Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0481

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0481

  Улаанбаатар хот

 

 

Н.Н-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Н-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын нэхэмжлэлийг бүрэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэсэн 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...1.3ахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд “Гуравдагч этгээд “М" ХХК, “М телевиз" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгсөнгүй” гэжээ.

     Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний болон өмгөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “М" ХХК-д бараа, үйлчилгээний олон улсын 38, 41 дүгээр ангиллаар анх “М” барааны тэмдгийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон ба үүнээс хойш нэг жилийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Н Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч Н.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг 4 жилээр хэтрүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасан байх тул тус газраас хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул маргаан шийдвэрлэх комиссоор гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй тухай 2/064 дугаартай албан бичгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн ба нэхэмжлэгч уг албан бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасаар байхад гуравдагч этгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул дүгнэлт өгөөгүй гэж шүүхийн шийдвэрт тусгасан нь хуулийг буруу тайлбарлаад зогсохгүй, хэргийг хууль зөрчин шийдвэрлэж гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

       Шүүх “...гэхдээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орон даяар М телевиз эфирээ цацаж эхэллээ гэх үйл баримтыг мэдсэнээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө” гэж үзэж, нэхэмжлэлээ гаргасан хэмээн дүрс, бичлэг, хамтран  ажиллах гэрээг баримтаар өгч тайлбарласныг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй ба шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй болно” гэжээ.

     Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдааны үед “ ...хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд хэрэв бид мэдсэн бол тухайн үедээ гомдол гаргах байсан” гэж хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байхад шүүх энэ тайлбарыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

      Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байхад шүүх захиргааны хэрэг үүсгэсэн.

        Мөн Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт “албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцын 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг” гэж тодорхой заасан байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

     Өөрөөр хэлбэл Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар  барааны тэмдгийн бүртгэгдсэн тухай мэдээллийг нийтэд мэдэгдсэнээс хойш 1 жилийн гомдол гаргаагүй, М барааны тэмдэг бүртгэгдсэн тухай мэдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүйгээр хуульчилсан байхад нэхэмжлэгч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг 4 жилээр хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэх хугацааны тухай тайлбарласан нь үндэслэлгүй.

    Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан амаар гаргасан тайлбар, шүүхэд гарган өгсөн “Хүннү” ХХК болон “М” ХХК-ийн телевизийн зар сурталчилгааны талаар хамтран ажиллах гэрээ, “М т” ХХК-ийн телевизийн сурталчилгаа зэргийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснийг зөвтгөх баримт мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

      Мөн шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх коммист болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс бичлэгт баримтаар авагдсан байхад шүүх гуравдагч этгээдийг энэ талаар маргаагүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

      Гэтэл шүүх нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

     Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар Харилцаа холбооны зохицуулах хороонд “М телевиз” ХХК-аас телевизийн тусгай зөвшөөрлийн сувгийн нэр солиулах тухай гаргасан хүсэлтийг тус хорооноос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаж уг хүсэлт шүүхэд нотлох баримтаар ирээгүй байхад шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

      Иймд давж гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч Н.Н-оос “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 28 дугаар тушаалын хавсралтын 131 дүгээрт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120 дугаарт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41 дүгээрт бүртгэгдсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...хариуцагч захиргааны байгууллага бүрэн дүүрэн шалгаагүй, шүүлтийг дутуу хийж “М” барааны тэмдгийг давхардуулан олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      Хариуцагчаас гуравдагч этгээдэд “М” барааны тэмдгийг 38, 41 дүгээр ангилалд давхардуулан олгосноо хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

      Харин гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байхад шүүх захиргааны хэрэг үүсгэсэн. ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “М” ХХК-д 38, 41 дүгээр ангиллын М барааны тэмдэг олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах байтал 4 жилийн дараа 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж байгаа нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

       Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...” гэж зохицуулснаас үзэхэд уг актыг дээд шатны эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаж хянуулсны дараа хуульд заасан хугацааг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн Оюуны өмчийн газарт гаргасан гомдолд тус газрын Хяналтын хэлтсийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/064 дүгээр албан бичгээр “М” барааны тэмдгийн 38, 41 дүгээр ангиллуудыг давхардуулан “М” ХХК-д олгосон тухай маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэж хариу өгсний дагуу нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй.

    Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нэхэмжлэгч Н.Н-ын гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй, харин гомдлыг хянаж холбогдох хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгджээ.

     Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн “Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-д заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-д заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэх гомдлын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “М т” ХХК-ийн “М ТВ” кабелийн суваг гарч эхлэхэд мэдсэн” гэж тайлбарлах бөгөөд хэрэгт уг тайлбарыг үгүйсгэх баримт авагдаагүй байхад нэхэмжлэгчийг гуравдагч этгээд “М” ХХК-д 38, 41 дүгээр ангиллын М барааны тэмдэг олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 1 жилийн дотор гомдлоо гаргах ёстой байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

    Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг хариуцагчийн хариу өгсөн хугацаанаас тоолсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд барааны тэмдэг эзэмшигчийн хувьд гомдол гаргасныг хариуцагчаас өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бүртгэл давхардсан талаар хариу өгснийг шүүхээс Маргаан шийдвэрлэх комиссоор шийдвэрлүүлээгүй байна гэж буцаах боломжгүй, хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

    Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэгдэх холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...12 дугаар зүйлийн 12.1.3...” гэснийг “12 дугаар зүйлийн 12.3.1...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ