараа нь сонсоход дэлгүүрээс архи аваад явснаас болж асуудал үүссэн гэж дуулсан. Алтанхуягийн хамар хэсгээс нь цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тухайн хэрэг болсны дараа Алтанхуяг нь өөр хүнд зодуулсан эсэхийг мэдэхгүй байна. Маргааш нь ажил руугаа явж байхад Алтанхуяг таараад цээжнээс цус амтагдаад эмнэлэгт үзүүлэхээс гээд явж байсан…” /хх-24/,
Гэрч Д.Дашмаагийн “…Миний том хүү Санжаадорж овогтой Алтанхуяг нь 1969 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Нийслэлийн 72 дугаар сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн. Мөн Герман улсад дээд боловсрол эзэмшсэн. Одоо Алтанхуяг охин, дүү Алтанчимэг, түүний 2 хүүхэд, бидний хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хорооллын 50-70 тоотод амьдарч байна. Миний хүү хүнд тусархуу, хүн амьтан дээрэлхээд байдаггүй, янз бүрийн гаж зангүй, дүү нарынхаа хүүхдүүдийг хараад л байж байдаг юм. Алтанхуяг зүрх муутай, хааяа даралт нь ихсээд байдаг юм…” /хх-25/,
Гэрч Т.Юмжирдуламын “…Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байх “Мини маркет”-ийн өөдөөс харсан махны лангуунд ажил дээрээ махаа янзлаад зогсож байтал “хөөе хөөе” гээд Болдоогийн дуу гарах шиг болсон тэгэхээр нь би юу болж байгаа юм бол гэж бодоод цонхоор хартал Хасаа гэх тэнд байдаг намхан эрэгтэй Болдоогийн дэлгүүрээс архи аваад гараад гүйж байсан. Араас нь Болдоо гүйж очоод архиа булааж аваад буцаад дэлгүүр лүүгээ явах гэтэл бас нэг өндөр ахимаг насны эрэгтэй Болдоотой барьцалдаад авсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Тэгж байгаад салсан. Тухайн үед Хасаа гэх хүн архи авч зугтааснаас болоод уг асуудал үүссэн. Би зодолдож байсан хоёрыг хэн хэнийгээ хэдэн удаа яаж зодож цохисон талаар сайн хараагүй. Зодооны дараа өндөр эрэгтэйгийн ам хэсгээс цус гарч байсан Болдоогийн нэг нүд жижиг хөхөрсөн байсан…” /хх-26-27/,
Гэрч Ч.Хүрэлбаатарын “…2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өглөө ойролцоогоор 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байх “Мини маркет” дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрээс Болдоо гэх дэлгүүрийн эзэн залуу гарч ирээд Алтанхуяг гэх хүнтэй /би сүүлд нэрийг нь мэдсэн/ барилцаад авсан. Тэгэхээр нь би “больцгоо” гээд хоёр тийшээ холдуулах гэтэл Алтанхуяг нь “чи юу юм бэ” гээд тэр хоёр дээр доороо ороод барьцалдаад байсан. Тэгээд хэсэг тэгэж байснаа босож ирээд Болдоо дэлгүүр лүүгээ орсон. Алтанхуяг араас нь дагаж ороод удалгүй дахиад барьцалдаад гараад ирцгээсэн. Махны худалдагч дэлгүүрт нь байж байсан. Намайг харахад уг хоёр хүн сүртэй цохилдож зодолдоогүй. Барьцалдаад газар унаад зууралдаад байсан. Тухайн үед ямар нэгэн зэвсэг багаж барьсан зүйл байгаагүй. Хасбаатар хажууд нь байсан…” /хх-28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13364 тоот шинжээчийн дүгнэлтийн “…1. С.Алтанхуягийн биед баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14135 тоот шинжээчийн дүгнэлтийн “…1. П.Энхболдын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 1472 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13364 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. С.Алтанхуягийн биед баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-40-41/, шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэг /хх-44/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ялтан П.Энхболд, С.Алтанхуяг нарт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан, хүнд биш ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Ялтан С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “…П.Энхболдын худал, нотолгоогүй мэдүүлгээр П.Энхболдод хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл хүлээлгэж байгаа нь буруу …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан нийгэмд учруулсан хор аюулгүй үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт С.Алтанхуягийн П.Энхболдтой маргалдсан үйлдэлтэй тохирч байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолын С.Алтанхуягт холбогдох заалтыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна…” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх П.Энхболд, С.Алтанхуяг нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, П.Энхболд болон С.Алтанхуяг нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа бий болсноос үүдэн тэд харилцан бие биендээ санаатай гэмтэл учруулсан болох нь шинжээчийн 13364, 14135, 1472 тоот дүгнэлтүүд, хохирогч, шүүгдэгч П.Энхболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Хасбаатар, Л.Наранцэцэг, Т.Юмжирдулам, Ч.Хүрэлбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба С.Алтанхуягийн гэм буруутай үйлдэл, П.Энхболдод учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, харилцан хамааралтай болох нь тогтоогджээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУУЛ
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Д.МЯГМАРЖАВ