Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01316

 

Ц.Мэндбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр шийдвэр,        

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Баянцагаан зам” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах гэрээний үнийн зөрүү 7 980 813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Баянцагаан зам” ХХК-ийн 55 айлын орон сууцанд 57 м.кв хэмжээтэй байрыг 1 м.кв-ыг 1 300 000 төгрөгөөр тооцож, нийт 74 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс урьдчилгаа төлбөр 30 хувь болох 22 230 000 төгрөгийг бэлнээр хийж, үлдсэн 51 870 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сард Хас банкны ипотекийн зээлд хамрагдаж, “Баянцагаан зам” ХХК-д гаргуулж өгсөн. Би 2014 оны 3 дугаар сард байрандаа орсон. 2014 оны 6 дугаар сард байрны гэрчилгээг гаргуулах үед тухайн байр 2 метр квадратын зөрүү байгааг мэдсэн ба бид тохиролцоод сүүлд зөрүү мөнгөө авахаар болсон. Гэтэл өнөөг хүртэл хугацаанд М.Батдорж нь зөрүү мөнгийг өгнө гэдэг боловч өгөөгүй. 2016 оны 04 дүгээр сард “Барилгын инженерүүд” ХХК-д хүсэлт гаргаж хэмжилт хийлгэхэд 51.67 м.кв буюу 5.33 м.кв-ын зөрүү гарч ирсэн. Энэ нь мөнгөн дүнгээр 6 929 000 төгрөг болж байна. Мөн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хас банкинд илүү төлөгдсөн 6 929 000 төгрөгийн сарын хүү болох 45 731 төгрөгийг 23 сараар тооцвол 1 051 813 төгрөг болж байна.Иймд хариуцагч “Баянцагаан зам” ХХК-аас нийт 7 980 813 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Мэндбаяр нь тус компаниас 2014 онд 57 м.кв талбай бүхий байр авсан нь үнэн болно. Тухайн үед авахдаа орон сууцны зээл гаргуулахдаа урьдчилгаа бага төлөх үүднээс 1 метр квадратын үнийг 1 300 000 төгрөгөөр тооцон материал бүрдүүлж, зээл авсан. Тухайн үед зах зээлийн ханшнаас доогуур үнээр тохиролцож зээл гарсан. Тухайн иргэн байрны метр квадратыг тогтоохдоо хувийн компаниар тогтоолгосон байна. Уг компани нь ашиг сонирхлын зөрчилтэй, тухайн иргэнтэй ах дүүгийн холбоотой байж болох талтай. Иймд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч “Баянцагаан зам” ХХК-иас орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6 929 000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1 051 813 төгрөг, нийт 7 980 813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 645 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мэндбаярт шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Батдорж Орон сууцны талбайн хэмжээ тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд тайлбараар ирүүлснийг шүүх хүлээж авсан боловч тухайн үед орон нутагт шинжилгээ хийдэг “Оюунсувд дэлгэрэх” ХХК компани нь шинжилгээ хийхгүй байсан ба шинжилгээ хийх багаж хэрэгсэл байхгүй байсан ба тус компанийн тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан байсан тул шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул анхан шатны шүүх захирамж гаргасан байдаг.Иргэний хэргийн нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелээгүй бол тухайн нотлох баримтыг шүүхийн дараагийн шат болох давж заалдах шат болон хяналтын шатанд үнэлэх ёсгүй.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна. Анхан шатны шүүх орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаагүйг буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “орон сууц захиалан бариулах” гэсэн нэртэй гэрээ байгуулсан боловч уг гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй орон сууцны хэмжилтийн зураг гэх баримтыг үгүйсгэх үндэслэлээр шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан шинжтэй болжээ.

Нөгөө талаар, орон сууцны дотоод засал дутуу, барилгын материалын чанар муу учир хариуцагчаар засвар, үйлчилгээ хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн нэхэмжлэгч талын 4 хуудас баримтыг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тооцохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Зүй нь тухайн хүсэлтийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага мөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэж, улмаар хүлээн авахаас татгалзах эсэхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх байжээ.

Анхан шатны шүүх “гомдлын шаардлага гаргах хугацаа”, “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн эрх зүйн хоёр өөр ойлголтыг зааглан ялгалгүй алдаатай дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг зөрчжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн явдлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэснээр хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН