Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 51

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч А.Хас-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Алтанцэцэгийн Хас-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626030291 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанцэцэгийн Хас-Эрдэнэ /РД:УЗ92122850/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Хас-Эрдэнэ нь шунахай сэдэлтээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар дунд сургуулийн англи хэлний багшаар ажиллаж байсан иргэн Ц.Пэрэнлэйн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “бие даалт хийх гэсэн юм нөтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж итгүүлэн хуурч мэхлэн залилан авч 1.000.000 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар дунд сургуулийн менежер Б.Дуламсүрэнгийн “Dell” маркийн зөөврийн компьютерийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ яаралтай өгөөч” гэж хуурч мэхлэн 1.050.000 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар дунд сургуулийн багш М.Ариунзаяагийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллаж байна, үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ өгч туслаач” гэж хуурч мэхлэн 1.000.000 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Янгир дэлгүүрийн гадна иргэн Г.Сарангэрэлийн “Iphone-5” маркийн гар утсыг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “утсаар яриад өгье” гэж хуурч мэхлэн авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 4 удаагийн давтан үйлдлээр бусдад 3.310.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Лотус” баарнаас иргэн Г.Уранжаргалын “Dell Ai 3” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтанд шалгагдаж байхдаа батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд оргон зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Хас-Эрдэнэ нь давтан үйлдлээр хохирогч Ц.Пэрэнлэйн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг “бие даалт хийх гэсэн юм нөтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж, хохирогч Б.Дуламсүрэнгийн “Dell” маркийн зөөврийн компьютерийг “үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ яаралтай өгөөч” гэж, хохирогч М.Ариунзаяагийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг “Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллаж байна, үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ өгч туслаач” гэж, хохирогч Г.Сарангэрэлийн “Iphone-5” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж тус тус худал хэлэн авсныг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Хохирогч Г.Уранжаргалтай “Лотус” нэртэй пабад сууж байхдаа түүнийг бие засах газар руу орсон хооронд “Dell Ai 3” маркийн зөөврийн компьютерийг хулгайлсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирээгүйг мөрдөн байцаалтаас зориуд оргон зайлсхийсэн болох нь:

             1. Шүүгдэгч А.Хас-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Ц.Пэрэнлэйгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016.01.24-ний өдөр...утсаар яриад багшаа би бие даалт хийх гэсэн юм нөүтбүүкээ түр хэрэглүүлээч гээд мессеж бичээд гуйгаад байсан...би эхнэр лүү ярьж манай нэг шавь чамаас нөүтбүүк очиж авна чи өгчихөөрэй би чиний дугаарыг өгчихлөө гэж яриад Хас-Эрдэнэ рүү эхнэр Уянгын дугаарыг мессежээр явуулсан юм...надад ямар нэг нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23, 209/

            3. Хохирогч М.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр...ангид Оюунтунгалаг багш орж ирээд багшаа нөүтбүүкээ орой 18 цаг хүртэл хэрэглүүлээч гэж хэлсэн юм...Оюунтунгалаг багшид нөүтбүүк /Lenovo/ оруулж өгөхөд өрөөнд нь өндөр биетэй, урт цэргийн савхин куртик өмссөн залуу байсан,...надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн. Миний зөөврийн компьютерийг Д.Оюунтунгалаг багш ломбарданд 220.000 төгрөг төлөөд авч өгсөн. Энэ мөнгийг Д.Одунтунгалаг өөрөө нэхэмжлэх байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27, 211/

            4. Хохирогч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016.01.29-ний өглөө надтай интернет facebook цахим хаягаар харьцаж нөүтбүүкээ яаралтай өгөөч тэгэх үү би үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм орой найдвартай авчирч өгнө гэж хэлсэн...”Аварга” дээд сургуулийн хажуу талд А.Хас-Эрдэнэ ирж уулзаж миний нөүтбүүкийг авч явсан юм...Хас-Эрдэнийн залгаж байсан 88-тай дугаартай утас руу залгаж ярихад таксины жолооч, таниас өчигдөр авдаг нөүтбүүкийг...ломбарданд тавьсан талаар хэлж би жолоочтой холбогдож Сансарт байрлах “Андууд” гэсэн ломбарданд Анхбаяр гэдэг хүний нэрээр 150.000 төгрөгөөр нөүтбүүк тавьсан байсан. Би өөрийнхөө мөнгөөр ломбарднаас нөүтбүүкээ чөлөөлж авсан...Ломбарданд төлсөн 165.000 төгрөгөө нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй. Энэ хохирлыг төлж өгвөл надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31, 208/

            5. Хохирогч Г.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Машинд хөх бараан куртик өмссөн хар өнгийн хагас түрийтэй гуталтай, саарал өмдтэй 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Энэ эрэгтэй хүн миний машинд суугаад явж байх замд утсаа өгчих ганц яриад өгье гэж миний Ай фоне утсыг аваад нэг хүнтэй яриад буцаагаад өгсөн...Янгир дэлгүүрийн урд ирэхэд энд түр зогсчих гэсэн. Тэгээд надад би энд хүний дугаар олоод утсаар яриад өгье, утсаа өгч байгаач таван минут болно гэж миний Ай фоне-5 гар утсыг аваад буугаад явсан...Бид хүлээгээд хүлээгээд энэ хүн ирээгүй. Тэгээд гайхаад буцаад цэргийн анги дээр ирж үүдэнд зогсож байсан жижүүрүүдээс асуухад нэрийг нь Хас-Эрдэнэ гэдэг, манайд жилийн өмнө ажиллаж байгаад ажлаас гарсан гэж хэлсэн. Хас-Эрдэнэ гэгчийн гэрийн хаягийг асууж аваад гэрт нь очиход Хас-Эрдэнийн ээж байсан ба та нар өгдөг газарт нь өг гэж хэлсэн. Тэгээд цагдаад дараа нь гомдол гаргасан юм....260.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202/

            6. Хохирогч Г.Уранжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 10 дугаар сарын 28-ны орой...ганц ганц пиво уух уу гэж ярилцсаны дагуу Лотус пабад орсон...удалгүй бие засах газарт орчихоод 2 минутын дараа эргээд ирэхэд миний нөүтбүүк болон Хас-Эрдэнэ алга байсан. Тэгээд 102-т дуудлага өгсөн. Үйлчлэгчээс камертай эсэхийг харж шүүхэд Хас-Эрдэнэ аваад гарч байсан...Эд зүйлээ алдсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206-207/

            7. Гэрч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016.02.01-ний өдөр 10 цагийн орчим намайг нисэхэд таксины буудалд зогсож байхад нэг цэргийн хувцастай залуу ирж би танд 20.000 төгрөг өгье Шувуун фабрикийн 26 дугаар сургууль ороод нөүтбүүк аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйтэй цуг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар сургуулийн гадна очсон...ломбарданд тэр залуу нөүтбүүкээ тавих гэж байснаа бичиг баримтгүй байна, та бичиг баримтаараа ломбарданд тавиад өгөөч би дараа таньтай холбогдож нөүтбүүкээ авчихъя гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бичиг баримтаар ломбарданд 220.000 төгрөгөөр тавьсан. Баримтны 100 төгрөг гэхээр гадаа машинаас аваад ломбарданд орж ирэхэд нөгөө цэргийн хувцастай залуу 220.000 төгрөгөө аваад таксины хөлс өгөөгүй бөгөөд сүүлд мөнгөө авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48/

            8. Гэрч Т.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А.Хас-Эрдэнийг нөхөр Х.Энхдаваагийн хамт батлан даалтад авсан...2016 оны 7 дугаар сарын эхээр байх гэртээ ирсэн чинь гараад явсан. Тэгээд тэрнээс хойш ирээгүй, уг нь манай гэрт амьдарч байсан юм. Би утсаар ярихад Дорнод аймагт байна мөнгө байна уу, мөнгө шилжүүлээч гэж байсан, манай нөхөр Дорнод руу хүн рүү яриад А.Хас-Эрдэнийн байсан гэх зочид буудал руу хүн явуулсан боловч байхгүй байсан. Сүүлд Дархан-Уул аймагт манай хамаатны залуутай тааралдаад зугтаасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166/

            9. Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 10 дугаар сарын сүүлээр Компьютер Ланд худалдааны төвийн доод давхарт би ажлаа хийж байхад энэ Хас-Эрдэнэ гэх залуу зөөврийн компьютер барьсан орж ирсэн. “Делл” загварын “Ай-3” үзүүлэлтэй хуучин хэрэглэж байсан нөүтбүүк байсан. Тэгээд асаахад паспорттой байсан. Нөүтбүүкийг нь асааж паспортыг нь тайлах программаар тайлж доторыг нь үзэхэд цэрэг хувцастай хүний зураг байсан. Тэгээд итгээд энэ нөүтбүүкийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Хас-Эрдэнэ гэгчээс өөрийн гараар “Делл-2420, 14 инч, 320 гега, 2 гегабайт РАМ, ЧЗ88122850 регистерийн дугаартай Алтанцэцэгийн Бат-Эрдэнэ дээрх нөүтбүүк миний өмч мөн болно” гэж бичиг бичүүлж авсан юм. Энэ залуу надад бичиг хийж өгөхдөө нэрээ Бат-Эрдэнэ гэж бичиж өгсөн байна. Энэ залуу өнөөдөр компьютерээ алдсан гэх хүнтэй ирж уулзсан Хас-Эрдэнэ гэх залуу мөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн /

            10. Яллагдагч А.Хас-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар сургуулийн багш нар болох Д.Оюунтунгалаг, Х.Пэрэнлэй, Б.Дуламсүрэн нарын итгэлийг нь эвдэн хуурч мэхлэн удаа дараа зөөврийн компьютерийг нь ажил хийнэ гэж худлаа хэлж авч ломбарданд тавин мөнгөөр нь архи дарс ууж, үрэн бусдад хохирол учруулсан нь үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би Уранжаргал гэх хүний компьютерийг хамтдаа бааранд сууж байхдаа Уранжаргал ариун цэврийн өрөө рүү явах үед ширээн дээрээс хулгайлаад авч явсан юм. Уранжаргалын компьютерийг Компьютер Ланд худалдааны төвд аваачиж 150.000 төгрөгөөр худалдсан. Энэ хэргийг мөнгөний хэрэг гараад үйлдсэн...Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Янгир дэлгүүрт буусан. Машинаас буухдаа Сарангэрэлээс утсаа түр өгч байгаарай хүний утасны дугаарыг хараад буцааж өгнө гэж аваад алга болсон. Энэ утсыг Теди худалдааны төвийн үүдэнд үл таних хүнд 100.000 төгрөгөөр худалдсан...2016 оны 7 дугаар сард, Наадмаас өмнө байх Билэгсайхан байцаагчтай ирж уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Эрдэнэтэд очиж Зэвсэгт хүчний 186 дугаар ангид орох гэж арван дөрвөн хоног байсан...Хэнтий аймгийн Батширээт суманд алтны уурхайд харуул хийсэн...Дорнод аймгийн урагшаа байдаг нэрийг нь мэдэхгүй, нэг суманд харуул хийсэн. Энд сар гаран ажилласан...Хотод есдүгээр сарын сүүлээр, аравдугаар сарын эхэнд ирсэн. Баруун салаанд байдаг Баясгалантай хамт дэн буудалд цуг байдаг байсан...Цагдаагаас зугтаасан болохоор хотод ажил хийх боломжгүй, дээрээс нь хотод байрлах хонох газаргүй болохоор хөдөө байрлаж харуул хийх гээд явсан...2016 оны 10 дугаар сард байх таньдаг Заяа эгчийн дугаарыг авах гээд Зэвсэгт хүчний 284 дүгээр анги руу орох гэж байсан чинь үүдэнд манай дивизын штабын дарга байсан Уранжаргал гэх хүнтэй тааралдсан. Би 6.000 төгрөгтэй байсан. Би даргадаа ганц юм авч өгөх үү гээд дагуулаад бааранд орсон. Цуг сууж байгаад Уранжаргал дарга 00-н өрөө рүү орсон. Энэ үед сандал дээр байсан цүнхэнд хийсэн нөүтбүүкийг нь аваад гарсан. Энэ нөүтбүүкийг аваад дэн буудалд авч очоод тэндээ хонож амарсан. Маргааш нь Компьютер Ландад аваачиж 165.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104, 219, 226/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Хас-Эрдэнэ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 65/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Хас-Эрдэнэ нь хохирогч Ц.Пэрэнлэйн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг “бие даалт хийх гэсэн юм нөтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж, хохирогч Б.Дуламсүрэнгийн “Dell” маркийн зөөврийн компьютерийг “үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ яаралтай өгөөч” гэж, хохирогч М.Ариунзаяагийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг “Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллаж байна, үр дүнгийн гэрээ хийх гэсэн юм нөтбүүкээ өгч туслаач” гэж, хохирогч Г.Сарангэрэлийн “Iphone-5” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж тус тус худал хэлэн авсныг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэж,

Хохирогч Г.Уранжаргалтай “Лотус” нэртэй пабад сууж байхдаа түүнийг бие засах газар руу орсон байхад нь “Dell Ai 3” маркийн зөөврийн компьютерийг хулгайлсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэж,

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирээгүйг мөрдөн байцаалтаас зориуд оргон зайлсхийсэн гэж тус тус үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч А.Хас-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх /ял шийтгэл оногдуулах/ үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.445.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас заримыг буюу 1 сарыг тус тус нэмж нэгтгэн, А.Хас-Эрдэнийн нийт биечлэн эдлэх ялыг  2 жил 2 сарын хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хас-Эрдэнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1.445.000 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг буюу 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Оюунтунгалагт, 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дуламсүрэнд, 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Сарангэрэлд, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Уранжаргалд тус тус олгох нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 115 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Алтанцэцэгийн Хас-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн,

таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Алтанцэцэгийн Хас-Эрдэнийг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ сарыг тус тус нэмж нэгтгэн, А.Хас-Эрдэнийн нийт биечлэн эдлэх ялыг  2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Хас-Эрдэнийн эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хас-Эрдэнийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. А.Хас-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хас-Эрдэнээс 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Оюунтунгалагт, 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дуламсүрэнд, 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Сарангэрэлд, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Уранжаргалд тус тус олгосугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Хас-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хас-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР