Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 205

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Ариун-Оргилд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Ариунсанаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Ялтан Д.Ариун-Оргилын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ариун-Оргилд холбогдох эрүүгийн 201525010797 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол овогт Дамдинсүрэнгийн Ариун-Оргил, 1983 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Амины орон сууцны 4 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

          2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 417 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

 

          2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 24 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 38, 39 дүгээр зүйлийг журамлан 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 105 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

          2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ЧП83052814/,   

 

          Д.Ариун-Оргил нь нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр иргэн Б.Энхболдыг “юм яръя” хэмээн дагуулж яван, улмаар ямар ч шалтгаангүйгээр зодож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Ариун-Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Д.Ариун-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Ариун-Оргилыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Ариун-Оргилыг 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Ариун-Оргилд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Ариун-Оргилын урьд цагдан хоригдсон 589 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчид 4.300.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ гэм буруутай этгээдээс /Д.Ариун-Оргил/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хохирогч Э.Болорцэцэг миний бие эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Д.Ариун-Оргил нь өөрийн байгууллагын ажилчидтай голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч Б.Энхболд нь Чойнямтай маргалдах явцад нь тэднийг салгаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхболдыг зодож цохин бие махбодид нь гэмтэл учруулан түүний амь насыг хохироосон байна…” гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Ариун-Оргил талийгаачийг 4-5 удаа толгойн тус цохисон, “энэ мууг ингээд алаад хаячихъя” гэж хэлсэн зэрэг нь гэрчүүдийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Түүнчлэн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр няцаагдаж байгаа, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо тохирч байгааг шүүх бүрэлдэхүүн авч үзэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 993 дугаартай дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “танхай сэдэлт” хангалттай нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэлгүй, миний нөхөр өөрийн буруугаас болж амь насаа алдсан мэт үзэж, гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг арилгаж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн.

Тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...шүүгдэгч Д.Ариун-Оргилыг ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр, улмаар ямар ч шалтгаангүйгээр зодож, санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнд танхайн сэдэлт тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ…” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.3-т “Танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ” гэж тайлбарласан байхад шүүх бүрэлдэхүүн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хайрт хүүгийн минь аав, ханийг минь санаатай алсан шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээгүй, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлээгүй, хэт нэг талыг барьсан, шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй тогтоол гаргасан тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэгийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 97, 98 дугаар хуудсанд гэрч Энхбаатарын, 107, 108 дугаар хуудсанд гэрч Баянмөнх, Баяраа, Мөнхмягмар нарын мэдүүлэг авагдсан бөгөөд гэрч нарын мэдүүлгээс үэзхэд Д.Ариун-Оргил талийгаачийн толгой руу 2-3 удаа цохисон бөгөөд ухаан алдсан байхад нь үргэлжлүүлэн цохиж байсан гэдэг. Иймд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан үйлдэл байх боломжтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын асуудалд гомдолтой байдаг. Д.Ариун-Оргил 3.500.000 төгрөг хохиролд төлсөн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 6.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг өмнө нь өмгөөлөгч Ч.Нямаас хууль зүйн туслалцаа авч, түүнд өмгөөллийн хөлс төлсөн бөгөөд уг зардлыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зардал биш байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг заалтад “өмгөөлөгчид төлсөн зардал” гэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Ариун-Оргилын өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокуророос Д.Ариун-Оргилын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэг буюу танхайн сэдэлтээр бусдын амь насыг хөнөөсөн гэж зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Ариун-Оргилыг унтаж байхад талийгаач бусадтайгаа маргалдаж, зодолдсон байдаг. Д.Ариун-Оргил босож ирээд унтаж байхад нь юу болсныг асууж, улмаар хохирогчийг нэг удаа цохиход хохирогч үхэдхийн унасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Мөнгө өгвөл давж заалдах гомдол гаргахгүй, мөнгө өгөхгүй бол давж заалдах гомдол гаргана” гэсэн. Д.Ариун-Оргил цагдан хоригдох 2 жилийн хугацаанд бүх л боломж бололцоогоо ашиглан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.300.000 төгрөг төлсөн. Д.Ариун-Оргил өөрийн үйлдсэн хэрэгт гэмшдэг, өөрийн буруутай үйлдлийг мэддэг. Хэрэгт 2.800.000 төгрөгийн хохирлын баримт байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ням өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байсан гэдэг ч тэр өмгөөлөгч хэрэгт ямар нэг ажиллагаа хийсэн гэх баримт байхгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөн үү. Д.Ариун-Оргил үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэх баримт байхгүй. 3-4 удаа цохих нь танхайн гэмт хэргийн шинж биш юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг ч эргэлзээтэй байдаг” гэв. 

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Д.Ариун-Оргилын болон гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судалж, хэргийн шалтгаан нөхцлийг дүгнэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Д.Ариун-Оргил, хохирогч болон бусад гэрчүүд нь автомашин засварын газарт хамт ажиллладаг бөгөөд тоглоом шоглоомоор барилдаж, ноцолдсон байдаг. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

                                                     ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Ариун-Оргилд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Ариун-Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх “танхайн сэдэлт тогтоогдохгүй байна” гэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрч С.Баяраа, Ж.Энхбаатар, Б.Мөнхмягмар нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус тогтвортойгоор өгсөн мэдүүлгийг ямар баримтаар, хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. 

Мөн Д.Ариун-Оргилын хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхээс хийсэн үнэлэлт, дүгнэлт нь үндэслэлгүй байх ба хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Ариун-Оргил нь урьд гэмт хэрэг үйлдэж, 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан ба шүүхээс түүний ялтай байдал дууссан гэж дүгнэх байтал “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ариун-Оргилд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ариун-Оргилд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Ариун-Оргилд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУУЛ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ГАНСҮХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ