Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00175

 

МАГАДЛАЛ

 

2024.01.22 210/МА2024/00175

 

Б.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.От холбогдох,

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранболор, Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний аав Г ийн Б нь миний ээж Д ийн Отэй 1988 онд гэр бүл болж, 1990 онд гэрлэлтээ батлуулсан. 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би төрсөн. Аав маань 1995 онд нас барсан. миний бие 2014 онд Х.Х тай гэр бүл болж, 2016 онд гэрлэлтээ батлуулан бидний дундаас 2015 онд охин Б.О , 2016 онд охин Б.А нар төрсөн.

1.2. Манай гэр бүл ээж Д.Отэй хамт хххх м.кв талбайтай, 7 өрөө хувийн сууцанд өнөөдрийг хүртэл харъяа хороондоо хүн амын өрхийн бүртгэлд бүртгэлтэй амьдарч байна.

1.3. Б.Б намайг 18 насанд хүрээгүй байхад ээж маань хххх тоот хаягт байрлах 263.17 М2 талбайтай 7 өрөөг худалдан авч зөвхөн өөрийгөө 2007 онд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тухайн үед би насанд хүрээгүй ба насанд хүрсэн ч хөдөө орон нутагт ихэвчлэн томилолтоор ажилладаг байсан учраас ээж Д.Оюунгэрэл нь намайг байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй байсан.

2015 оноос ээж маань С ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажилласан ба С ХХК нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийнхээ барьцаанд өөрсдийн хөрөнгөгүй учир ээжийн компанийн болон манай гэр бүлийн бүх хөрөнгийг барьцаанд тавьсан. Зээлээ төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарч, шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар эхнэрээсээ мэдэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.4. Дээрх 7 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь ээж бид хоёрын болон манай гэр бүлийн дөрвөн гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг гишүүн тус бүр адил тэгш эрхтэйгээр эзэмшиж, ашиглан захиран заруулах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийн өмчлөгчөөр ээж маань улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлснээс үл хамаарч ганц хүүхэд миний болон миний хүүхдүүдийн амьдралын баталгаа болсон дундын өмчлөлийн маргаан бүхий хөрөнгийг би ээжтэйгээ хамт хамтран өмчлөх эрхтэй.

Иймд гэр бүлийн бусад гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, хамтран өмчлөх эрхээ сэргээлгэх зорилгоор хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн, ххх дугаар гэрчилгээтэй, хххх м.кв талбайтай, 7 өрөө хувийн сууцыг Б.Б миний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, хувийн сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би ганц хүүтэй, Хүүгийн маань аав нас барснаас хойш миний бие ганц хүүгийнхээ ирээдүйг баталгаатай болгохын тулд олон жил хөдөлмөрлөж, 2007 онд улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, ххх тоот гэрчилгээтэй, Ххххх тоот хаягт байрлах 263.17 мкв талбайтай, 7 өрөө хувийн сууцыг худалдан авч байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээг авахад хүү маань насанд хүрээгүй байсан, мөн бизнес эрхлэхэд заримдаа санхүүжилт хэрэгтэй болж зээл авах шаардлагатай болоход нэг өмчлөгчтэй хөрөнгийг барыдаалах нь хялбар байдаг байсан тул улсын бүртгэлд өмчлөгчөөр зөвхөн өөрийгөө бүртгүүлж байсан юм.

2.2. Миний бие уул уурхайн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2015 онд С ХХК-тай энэ чиглэлээр хамтран ажиллаж байхдаа С ХХК-д зээл хэрэгтэй болоход нь хүүгийнхээ байрыг өөр бусад хөрөнгүүдийн хамт зээлийн барьцаанд нь 6 сарын хугацаатай тавихыг зөвшөөрсөн боловч С ХХК нь авсан зээлээ төлөөгүй, зээлийн гэрээний хугацаагаа надад мэдэгдэхгүйгээр дахин 2 жилээр сунгасан ч зээлээ төлөөгүйгээс шат шатны шүүхийн шийдвэр гарч манай хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.

Дээрх 7 өрөө үл хөдлөх хөрөнгө нь манай гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн учраас хүү Б.Бий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бий ххх тоот хаягт байрлах 263.17м2 талбайтай 7 өрөө орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,397,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03233 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа учраас энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Оийн цорын ганц хүү. Хариуцагч Д.О нь хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийг Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч байсан ч өөрийн ганц хүүтэйгээ хамтран өмчлөх эрхтэй гэдгээ шүүхэд илэрхийлсэн.

4.2. Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байсан, мөн маргаан бүхий хувийн сууцыг хүү Б.Б бид хоёрын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх хариуцагч Д.Оийг бэлэглэлийн гэрээгээр авсан хөрөнгө нь хуваарьт хөрөнгө, бэлэглэлээр авсан хөрөнгөө өөр хэн нэгэнтэй хамтран өмчлөх эрхгүй гэж өмчлөгчийн эрхийг хязгаарлсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Мөн хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр тогтоолгосноор 444,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө зарагдахад илүү гарсан гэр бүлийн хуваарьт хөрөнгөө авах эрх үүснэ.

Хариуцагч Д.Оийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд гэж үзэн оролцуулалгүй дуудлага худалдаа явагдаж байгаа. Гэтэл яагаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Хөгжлийн банкны ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагчийг сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

5.2. Хариуцагч Д.Оийн хүүхэд хуульд заасан эрхээ эдлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссаны дараа өөрт ногдох хувиа авч болохгүй буюу тухайн эрхийг нь хааж байгаад гомдолтой байна. Тиймээс хамтран өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй юм гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03233 дугаартай Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. Тус шүүхэд миний өмчлөлд бүртгэгдсэн ххх тоот, 236,17 мкв талбай бүхий 7 өрөө хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Б нь миний төрсөн ганц хүү.

2007 онд энэ хувийн сууцыг худалдан авахад хүү маань үед насанд хүрээгүй, АНУ-д оюутан байсан учраас би өөрийн нэр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Ийнхүү худалдан авахдаа татвар бага төлөхийн тулд н.Т гэдэг танихгүй хүнээс Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч байсан.

6.2. Хүү маань АНУ-аас ирээд надтай хамт энэ байранд эхнэр хүүхдийн хамт одоог хүртэл амьдарч байна.

2017 онд С ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахад нь тэдний гуйлтаар 6 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцаанд тавьсан. Тухайн үед хүү Б.Б Баянхонгор аймагт ажиллаж байсан учир зээлийн гэрээний барьцаанд тавьсаныг мэдээгүй. С ХХК хугацаандаа зээлээ төлөөгүй, хугацааг нь 2 жилээр сунгасан ч зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул шат шатны шүүхийн шийдвэр гарч манай хөрөнгийг худалдан борлуулахаар битүүмжлэх үед хүү Б.Б барьцаалсан талаар мэдэж бид хоорондоо багагүй маргаан үүссэний дараа хүү Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Би татвар бага төлөхийн тулд н.Т гэдэг хүнээс Бэлэглэлийн гэрээ-гээр шилжүүлэн авч өмчлөгч болж байсан ч энэ байрыг өөрийн ганц хүүтэйгээ хамтран өмчлөх эрх, үүрэгтэйгээс гадна хүү маань энэ байрны миний цорын ганц өв залгамжлагч нь юм.

6.3. Шүүхээс Бэлэглэлээр авсан хуваарьт хөрөнгөө ганц хүүтэйгээ хамтран өмчлөх эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүү Б.Бийг миний өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгч мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч нь бэлэглэлийн гэрээгээр авсан хэдий ч миний хуваарьт өмч биш тул хүүтэйгээ хамтран өмчлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх хүсэл зоригоо шүүхэд удаа дараа хэлсэн байдаг. Тиймээс хариуцагчийн гомдлыг дэмжиж байна.

7.2. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүд гэж хэнийг хэлэх талаар заасан ба нэхэмжлэгч Б.Б нь гэр бүлийн гишүүн зайлшгүй мөн юм. Мөн хариуцагчид өөрийн хуваарьт хөрөнгөө захиран зарцуулах, хувь ногдуулах эрх нь нээлттэй байгаа гэж үзэж байна.

Гэрлэлтээ батлуулснаас хойш эд хөрөнгө шилжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх талаар хуулийн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг тайлбарлавал гомдол хангагдах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн эрх ашгаа хамгаалах талаар хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Зохигчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:

8.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөгч нь өмчлөх эрхээ хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор хэрэгжүүлнэ гэж заасан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдээд дуудлага худалдаанд орж байгаа хөрөнгө учир одоо өмчлөх эрхэд өөрчлөлт, хөдөлгөөн хийх боломжгүй.

2007 онд иргэн н.Таас бэлэглэлийн гэрээгээр авсан үл хөдлөх эд хөрөнгө учир гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, хуваарьт хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

8.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйл нь энэ хэрэгт хамааралгүй тул тухайн зүйл заалтыг баримтлах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Б нь 2016 онд гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүлийн гишүүний бүрэлдэхүүнээс албан ёсоор гарсан атлаа 2024 онд Хөгжлийн банкны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, барьцаа хөрөнгөөс өөртөө хувь авах зорилгоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

8.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасанчлан бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн бол нэхэмжлэгч байтугай хариуцагч өөрөө өмчлөх эрхтэй эсэх талаар яригдана. Тиймээс тухайн тайлбар нь үндэслэлгүй.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай тогтоолын 6.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэрлэлтээ бүртгүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарна гэж заасан байдаг. Хэрэв хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэр бүлийн гишүүд дунд байгаа бол тухайн эд хөрөнгийг гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах үед хуваана гэх зохицуулалт Иргэний хуульд бий.

Зээлийн гэрээний маргаан 2020 онд Баянзүрх дүүргийн шүүхээр шийдэгдэхэд нэхэмжлэгч хариуцагч талууд бүгд оролцсон атлаа 4 жилийн дараа гэнэт мэдсэн юм шиг нэхэмжлэл гарган явж байгаа нь үндэслэлгүй. 2017 онд 3 жилийн хугацаатай 15,000,000,000 төгрөгийн зээл авсан боловч одоогийн байдлаар тухайн зээлээ төлж барагдуулаагүй маргаан үүсгээд байгаа нь зүй бус гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.От холбогдуулан ххх тоот хаягт байрлах 263.17 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Б.Б нь хариуцагч Д.Оийн төрсөн хүү бөгөөд нэхэмжлэгч нь Д.О, эхнэр Х.Х , 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.О , 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.А нар хамт хххх тоот хаягт оршин суудаг. /хх 13-14/

 

3.2. Хариуцагч Д.О нь С.Ттай 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ххх тоот хаягт байрлах 263.17м2 талбайтай 7 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан байна. /хх 33-35/

 

4. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Оийн хуваарьт эд хөрөнгө гэж дүгнэн, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.1. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь хэсэгт зааснаар Д.О нь С.Ттай 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шийлжүүлсэн авсан нь хариуцагчийн хуваарьт хөрөнгөд хуулиар хамааруулсан байна.

 

4.2. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч Д.Оийн хуваарьт хөрөнгө болох маргаан бүхий орон сууцыг Б.Бий өмчлөлд шилжүүлэх болон хамтран өмчлөх талаар өнөөдрийг хүртэл хэлцэл байгуулаагүй, орон сууцны өмчлөх эрхийг хамтран өмчлөх талаарх хүсэл зоригоо эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж байгаагүй, энэ талаарх баримтыг зохигчид шүүхэд ирүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх ххх тоот хаягт байрлах, 263.17 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Зохигчдын давж заалдах журмаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Иргэний хэргийн шүүх талуудын хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шийдвэрлэнэ.

 

Хэрэв, эдийн болон эдийн бус баялагтай эрх зүйн маргаанд хариуцагч зөвшөөрсөн хэдий ч эрх бүхий байгууллагаас тавьсан хориг хязгаарлалт байхгүй бол Д.О нь ххх тоот хаягт байрлах 263.17 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцны хамран өмчлөгчөөр төрсөн хүү Б.Бийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэгт зааснаар бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлэх боломжтой.

 

Шүүх хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг өөр хэн нэгэнтэй хамтран өмчлөх эрхгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нөхцөл бүрдсэн хэдий ч анхан шатны шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй байх суурь зарчмыг үндэслэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүйг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

6.3. Хожим өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны шаардах эрхэд нөлөөлөхгүй боловч Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгөд хамааруулсан байхад шүүх хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж өмчлөгч нэмэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,490,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,490,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР