Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Хохирогч: А.Э

Шүүгдэгч: Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан, гэрч Г.Б байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Л От холбогдох 1812004550259 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  С овогт Л О /РД:../ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.О нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан сүм” гэх газарт байх С.Б гэрт иргэн А.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э мэдүүлэхдээ: Би жаахан гомдолтой байна. Миний толгой тархи, нүд өвдөөд байгаа. Би хэд хэдэн удаа явж эмчилгээ хийлгэсэн, цаашдаа ч гэсэн мөнгө төгрөгний боломжтой бол эмчилгээнд явмаар байна. Айл ирж цай уу гэхээр нь очоод, жаахан архи уугаад халамцуухан байсан. Би Оын хоолойноос барьж авч, янхан ав гэж хэлээгүй. Би жаахан согтуу байсан. Би Банзаа ахынд явъя гээд байж байтал Б эгч машинд хүн суулгаж өгөх гээд гарсан байсан. Тэгээд би гэрт нь айраг уугаад сууж байсан бөгөөд О тэр талын орон дээр сууж байхаар нь би От хандаж миний дүү одоо авгай аваач ээ, цэргээс халагдаж ирээд 3-4 жил болчихоод авгай аваач, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу чи гэж хэлчихээд айргаа уучихаад аягаа тавих гэсэн чинь тас хийгээд явчихсан. Тэр үед миний нүд рүү өшиглөсөн бөгөөд миний нүднээс цус болон цагаан юм гойжоод байсан. Тэгээд Б эгч намайг машинтай гэр рүү хүргэж өгсөн. Маргааш өглөө нь Оыг ирж уулзах байх гээд гэртээ хүлээгээд байсан чинь ирж уулзаагүй, харин хот руу явсан сурагтай байсан. Тэгээд гэртээ ирэхээр нь ирээд уулзах байх гэж бодоод хоёр хоног хүлээсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь багийн эмчийг хүнээр дуудуулаад үзүүлсэн чинь аймаг руу явж эмнэлэгт үзээл гэхээр нь аймагт ирээд үзүүлсэн чинь яаралтай хот руу явж үзүүл, нөгөө нүдэндээ нөлөөлнө гэхээр нь хот руу очиж үзүүлсэн. Би 8 сая төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэ мөнгө нь эмчилгээний зардал, мөн нааш, цаашаа явсан зардлын мөнгө байгаа юм. Бид хоёр хоёулаа хот руу явсан учраас хоёр хүний зардал их гарсан. 8 сая төгрөгөөс ч их зардал гарсан. Би 10 гаруй сая төгрөгөөр хот руу 3 удаа явж эмчлүүлчихээд ирсэн. Ооос 3 сая төгрөг авсан гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б мэдүүлэхдээ: Би айлд байсан чинь манай гадаа хүн орилох шиг болохоор нь гараад ирсэн чинь О манай гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд би Оыг юу болоод байгаа юм гээд мордуулж явуулчихаад гэртээ орсон чинь Э манай гэрт сууж байхаар нь Эийг гэрт нь хүргэж өгсөн гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд 1812004550259 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүм гэх газар байрлах Б гэх айлд найранд орчихоод найр тарах үед Б ахын гэрт Л.Отой юм яриад сууж байгаад би Л.Обатыг чи эхнэр ав л даа, одоо болтол эхнэр авахгүй, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу гээд тоглоод хэлтэл Л.Обат босч ирээд юм ярилгүй шууд миний зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед Б ахынд ирсэн хүмүүс тараад сүүлийн хүмүүс нь явах гээд Б ах, эхнэр Бын хамт найранд ирсэн хүмүүсээ гаргаж өгөх гээд гараад явсан байсан. Гэрт Б ахын хоёр хүүхэд байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Обат намайг өшиглөөд удаагүй байхад гаднаас Б эгч орж ирсэн, араас нь Б ах орж ирсэн. Б эгч миний нүдний цусыг арилгах гээд чадахгүй байсан учир хажуу айлаас Дарижав эгч орж ирээд миний нүдний цусыг цэвэрлээд боолт хийж өгөөд намайг Б эгч машинаар гэрт хүргэж өгсөн. Би гэртээ хариад маргааш нь сумын төвийн эмнэлэгт дуудлага өгөөд манай багийн эмч дуудлагаар ирж үзээд намайг сумын төв орж яаралтай үзүүл, нүд чинь сохорсон байна гэж хэлсэн. Л.Обат нэг их уугаагүй, бага зэрэг согтсон байсан. Бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаагүй. Обат бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын зүйл огт байхгүй. Л.Обат босч ирээд баруун талынхаа хөлөөр өшиглөсөн байх. Би тухайн үед намайг цохино гэж бодоогүй байсан учраас анзаараагүй байсан. Би Обатад гар хүрээгүй. Намайг өшиглөх үед гэрт Б ахын 7-8 насны 2 жаахан хүүхэд байсан, өөр хүн байгаагүй. Обат намайг өшиглөчихөөд гэрээс гарах гэсэн чинь Б эгч гаднаас зөрөөд орж ирж таарсан. Би Улаанбаатар хотод үзүүлээд зүүн талын нүдээ авахуулсан, зүүн нүд ямар ч хараагүй болсон. Насан туршдаа нэг нүд сохор болсон учраас би маш их гомдолтой байна. Би эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Э дахин мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Би Лхамжав овогтой О гэх хүнд зодуулсан. Өмнө мэдүүлэг өгөхдөө Оын бүтэн нэрийг нь мэдэхгүй Обат гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Би маш их гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд гарсан бодит зардал одоогийн байдлаар 8 сая төгрөг болсон. Одоо надад учраад байгаа 8 сая төгрөг болох хохирлын талаар бүрдүүлсэн баримт байхгүй учраас баримт гаргаж өгөхгүй. Би нийт 8 сая төгрөг л нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.ЦБын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр саахалт байдаг Б гэх айлд найр болоод нөхөр Эийн хамт очсон. Тэгээд би түрүүлээд гэр рүүгээ явсан юм. Манай нөхөр Б ахынд үлдсэн бөгөөд, тэгтэл шөнө 22 цаг өнгөрч байхад манай нөхрийг Б ахын эхнэр Б эгч машинаар хүргэж ирж өгсөн. Манай нөхөр гэртээ ирэхдээ зүүн нүднээс нь цус гараад хавдсан байхаар нь би юу болсон талаар асуусан чинь Обат нүд рүү нь өшиглөсөн гэж байсан. Тэгээд маргааш нь эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь нүд нь сохорсон байна, яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 07-нд Улаанбаатар хот руу ороод 01 дүгээр эмнэлэгт үзүүлсэн чинь хараа орох боломжгүй гэсэн учраас мэс засал хийлгээд шаариг суулгасан. Одоо манай нөхрийн зүүн нүд ямар ч хараагүй болсон. Ямар учраас өшиглөснийг би сайн мэдэхгүй байна. Хоорондоо зодоон хийсэн асуудал байхгүй гэсэн. Э Обаттай тоглоом хийгээд эхнэр авахгүй юу хийгээд байгаа юм бэ, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу гэж хэлтэл Обат уурлаад нүд рүү нь өшиглөсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай хажуу талын айлд найр болсон юм. Тэгээд орой найр тараад хүмүүс явж байсан бөгөөд орой 21 цагийн үед манай гэрт Э О хоёр орсон байсан. Би гадаа байж байсан чинь манай гэрт хүмүүс дуугараад шуугилдаад байхаар нь гэртээ яваад ортол Э гэрийн баруун хэсэгт зуухны харалдаа хойд талд доошоо тонгойгоод суучихсан, нүдээ дарсан байдалтай байсан. Газар бага зэрэг цус гойжсон байсан. О гэрийн үүдэнд зогсож байсан. Би Ооос юу болоод байгаа юм бэ гэж асуутал О наад Э чинь дургүй хүргээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оыг гэрээс гаргаад гэр рүү нь явуулсан. Тэгээд гэрт эргэж орж ирээд Эийн биеийн байдлыг үзэхэд зүүн талын нүднээс нь цус гарсан байдалтай, бага зэрэг хавдсан байхаар нь цусыг нь арчиж цэвэрлээд гэрт нь машинаар хүргэж өгсөн. Тэр хоёр хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. О Эийн нүд рүү өшиглөснийг би хараагүй. Э, О хоёр хоёулахнаа манай гэрт байсан юм. Манай нөхөр Б гэртээ согтуу ухаангүй унтаж байсан. Манайд өөр хүн байгаагүй. Би Эийг гэрт нь хүргэж өгөх үед Эийн нүднээс нь цэнхэр өнгөтэй зүйл цусны хамт гойжоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн: ... 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой Цэнхэр сум Цэцэрлэг баг Хуурай гэх газарт манай хажуу айлд найр болсон. Тэр орой 21 цаг өнгөрч байхад найранд ирсэн хүмүүс зодоон хийсэн бололтой байсан. Тухайн үед би архи их уугаад согтоод унтсан байсан, яг ямар хэрэг болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Дараа нь сонсоход О гэх залуу  Эийг өшиглөсөн гэх яриа гарсан байсан. Би яагаад өшиглөх болсныг нь мэдэхгүй байна. Тэр хоёрын дунд ямар нэг өс хонзон байхгүй. Тэд нар хамаатан хүмүүс байгаа юм. Тухайн үед би их согтоод унтсан болохоор сайн мэдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Л.Оын гэрчээр мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын эхээр байсан байх би одоо өдрийг нь санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүмийн Чулуут гуя гэх газар байрлах Б гэх айлд найранд очсон. Найранд манай ах, дүү нар очсон байсан. Орой 21 цагийн үед найр тараад би тэнд байсан согтсон хүмүүсийг гэр рүү нь хүргэж өгчихөөд буцаж ирээд Б ахын гэр рүү орох гэтэл гэрийн гадаа Э ах Б ах хоёр тамхи татаад зогсож байсан. Тухайн үед тэр хоёр их согтуу байсан. Би тэр хоёрын хажууд нь очоод зогссон чинь Э ах намайг харснаа чи кармаандаа гараа хийчихээд их том болчихсон байнаа, муу гуйлгачин минь гээд байхаар нь би Э ахад би гуйлгачин ч гэсэн таниас гурилын мөнгө гуйгаагүй шүү гэсэн чинь Э ах намайг хойноос багалзуурдаад авсан. Тэгтэл Б ах манай дүү Ч хоёр Эыг надаас салгаад гэр рүү оруулсан. Тэгээд би тэр хавиар айлуудаар явж байгаад хэсэг хугацааны дараа эргээд Б ахынд орсон чинь Б ах унтаад өгсөн байсан. Э ах гэрийн баруун талд зуухны хойд хэсэгт сууж байхаар нь би гэрийн зүүн талын орон дээр суусан чинь Э ах намайг чи эхнэр авахгүй юмаа, чамд эхнэр олдохгүй байна уу гээд байхаар нь би харин тийм ээ дүүд нь эхнэр олдохгүй байна гэсэн чинь Э ах намайг Ооо пизда минь чамд эхнэр олдохгүй л дээ, чамд янхан олдоно гэж хэлэхээр нь миний уур хүрээд орон дээрээс боссоноо санаж байгаа, яг юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн чинь Б эгч намайг бариад авсан, яаж байгаа юм бэ гээд намайг цохиж байсныг санаж байна. Тэгээд би Б эгчээс зугтаад гэр рүүгээ харьсан. Б эгч намайг Э ахыг хүргээд өгчих гээд байхаар нь би Б ахынд орсон. Э ах бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Э ах согтуу байсан болохоор намайг янз бүрээр хэлж доромжилсон байх. Э ах намайг чамд авгай олдохгүй гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд орон дээрээс боссонооо санаж байна, өөр зүйл сайн санахгүй байна. Э ахын хэлсэн үг нь надад их хүнд туссан учир би тухайн үед маш их уурласан бөгөөд уурандаа ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Би Э ахыг өшиглөснөө санахгүй байгаа юм. Би гэрээс яаж гарснаа санахгүй байна, нэг мэдсэн чинь Б эгч гэрийн гадаа намайг бариад авсан, яаж байгаа юм бэ чи гээд цохиод байсан. Тэгээд би айгаад гэр рүүгээ явсан. Э ах гэрээс гарч ирээгүй байсан учир би биед нь ямар гэмтэл учирсныг нь хараагүй. Би тэр явдал болсны маргааш нь Улаанбаатар хот руу мал зарах гээд хүргэн ах Бхамт явсан байсан. Тэгтэл 2 хоногийн дараа намайг Улаанбаатар хотод байхад манай ээж над руу утсаар яриад намайг загнаад чи Эийн нүдийг сохолсон юм уу гээд байсан. Э ахтай манай ээж очиж уулзсан юм шиг байна лээ. Тэгэхэд л би Э ахын нүдийг сохорсныг мэдсэн. Намайг Б ахын гэрт орох үед Э ахын биед ил харагдах бэртэл, гэмтэл, шарх байгаагүй. Нүд нь зүгээр байсан. Б ах согтоод унтсан байсан. Э ах, манай дүү Ч, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Б эгч намайг яаж байгаа юм бэ гээд байсан, өөр юм яриагүй. Би айсан байсан учраас Б эгчээс юм асуулгүй тэр чигтээ гэр рүүгээ явсан. Э ах намайг цохиогүй, миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч А.Ч мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын эхээр байсан байх би одоо сар, өдрийг нь санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүм гэх газар манай хажуу айлд найр болсон. Тэгээд орой болоод хүмүүс тарах үеэр нь би О ахтай хамт зарим нэг хүмүүсийг нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд О ах бид хоёр эргэж ирээд Б ахын гэрийн үүдэнд нь яваад очтол Э гэх хүн О ахыг зүгээр байхад нь хэрүүл өдөөд “Ооо би чиний сэтгэлд багтаад байна уу, чи ахыгаа зодно гэж бодоод байна уу” гээд байсан. Тухайн үед О ах юм ярилгүй юу гэж дүү нь тэгэх юм бэ гээд байсан. Тэгтэл Э Оыг дээлийн энгэрээс нь заамдаад авахаар нь Б ах бид хоёр Эийг салгаад Б ахын гэр рүү оруулсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Хэсэг байж байгаад би Б ахын үүдээр гараад явж байсан чинь Б ахын гэр дотор нь Э чанга, чанга орилоод пизда минь Ооо чамд авгай олдохгүй, янхан олдоно гээд байсан. Тэгтэл гэр дотор юм пижигнэж дуугараад Б эгч О ахыг гэрээс түлхэж гарч ирээд яаж юм бэ чи гээд аашлаад байсан. Би юу болсон юм бол гэж бодоод байж байсан чинь Б эгч О ахыг яаж байгаа юм бэ чи гээд байсан. Би тухайн үед яг юу болсныг нь ойлгоогүй юм, дараа нь юу болсныг нь мэдсэн. Би О ахыг моринд нь мордуулж өгсөн. Тэгээд О ах гэр рүүгээ явсан. Э согтуу байсан болохоор тэгсэн байх гэж бодож байна. Тэр хоёрын хооронд өс хонзон, өр авлага гэх зүйл байхгүй байх. Б ахын гэрийн үүдэнд очих үед Э Ооос хэрүүл өдөөд байсан. Би гэрийн гадаа байсан учир гэр дотор болсон зүйлийг хараагүй, Б эгч О ахыг гэрээс авч гарч ирээд чи яаж байгаа юм бэ гээд байсан. Би юу болсныг ойлгоогүй. Маргааш өглөө нь О ах Э ахын нүд рүү өшиглөсөн талаар сонссон. Би О ахыг мордуулж өгчихөөд гэр рүүгээ явсан. Э ахыг хэн хүргэж өгснийг би мэдээгүй. Б ахын гэрт ороогүй болохоор Э ахын биед ямар гэмтэл учирсныг хараагүй. Э ах өөр хүнтэй зодоон хийгээгүй. Э ахын биед гэмтэл учраагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Д мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай хотонд найр болоод орой 21 цагийн үед тарсан. Тэгээд найранд ирсэн хүмүүс яваад ганц, хоёр настай хүмүүс үлдсэн байсныг нь О мотоциклиор хүргэж өгсөн. Би гэртээ ороод сууж байсан чинь манай хажуу талын Б гадаа хүмүүс дуугараад байхаар нь гарсан чинь О, Ч нар хонины хашаан дээр морин дээрээ очсон байхаар нь би тэр хоёрыг гэр рүүгээ харьцгаа гэж хэлээд буцаад гэртээ орсон. Тухайн үед би зодоон болсныг мэдээгүй юм. Маргааш өглөө нь болсон чинь өчигдөр шөнө О Эийн нүд рүү өшиглөөд Эийн нүд нь юм харахгүй байна гэж сонссон. Э О хоёр хоорондоо маргалдаагүй. О орой нь найр тарахад хүмүүсийг хүргэж өгөөд архи уугаагүй эрүүл явж байсан. Э нь найран дээр согтуу байсан. Найран дээр хэрүүл зодоон болоогүй. О ямар учраас Эийн нүд рүү өшиглөсөн талаар мэдэх зүйл байхгүй. Найр тарсны дараа Б гэрт нь л тийм зүйл болсон юм шиг байна лээ. Эийн биед ямар гэмтэл учирсныг би хараагүй, миний сонссоноор нэг нүд нь юм харахгүй болсон гэж байсан. О даруухан зан ааштай, хүний үгнээс гардаггүй, хүнтэй эвтэй байдаг, архи, тамхи хэрэглэдэггүй, буруу зуршил байхгүй, багаасаа сургуульд суугаагүй, мал дээр өссөн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. 2018 оны 08 дугаар сарыэн 02-ны өдөр би Б ахын хотонд найранд очоод орой 20 цагийн үед найр тарахаас өмнө гэр рүүгээ харьсан. Тэгээд хоёр хоногийн дараа нь О, Эийг зодоод нүдийг нь сохолсон талаар сонссон, яг юу болсныг нь мэдээгүй. О, Э хоёр хоёулаа байсан, тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон асуудал гаргаагүй. Бүр орой найр тарсны дараа нь зодолдсон юм шиг байна лээ. Намайг гэр рүүгээ харихаас өмнө Э нь архи уусан согтуу байх шиг байсан. О архи уугаагүй, эрүүл байсан. Тэр хоёр юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдээгүй. Э, О хоёр хоорондоо эвтэй байдаг, хамаатан садан хүмүүс бөгөөд Э өөрөө архи дарс уугаад байдаггүй, элдэв ааш зангүй. Э Оыг дээрэлхэдэг дарамталдаг асуудал байхгүй байх. Манай дүү О даруу төлөв зантай, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, архи, тамхи огт хэрэглэдэггүй, хүний үгнээс гардаггүй, элдэв буруу зуршил, буруу зан байдаггүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Т мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай доод хотны Б гэх айлд найр болсон юм. Манай хүү Л.О тэр найранд очоод орой 22 цагийн үед ирээд унтсан. Маргааш өглөө нь эрт манай хүү Улаанбаатар хот руу мал зарах гээд ахтайгаа хамт явсан юм. Би хүүхдүүдээ явуулчихаад үнээгээ сааж байсан чинь Эийн эхнэр ЦБ ирээд өчигдөр орой О Эийн нүд рүү нь цохисон байна, Эийн зовхи нь хагарсан байна, та очоод хараадахаач гэсэн. Тэгээд би үнээгээ сааж дуусаад Эийнд очсон чинь Э унтаж байсан. Би Этэй уулзаад ярилцсан чинь өчигдөр орой би Оыг авгай олж аваач гэж хэлсэн чинь миний нүд рүү өшиглөсөн гээд байсан. Тухайн үед Эийн дээд зовхи нь хөхрөөд нүд нь улаан хүрэн өнгөтэй болсон байсан. Би хоёр хоногийн дараа Отой утсаар яриад чи яагаад хүний нүд рүү өшиглөсөн юм бэ гэж асуусан чинь наад Э ах чинь намайг доромжлоод чамд охин олдохгүй, янхан олдоно гээд байсан, би тухайн үед их уурласан байсан бөгөөд би Эийг цохиогүй гээд байсан. Манай хүү О Эийг ахаа гээд хоорондоо гайгүй сайн харьцаатай байдаг. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай хүү О их даруухан, хүний үгээр байдаг, янз бүрийн буруу муухай зан гаргаад байдаггүй, хүнд их тусархуу, архи, тамхи хэрэглээд байдаггүй хүүхэд байгаа юм. Манай хүү Л.О өмнө нь Эд олон удаа тус болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Оын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын эхээр байсан, яг хэдний өдөр байсныг би одоо санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүмийн Чулуут гуя гэх газар байрлах Б ахын найранд очсон. Тэгээд орой найр тараад би найранд ирсэн хүмүүсийг хүргэж өгчихөөд буцаад Б ахын гэрт ирсэн чинь гэрийн гадаа Б ах Э ахтай хамт тамхи татаад зогсож байсан. Би тэр хоёр дээр яваад очтол Э ах намайг Ооо чи хэзээ ийм том болчихсон юм бэ, муу гуйлгачин минь гэхээр нь би урдаас нь би гуйлгачиндаа таниас гурилын мөнгө гуйгаагүй шүү гэж хэлтэл Э хүрч ирээд намайг барьж аваад гараараа миний багалзуурыг шахсан чинь Б ах, манай дүү Ч хоёр Эийг надаас салгаад гэр рүү оруулсан. Тэрнээс хойш 30 минут орчмын дараа Б эгч намайг Эийг гэрт нь хүргээд өгчих, одоо архи нь гараад гайгүй болж байгаа байх гэхээр нь Б ахын гэрт ортол Э гэрийн баруун талд зуухны харалдаа хойд талд сууж байсан. Б ах гэрийн хоймор ширээ налаад унтаад өгсөн байсан. Миний дүү Ч гэрийн зүүн талын орон дээр сууж байхаар нь би Ч хажууд очоод суусан чинь Б эгч надтай хамт гэрт орж ирээд Эөө чи одоо Ооор гэр рүүгээ хүргүүлчих гэж хэлчихээд буцаад гараад явсан. Тэгтэл Э намайг Ооо чамд авгай олдохгүй байна уу гэхээр нь би хариуд нь харин тийм ээ дүүд нь авгай олдохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Э Ооо би чамд нэг юм хэлчих үү, чамд авгай олдохгүй, янхан олдоно гээд намайг бассан байдалтай хэлсэн. Тухайн үед миний уур хүрсэн. Би өмнө нь нэг охинтой жил үерхэж байсан бөгөөд сүүлдээ тэр охин намайг хаясан юм. Тэр асуудлаар намайг доромжилж байна гэж бодоод миний уур маш их хүрсэн байсан. Тэгээд би орон дээрээс боссоноо мэдэж байсан, нэг мэдсэн чинь Б эгч намайг бариад авсан чи яаж байгаа юм бэ гээд намайг цохиод аашлаад байхаар нь Б эгчээс айсандаа зугтаад гэр рүүгээ явсан. Б эгч тухайн үед юу болсон талаар надад хэлээгүй. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу хүргэн ахтайгаа хамт мал зарахаар явсан. Намайг Улаанбаатар хотод байхад 3 хоногийн дараа манай ээж над руу утсаар яриад чи Эийн нүдийг сохолчихсон юм уу гэж надаас асуусан. Тухайн үед би юу болсон юм бол доо, Эийн нүд рүү цохисон юм байх даа гэж бодсон. Ээж надтай утсаар ярихдаа Эийн нүд нь сохорсон байна, эмчилгээ хийлгэх гээд Улаанбаатар хот руу явж байна гэж хэлсэн. Би Эийн нүд рүү өшиглөсөнөө санахгүй байгаа юм, хэсэгхэн зуур юу болсныг санахгүй байгаа юм. Миний мэдэж байгаагаар Б ахын гэрт байхдаа Этэй барьцалдаж авч зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед би эрүүл байсан, би архи огт уудаггүй. Би гэрээс яаж гарснаа санахгүй байна. Б эгч намайг гэрийн гадаа байхад бариад авсан байсан. Би Б эгчээс айгаад зугтаасан. Э гэрээс гарч ирсэн үгүйг мэдээгүй. Улаанбаатар хотод байх үед ээж надтай утсаар яриад Эийн нүд нь сохорсон байна гэж хэлсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан. Э намайг цохиогүй, миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/  

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 415 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. А.Эийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт хүнд зэрэг, салстын урагдал, шилэнцэр болон судаслаг бүрхүүлийн няцралт, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, нүдний алиманд цус хуралт, даралт бууралт, дээд зовхины язарсан шарх гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүдийн улмаас зүүн нүдийг авах мэс засал хийлгэсэн байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги байдлаар алдагдуулна. Зүүн нүдний алимны доргилт хүнд зэрэг, салстын урагдал, шилэнцэр болон судаслаг бүрхүүлийн няцралт, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, нүдний алиманд цус хуралт, даралт бууралт гэмтлүүдийн улмаас зүүн нүдний алим мэс заслаар авагдаж бүрэн хараагүй болсон нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 4-7-31-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүнд гэмтэлд, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины шарх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/

 

Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 31-34 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/

Малын “А” дансны хуулбар /хх-ийн 63-64 хуу/

Цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 69 хуу/

Хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 75 хуу/

Тодорхойлолт /хх-ийн 76 хуу/

Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан сүм” гэх газарт байх С.Б гэрт иргэн А.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Л.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан сүм” гэх газарт байх С.Б гэрт иргэн А.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эийн мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүм гэх газар байрлах Б гэх айлд найранд орчихоод найр тарах үед Б ахын гэрт Л.Отой юм ярьж сууж байгаад би Л.Обатыг чи эхнэр ав л даа, одоо болтол эхнэр авахгүй, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу гээд тоглоод хэлтэл Л.Обат босч ирээд юм ярилгүй шууд миний зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гараад тогтохгүй байсан. Л.Обат босч ирээд баруун талынхаа хөлөөр өшиглөсөн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, “би Лхамжав овогтой О гэх хүнд зодуулсан. Өмнө мэдүүлэг өгөхдөө Оын бүтэн нэрийг нь мэдэхгүй Обат гэж мэдүүлэг өгсөн байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.ЦБын мэдүүлсэн “Манай нөхөр гэртээ ирэхдээ зүүн нүднээс нь цус гараад хавдсан байхаар нь би юу болсон талаар асуусан чинь Обат нүд рүү нь өшиглөсөн гэж байсан. Тэгээд маргааш нь эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь нүд нь сохорсон байна, яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 07-нд Улаанбаатар хот руу ороод 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн чинь хараа орох боломжгүй гэсэн учраас мэс засал хийлгээд шаариг суулгасан. Одоо манай нөхрийн зүүн нүд ямар ч хараагүй болсон. Э Обаттай тоглоом хийгээд эхнэр авахгүй юу хийгээд байгаа юм бэ, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу гэж хэлтэл Обат уурлаад нүд рүү нь өшиглөсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бын мэдүүлсэн “Би гадаа байж байсан чинь манай гэрт хүмүүс дуугараад шуугилдаад байхаар нь гэртээ яваад ортол Э гэрийн баруун хэсэгт зуухны харалдаа хойд талд доошоо тонгойгоод суучихсан, нүдээ дарсан байдалтай байсан. Газар бага зэрэг цус гоожсон, О гэрийн үүдэнд зогсож байсан. Би Ооос юу болоод байгаа юм бэ гэж асуутал О наад Э чинь дургүй хүргээд гэж хэлсэн. Тэгээд гэрт эргэж орж ирээд Эийн биеийн байдлыг үзэхэд зүүн талын нүднээс нь цус гарсан байдалтай, бага зэрэг хавдсан байхаар нь цусыг нь арчиж цэвэрлээд гэрт нь машинаар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн “Дараа нь сонсоход О гэх залуу Эийг өшиглөсөн гэх яриа гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч А.Ч мэдүүлсэн “Хэсэг байж байгаад би Б ахын үүдээр гараад явж байсан чинь Б ахын гэр дотор нь Э чанга, чанга орилоод пизда минь Ооо чамд авгай олдохгүй, янхан олдоно гээд байсан. Тэгтэл гэр дотор юм пижигнэж дуугараад Б эгч О ахыг гэрээс түлхэж гарч ирээд яаж юм бэ чи гээд аашлаад байсан. Маргааш өглөө нь О ах Э ахын нүд рүү өшиглөсөн талаар сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Д мэдүүлсэн “Маргааш өглөө нь өчигдөр О Эийн нүд рүү өшиглөөд Эийн нүд нь юм харахгүй байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “хоёр хоногийн дараа нь О, Эийг зодоод нүдийг нь сохолсон талаар сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Т мэдүүлсэн “Би хүүхдүүдээ явуулчихаад үнээгээ сааж байсан чинь Эийн эхнэр ЦБ ирээд өчигдөр орой О Эийн нүд рүү нь цохисон байна, Эийн зовхи нь хагарсан байна, та очоод хараадахаач гэсэн. Тэгээд би үнээгээ сааж дуусаад Эийнд очсон чинь Э унтаж байсан. Би Этэй уулзаад ярилцсан чинь өчигдөр орой би Оыг авгай олж аваач гэж хэлсэн чинь миний нүд рүү өшиглөсөн гээд байсан. Тухайн үед Эийн дээд зовхи нь хөхрөөд нүд нь улаан хүрэн өнгөтэй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, мөрдөн байцаалтын шатанд Л.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Э намайг Ооо чамд авгай олдохгүй байна уу гэхээр нь би хариуд нь харин тийм ээ дүүд нь авгай олдохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Э Ооо би чамд нэг юм хэлчих үү, чамд авгай олдохгүй, янхан олдоно гээд намайг бассан байдалтай хэлсэн. Тухайн үед миний уур хүрсэн. Тэгээд би орон дээрээс боссоноо мэдэж байсан, нэг мэдсэн чинь Б эгч намайг бариад авсан чи яаж байгаа юм бэ гээд намайг цохиод аашлаад байхаар нь Б эгчээс айсандаа зугтаад гэр рүүгээ явсан. Намайг Улаанбаатар хотод байхад 3 хоногийн дараа манай ээж над руу утсаар яриад чи Эийн нүдийг сохолчихсон юм уу гэж асуусан. Тухайн үед би юу болсон юм бол доо, Эийн нүд рүү цохисон юм байх даа гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/, “би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг, хохирогч А.Эийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 415 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын “Л.Оын эмзэг сэдвээр хохирогч А.Э нь доромжилж, чамд янхнаас өөр эхнэр олдохгүй гэж элдвээр хэлснээс болж Л.Оын сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчдаж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн санал нь няцаагдаж байх ба гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим шүүгдэгч Л.От хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр алдар хүндийг нь гутааж доромжилсон, эрхшээл, дарамтанд оруулж, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас Л.О нь гэнэтийн цочролд орж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч С овогт Л Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

Шүүгдэгч Л.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй хохирогч А.Эд  3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Л.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч А.Э нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Эийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй байна.

Хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, үүнээс шүүгдэгч Л.Оын төлсөн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хасч, үлдэх 9.000.000 /есөн сая/ төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Л Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.О нь хохирогч А.Эд  3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч А.Э нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх болохыг тус тус дурдаж, хохирогч А.Эийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ