Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 203

 

                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Ч.Ганзоригт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Цэндсүрэн,

Ялтан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ганзоригт холбогдох эрүүгийн 201626031128 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хиад боржигин овогт Чинбатын Ганзориг, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гагнуурчин, гутал, арьсан урлалын зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй,

         

          Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үйлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан, /РД: ХЗ87081111/,   

          Ч.Ганзориг нь 2016 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоот буюу өөрийн гэртээ согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гарынхаа нударгаар нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодож онц харгис хэрцгий аргаар буюу зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна, хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус хуралт, баруун талын 3-6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12 дугаар хавирга далны зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл учруулж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

          мөн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоотод буюу өөрийн гэртээ 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавд хүч хэрэглэхээр заналхийлж, түүний монетон бөгж, ээмэг зэргийг дээрэмдэж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ч.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ч.Ганзоригийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзоригийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Ганзоригт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзоригийн цагдан хоригдсон 166 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Цэнджав нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болох эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би согтууруулах ундаа буюу архи хэрэглэн ийм хэрэг үйлдсэндээ өөртөө итгэж ядан гэмшиж бухимдахын зэрэгцээ маш их харамсаж ичиж байна. Мөн хохирогч Цэнджав эгчийн эмчилгээний төлбөрийг цаг тухайн үед нь гарган өгч, зөвшөөрөлгүй авсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирлыг барагдуулсан. Түүнчлэн анх өгсөн байцаалтнаас шүүхийн шат хүртэлх мэдүүлгүүдэд өөрийгөө ямар муухай хэрэг үйлдэж хохирогч Цэнджав болон өөртөө амьдралын хар толбо үлдээж, бие болон сэтгэлийн зовлон учруулж байгаадаа харамсахын дээдээр харамсаж байна. Мөн байцаалтнаас эхлээд шүүх хүртэлх мэдүүлгүүдийг нь үнэн зөв, шударгаар мэдүүлж хэргээ хүлээсэн. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид та бүхэн миний хэргийг хянан, надад оноосон хорих ялыг минь зөөллөж өгнө үү хэмээн хүсч байна…” гэжээ.

Ялтан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Ганзориг өөрийн гэм буруугаа хүлээн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Түүний “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах дэмжиж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. Хэргийн үйл баримт болон зүйлчлэлд маргаан байхгүй. Мөн хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт анхаарч өгнө үү” гэв.

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

         

          Ч.Ганзориг нь 2016 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоот буюу өөрийн гэртээ согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гарынхаа нударгаар нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодож онц харгис хэрцгий аргаар буюу зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна, хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус хуралт, баруун талын 3-6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12 дугаар хавирга далны зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл учруулж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

  

мөн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоотод буюу өөрийн гэртээ 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавд хүч хэрэглэхээр заналхийлж, түүний монетон бөгж, ээмэг зэргийг дээрэмдэж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Цэнджавын “...2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай төрсөн дүү Нэргүй “нөхөр маань алга болчихлоо, хоёулаа хайгаад яваадахъя” гэхээр би хамт гараад нэлээн хайсан боловч олоогүй. Хайж явж байгаад “Био комбинат”-ын 2 дугаар байрны орчимд дүү Нэргүй улаан өнгийн футболктой залууг дагуулж ирснээ “ийшээ ороодохъё” гэж хэлснээ 52 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт 51 тоот руу орсон. …Би огт архи уугаагүй, эрүүл байсан. Манай дүү тэр залуутай маргалдаж эхэлсэн. “Та хоёр одоо болиоч ээ” гэхэд Нэргүй суугаад байсан. Нөгөө залуу босоод бие засах өрөө рүү ороход Нэргүй гялс гараад явчихсан. Би араас нь гарах гээд алхаад явж байтал нөгөө залуу гарч ирээд намайг гаргахгүй араас татаж унагаасан. Би “явъя, чи ээж шигээ хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу шал согтуу “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд миний дээр гарч суугаад хоёр гараа зангидаад нүүр рүү цохиж эхэлсэн. Нүүрэнд хэдэн удаа алгадаад, үргэлжлүүлээд нударгаараа нүүр лүү нилээн олон удаа цохиод “чамайг ална, амийг чинь таслана” гэж хэлээд дараа нь босоод миний үснээс дээш татахад миний хоёр хөл газар хүрэхгүй унжаад байсан. Тэр үед нь би яг ухаан алдах шахсан, бүх биеэр янгинаж өвдөж эхэлсэн. Үснээс тавихад би доошоо дахин унасан, тэгтэл дээр гарч суучихаад нүүр рүү дахин цохиж эхэлтэл хамаг биеэр халуу оргисон. Нүүрээ гараараа хаатал миний хоёр гарыг хөлөөрөө хавчаад дахин маш хүчтэй цохиод байсан. Би уйлаад “чи намайг аллаа шүү дээ” гэхэд дээрээс боссон. Нүдээ нээж чадахгүй, хоёр нүд хаагдаад хаана байгаагаа ч мэдэхээ больсон. Нүүрэнд цохиж байх үед сүүлдээ ямар ч өвчин мэдрэхээ больчихдог юм байна лээ. Нэг мэдэхэд ухаан алдчихсан. Эргээд ухаан ороход өглөө болчихсон. Хамаг бие нүв нүцгэн цэнхэр өнгийн гудсан дээр хэвтэж байсан. Би хувцас өгөөч гэхэд миний хувцсыг нэг газар тавьчихсан, авчирч өгөхөөр нь би хувцсаа өмссөн. Миний зүүн талын чихэнд зүүгээд явж байсан өрөөсөн монетон ээмэг алга байхаар нь ээмэг яасан бэ гэхэд “аан энд байна” гээд шалчийсан ээмэг гаргаж өгсөн. Намайг зодож байхдаа л ээмэг шалчийлгасан юм шиг байна лээ. Мөн миний баруун гарын ядам уруунд зүүсэн монетон бөгжийг “надад өгчих, дурсгачих” гээд булаагаад авсан. Тэгснээ ээмэг, бөгж хоёрыг аваад гараад явчихсан. Хаалга нь өөреө тог гээд түгжигдсэн. Нилээд удсаны дараа нөгөө залуу орж ирээд бие засах өрөө рүү ороод, хахаж цацаад архи уугаад байх шиг байсан. Нилээн согтуу над руу ирснээ мангастаад авсан. “Би чамайг дахиад зодно шүү” гээд нүүр рүү нудрага зангидаад зангахаар нь “чи болиоч ээ, хамаг нүүрний яс хугараад, хавирга хугарчихсан байна шүү дээ” гээд гараараа нүүрэн дээрээ дарж үзүүлэхэд тог гээд дуугарсан чинь намайг цохихоо больсон. Тэгснээ миний бэлэг эрхтэн рүү гараа хийхээр нь “чи настай хөгшин хүнийг боль, би үхлээ” гэхэд миний умдаг руу гараа хийгээд дээш нь татаад аймаар өвдөлт мэдрэгдэхээр нь “ёо ёо” гэж орилсон чинь оролдохоо больсон. Утсаар ярьж байснаа “та одоо манайхаас яваарай, хүн ирэх гээд байна” гэхээр нь би хамаг хүчээ шавхаад босоод гартал нөгөө залуу хаалгаа дотроос нь тог гээд хаачихсан. Шатаар бараг 2 цаг орчим болж байж буусан. Гадаа гараад муу усны нүхний таган дээр 3 цаг орчим суусан. Удалгүй манай охин Туяацэцэг ирээд намайг авсан. ...Би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан. Нэг удаа хагалгаанд орсон. 5 цаг орсон. Миний зүүн талын эрүүг хадаж, зүүн нүдний ухархайн яс үйрмэг болтлоо хугарсан, мөн буйлны яс буюу амны дээд хэсгийн яс хугарсан байсныг хагалгаанд орж оронд нь ялтас тавьсан. Хэлний доод хэсэгт судас тасарсан байсныг оёсон, мөн зүрхний хэмнэл алдагдсан байна гээд нэлээн удаан эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орсон. Тархинд цус хурсан байсныг шимэгдүүлэх тариа хийгээд цус нь шимэгдсэн болохоор тархины хагалгаанд ороогүй...” /хх-27-29/,

“...Өглөө намайг ухаан ороход тэр залуу над руу ирэнгүүтээ “нүүрийг чинь хэн ингэчихсэн юм. Царай чинь аймшгийн киноны гол баатар шиг л харагдаж байна” гэсэн. Би “толь аваад ир, нүүрээ харъя” гэхэд тэр залуу алчуур норгож ирээд миний нүүрийг арчтал аймаар өвдөлт мэдрэгдээд болиоч ээ гээд орилтол тэр залуу больсон. Би гүйцэд ухаан ороход нүв нүцгэн хэвтэж байсан. Дээрээс цэнхэр алаг дуу өнгийн хөнжлөөр бүтээчихсэн, доор цэнхэр өнгийн гудас байсан. Тэр нь цус болчихсон байхаар нь “чи ээж шигээ настай хүнийг яаж байгаа юм бэ, хувцас аваад ир” гэхэд миний хувцаснуудыг авчирч өгсөн. Би чихээ тэмтрээд үзэхэд зүүн талын ээмэг байхгүй, баруун талын ээмэгний төмөр нь чих рүү чихэгдээд орчихсон байсан. “Миний зүүн талын ээмэг яасан бэ” гэхэд “мэдэхгүй” гэж байснаа “өө энд байна ш дээ” гээд барьж ирээд эргүүлж, тойруулж харж байснаа “энэ чинь монет уу, ямар үнэтэй вэ” гэхээр нь “чи яагаад хүний юм авч байгаа юм бэ” гэсэн чинь буцааж өгсөн. Энэ хооронд би хувцсаа аргалаад өмсчихсөн байсан бөгөөд цамцныхаа халаасанд ээмгээ хийсэн. Тэгтэл миний баруун гарын ядам хуруунд байсан шаргал өнгийн монетон бөгжийг шууд татаад авчихсан. Чи яагаад наадхаа авч байгаа юм бэ гэхэд халаасанд хийчихсэн байсан ээмгийг мөн аваад гараад явчихсан. Би араас нь босоод гарах гэтэл босч чадаагүй. Удалгүй нөгөө залуу орж ирээд бие засах өрөө рүү ороод архи уугаад байсан. Та ундаа уу гээд өгөхөөр нь уух ч тэнхэл байгаагүй. Тэгснээ “та одоо яв, гэрийнхэндээ шатнаас унасан гэж хэлээрэй” гэхээр нь би өөрөө хана түшиж босоод хаалга руу очоод гутлаа өмсөж чадахгүй байсан чинь нөгөө залуу ирээд миний гутлыг өмсгөж өгөөд хаалгаа тайлаад намайг гаргаад буцаагаад хаачихсан...” /хх-30-31/,

“...Миний биеийн байдал тааруухан байна. Агаар муудах үед хугарсан хавирганууд, нүүрний яс янгинаж өвддөг болсон. “Дунд ам” ломбарданд тавьсан бөгжийг хүлээж авлаа. Энэ миний бөгж мөн байна. Тэр залуу миний баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг “өгч бай, сонирхъё” гэхээр нь “би чамд өгөхгүй” гэхэд гараас татсаар байгаад авчихсан. Миний гар нэлээн өвдсөн, дахиж зодох байх гэж айсан. Намайг зодсон тэр залүугаас 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ийм болсондоо гомдолтой байна...” /хх-32, 162/,

 

Гэрч Л.Нэргүйгийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр найз Үүрэнбилэгтэй “Хараа” нэртэй архи 2 шилийг хувааж уугаад төрсөн эгч Цэнджавын гэрт 18 цагийн үед очсон. Манай нөхөр Отгонбаяр гэр бүлийн зураг авахуулна гээд Нисэх рүү явсан байсан. Цаг орой болсон байсан тул нөхрийгөө хайхаар эгчийгээ дагуулаад гарсан. Ойр орчимд яваад байхгүй болохоор нь 52 дугаар байрны хажууд байдаг “Сүрлэн” нэртэй төвийн үүдэнд түр амраад сууж байтал урьд нь Биод хэд хэдэн удаа харж байсан зүс таних 30 орчим насны залуу хүрч ирээд “эгч нар юу хийж байгаа юм, ганц юм уух уу” гэхээр нь “би тэгье, тэгье” гэсэн. Нөгөө залуу хажуухан талд байдаг дэлгүүрт ороод 0.33 литрийн 1 шил архи авчирсан. “Манай эгч архи уухгүй юм чинь эндээ нэг татчихья” гэсэн чинь нөгөө залуу “Монгол хүн байна даа, манай гэрт ороод уучихъя” гэхээр нь би зөвшөөрөөд хамт орсон. Харин манай эгч дуугуй л дагаад яваад байсан. Тэр залуугийн гэр нь 52 дугаар байрны хамгийн баруун талын орцны 5 давхарын голын хаалга байсан. Хэдэн тоот байсныг хараагүй. Тэр залуу түлхүүрээрээ онгойлгоод ороход хүнгүй, нэг өрөө байр байсан. Гал тогооны өрөөнд нь орж авсан архиа задлаад уусан. Манай эгч Цэнджав өгсөн архинаас нь нэг удаа уруулаа хүргээд буцааж өгсөн. Эхний авсан архиа уугаад дуустал нөгөө залуу дахиад архи ууя гээд 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр архинаас нь нэг хундагыг уугаад би согтчихсон. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байгаа юм. Тэрний маргааш нь өглөө 08 цагийн үед сэрэхэд гэртээ байсан. Тэгж байтал Цэнджав эгчийн хүүхдүүд нь 18 цагийн орчим над руу залгаад ээжийг аймаар зодчихсон байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү яваад очтол ярих сэхээгүй, эмчилгээ хийлгэж байсан...” /хх-38-39/,

 

Гэрч Н.Туяацэцэгийн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би ажлаасаа гараад явж байтал манай хорооны иргэн “52 дугаар байрны хажууд танихгүй эмээ нүүр, ам нь аймаар болчихсон утсаар яриулаад өгөөч гээд байна. Ойртох гэхээр нүүрээ алчуураар нуугаад байна” гэхээр нь би яваад очтол 52 дугаар байрны хойд талын траншейны таган дээр настайвтар эгч хөдөлж чадахгүй сууж байсан. Би дэргэд нь очтол манай ээж байсан. Тэгээд нөхрөө дуудаад, ээжийг авч яваад болсон асуудлыг асуухад эхлээд тэр байрнаас хөдлөөд холдох хүртлээ би шатнаас унасан гэж хоёр удаа хэлсэн. Та хүнд зодуулсан байна шүү дээ, яагаад худлаа яриад байгаа юм гэхэд 52 дугаар байрны 4 дүгээр орцны 5 давхарт шар царайтай залуу намайг зодсон гэж хэлсэн. Яагаад тийшээ очсон юм гэхэд Нэргүй нөхрөө хайхаар нь хайлцахаар хамт гарсан юм. Хайгаад олохгүй болохоор нь буцаад явж байтал танихгүй залуутай таараад, тэр залуу нь Нэргүйтэй хамт архи ууя гэсэн юм. Нэргүй тэр залууг дагаад явахаар нь араас нь явж орсон гэж хэлсэн. Тэгээд шууд 103 дуудаж Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн өдөр зодсон хүнийг цагдаа нар ээжид харуулсан чинь мөн байна гэж шууд заасан. Мөн ээжийн үсийг зулгаасан байсан, унасан үс нь одоо байгаа. Зодсон залуу нь та намайг зодсон гэж хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн гээд байсан. Манай ээж намайг явуулчих гэж олон удаа гуйсан боловч явуулаагүй гэсэн. Ээж 5 давхар байрны шатнаас 3 цаг орчим явж арай гэж буусан байсан. Одоо шөнө байнгын айдастай хонож байгаа. Нүүр рүүгээ олон цохиулаад эхлээд өвдөж байснаа сүүлдээ юу ч мэдрэгдэхгүй байсан гэж хэлсэн...” /хх-41/,

 

Гэрч Л.Цэнгэлийн “...Бүртгэлээс үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чинбатын Ганзориг гэдэг хүн 1.5 граммын жинтэй монетон кальцог 30.000 төгрөгөөр барьцаалаад 2016 оны 9 дүгээр сарын 28-нд Ганзоригийн ээж нь гэх эмэгтэй мөнгийг төлөөд буцааж авсан байна...” /хх-43/,

 

Ч.Ганзоригийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би гэрийнхээ ойролцоо ганцаараа архи уугаад согтуу явж байтал нэг танихгүй эгч хамт архи уух уу гэхээр нь “тэгье” гээд надад 10 орчим мянган төгрөг байсан ба тэрүүгээрээ 0.33 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад нөгөө эгчийг дагуулаад гэртээ ирсэн. Бид хоёр хамт алхаад явж байхад араас танихгүй 60 орчим насны эгч дагаад яваад байсан. Гэртээ ортол тэр эгч мөн араас дагаад ороод ирсэн. Архиа дуусаад дахиад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад мөн гурвуулаа хувааж уусан. Араас орж ирдэг эгч архи уусан эсэхийг сайн санахгүй байна. Хоёр дахь авсан архиа хуваагаад уугаад сууж байтал анх надад архи уух уу гэж хэлсэн эгчтэй маргалдсан, юунаас маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд гараад явчихсан байсан. Хамт явж байсан эгчийг та одоо яв гэхэд нэг юм хэлэх шиг болсон. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Би гар гэж байна шүү гээд сууж байсан сандалнаас нь түлхээд унагачихсан. Биеийнхээ аль хэсгээр унасныг хараагүй. Нөгөө эгч босохгүй газар хэвтээд байхаар нь эхлээд цамцнаас нь зуурч татаад дараа нь залгуулаад үсдэж чирсэн. Хаалга руу дөхүүлэхэд босохгүй хэвтээд байхаар нь “чамайг гар гэж байна шүү дээ” гээд нөгөө эгч дээшээ харсан байдалтай газар хэвтэж байхаар нь дагзаар нь буюу толгойных нь ар хэсгээр үсдэж шал мөргүүлсэн. Яг хэдэн удаа мөргүүлснээ сайн мэдэхгүй байна. Дараа нь дээр нь суугаад, хацар луу нь алгадаад нударгаараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохьтол нүүр амнаас нь цус гараад ирсэн. Тэр эгчийг зодож байхад “миний хүү болиоч ээ, аллаа шүү дээ” гээд байсан. Тэгээд болиоч гээд дахин дахин давтаад хэлээд байхаар нь би боссон. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Өглөө сэрээд хартал нөгөө эгч цус нөжтэйгээ холилдчихсон том өрөөнд газарт хэвтэж байхаар нь би очиж өргөөд цэнхэр өнгийн гудсан дээр хэвтүүлсэн. Тэр хүнийг хэвтүүлэхэд “ёолоод чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэхээр нь би “уучлаарай” гэсэн. Гудсан дээр хэвтээд 2-3 цаг унтсан. Дахиж хэсэг унтуулж байгаад сэрээгээд гэрээсээ гаргаад доошоо 1 давхар луу гаргаж өгсөн. Гадаа гараад нэг газар очоод суучихсан. Би буцаад гэртээ ортол цэнхэр өнгийн гудас дээр нь байсан цэнхэр алаг өнгийн хөнжил нил цус болчихсон байсан. Тэр эгч “миний бөгж монет шүү дээ” гээд гайхуулаад байхаар нь “бөгжөө өгч бай” гээд үзэж байгаад архи уумаар санагдаад байсан болохоор бөгжийг нь аваад гарчихсан. Харин тэр эгч “бөгжийг минь өгчих” гэхээр нь би өгөөгүй, гарч ломбарданд 30.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьж архи уусан...” /хх-81-84/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 7578 дугаартай Биологийн шинжээчийн дүгнэлтийн “…1. Ц.Цэнджав гэсэн цус А /ll/ бүлгийн харьяалалтай байна. 2. Ц.Цэнджав гэсэн үтрээний наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй…” /хх-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №1278 дугаартай үзлэг хийсэн актад “…1. Ц.Цэнджавын биед зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухайрхайн урд, доод, дотор, гадна хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус харвалт, баруун талын 3, 6 дугаар хавирга, суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12 дугаар хавирга далны шугамаар зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр, нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэхийг нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. 5. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан №11990 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна…” /хх-61-62/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 994 тоот дүгнэлтэд “…1. Ч.Ганзориг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсоны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. Ч.Ганзориг нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Ч.Ганзориг нь юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ч.Ганзориг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. 5. Ч.Ганзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 6. Ч.Ганзориг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-64-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1582 дугаартай үзлэг хийсэн актад “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Б.Ариунзул, Л.Болороо, М.Отгонбаатар нарын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №1278 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Цэнджавын биед учируулсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай шалгуур шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. 2. Ц.Цэнджавын биед суурь ясны бага далавч яс, зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна хана, зүүн хацар ясны нумны хоёрлосон нийлмэл хугаралууд, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус харвалт, баруун талын 3-6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд шугамаархи зөрөөтэй хугаралууд, цээжний баруун, зүүн хөндийн шингэн хуралдалт, толгойн хуйх, нүүр, нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна…” /хх-173-175/ гэх дүгнэлт, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18/, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20-24/, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-180/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. 

Анхан шатны шүүхээс Ч.Ганзоригт хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Ч.Ганзориг нь “…Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж, маш их харамсаж ичиж байна. Мөн хохирогч Цэнджав эгчийн эмчилгээний төлбөрийг цаг тухайн үед нь гарган өгч, зөвшөөрөлгүй авсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирлыг барагдуулсан. Анхнаасаа …үнэн зөв, шударгаар мэдүүлж хэргээ хүлээсэн. Иймд …миний хэргийг хянан, надад оноосон хорих ялыг минь зөөллөж өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд ялтан Ч.Ганзориг нь хохирогч Ц.Цэнджавын биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, олон удаагийн үйлдлээр цохиж зодон, онц харгис хэрцгий аргаар биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, түүний монетон бөгж, ээмэг зэргийг дээрэмдэж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Иймд ялтан Ч.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУУЛ

 ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

         Д.МЯГМАРЖАВ