Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 29 өдөр             Дугаар 128/ШШ2019/0529        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У” ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М-ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаартай албан шаардлагад: “Тус газарт “Ш” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/003 дугаартай албан бичгээр ирүүлсэн “У” ХХК нь өөрийн хөтлөн явуулдаг sh.com  сайт болон sh нэртэй фэйсбүүк хаягаар "Ш" ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч зар сурталчилгаа түгээж манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар танай компанийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хуудсанд "У” ХХК-ийн хаягийг байршуулахдаа “Sh” LLC гэх АНУ-аас холбогдох зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчийн нэрийг байршуулсан байна. "Ш” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, упсын бүртгэлийн газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд “Ш” ХХК-ийн зүгээс танай компанид тус аж ахуй эрхлэгчийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд дээрх зөрчлөө нэн даруй арилгаж 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаарх албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардаж байна. Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу” хэмээн албан шаардлага манай компанид хүргүүлсэн

Энэхүү улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн, “Ш” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, гомдол гаргагчийн бизнес орлогод сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй. “Ш” ХХК-ийн нэрийг ашиглаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай” дүгнэлт хийсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М-ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаартай албан шаардлагын 2 дугаар догол мөрт... “Хяналт шалгалтаар танай компанийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хуудсанд “У” ХХК-ийн хаягийг байршуулахдаа “Sh” LLC гэх АНУ-аас холбогдох зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчийн нэрийг байршуулсан байна” хэмээн гэж гомдол гаргагчийн “Ш” ХХК-ийн нэрийг сайтандаа байршуулаагүй гэж дүгнэсэн атлаа албан шаардлагын 3 дугаар догол мөрт ““Ш” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд “Ш” ХХК-ийн зүгээс танай компанид тус аж ахуй эрхлэгчийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна" хэмээн дүгнэжээ. Хэрэв “Sh” LLC гэх АНУ-ын компанийн нэрийг хэрэглэсэн бол гомдол гаргагч этгээд болох “Ш” ХХК-иас зөвшөөрөл авах шаардлагагүй байжээ. Гэтэл 3 дугаар догол мөрт энэ дүгнэлтээ үгүйсгэж, 2 дугаар догол мөрийн утгыг үгүйсгэж “Ш” ХХК нь танай “У” ХХК-д нэр ашиглах зөвшөөрөл өгөөгүй байна хэмээн манай “У” ХХК-ийг гомдол гаргагч “Ш” ХХК-ийн нэрийг ашигласан хэмээн дүгнэснээрээ утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлтийг хийж албан шаардлага үйлдсэн.

2. Ш ХХК-ийн нэрийг ашиглаагүй, хэрэглээгүй.

Албан шаардлагын 1 дүгээр догол мөрт ... “Тус газарт “Ш” ХХК- иас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/003 дугаартай албан бичгээр ирүүлсэн “У” ХХК нь өөрийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хаягаар “Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч зар сурталчилгаа түгээж, манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ”. гэжээ. Гэтэл гомдол гаргагчийн өргөдөлд дурдсанчлан “Ш” ХХК гэж МУ-ын аж ахуйн нэгжийн илэрхийлэл болсон хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн утгыг илэрхийлдэг ХХК гэсэн товчлолыг бичээгүй тул “Ш” ХХК-ийн нэрийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм Манай хамтран ажилладаг АНУ-дахь “SH” LLC-ийн нэрийг монгол хувилбараар хөрвүүлж сайтад зар оруулсан.

3. Ш ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй

Гомдол гаргагч “Ш” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашгийг, ямар хэм хэмжээг зөрчиж байгаа гэдэг нь тодорхойгүй. хариуцагчийн гаргасан албан шаардлага нь бодит тооцоо судалгаа, нөхцөл байдалд тулгуурлаагүй, “Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч зар сурталчилгаа түгээсний улмаас “Ш” ХХК-д ямар хэмжээний хохирол учирсан талаар нягтлан шалгаагүй, зохих дүн шинжилгээг хийгээгүй мөн энэхүү зарыг түгээсний улмаас гомдол гаргагчийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох нь тодорхойгүй байхад гомдлыг хангаж “У" ХХК-д албан шаардлага хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Албан шаардлагад гомдол гаргах бололцоо олгохгүйгээр Зөрчлийн хуупьд заасан хариуцлага оногдуулахаар тулган шаардсан.

Албан шаардлагын төгсгөл хэсэгт... ”Иймд дээрх зөрчлөө нэн даруй арилгаж 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаарх албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардаж байна. Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу” хэмээн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан албан шаардлагыг “У” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт мэдэгдэн хүлээлгэн өгсөн. Энэхүү 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу ажлын 1 өдрийн дотор албан шаардлагад гомдол гаргах хугацаа, боломжгүй байсан тул Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцуулахгүйн тулд аргагүйн эрхэнд албан шаардлагад дурдсан зөрчил гээчийг тэдний шаардсанаар биелүүлсэн болно. Улсын байцаагчийн албан шаардлагад гомдол гаргах хугацааг 1 өдрөөр хязгаарласнаараа нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үзэж байгаа болно

5. Гомдолд дурдсан асуудлыг шалгаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан 52.3-д заасныг зөрчсөн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл. хүсэлт, гомдол. мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн осол аваар, халдварт өвчин. хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд. хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.2-д “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл гомдол гаргагч гомдолдоо: ...Тус газарт “Ш” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/003 дугаартай албан бичгээр ирүүлсэн “У” ХХК нь өөрийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хаягаар “ “Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч зар сурталчилгаа түгээж, манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ гэжээ. Эндээс харвал гомдлын дагуу хуурамч зар сурталчилгаа түгээсний улмаас гомдол гаргагч ХХК-ийн бизнес орлого буурсан эсэх, орлогод нь сөргөөр нөлөөлсөн үйл баримтыг шалгах байжээ. Гэтэл гомдолд огт дурдаагүй “Ш” ХХК-ийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласан талаар дүгнэлт гаргаснаараа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шалгалт явуулах болсон үндэслэл, асуудлын хүрээнээс хэтэрсэн, өргөдөлд дурдаагүй асуудлыг шалгасан нь үндэслэлгүй болжээ.

6. Зарын улмаас “Ш” ХХК-ийн үйлчлүүлэгч хэрэглэгчид төөрөгдөлд ороогүй., Ш ХХК нь каргоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй тул тэдний хэрэглэгчид төөрөгдөлд ороогүй. “Ш” ХХК ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох, мөн тус компанийн бизнес орлого буурсан талаар нарийвчлан тогтоогоогүй, “Ш” ХХК нь “У” ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул “Ш” ХХК-ийн үйлчлүүлэгчид төөрөгдөлд орох үндэслэлгүй байхад “У” ХХК-ийг “Ш” ХХК-ийн хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан гэж үзэн буруутган албан шаардлага хүргүүлж байгаа нь хууль бус гэж үзэж байна

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М-ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлага нь утга агуулгын илэрхий алдаатай, албан шаардлагад дурдсанчлан “Ш” ХХК-ийн нэрийг ашиглаагүй, хэрэглээгүй, албан шаардлагад гомдол гаргах бололцоо олгохгүйгээр Зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулахаар тулган шаардсан, гомдол гаргагчийн гомдолд дурдсан асуудлын хүрээнд гомдлыг шалгаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан 52.3-т заасныг зөрчсөн, “Ш” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, Зар түгээсний улмаас хохирол учраагүй, “Ш” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь манай компанийн үйл ажиллагааны чиглэлтэй адил биш, зарын улмаас тус компанид хохирол учраагүй байх тул уг албан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа өмгөөлөлдөө: “Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид 1984 онд элсэн орсон. Энэ конвенцийн 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан байдаг.

Хамтарч ажиллаж байгаа байгууллагын нэрийг тавьснаараа “Ш” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй. Хэрэглэгчид нь төөрөгдөлд орсон үйл баримт ерөөсөө байхгүй. “Ш” ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй. “Гэрэлд хүрэх оргил” гэдэг нэрээр “Ш” ХХК үйл ажиллагаа явуулж байсан. “Гэрэлд хүрэх оргил” гэдэг нэрээр н.Хашбал тусгай зөвшөөрөлтэй. Америкийн Нэгдсэн Улсын “Sh” LLC компанитай өмнө нь хамтарч ажиллаж байсан. Дараа нь харилцаагаа албан ёсоор дуусгавар болгож “У” ХХК-тай хамтран ажилласан. Гэтэл н.Хашбал 02 дугаар сард “Ш” ХХК байгуулж дээрх гомдлуудыг гаргасан. Америкийн Нэгдсэн Улсын “Sh” LLC компанийг мэдэхгүй байж байгаад “Ш” ХХК байгуулсан бол бас өөр юм. Гэтэл өмнө нь бүр өөрөө хамтран ажиллаж байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон өмгөөлөлдөө: “ “Ш” ХХК анх гомдол гаргахдаа манай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэсэн агуулгатай гомдол гаргасан. Гэтэл “У” ХХК нь Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулдаг “Sh” LLC-ийн хамтран ажиллах гэрээний дагуу Монголд Улсад тарааж түгээдэг тусгай зөвшөөрөлтэй компани юм. Харин “Ш” ХХК аялал жуулчлал, онлайн худалдаа зэргийг эрхэлдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын “Sh” LLC-ийн үйл ажиллагааг Монгол Улсад эрхэлдэг компани биш юм. Энэ 2 компани нь нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй. Бие биенийхээ үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа зүйл байхгүй. “Ш” ХХК гомдолдоо бидний ашиг орлогод нөлөөлж байна гэж дурдсан байдаг. Америкийн Нэгдсэн Улсын “Sh” LLC болон “Ш” ХХК тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд юм.

Улсын байцаагчийн актад Монгол Улс дахь “Ш” ХХК-ийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу “У” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа учраас “Ш” ХХК-ийн нэрийг ашиглах үндэслэл байхгүй. “Ш” ХХК-ийн гомдолд дурдсан асуудлаар өөрийн хяналт шалгалтыг хийж улсын байцаагч захиргааны акт гаргах ёстой. “Ш” ХХК гомдолдоо барааны тэмдэг, шошго ашигласан талаар дурдаагүй. Гэтэл улсын байцаагч актдаа бусдын барааны тэмдэг, шошгыг дур мэдэн ашиглаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М-ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлага нь илт хууль бус болох нь тогтоогдож байна.

... н.Хашбал анхнаасаа энэ вэб сайтыг ашиглаж байгаагүй. Энэ вэб сайт нь н.Тамир захирлын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд 2018 онд н.Хашбал руу шилжүүлсэн. Улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн болох нь илэрхий байгаа юм. Албан шаардлагын нэг утга нь нөгөө утгаа үгүйсгэсэн байгаа юм. Эндээс утга агуулгын илэрхий алдаатай болох нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд захиргааны актад 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гэтэл улсын байцаагч үүнийг биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. “У” ХХК нь н.Хашбалын байгуулсан “Ш” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй, ашиг орлогод сөргөөр нөлөөлөөгүй, үйл ажиллагаанд саад учруулаагүй. Мөн хүмүүсийг төөрөгдүүлэх зэрэг асуудлыг гаргаагүй. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М-ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан “Ш” ХХК /ЧД, 4-р хороо, Бага тойруу 6-45 тоот, 6294014/- иас 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн “У” ХХК нь өөрийн sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хаягаар ““Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэх хуурамч зар сурталчилгаа түгээж, манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 8 сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад “Sh” LLC нь өөрийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй цахим хуудсанд тус компанийн хамтран ажиллагч “У” ХХК-ийн хаягийг байршуулахдаа “Сүхбаатар, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Ш ХХК” гэж бичсэн байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэж заасан талаар харъяалал тогтоогоогүй тул захиргааны журмаар шийдвэрлэж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илэрхий алдаатай дүгнэлт хийсэн, “Ш” ХХК-ийн нэрийг ашиглаагүй гэсэн тухайд:

Гомдол гаргагч “Ш” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгэгджээ. Харин “SH” LLC нь АНУ-д үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн хөтлөн явуулдаг sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хуудсанд тус компанийн хамтран ажиллагч “У” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг буюу “Сүхбаатар, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Ш ХХК” гэж байршуулсан нь ижил төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг /олон улсын шуудан үйлчилгээ/ аж ахуй эрхлэгчдийн хувьд бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй гэж үзэхээр байна.

 2. Албан шаардлагад гомдол гаргах бололцоо олголгүйгээр Зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулахаар тулган шаардсан гэсэн тухайд: “У” ХХК-ийн захирал Т.Түвшинжаргалын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн холбогдогчийн мэдүүлгээс үзэхэд өөрсдийн хамтран ажиллагч байгууллага болох “Sh” LLC-ийн цахим хуудсанд “У” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг байршуулахдаа “Ш” ХХК гэж байршуулсан ба нэршилд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйлдлээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч “У” ХХК нь захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу гомдол гаргаж болохоор байсан ч 2018 оны 08 дугаар сарын 30-ны албан бичгээр албан шаардлагыг биелүүлсэн талаар мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

3. “Ш” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгуй, зарын улмаас “Ш” ХХК-ийн үйлчлүүлэгч, хэрэглэгч төөрөгдөлд ороогүй гэсэн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага ба Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Иймд “У” ХХК-ийн 2019 оны 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “У” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Ш” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан “... “У” ХХК нь өөрийн shuurkhaicargo.com, shuurhai cargo facebook хаягаар “ “Шуурхайн карго” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэх хуурамч зар сурталчилгаа түгээж, манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уг гомдлын дагуу шалган хариуцагчаас улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагаар “У” ХХК-ийг “...”Ш” ХХК-ийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байтал хэрэглэсэн...” гэж үзэн уг зөрчлийг арилгуулах тухай мэдэгдэж, албан шаардлагыг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

“У” ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй газрын буюу “Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд” гэсэн хаяг байршлыг “Sh” LLC гэх АНУ-д бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг компанийн shuurhai cargo facebook хуудаст байршуулахдаа “Ш” гэж,  sh.comцахим сайтад байршуулахдаа “Ш” ХХК гэж “Ш” ХХК-ийн нэрийг хэрэглэсэн болох нь 2018 оны 6 дугаар сарын 19, 2018 оны 8 дугаар сарын 22-нд хайлт хийж хэвлэсэн хуудаснаас тогтоогдож[1] байх бөгөөд “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түвшинжаргал 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “ ...цаашид асуудлыг хүндрэлгүй явуулахын тулд ашигладаг shuurhai cargo facebook хуудас, sh.comсайт дээр байрлах нэршилд өөрчлөлт оруулах болно” гээд shuurhai cargo facebook хуудас, sh.comсайтад “Sh” LLC-ийн Монгол дахь хамтрагч “У” ХХК гэж, “У” ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд” хаягийг байршуулж, ийнхүү өөрчлөлт оруулж улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн болохоо 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан шаардлагын хариу болгон хүргүүлжээ[2].   

Нэхэмжлэгчээс “ShLLC” гэх АНУ-ын компанийн нэрийг хэрэглэсэн тул гомдол гаргагч этгээд болох “Ш” ХХК-иас зөвшөөрөл авах шаардлагагүй, ... аж ахуйн нэгжийн илэрхийлэл болсон хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн утгыг илэрхийлдэг ХХК гэсэн товчлолыг бичээгүй тул “Ш” ХХК-ийн нэрийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь “Ш” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, тус компанийн үүсгэн байгуулагч А.Хашбал нь “Ш” нэртэй барааны тэмдгийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр анх авсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11/4777 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа болон Оюуны өмчийн газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/492 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тус компанийн барааны тэмдгийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “У” ХХК нь sh.comсайт болон shнэртэй фэйсбүүк хуудсаар “ “Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж зар сурталчилгаа байршуулсныг “Ш” ХХК-ийн буюу аж ахуй хэрэглэгчийн нэрийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар үйлдэл гэж үзэхээр бөгөөд бусад хэрэглэгч болон “Ш” ХХК нь “У” ХХК-ийг АНУ-д бүртгэлтэй “Sh” LLC-ийн нэрийг монголоор хөврүүлсэн байна гэж ойлгох боломжгүй юм.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар “аж ахуй эрхлэгчийн нэрийг дур мэдэн хэрэглэхийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл гэж үзэж хориглодог” тул, энэ зөрчлийг арилгуулахаар улсын байцаагч албан шаардлага хүргүүлснийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь тус газраас баталсан албаны дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэн 20.3.1-д зааснаар өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд 20.2-т зааснаар “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” үүрэгтэй байх тул улсын байцаагч нь бүрэн эрх, чиг үүргийн дагуу хяналт шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага бичсэн, улсын байцаагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хуульд нийцсэн байна.

Улсын байцаагчийн энэ албан шаардлагыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээргүй, мөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 45-47 дугаар хуудас

[2] Хэргийн 79-84 дүгээр хуудас