Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2017/0119/З |
Дугаар | 275 |
Огноо | 2017-04-12 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 275
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын нэхэмжлэлтэй,
Хаяг: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын дугаар гудамж, , өөрийн байр.
Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, С.Данзангийн гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байр Д корпус.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...М” ХХК нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласан “Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС-35/2016 дугаартай тендер /цахим тендер/-т оролцож, улмаар Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/118 тоот албан бичгээр “М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах боломжтой” талаар мэдэгдсэн байдаг. Гэтэл Булган аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр “Сангийн яамны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 албан бичгийг нэхэмжлэгч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас авсан болно. Сангийн яамны дээрх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот “Гомдлыг” хянан үзсэн тухай” албан бичигт зааснаар “М” ХХК-ийн санал болгосон үнийн саналын маягтад урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь хуулийн 44.4-т тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж заасантай нийцэхгүй байх тул шаардлага хангасан тендер гэж үзэн үндэслэлгүй. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх”-ээр шийдвэрлэсэн байна. “М” ХХК нь дээрх тендер шалгаруулалтад үнийн саналаа өгөхдөө ямар ч урьдчилгаа төлбөр шаардаагүй бөгөөд үнийн саналаа дараах байдлаар өгсөн.
| Валютын нэр | Валютын дүн |
/а/ ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгээ 30% | төгрөг | 44 560 988 |
/б/ ажлын 80 хувийг гүйцэтгээд нийт ажлын өртгийн 50% | төгрөг | 74 268 314 |
/в/ ажлыг бүрэн дуусгаж актаар хүлээлгэж өгөөд нийт ажлын өртөгийн 20% | төгрөг | 29 707 325 |
Нийт |
| 148 536 627 |
Дээрхээс үзэхэд “М” ХХК-аас тендер шалгаруулалтад үнийн санал өгөхдөө урьдчилгаа төлбөр шаардаагүй нь тодорхой харагдаж байгаа бөгөөд эхний санхүүжилтийн үнийн саналаа “ажлын 40 хувийг гүйцэтгээд ажлын өртгийн 30%-ийг авна гэж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно”, 44.3-т Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэж тус тус заасан байна. ...Хуульд зааснаар “урьдчилгаа төлбөр” гэдэг нь ажлыг гүйцэтгэж эхлэхээс өмнө захиалагчаас гүйцэтгэгчид өгч байгаа төлбөр байхад “Мс” ХХК нь ажлын 40 хувийг гүйцэтгэснийхээ дараа ажлын өртгийн 30%-ийг авахаар үнийн санал өгсөн нь захиалагчаас “урьдчилгаа төлбөр” шаардаж байгаа хэрэг огт биш юм. Гэтэл Сангийн яам “М” ХХК-аас өгсөн үнийн саналын “ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30%” гэж бичсэний “урьдчилгаа” төлбөр шаардсан гэж үзэн тендерт дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэр гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот албан бичгийн нэхэмжлэгч “М” ХХК-нд холбогдох хэсэг буюу Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС-35/2016 дугаартай тендерт дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар / цаашид хууль гэх/ олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу Сангийн яам хянан шийдвэрлэсэн болно. Булган аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан “Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “С” ХХК, “А” ХХК-иудаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан үзэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 дугаар албан бичгээр дээрх компаниудад хариуг хүргүүлсэн байна. Тус тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдэж гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичгийн үнийн санал болгосон маягтад урьдчилгаа төлбөр шаардсан нь хуулийн 44.4 дэх хэсэгт Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж тодорхой заасан хуулийн заалтыг зөрчсөн мөн захиалагчийн зүгээс боловсруулсан тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөргүй байхаар заасан нь “М” ХХК-ийн тендер шаардлагад нийцэхгүй байгаа нь тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх үндэслэл болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны 2016 оны 12 дугаар сарын 20-ны 5/7517 дугаар албан бичиг гомдол хянаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгох нь зөвхөн нэг хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдөхөөр байгаа, дээрх маргаан бүхий захиргааны акт хуульд үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий акт болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 гомдол хянан хэлэлцэх тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын үнэлгээний хороо дахиж үнэлгээ хийгээд “Мо” ХХК-ийг урьдчилгаа төлбөр шаардаагүй байна гэж дахиж үнэлгээ хийгдсэн байгаа. Одоо бол бидний маргаж байгаа шийдвэр хэрэгжсэн байна. ...Одоогийн байдлаар бол Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас дахиад сонгон шалгаруулалтыг шинээр зарласан. Манай компаниас Булган аймгийн захиргааны шүүх дээр актын биелэлтийг түдгэлзсэн байгаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гэдгээс хамаарч ... дахин тендерийг зарлана гэсэн тайлбар Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас ирж байгаа. Энэ шийдвэр нэгэнт хэрэгжсэн шийдвэр байгаа ч гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хэрэглэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас хууль бус байсан болохыг нь тогтоож өгнө үү гэж хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн бичгээр шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт болох “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэр нь хэрэгжсэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу уг маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шаардах урьдчилгаа төлбөр тендерийн баримт бичгийн үнийн саналд тусгасан уу гэхэд тусгасан гэж хариулсан. Үүгээр бол урьдчилгаа төлбөрийн баримт бичигт үнийн санал тусгагдсан нь тогтоогдсон. Үүнийг харин тайлбарлахдаа санамсаргүй байдлаар урьдчилгаа гэдэг үгийг оруулсан байж болзошгүй гэж учир дутагдалтай юм ярьж байгаа нь урьдчилгаа төлбөр гэж ойлгогдохоор байна гэж үзэж байна. Хуулийн дагуу бол гомдол хянан хэлэлцэхдээ маргаад байгаа шалтгаан нь тендерийн үнийн санал болгосон маягтад урьдчилгаа төлбөр шаардаад байгаа гэж ойлгож байна. Сангийн яамны зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж тодорхой заасан нь урьдчилгаа төлбөр заасныг харуулж байна. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... регистрийн дугаартай “С” ХХК нь Булган аймгийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БХС-35/2016 тоот тендерт оролцсон бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээдээр татагдсан. Энэхүү нэхэмжлэл нь манай компанийн эрх ашигт нөлөөлөхгүй байна...” гэжээ.
Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Н.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах” тендертэй холбоотой захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд манай компанийн эрх ашиг хөндөхгүй гэж үзэж байгаа тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн “Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС-35/2016 дугаартай тендер шалгаруулалтыг нээлттэй зарлан, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/118 тоот албан бичгээр “М” ХХК-нд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснийг тус тендер шалгаруулалтад оролцсон “С” ХХК болон “А” ХХК-иас эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргажээ.
Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/7517 тоот албан бичгээр “3....хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерт оролцогч “М” ХХК-ийн санал болгосон үнийн саналын маягтад урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж заасантай нийцэхгүй байх тул шаардлага хангасан тендер гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн дагуу захиалагч Булган аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн тендерээс татгалзаж байгаа болохоо нэхэмжлэгчид мэдэгджээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “маргаан бүхий акт болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэр нь хэрэгжсэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу уг маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн тодорхойлсон тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласан “Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС-35/2016 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон Үнэлгээний хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийг үндэслэн Булган аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 01/118 тоот албан бичгээр “М” ХХК-нд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснийг тус тендер шалгаруулалтад оролцсон “С” ХХК болон “А” ХХК-иуд эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргажээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга уг гомдлыг хянан үзэж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/7517 тоот албан бичгээр өргөдөл гаргагч нарт болон Булган аймгийн Засаг даргад хариуг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.“тендерт оролцогч нь ...гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.2. “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх...” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангасан байна.
2. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС-35/2016 дугаартай тендерийн баримт бичигт захиалагч урьдчилгаа төлбөргүй байхаар заасан байхад “М” ХХК нь өөрийн тендерийн баримт бичигт хавсаргасан 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 309 тоот “Үнийн санал” талаарх албан бичигтээ
“Шаардагдах урьдчилгаа төлбөр:
а/ ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30%,
б/ ажлын 80 хувийг гүйцэтгээд нийт ажлын өртгийн 50% ...” хэмээн урьдчилгаа төлбөр авахаар тухайлан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.“Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэсэн заалттай нийцэхгүй байх ба энэ нөхцөл байдлыг дүгнэн тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Тодруулбал: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “5.1.5. тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлэх бөгөөд захиалагчийн байгуулсан ажлын хэсэг болохын хувьд Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгээс хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах үүрэгтэй этгээд болохын хувьд тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг хүлээн авч тус хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тендерийн баримт бичигт заагаагүй нөхцөл, шаардлага бүхий /“урьдчилгаа төлбөр” шаардсан/ тендерээс мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар татгалзалгүй, үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй болохыг тогтоосон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот “Гомдол хянан үзсэн тухай” шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар “урьдчилгаа төлбөр” гэдэг нь ажлыг гүйцэтгэж эхлэхээс өмнө захиалагчаас гүйцэтгэгчид өгч байгаа төлбөр байхад “М” ХХК нь ажлын 40 хувийг гүйцэтгэснийхээ дараа ажлын өртгийн 30 хувийг авахаар үнийн санал өгсөн нь захиалагчаас “урьдчилгаа төлбөр” шаардаж байгаа хэрэг огт биш” гэж маргаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль... болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” хэмээн заасан ба Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан БХС-35/2016 дугаартай тендер шалгаруулалтын үндсэн зорилго нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний нэг талыг сонгон шалгаруулахтай холбоотой харилцаа байх тул шүүх “М ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 309 тоот “Үнийн санал” талаарх албан бичиг дэх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тайлбарлахад Монгол Улсын Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр талууд өөрөөр тохиролцоогүй бол ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүрэг хүлээдэг онцлогыг харгалзан үзэн, нэхэмжлэгч “М” ХХК-ийн тендерийн баримт бичигтээ хавсаргасан 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнийн санал” талаарх 309 тоот албан бичиг нь тендерийн баримт бичигт заагаагүй нөхцөл агуулсан буюу “урьдчилгаа төлбөр”-ийг шаардсан байна гэж дүгнэв.
Иймд, нэгэнт хууль тогтоомжийн хүрээнд захиалагчийн бэлтгэсэн тендерийн баримт бичигт заагаагүй нөхцөл агуулсан “М ” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцэхгүй байна хэмээн дүгнэсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот “гомдол хянан үзсэн тухай” шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 44 дүгээр зүйлийн 44.4, 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг тус тус үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА