Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00468

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 14 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, ОА65060920 регистрийн дугаартай, Тайж овогтой Намсрайгийн Ариунаагийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 46-01 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ОЭ61040815 регистрийн дугаартай, Их тугтан овогтой Цэвээний Ганхөлөг,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 43 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, ОЭ65082812 регистрийн дугаартай, Тугтан овогтой Цэвээний Отгонбямба нарт холбогдох,

        Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.718.000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг /162244/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ариунаа нь 2008 оны 9 дүгээр сард Такшкен боомтоор явж байхдаа жолооч Ц.Ганхөлөгт 79 ширхэг дээврийн төмөр, 22 ширхэг паркетан шал ачуулаад Увсад ирсэн. Тухайн үед ачааны ханш 1 кг 100-110 төгрөг байсан. Уг жолооч Улаангомд ирснийхээ дараа ачааны хөлсийг 200 төгрөгөөр тооцсноос болж маргалдснаар 79 ширхэг дээврийн төмөр 22 авдар паркетан шалыг өөрийн найз н.Алтансүхийн хамт буцааж аваад явсан. Үүний дараа Ц.Ганхөлөгийн гэрт нь удаа дараа очиж, мөн утсаар хэд хэдэн удаа шаардсан боловч өөрийн дүү болох Ц.Отгонбямбааг мэднэ гэж мэлэлзсээр өгөхгүй өдийг хүрлээ. Тэр үеийн ханшаар 79х12.000=948.000 төгрөг, 22х25 м2х14.000= 770.000, нийт 1.718.000 төгрөг болж байна. Ах, дүү хоёр бие бие рүүгээ түлхэлцэн 7-8 жил намайг хохироож эвлэрүүлэн зуучлах төв болон цагдаагийн газарт хандсан боловч уг өрийг барагдуулж өгсөнгүй. Дээрх хоёр байгууллагад хандахад 30.000+42.440=72.440 төгрөг гарсныг нэмж барагдуулж өгнө үү” гэжээ. 

         Хариуцагч Ц.Ганхөлөгийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2 болон мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Ариунаа нь хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.718.000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч нь “2008 оны 9 дүгээр сард Такшкен боомтоор явж байхдаа жолооч Ц.Ганхөлөгт 79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шал ачуулаад Увсад ирүүлсэн ба жолоочтой тээврийн хөлсний зөрүүнээс болж маргалдаж, улмаар Ц.Ганхөлөг нь дүү Ц.Отгонбямбын агуулахад буулгасан ба өнөөг хүртэл тухайн эд хөрөнгийг надад хүлээлгэн өгөөгүй” хэмээн хариуцагч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шалны үнэ 1.718.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож Увс аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэгч ахмад Ц.Алтанзулын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Н.Ариунаа болон Ц.Ганхөлөг нараас авсан тайлбарыг хуулбарлан ирүүлжээ.

       Гэтэл уг тайлбаруудад Увс аймгийн Цагдаагийн газрын “Хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

        Нөгөө талаар, цагдаагийн байгууллага болон шүүхэд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлд  “79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шал” байсан гэдгийг дурдсанаас бус хэрэгт авагдсан бусад баримтаар 79 ширхэг дээврийн төмөр болон 22 авдар паркетан шал байсан эсэх, тухайн эд хөрөнгийн нэг бүрийн  үнэ ямар байсан, мөн хаанаас, нэг бүрийнх нь үнэ хэдэн төгрөгөөр худалдан авсан болох нь тодорхойгүй буюу энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

        Иргэн Ц.Ганхөлөгийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарт: “Би 2008 оны 9 дүгээр сард өөрийн ЗИЛ-130 маркийн ачааны автомашинаар Хятадын Такешкены боомтоос Н.Ариунаагийн 1 тонн ачааг нэг клограммыг нь 200 төгрөгийн хөлсөөр ачихаар болж ачиж ирсэн, Улаангомд ирээд ачааны хөлсөө авах гэтэл надад нэг клограммыг нь 100 төгрөгөөр тооцож өгнө гэснээс болж маргалдсан. ... Тэгээд ачаагаа өөрийн дүү Ц.Отгонбямбын агуулахад буулгасан. Ачаа одоо хаана байгааг Ц.Отгонбямба мэдэж байгаа” гэсэн байх ба энэхүү тайлбараас үзэхэд Н.Ариунаагийн чухам ямар, ямар ачаа байсан нь тодорхой дурдагдаагүй байх ба үүнийг үндэслэн харицагч нараас 1.748.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

      Мөн нэхэмжлэгч “Эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба мөн тухайн нэхэмжлэлийн үндэслэл болсон баримт нь цагдаагийн байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байх бөгөөд энэ нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

         Харин хариуцагчийн өмгөөлөгч “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2 болон мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна” хэмээн маргаж байгаа боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй болно.

        Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.718.000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

     Хариуцагч Ц.Отгонбямбад шүүх хуралдаан товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ц.Отгонбямбын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нараас 1.748.000 /нэг сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.918 /дөчин хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА