Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00454

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 02-36 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, ОЮ89072018 регистрийн дугаартай, Борлууд овогтой Цэнд-Аюушийн Мэндбаярын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 55 айлын 02-34 тоотод байрлах, “Баян цагаан зам” ХХК-д холбогдох,

          Орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Баян цагаан зам” ХХК-ийн 55 айлын орон сууцанд 57 м.кв хэмжээтэй байрыг 1 м.кв-ыг 1.300.000 төрөгөөр тооцож, нийт 74.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс урьдчилгаа төлбөр 30 хувь болох 22.230.000 төгрөгийг бэлнээр хийж, үлдсэн 51.870.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сард Хас банкны ипотекийн зээлд хамрагдаж “Баян цагаан зам” ХХК-д гаргуулж өгсөн. Би 2 дугаар сард гэрээ байгуулан, 2014 оны 3 дугаар сард байрандаа орсон. 2014 оны 6 дугаар сард байрны гэрчилгээг гаргуулах үед тухайн байрны метр квадратын зөрүү байгаа гэдгийг мэдсэн. Тухайн үед 2 м.кв дутуу юм байна гэдгийг хэлж байсан ба бид тохиролцоод сүүлд зөрүү мөнгөө авахаар болсон. Гэтэл өнөөг хүртэл хугацаанд М.Батдорж нь зөрүү мөнгийг өгнө гэдэг боловч өгөөгүй ба сүүлд 2016 оны 4 дүгээр сард барилгын зураг төсвийн “Барилгын инженерүүд” ХХК-д хүсэлт гаргаж, хэмжилт хийлгэхэд 51.67 м.кв  буюу 5.33 м.кв-ын зөрүү гарч ирсэн. Энэ нь мөнгөн дүнгээр 5.33 м.кв  х 1.300.000 = 6.929.000 төгрөг болгож байна. Мөн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хас банкинд илүү төлөгдсөн 6.929.000 төгрөгийн нийт 23 сарын хүү болох 45.731 төгрөг буюу  45.731х23=1.051.813 төгрөг байна. Иймд хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас байрны талбайн зөрүү 5.33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

            Хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цэнд овогтой Мэндбаяр нь тус компаниас 2014 онд 57 м.кв талбай бүхий байр авсан нь үнэн болно. Тухайн үед авахдаа орон сууцны зээл гаргуулахдаа урьдчилгаа бага төлөх үүднээс 1 метр квадратын үнийг 1.300.000 төгрөгөөр тооцон материал бүрдүүлж зээл авсан. Тухайн үед зах зээлийн ханшнаас доогуур үнээр доогуур тохиролцож байрны зээл нь гарсан болно. Тухайн иргэн байрны метр квадратыг тогтоохдоо хувийн кампаниар тогтоолгосон байна. Уг компани нь ашиг сонирхолын зөрчилтэй тухайн иргэнтэй ах дүүгийн холбоотой байж болох талтай гэж үзэж байна. Иймд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь хариуцагч “Баян цагаан зам” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс үзэхэд хэдийгээр гэрээг “Орон сууц захиалан бариулах” гэж хаягласан байх боловч гэрээний агуулга болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, иргэн Ц.Мэндбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 36 тоотод байрлах 57 м.кв талбай бүхий орон сууцыг “Баян цагаан зам” ХХК-иас худалдан авсан байна.

              Улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаяр “57 м.кв” талбай бүхий орон сууц худалдан авсан боловч “Барилгын инженерүүд” ХХК-ийн хийсэн дүгнэлтэд тухайн байрны талбайн хэмжээг бодит байдал дээр “51.67 м.кв” болохыг тогтоосон байх ба нэхэмжлэгч нь “Анх улсын бүртгэлийн гэрчилгээ гаруулах үедээ манай байрны талбайн хэмжээ бодит байдлаас 2 м.кв-аар дутуу байгааг мэдсэн. Тэгээд М.Батдорж нь сүүлд зөрүү мөнгийг нь өгнө гэсэн тул түүнийг мөнгөө өгөхийг хүлээсэн” гэсэн тайлбар гаргаж байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан анхны үнийг бууруулан, илүү төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар Ц.Мэндбаяр шаардах эрхтэй байжээ.

           Гэвч 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заажээ.  

          Өөрөөр хэлбэл, худалдан авагч Ц.Мэндбаяр тухайн байрны доголдол буюу орон сууцны талбайн хэмжээг бодит байдлаас дутуу байгааг мэдсэн цагаас, эсхүл тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлснээс хойш 6 сарын дотор энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хохирлоо барагдуулах боломжтой байсан боловч дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.  

          Түүнчлэн нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хас банкинд илүү төлөгдсөн 23 сарын хүү болох 1.051.813 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр шүүхэд банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээг гаргаж ирүүлээгүй бөгөөд хэдэн төгрөгийн, хэдэн хувийн хүүг нэхэмжилсэн нь тодорхой бус байх ба хэргийн 5-6 дугаар хуудаст авагдсан дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.  

           Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Байрны засвар үйлчилгээ хийлгэх” тухай хүсэлтийг гаргаж, 8 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавсаргасан байх ба үүнд чухам ямар завсар үйлчилгээ хийлгэхийг хүссэн болох, мөн нэхэмжлэлийн үнэ, үндэслэл, шаардлагаа тодорхой дурдагдаагүй байх бөгөөд үүнийг “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага”-д тооцон, хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй байгааг дурдав.

           Хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдоржид шүүх хуралдааны товыг түүний гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 /долоон сая есөн зуун наян мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.645 /нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА