Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  П.Оөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   М.Алтанчимэг

            Шүүгдэгч                                           П.О

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлийг үндэслэн, П.Оөд холбогдох 1812004940321 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 2А-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пгийн О

 

П.О нь дунд зэргийн согтолттой үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай авто зам дээр 94-39 АРА улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 2.5.А дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.Б-Д заасан “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.В-Д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Р.Дгийн жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Р.Д болон тухай мотоциклиор зорчиж явсан Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Оөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б овогт Пгийн Оийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж; Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, хохирогч нар. нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Р.Дгийн нэхэмжилсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Оөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.”

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч П.О нь:

- Дунд зэргийн согтолттой үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай автозам дээр 94-39 АРА улсын дугаартай, Бонго Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгг заасан “Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 2.5.А дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.Б-Д заасан “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.В-Д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Р.Дгийн жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Р.Д болон тухайн мотоцикпоор зорчиж явсан Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан,

- Зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлджээ.

Тус аймгийн прокурорын газраас П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эруугийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Оөд холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Оийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн* хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Оөд оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгч П.О нь хорих ял эдэлж байх хугацаандаа торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтныг давхар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялаар шийтгэсэн нь торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заажээ.

Иймд П.Оөд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт зохих өөрчлөлтийг оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэд хэдэн өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулж, тус тусад нь ялыг нь эдлүүлэхээр заасан байгаа. Гэсэн хэдий ч П.Оөд холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгочихоод байгаа. Өмгөөлөгчийн тайлбарт П.Оийн дансанд мөнгө байгаа гэж байгаа боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон зүйл биш. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хорих ял эдэлж байх хугацаандаа торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй. Биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосноор цаг хугацаа нь хэтэрсэн тохиолдолд энэ хүний эрх зүйн байдал дордоно. Тийм учраас П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг баримтлаад торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд, түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэл бүхий болж чадна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Одооны торгуулийн ялыг хорих ял руу шилжүүлээд, 6 сарын хугацаагаар хорих ял дээр 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж ял оногдуулъя гэж байгаа нь П.Оийн эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх хугацаа болоогүй байхад урьдчилж дүгнэлт гаргаад хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. П.Оөд оногдуулсан торгуулийн ял нь биелэгдэхгүй биш, биелэгдэхээр ял байгаа. Өмгөөлөгч миний хувьд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй байх гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэсэн байгаа. Гэхдээ ялыг хүндрүүлж болно гэсэн заалтад хориг тавьчихсан байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан гараад хүний эрхийг зөрчсөн асуудал байна гэж үзээд түдгэлзүүлчихсэн байгаа. Дээрх байдлаас харахад ямар нэгэн байдлаар хүний эрхийг дордуулахгүй юм байна гэж үзэж байгаа. Гэтэл прокурорын зүгээс 6 сарын хугацаагаар хорих ялаа эдлээд явж байгаа хүн нэмээд 1 сарын хугацаагаар хорих ялын санал гаргаж байгааг боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.О нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК-ийн орон сууцны зүүн талын хатуу хучилттай автозам дээр 94-39 АРА улсын дугаартай, Бонго Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Р.Д, Б.Б нарын эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Оөд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байна.

 

Дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй хэдий ч шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа талаар эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Оөд оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн нь дээд шатны прокурорын эсэргүүцэлд бичсэнчлэн шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлж байх хугацаандаа торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болгожээ.

 

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.О нь согтуурсан үедээ 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн  шүүгдэгч П.Оийг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “…шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш…” гэснийг “…6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан өдрөөс хойш…” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч П.О нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ