Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Л.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Э.Билгүүн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Энхбаяр

            Шүүгдэгч                                           Л.О

            Хохирогч                                            А.Э

            Хохирогчийн өмгөөлөгч                   Б.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Л.От холбогдох 1812004550259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 23 настай, боловсролгүй, мэргэжилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Лын О

 

Л.О нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан сүм” гэх газарт байх С.Банзрагчийн гэрт иргэн А.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Л.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч С овогт Лын Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Л.О нь хохирогч А.Эд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч А.Э нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх болохыг тус тус дурдаж, хохирогч А.Эийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч А.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүм гэх газар байдаг Банзрагч гэх ахынд айраг уугаад сууж байсан. Тэднийд О байсан. Би От хандаж миний дүү одоо авгай аваачээ, цэргээс халагдаж ирээд 3-4 жил болчихоод авгай аваач, хүүхэн найрч чадахгүй байгаа юм уу гэж хэлчихээд айргаа ууж дуусгаад аягаа тавих гэсэн чинь тас хийгээд явчихсан. Л.О миний нүд рүү өшиглөсөн. Маргааш өглөө нь Оыг ирж уулзах байх гээд гэртээ хүлээгээд байсан чинь ирж уулзаагүй, харин хот руу явсан сурагтай байсан. Тэгээд гэртээ ирэхээр нь ирээд уулзах байх гээд хоёр хоног хүлээсэн гэж мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд О мэдүүлэхдээ би А.Э ахыг өшиглөснөө санахгүй байна. Тэгээд би айгаад гэрлүүгээ явсан. Эрдэнэтөр ах гэрээс гарч ирээгүй байсан учир би биед нь ямар гэмтэл учирсныг нь хараагүй. Би тэр явдал болсны маргааш нь Улаанбаатар хот руу мал зарах гээд хүргэн ах Бат-Эрдэнэтэй хамт явсан байсан. Тэгтэл хоёр хоногийн дараа намайг Улаанбаатар хотод байхад манай ээж над руу утсаар яриад намайг загнаад чи Эрдэнэтөрийн нүдийг сохолсон юм уу гээд байсан. Тэгэхэд л би Эрдэнэтөр ахын нүд сохорсныг мэдсэн гэх мэдүүлгүүдээс үзэхэд Л.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа болон бусад туслалцаа үзүүлээгүй, учруулсан хохирлыг төлөөгүй байна. А.Эийн зүүн нүд эмчлэгдэхгүйгээр бүр мөсөн  хараагүй болж сохорсон учраас мэс засал хийлгээд шаариг суулгасан. Хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролдоо нийт 12 000 000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд 3 000 000 төгрөгийг увуулж цувуулан О төлсөн. Хохирогч А.Э нь залуу хүн, насаараа нэг нүд нь сохорсонд маш их харамсаж сэтгэл санаагаар унаж, шаналж явдаг. Ийм байхад шүүх Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэн ямар гэмт хэрэг үйлдсэн, түүнд нь тохирсон ял зэмлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч Л.От холбогдолтой шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Л.От холбогдох давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Л.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж ял шийтгэх оногдуулахаар заасан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Л.От оногдуулсан ял шийтгэлд өөрчлөлт оруулж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Л.Оыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж оногдуулсан ял шийтгэл нь тохирсон. Л.О нь гэм буруугаа хүлээсэн, баримттай хохирол төлбөрөө төлсөн учраас одоогоор хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй. Л.О нь хохирогч А.Эд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Л.От тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.О нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Л.Оын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, Л.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Л.О нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.О нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                        Д.БЯМБАСҮРЭН

                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ