Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0230/З |
Дугаар | 221/МА2019/0506 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0506
2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2019/0506 | Улаанбаатар хот |
“А А Ж Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоор “А А Ж Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 128/ШШ2019/0430 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А А Ж Э Э” ХХК-ийн XV-018940 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, XV-018940 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх 3 жилээр олгож, цаашид 3 жилээр 3 удаа сунгаж, нийт 12 жил эзэмшүүлж болох хуулийн заалттай байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Э нь хүнд өвчний улмаас байнгын дотрын эмчийн хяналтад байдаг ба 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Архангай аймгийн рашаан сувилалд эмчлүүлсэн. 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл дахин эмнэлэгт хэвтсэн. Цаашид хэвтрийн дэглэм барьж, эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байсан. С.Э нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд төдийгүй тус компанийн банк дахь харилцах данснаас зөвхөн түүний гарын үсгээр гүйлгээ хийгддэг. С.Э нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй юм. Энэ шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а-д “өвчтэй”, 4.1.8.б-д “эмчилгээ хийлгэж байгаа” гэж заасны дагуу татвар төлөх болон бусад үүргээс хойшлуулж болох хүндэтгэн үзэх шалтгаан юм. Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг хянан шалгаж тогтоох, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх, ашгийг хөндсөн шийдвэр гарсан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл, байдлыг тогтоох, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдох бүхий нөхцөл, байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулах үүрэгтэй гэж хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулж, дээрх хамгаалуулах боломж олгохыг хүссэн зэргийг харгалзан үзээгүй.
Нотлох баримт хангалттай байтал нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрвээ хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой байсан. Учир нь тус компанийн удаа дараагийн хүсэлтийн дагуу төрийн захиргааны байгууллага шийдвэрээ эргэн харж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа бодит нөхцөл байдлыг тогтоох эрх нь хуулиар хүлээсэн байхад хэрэгжүүлээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, зөвхөн нэг талыг барисан.
Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэглэж шийдвэрлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч компани нь тус тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлаж биелүүлсээр ирсэн. Төрийн захиргааны байгууллага болох хариуцагч өргөдлийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдэл нь үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.
Өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутгаж, түүний эрх ашгийг ноцтой зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53,1,1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан’’ гэх үндэслэлээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг зөв дүгнээгүй, хууль буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А А Ж Э Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “ХҮ-018940 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаж чадаагүй” хэмээн тодорхойлсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “А А Ж Э Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байна.
Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү “хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр маргажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “компанийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэбат нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн рашаан сувилалд эмчлүүлсэн” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар уг тайлбар нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан амбулториор эмчлүүлэгчдийн картнаас үзэхэд тэрбээр 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй.
Учир нь удаан хугацаагаар бус 10 хоног эмнэлэгт хэвтсэн, иймд цаг хугацааны хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргах боломж хангалттай байсан, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэртээ хэвтрийн дэглэм барьсан гэх үйл баримт нь цаг хугацааны хувьд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойшхи үйл баримтад хамааралтай байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох нэг үндэслэл нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байх явдал бөгөөд тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасанчлан нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл цуцлах зохицуулалттай үүнийг адилтгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ