Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0555

 

“У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор, шүүгч С.Мөнхжаргал илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэрээр:

          Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “  У С” ХХК-ийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц нар давж заалдах гомдолдоо: “… 1. Шүүх АНУ дахь Sh c LLC-ийн нэрийг хэрэглэсэн гэх үзэх боломжгүй хэмээн дүгнэх үндэслэлээ Монгол дахь “Ш к” ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан хуулийн этгээдийн гэрчилгээ, Монгол Улс дахь “Ш к” ХХК-ийн Sh c барааны тэмдэгтийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна хэмээн зөвхөн Монгол Улсын хуулийн этгээдийн гэрчилгээ, барааны тэмдэгийн мэдүүлэг хүчинтэй, хүчин төгөлдөр мэтээр дүгнэж, харин хэрэгт авагдсан АНУ дахь Sh c LLC-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон барааны тэмдэгийн мэдүүлэг зэргийг үнэлээгүй, үнэлэхээс зайлсхийсэн АНУ дахь “Sh c” LLC-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барааны тэмдэгтийн мэдүүлэг ч гэсэн Монгол Улс дахь “Ш к” ХХК-ийн адил хүчинтэй, хүчин төгөлдөр байгаа байдлыг үнэлээгүй.

Монгол Улсын 1984 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэглээгүй, хэрэглэхээс зайлсхийсэн.

2. Нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүх үндэслэж шийдвэрээ гаргасан. Шүүх нэхэмжлэгчийг “Ш к” ХХК-ийн нэрийг хэрэглэсэн болох нь хэргийн 45-47, хуудаст байгаа нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.”, 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж “Ш к” ХХК гэж бичигдсэн хаана, хэн, хийсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар үнэн дарагдаагүй нотлох баримтыг үнэлсэн.

Нэхэмжлэгчийн ШӨХТГ-ын Д.Мгийн албан шаардлагыг биелүүлсэн 2018.08.30-ны өдөр ШӨХТГ-т өгсөн албан бичигт энэхүү “Ш к” ХХК гэж бичсэн баримт байхгүй байгаа болно.

3. Хэрэгт авагдаагүй, байхгүй нотлох баримтыг үндэслэж, шийдвэрийн 11 дэх талд нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэлт хийсэн.

Шийдвэрийн 11 дэх талд “  У С” ХХК нь  www.shuurhaicargo.com сайт болон shuurkhaicargo фэйсбүүк хуурдсаар “Ш к” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна гэж зар сурталчилгаа байрлуулсныг “Ш к” ХХК-ийн нэрийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар үйлдэл гэж үзэхээр бөгөөд бусад хэрэглэгч болон “Ш к” ХХК нь “   У С” ХХК-ийг АНУ дахь “Sh c” LLC-ийн нэрийг монголоор хөрвүүлсэн байна гэж ойлгох боломжгүй юм гэж дүгнэжээ.

Гэтэл “Sh c” LLC фэйсбүүк хуудсаар ““Ш к” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж зар сурталчилгаа байрлуулсныг “Ш к” ХХК-ийн нэрийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар үйлдэл гэж үзэхээр бөгөөд бусад хэрэглэгч болон “Ш к” ХХК нь “У с” ХХК-ийг АНУ дахь “Sh c” LLС-ийн нэрийг монголоор хөрвүүлсэн байна гэж ойлгох боломжгүй юм гэж дүгнэжээ.

Гэтэл Sh c фэйсбүүк хуудсаар “Ш к” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж зар сурталчилгаа байрлуулсан баримт хэрэгт огт байхгүй байхад байгаа мэтээр үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосноороо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 32.6, 34 дүгээр зүйлийн 34.2,  34.5-д заасан заалтуудыг ноцтой зөрчсөн.

Мөн шүүх Монгол дахь “Ш к” ХХК-ийг “  У с” ХХК болон АНУ дахь “Sh c” LLC-тэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн андуурч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Ш к” ХХК-ийн хэрэглэгчид энэхүү сайтаар орж, ачаа бараагаа кодоор нь хайж төөрөгдөлд орсон хэмээн андуурч дүгнэлт хийж шуудвэрээ гаргасан. Монгол дахь “Ш к” ХХК-ийн хэрэглэгчид орж, төөрөгдөлд орох боломжгүй юм.

Гэтэл шүүх Монгол дахь “Ш к” ХХК-ийн нэрийг хэрэглэж “У ” ХХК, АНУ дахь “Sh c” LLC хамтарч, хэрэглэгчийн ачаа барааг тээвэрлэж, тарааж байгаа мэтээр хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах үйлдэл хийсэн хэмээн буруутгасан. “У с” ХХК нь ачаа бараагаа “У с” ХХК-иараа хүлээн авч, тараадаг болохыг шүүх анхааралдаа авахыг хүсье.

4. Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн хүрээ нь Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектэд патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтах талаар хуульчилсан байна.

Гэтэл шүүх АНУ дахь “Sh c” LLC нь Монгол дахь “Ш к” ХХК-иас өмнө байгуулагдсан байдлыг харгалзаж үзээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ Монгол дахь “Ш к” ХХК нь АНУ дахь “Sh c” LLC-ийн нэрийг ашиглаж, урьд өмнө хамтран ажиллаж байсан “Sh c” LLC-ийн нэрээр Монголд хөрвүүлэн ижил нэртэй компани байгуулж, шударга бусаар өрсөлдөж байгаа байдлыг огт дүгнэлт хийгээгүй төдийгүй энэхүү шударга бус байдлыг таслан зогсоох зорилготой аж үйлдвэрийн өмчийн хамгаалах конвенцид тусгасан өрсөлдөөний зохицуулалтыг хэрэглээгүй хэрэглэхээс зайлсхийсэн болно.

5. Шүүхийн шийдвэр нь хоёрдмол утга агуулгатай, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн.

Хариуцагч урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү актыг гаргасан бол нэхэмжлэгч зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан хэмээн албан шаардлага хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болжээ. Нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд албан шаардлага гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй болно.

6. Нэхэмжлэгч маргаан бүхий акт нь утга агуулгын илэрхий алдаатай, албан шаардлагыг 1 хоногийн дотор биелүүлэхийг шаардах эрх хуулиар олгогдоогүй талаар нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарласаар байтал шүүх үндэслэлгүй гэх боловч ямар үндэслэлээр няцааж байгаагаа огт тайлбарлаагүй.

Маргаан бүхий актад нэг бол “  У С” ХХК-ийг Монгол дахь “Ш к” ХХК-ийн нэрийг хэрэглээгүй, өөрийнхөө хамтран ажилладаг АНУ дахь “Sh c” LLC-ийн нэрийг зар дээрээ оруулсан гэж бичээд байгаа нь нэхэмжлэгчийг гуравдагч этгээдийн нэрийг хэрэглээгүй гэдгийг зөвшөөрөөд зөрчил гаргаагүй гээд  ч байгаа ч юм шиг, эсхүл гуравдагч этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нэр нь хүчинтэй байгаа учраас гуравдагч этгээдийн нэрийг хэрэглэх нь буруу гээд нэрийг нь хэрэглэсэн гээд ч байгаа ч юм шиг, хэрэглээгүй гээд ч байгаа юм шиг ойлгоход утга агуулгын эргэлзээтэй, алдаатай акт байгаа талаар гомдолдоо дурдаад байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Өөрөөр хэлбэл “нэхэмжлэгчийг гуравдагч этгээдийн нэрийг хэрэглэх, хэрэглэгчид нь төөрөгдөлд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс албан шаардлага хүргүүлсэн” гэх хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгчийг нэр хэрэглэсэн зөрчил гаргаагүй эсхүл нэр хэрэглэсэн зөрчил үйлдсэн гэж үзээд албан шаардлага хүргүүлээд байна уу гэдэг нь эргэлзээтэй, утга агуулгын илэрхий алдаатай байгаа талаар маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн маргаан бүхий актыг Монгол дахь “Ш к” ХХК-ийн нэрийг хэрэглэсэн гээд байгаа юм уу, хэрэглээгүй гээд байгаа талаар эргэлзээтэй утга агуулгын илэрхөгсөний алдаатай гарсан, гуравдагч этгээдийн өргөдөлд дурьдаагүй асуудал болох аж ахуй нэгжийн нэрийг хэрэглэж байна гэж шийдвэрлэсэн, өргөдлийг үндэслэж хяналт шалгалт хийхдээ хяналт, шалгалт хийх удирдамжийг үндэслэж шалгалт хийсэн байдлаар акт гаргах эрхгүй хэмээн маргасан, өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд акт гаргах эрхгүй хэмээн маргаагүй байхад, шүүх энэ байдалд дүгнэлт хийлгээгүй төдийгүй, хариуцагчийг Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд албан шаардлага гаргах эрхтэй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийжээ.

          7. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 1 хоногийн дотор биелүүлэхийг шаардах хуульд заасан үндэслэл байхгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийсэнгүй.

          Маргаан бүхий актын доороосоо 2 дахь догол мөр: ... Иймд дээрх зөрчлөө 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаарх албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардаж байна гээд Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу ... гэж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан актыг нэхэмжлэгчид 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, хүлээлгэн өгснөөс хойш 1 өдрийн дотор албан шаардлагыг биелүүлэхийг шаардах, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийн хугацааг хязгаарлах нь хуульд заасан үндэслэл байгаагүй гэж нэхэмжлэгч маргасан.

          Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т “Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зах зээлийн байдлыг судлах улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй” байхаар хуульчилжээ.

          Өөрөөр хэлбэл хариуцагч гомдол гаргах хугацааг 1 хоног болгож хязгаарлаж, багасгаж өөрчилж акт гаргаж, үүнийгээ биелүүлэхийг шаардах хуульд заасан үндэслэл байгаагүй бөгөөд хариуцагчийн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5,  47.1.6-д заасан байдлыг шүүх огт харгалзаж үзээгүй, дүгнэлт хийгээгүй төдийгүй, шүүх хуралдаан дээр энэ талаар хэлсэн өмгөөлөгчийн тайлбарыг хасч шийдвэрээ бичжээ.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэрийг хууль буруу тайлбарласан, хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэхээс зайлсхийсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт хавсаргагдаагүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагаар “  У С” ХХК-ийг хөтөлж явуулж байгаа сайт болон фэйсбүүк хуудсанд хаягаа байршуулахдаа Shuurhai cargo LLC гэх АНУ-аас холбогдох зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчийн нэрийг байршуулсан байна. ... “Ш к” ХХК-ийн зүгээс тус аж ахуй эрхлэгчийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна. Энэ нь ... Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг зөрчсөн” гэж үзэж, зөрчлийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэн даруй арилгахыг шаарджээ.

Зөрчилд холбогдогч “  У С” ХХК-иас дээрх байцаагчийн 2018 оны  5/20 дугаар албан шаардлагыг “ ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн, утга агуулгын алдаатай,  “Ш к” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, гомдол  гаргагчийн бизнес орлогод сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй, уг “Ш к” ХХК-ийн нэрийг ашиглаагүй, манай компаний эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3-д заасныг зөрчсөн, албан шаардлагад гомдол гаргах хугацаа олгоогүй ...” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргажээ.

Харин хариуцагчаас ... ижил төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдийн хувьд бусдыг  төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй гэж үзэхээр байна, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны мэдүүлэг болон “Ш к” ХХК гэж байршуулсан ба нэршилд өөрчлөлт оруулахаа мэдэгдэж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйлдлээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргаж болох байсан ч 2018.08.30-ны өдрийн албан бичгээр албан шаардлагыг биелүүлсэн талаар мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ...” гэж маргажээ.

“  У С” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр авч, Америкийн нэгдсэн улсын /цаашид АНУ гэх/ хуулийн этгээд болох “Sh c” LLC-тэй 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, хамтран ажилладаг, тус АНУ-ын “Sh c” LLC компани нь www.Shuurkhaiсargo.com гэх вэб сайт болон Shuurkhai Сargo гэх нэртэй фэйсбүүк хуудсыг нээж, эрхлэн явуулдаг, харин мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан Монгол Улсын хуулийн этгээд “Ш к” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, АНУ-ын дээрх компанитай хамтран ажилладаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл улсын байцаагч нь албан шаардлагадаа “  У С” ХХК-ийг хаягаа байршуулахдаа АНУ-ын компанитай хамтран ажилладаг аж ахуй эрхлэгчийн нэрийг “ашигласан” гэж дурдсанаас өөр “  У С” ХХК-ийн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйн талаар дурдаагүй, ашигласан гэх аж ахуйн нэгжийн нэрийг заагаагүй, харин “АНУ-ын компанитай хамтран ажилладаг” гэж тодотгосон нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна.

Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “  У С” ХХК-ийн захирал Т.Түвшинжаргалаас мэдүүлэг авах үед “... “  У С” ХХК нь АНУ-ын компанитай хамтран ажилладаг, бусдын нэрийг ашиглаагүй” гэж тайлбарлаж “Sh c” LLC-н материалыг өгснөөс үзвэл улсын байцаагч нь АНУ-ын компанитай “  У С” ХХК хамтран ажилладаг, харин “Ш к” ХХК хамтран ажилладаггүй гэдгийг мэдсэн атлаа албан шаардлагад “  У С” ХХК-ний ашигласан гэх аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой заалгүй “АНУ-ын компанитай хамтран ажилладаг" аж ахуйн нэгжийн нэрийг ашигласан гэсэн хэсэг нь утга агуулгын илэрхий алдаатай байна. Гэвч албан шаардлагад “... “Ш к” ХХК нь танай компанид тус компаний нэрийг хэрэглэхийг зөвшөөрөөгүй байна” гэснээс үзвэл “Ш к” ХХК-ийн нэрийг ашигласан гэж буруутгасан гэж ойлгож болохоор байх тул албан шаардлагыг бүхэлд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Харин “  У С” ХХК нь “Ш к” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө 2017 оноос каргоны үйлчилгээ явуулдаг АНУ-ын “Sh c” компанитай хамтран ажиллаж байсан бөгөөд улсын байцаагч нь уг Sh c гэсэн фэйсбүүк хуудас, www.Shuurkhaicargo.com веб сайтад хэзээнээс “Ш к” гэж кириллээр бичигдсэн байсныг тогтоож, бусдын нэр ашигласан, эсхүл англи үсгээр бичсэн компаний нэрийг кириллээр хөрвүүлсэн эсэхийг шалгаж тогтоолгүй 2018 оны 4 сард бүртгүүлсэн “Ш к” ХХК-ийн нэрийг ашиглаж өрсөлдөөнийг хязгаарласан, бусдыг төөрөгдүүлэх зөрчил гаргасан гэж үзжээ.

Мөн уг фэйсбүүк хуудас, веб сайт нь “  У С” ХХК болон “Sh c” LLC-ийн хэнийх нь болох, зөрчил гаргасан этгээд аль нь болохыг тогтоогоогүй зэргээс үзвэл “  У С” ХХК-ийг бусдын нэр ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, зөрчил арилгахыг шаардах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус албан шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, АНУ-д бүртгэлтэй компаний нэрийг монголоор хөрвүүлсэн байна гэж ойлгох боломжгүй, “Ш к” ХХК нь уг Ш к гэх барааны тэмдгийн гэрчилгээг авсан болох нь тогтоогдож байна гэх ... үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэхүү маргаан нь барааны тэмдгийн талаарх маргаан биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 24-нд олгосон “Sh c”, “Ш к” гэх бичиглэл, дүрс бүхий барааны тэмдгийн гэрчилгээ нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй юм.

Мөн “  У С” ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр “Ш к гэснийг өөрчилсөн” талаараа мэдэгдсэнийг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь улсын байцаагч албан шаардлагадаа 1 хоногийн дотор биелүүлэхийг шаардсан байх тул тухайн хугацаанд биелүүлж, түүний дараа нэхэмжлэл гаргасныг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Харин үүнтэй холбоотой нэхэмжлэлд “гомдол гаргах боломж олголгүй, хүчин төгөлдөр болоогүй шаардлагаа биелүүлэхийг даалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус”  гэх боловч энэ нь “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан” гэдэгт хамаарахгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, уг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэээ.