Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/37

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П Оөд холбогдох 1812004940321 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт П О /РД:.../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч П.О нь дунд зэргийн согтолттой үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай авто зам дээр 94-39 АРА улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 2.5.А дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.Б-д заасан “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.В-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Р.Дгийн жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Р.Д болон тухайн мотоциклиор зорчиж явсан Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812004940321 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Р.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сум руу ороод буцаад аймаг руу орох гээд ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан зам дээр урдаас хойш чиглэлтэй өөрийн найз Бийн хамт хөдөлгөөнд оролцоод явж байтал хойноос гэнэт тод машины гэрэл орж ирээд мөргөлдсөн. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн найз Бтай хамт Бийн хүүхэд нь гэр барих гээд хуримын зар хүргээд Архангай аймгийн Цэнхэр сум руу орсон юм. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Машин зүүн гар талын туслах замаас орж асфальтан замын голын цагаан зураас давж орж ирээд мөргөсөн. Би их гомдолтой байна. Эмчилгээний зардал, төлбөрөө гаргаж төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Хохирогч Р.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би төв замаар явж байтал туслах замаас гэнэт автомашин орж ирээд мөргөлдсөн юм. Автомашин ертөнцийн зүгээр зүүн талын туслах замаас орж ирээд миний унаж явсан мотоцикльтой мөргөлдсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ 

 

Хохирогч Б.Бийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найз Дтэй хамт Архангай аймгийн Цэнхэр сум руу орчихоод буцаад Архангай аймаг руу орох гээд онгоцны буудал өнгөрөөд ТОСК-ийн байрны зүүн талд явж байсан чинь гэнэт машины тод гэрэл ороод ирсэн. Тэгээд юу болсныг мэдээгүй. Маргааш өглөө нь сэртэл эмнэлэгт хэвтэж байсан. Д бид хоёр Д гэх айлд очсон бөгөөд хуримын зар тараах гэж Цэнхэр сум руу орсон юм. Д бид хоёр нэг, нэг аяга айраг уусан. Өөр архи дарс уугаагүй. Д мотоциклийг жолоодож явсан. Дгийн өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Миний зорчиж явсан мотоцикль зөөлөн явж байсан. Тэгсэн гэнэт автомашины гэрэл манас гээд ороод ирсэн. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан хүмүүс нь ирээд уулзвал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Хохирогч Б.Бийн дахин мэдүүлсэн: ...Миний зорчиж явсан мотоцикльтой мөргөлдсөн автомашин туслах замаас гэнэт орж ирээд мөргөлдсөн. Ертөнцийн зүгээр автомашин зүүн талын туслах замаас буюу ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр баруун талаас гэнэт тод машины гэрэл орж ирээд мөргөлдсөн юм. Мөргөлдсөнөөс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Гэрч П.О мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 14-ний оройн 16 цагийн орчим манай нөхөр Д Цэнхэр сумаас гарч байна гэж утсаар ярьсан. Хүүхдээ хичээлээс нь авахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Д за одоо очлоо гээд утсаа салгасан. Тэгээд би хэсэг хугацааны дараа нөхөр Дгийн утас руу залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Манай нөхрийн эгчийн хүүхдийнх нь авгай надад утсаар Д аваарт орсон юм биш үү, ТОСК-ийн байрны наад талын зам дээр мотоцикльтой хүн аваарт орсон байна, хөл, гар нь хугарсан юм шиг байна гэж Билгээ хэлсэн. Тэгээд дараа нь Пунсаа залгаж Д аваарт орсон байна, би түргэн дуудчихлаа, чи эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр шууд ирсэн. Би сайн мэдэхгүй байна. Би их гомдолтой байна. Манай нөхрийг ийм болгосон хүмүүсээс эмчилгээнд гарсан бүх зардлыг болон хойшид гарах зардал мөнгийг төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Гэрч Л.Амэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Донойд өөрийн найз Оийн хашаан дотор жорлонгийн нүх ухаж байсан. Тэгээд бид “Ерөөл” нэртэй 0.75 граммын 1 шил архи уусан. 20 цагийн орчим Д гэдэг айлаас хүрз авсан. Тэгээд хүрзээ Д гэдэг айлд өгөх гээд Бортолгойд өгчихөөд буцаад явж байгаад ТОСК-ийн байрны хажуу талын туслах замаас 2 мотоцикльтой хүн орж ирсэн. Тэгээд Оийн унаж явсан машины зөв тал руу ороод ирсэн. Тэгээд бид хоёр мотоцикльтой сундлаатай хоёр хүнтэй мөргөлдсөн. Бид хоёр цагдаа дуудах гэсэн гар утасгүй явж байсан болохоор Оийн ахынд нь түргэн дуудах гээд очсон. Тэгээд бид хоёр Оийн ахыг нь аваад ирсэн чинь цагдаа ирсэн байсан. О бид хоёр гар утасгүй явж байсан учраас түргэн тусламж дуудах гээд Оийн хадам ахынд нь очсон юм. Тэгээд бид хоёр Оийн ахыг нь авчирсан юм. О бид хоёр 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи 1 шил, 1 том “Сэрүүн” нэртэй пиво уусан. Өөр пиво, архи, дарс уугаагүй. Бид хоёр Д гэдэг айлаас хүрз авсан байсан юм. Тэгээд тэрийг нь Бортолгойд хүргэж өгсөн юм. Ойрхон болохоор машинтай явсан юм. Уг тээврийн хэрэгсэл Оийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд хүнээс 2017 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

Яллагдагч П.Оийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Донойд өөрийн найз Ахамт өөрийн хашаан дотор жорлонгийн нүх ухаж байгаад бид хоёр дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 граммын 1 шил архи авч түүнийгээ хамт уусан юм. 20 цагийн орчим Д гэх айлаас хүрз өдөр нь авсан байж байгаад түүнийгээ хүргэж өгөх гээд Дийнх руу өөрийн 94-39 АРА улсын дугаартай автомашиныг асаагаад Бортолгой руу орж Дийнд хүрзийг нь хүргэж өгчихөөд буцаад Донойд байдаг гэр рүүгээ явж байсан. ТОСК-ийн ертөнцийн зүгээр асфальтан зам дээр явж байтал зам эвдрэлтэй байсан бөгөөд уг замын эвдрэлийг тойроод гарах гээд эсрэг талын урсгал руу ороод эргээд өөрийн урсгал руу шилжих гэтэл гэнэт мотоцикль орж ирээд өөрийн талын урсгал руу шилжих гээд рүлээ дартал амжилгүй мөргөлдсөн юм. Тэгээд би эргэж мотоцикльтой хүн дээр яваад очтол хоёулаа газар уначихсан хэвтэж байсан юм. Тухайн үед А бид хоёр цагдаа дуудах гэсэн боловч утасны цэнэг дуусчихсан байсан болохоор түргэн дуудах гээд дугуй засвар дээр очсон юм. Түүнээс хойш бид хоёр санаатай хэргийн газрыг орхиж зугтаагүй. Миний унаж явсан машинтай мөргөлдсөн мотоциклийн хоёр хүнд эмнэлгийн тусламж дуудах гээд явсан юм. Тэгээд дугуй засварын хажууд байхад цагдаа нар ирсэн. А бид хоёр цагдаа нартай хамт хэргийн газар дээр ирсэн юм. Би санаатай хэргийн газраас зугтаагүй. Миний унаж явсан автомашинтай мөргөлдсөн мотоциклийн хүмүүст эмнэлгийн тусламж дуудах гээд замын эсрэг талын дугуй засвар дээр очсон юм. Тухайн үед миний гар утас цэнэггүй болсон байсан. Би тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа гэдгээ мэдэж байсан болохоор 40 км цагийн хурдтай явж байсан. Түүнээс илүү хурдан явж байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний туйлын буруу. Тухайн үед айлаас хүрз авсан болохоор түүнийгээ хүргэж өгөх гээд ойрхон болохоор нь машинтай явсан юм. Бид хоёр 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи 2 шилийг уусан. Өөр архи дарс нэмж уугаагүй. Миний автомашинтай мөргөлдсөн мотоцикль хэр хурдтай явж байсныг мэдээгүй, 40-60 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 95-98 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 91 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг, мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын гаргасан дүгнэлтээр П.Оийн цусанд 1.9 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын ЗХД-ын 2.7.А-д “жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Монгол Улсын ЗХД-ийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Монгол Улсын ЗХД-ийн 2.5.а-д тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Монгол Улсын ЗХД-ийн 2.5.б-д зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх:, Монгол Улсын ЗХД-н 2.5.в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. 1.2. Жолооч Р.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно гэсэн заалтыг зөрчсөн. 2. Жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийн заалтыг мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын гаргасан дүгнэлтээр П.Оийн цусанд нь 1.9 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын ЗХТ-2.7.А-д ”жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. 3. Жолооч П.О нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарах үндэслэлтэй. 4. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 5. Жолооч П.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “АВ” ангиллын 933668 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна. /Лавлагааг хавсаргав/. 5.2 Жолооч Р.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “А” ангиллын 800677 дугаарын үнэмлэх 2018.05.23 өдөр хасагдсан байна. /Лавлагааг хавсаргав/...гэх дүгнэлт /хх-ийн 45 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 507 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бийн биед гэмтэл учирсан байна. 2. Б.Бийн биед зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн булуу дайрсан бяцарсан ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.4-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% ба түүнээс дээш хувиар тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 65 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 508 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Р.Дгийн биед гэмтэл учирсан байна. 2. Р.Дгийн биед зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн булуу дайрсан ил хугарал, зүүн гарын богтос ясны доод хэсгийн зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.4-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Зүүн богтос ясны хугарал нь 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%  ба түүнээс дээш хувиар тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 72 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 10 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09 хуу/

Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 33, 35 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 34, 36 хуу

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 54 тоот химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 102 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107-108 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай авто зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Р.Д, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, П.О нь зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдлууд тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, П.О нь дунд зэргийн согтолттой үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай авто зам дээр 94-39 АРА улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 2.5.А дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.Б-д заасан “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.В-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Р.Дгийн жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Р.Д болон тухайн мотоциклиор зорчиж явсан Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сум руу ороод буцаад аймаг руу орох гээд ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан зам дээр урдаас хойш чиглэлтэй өөрийн найз Бийн хамт хөдөлгөөнд оролцоод явж байтал хойноос гэнэт тод машины гэрэл орж ирээд мөргөлдсөн. Машин зүүн гар талын туслах замаас орж асфальтан замын голын цагаан зураас давж орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найз Дтэй хамт Архангай аймгийн Цэнхэр сум руу орчихоод буцаад Архангай аймаг руу орох гээд онгоцны буудал өнгөрөөд ТОСК-ийн байрны зүүн талд явж байсан чинь гэнэт машины тод гэрэл ороод ирсэн. Ертөнцийн зүгээр автомашин зүүн талын туслах замаас буюу ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр баруун талаас гэнэт тод машины гэрэл орж ирээд мөргөлдсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20/, гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Манай нөхрийн эгчийн хүүхдийнх нь авгай надад утсаар Д аваарт орсон юм биш үү, ТОСК-ийн байрны наад талын зам дээр мотоцикльтой хүн аваарт орсон байна, хөл, гар нь хугарсан юм шиг байна гэж надад Билгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Л.Амөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Донойд өөрийн найз Оийн хашаан дотор жорлонгийн нүх ухаж байсан. Тэгээд бид “Ерөөл” нэртэй 0.75 граммын 1 шил архи уусан. 20 цагийн орчим Д гэдэг айлаас авсан хүрзээ Д гэдэг айлд өгөх гээд Бортолгойд өгчихөөд буцаад явж байгаад ТОСК-ийн байрны хажуу талын туслах замаас 2 мотоцикльтой хүн орж ирсэн. Тэгээд Оийн унаж явсан машины зөв тал руу ороод ирсэн. Тэгээд бид хоёр мотоцикльтой сундлаатай хоёр хүнтэй мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, П.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Донойд өөрийн найз Ахамт өөрийн хашаан дотор жорлонгийн нүх ухаж байгаад бид хоёр дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 граммын 1 шил архи авч түүнийгээ хамт уусан юм. 20 цагийн орчим Д гэх айлаас хүрз өдөр нь авсан байж байгаад түүнийгээ хүргэж өгөх гээд Дийнх руу өөрийн 94-39 АРА улсын дугаартай автомашиныг асаагаад Бортолгой руу орж Дийнд хүрзийг нь хүргэж өгчихөөд буцаад Донойд байдаг гэр рүүгээ явж байсан. ТОСК-ийн ертөнцийн зүгээр асфальтан зам дээр явж байтал зам эвдрэлтэй байсан бөгөөд уг замын эвдрэлийг тойроод гарах гээд эсрэг талын урсгал руу ороод эргээд өөрийн урсгал руу шилжих гэтэл гэнэт мотоцикль орж ирээд өөрийн талын урсгал руу шилжих гээд рүлээ дартал амжилгүй мөргөлдсөн юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний туйлын буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 95-98/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/, хохирогч Б.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 507 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/, хохирогч Р.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 508 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/, Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 33, 35/, ослын газрын схем зураг /хх-ийн 34, 36/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 54 тоот химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт П Оийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг өгч, хохирогч Р.Д 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцахдаа эрүүл мэндэд учирсан хохирлын 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн байгаа боловч хохирогч Р.Д, Б.Б нар нь нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор хохирлыг гаргаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хавтаст хэргийн 144-145 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шүүгдэгч П.О нь хохирогч Б.Бид 848.940 төгрөгийн эм тариа, эмчилгээний тусламж, хохирогч Р.Дд 1.193.500 төгрөгийн эм тариа, эмчилгээний тусламж үзүүлсэн болохоо нотолж ирүүлсэн болно. 

 

Шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П Оийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Р.Д гийн нэхэмжилсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ