Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 07

 

 

 

           

 

 

 

 

 

Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын  03 дугаар багт оршин суух, Тайж овогт Намсрайгийн Ариунаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 09 дүгээр багт оршин  суух, Их тугтан овогт Цэвээний Ганхөлөг, Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багт оршин  суух Тугтан овогт Цэвээний Отгонбямба нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Ц.Ганхөлөг, хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1.718.000 төгрөг болон эвлэрүүлэн  зуучлагчид төлсөн  хөлс 30.000 төгрөг, нийт 1.748.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Н.Ариунаа нь 2008 оны 9 дүгээр сард Ташкент боомтоор явж байхдаа жолооч Ц.Ганхөлөгт 79 ширхэг дээврийн төмөр, 22 ширхэг паркетан шал ачуулаад Увсад ирсэн. Тухайн үед ачааны ханш 1 кг 100-110 төгрөг байсан. Уг жолооч Улаангомд ирснийхээ дараа ачааны хөлсийг 200 төгрөгөөр тооцсоноос болж маргалдсан. Ингээд Ц.Ганхөлөг 79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шалыг буцааж авсан ба түүний гэрт удаа дараа очиж, мөн утсаар хэд хэдэн удаа шаардсан боловч өөрийн дүү Ц.Отгонбямба мэднэ гэж мэлтэлзсээр өгөхгүй өдийг хүрлээ. Тэр үеийн ханшаар барааг 79х12.000=948.000 төгрөг, 22х25 м2х14.000= 770.000, нийт 1.718.000 төгрөг болж байна. Тус хэргийн улмаас Цагдаагийн байгууллага болон эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандахад 30.000+42.440=72.440 төгрөг гарсныг нэмж барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2 болон мөн хуулийн 75 дугаар зүйлийн75.2.3-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нараас 1.748.000 /нэг сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.918 /дөчин хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Н.Ариунаа нь өөрийн хөрөнгөөр 79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шал зэргийг худалдан авч Ц.Ганхөлөгт ачиж явуулсан болох нь Н.Ариунаа болон Ц.Ганхөлөг нарын тайлбараар нотлогддог ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т энэ талаар заасан. Нэхэмжлэгчийг бараа ачсан эсэх, нэхэмжилж байгаа барааны үнэ шударга бус талаар маргаагүй нь хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр юм. Хариуцагч тал нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд ямар ч тайлбар хийгээгүй мөн эвлэрүүлэн зуучлахад болон шүүхэд дуудсан цагт нь ирж ямар нэг тайлбар хийж, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралд мөн ирээгүй. Хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх ямар ч нотлох баримт байхгүй байгаа нь тодорхой байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлгүй. Иймд Анхан шатны шүүхийн 468 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тухайлбал: Зохигчдод эрх, үүрэг танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлага болох 79 ширхэг дээврийн төмөр болон 22 хайрцаг паркетан шалны үнэлгээ болон тоо ширхэгийг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь талуудын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох ба үгүйсгэх нотлох баримт шүүхэд гаргаж, мэтгэлцэх зохигчдын үндсэн эрхийг зөрчсөн байна.  

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, уг бичмэл нотлох баримтыг жинхэнэ эх хувиар нь шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох хэрэг хянан шийдвэрлэх ажилгаа хийгдээгүй, мөн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т /шинээр орсон нэмэлтээр/ төрийн болон төрийн бус байгуулага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгуулагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж болохоор заажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэл[1],болон Цагдаагийн газарт өгсөн “79 ширхэг дээврийн төмөр болон 22 хайрцаг паркетан шал ачуулсан” гэх тайлбарыг[2]  хариуцагч Ц.Ганхөлөг Цагдаагийн газарт өгсөн тайлбараараа үгүйсгээгүй ба “БНХАУ-ын Такешканы боомтоор Н.Ариунаагийн ачуулсан 1 тонн барааг ачиж ирсэн” гэсэн тайлбар[3] өгсөн байхад 79 ширхэг дээврийн төмөр болон 22 хайрцаг паркетан шал байсан эсэх, хаанаас худалдан авсан нь тодорхойгүй энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахадаа төлсөн тэмдэгтийн хураамж 42.918 төгрөгийг нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42918 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ариунаад шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 


[1] Хэргийн 1 дүгээр тал

[2] Хэргийн 6 дугаар тал

[3] Хэргийн 7 дугаар тал