Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01528

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01528

 

 

Б.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01909 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Г ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК, Ж.БО нарт холбогдох,

 

61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.З , түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.Г би Б ХХК-ийн захирал Д.З тай харилцан тохиролцож, 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч нь гэрээний үнэ болох 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн.

1.2. Гэрээ байгуулахад гэрээт борлуулагч ХП ХХК-ийг төлөөлж захирал Ж.БО байлцсан. Энэ гэрээний зүйл нь ажлын үр дүн болох Хан-Уул дүүрэг, 16-р хороо, ХХХХХХ үйлчилгээний төвтэй байрны нийт 5,000 м.кв. талбай бүхий 61 ширхэг орон сууц бөгөөд талууд уг гэрээний хавсралт №1-ээр орон сууцуудын байрлал, талбайн хэмжээ, өрөөний тоо, давхар, орц, хаалганы дугаарыг тодорхой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан.

1.3. Гэрээний 2.1-д гэрээний талууд гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд захиалагч тал төлбөрийг бүрэн төлж дууссан, барилга ашиглалтад орж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гаргаж өгснөөр гэрээ дуусгавар болно. Мөн гэрээний 2.2-т Орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг тус тус тохиролцсон.

1.4. Энэ гэрээгээр тохирсны дагуу захиалагч тал болох миний бие гэрээний 3.1-д заасан хугацаанд гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр гүйцэтгэгч тал болох Б ХХК-ийн захирал Д.З ын Хаан банкин дахь 5032287354 тоот дансанд шилжүүлж өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлсэн.

1.5. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний Дөрөв. Төлбөр төлөх нөхцөл хэсэгт захиалагчийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хэний ямар дансанд төлөх нөхцөлийг тодорхойлсны зэрэгцээ төлбөрийн нөхцөлд нэмэлт тусгай нөхцөлийг тодорхой хугацаатай буюу гэрээний 4.3.3-т зааснаар 2019 оны 05 сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон.

1.6. Гэрээний энэ хугацааг талууд 2019 оны 08 сарын 20-ны өдөр өмнө байгуулсан үндсэн гэрээ болох 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ байгуулан хугацааг 2019 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний 4.3.3-т заасны дагуу нэмэлт нөхцөлийн хугацаа дуусгавар болсноор уг зүйлд заасан хавсралтад заагдсан орон сууцыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэж тохиролцсон гэрээний заалт ямар нэг тайлбар маргаангүй хэрэгжих үндэслэл бүрдсэн.

1.7. Гэтэл Б ХХК гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн авч ажил гүйцэтгэж үр дүн бий болгосон /орон сууцыг барьж бэлэн болгосон/ атлаа надтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, элдэв тайлбар, шалтгаан гаргаж хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг нэр бүхий 61 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг Б ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Б ХХК нь ХХХХ ны нутаг дэвсгэрт ХХХХХХ үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажпыг хэрэгжүүлэх явцдаа иргэн Б.Г ээс 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар зээлж авсан юм.

2.2. Бид зээл авах, өгөх талаар тохиролцох үед зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн талаар баримтжуулах зорилгоор манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж ,тус гэрээний Дөрөв. Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тэрбум төгрөгийг зээлийн талаар тусгасан. Дээрх мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож ХХХХ цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан.

2.3. Уг зээлийн хугацааг 2019 оны 05 сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр 3 сараар тохиролцсон ба cap бүр 6 хувийн хүү буюу 180,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал нь хариуцагчид төлөхөөр тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 06 сарын 18-ны өдөр Б.Г ийн Хаан банкны 000 тоот дансанд 180,000,000 төгрөг, дараа нь 50,000,000 төгрөг шилжүүлж нийтдээ зээлийн хүүнд 230,000,000 төгрөгийг төлсөн.

2.4. Б.Г ээс зээлж авсан 3 тэрбум төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байрлах М ХХК-ийн Бор хулангийн орд уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар авсан байсан. Б ХХК-ийн захирал Б.З миний бие нь М ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулж байх үед хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж, үүнээс болж уурхайн үйл ажиллагаа 2019 оны 06 сарын 15-ны өдөр зогссон, энэ талаар Б.Г т хэлж байсан.

Уг нь нүүрсний борлуулалтаас орох орлогоос Б.Г ээс авсан 3 тэрбум төгрөгийн зээлийг төлөх байсан ба уурхайн үйл ажиллагаа зогссоноос зээлийг төлөх боломжгүй болсон.

2.5. Б.Г надаас зээлдүүлсэн мөнгөө авахын тулд банкны зээл бүтээх талаар бид хамтдаа хөөцөлдөж байсан, 2021 оны 01 сард Хөгжлийн банкнаас зээл авах боломж байна гэсэн боловч 2021 оны 03 сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас зээл өгөх боломжгүй гэсэн болно.

2.6. Улмаар манай улсад тархсан Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгж компаниудын хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болж Монгол улсын Засгийн газраас авсан хөл хорионы дэглэмийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Цагаан хаалга цогцолборын барилгын ажил зогсонги байдалд орсны улмаас Б.Г ээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсаар байгаа болно.

2.7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компанийг уг байрнуудыг барьцаалан авсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлэх тухай дурдсан байгаа нь зөв бөгөөд бидний хооронд үүссэн маргаан нь манай зүгээс зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор үүсэн гарсан болно. 3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ХХХХ ы 61 байрны зах зээлийн борлуулалтын үнэ нь 10 тэрбум төгрөг бөгөөд манай компани Б.Г ээс зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүднээс өөрсдөө алдагдал хүлээж, 10 тэрбум төгрөгийн байрнуудаа түүнд өгөх ямар ч үндэслэл юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б ХХК нь ХХХХ ны нутаг дэвсгэрт ХХХХХХ үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажпыг хэрэгжүүлэх явцдаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь М ХХК-ийн Бор хулангийн хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаанд санхүүжилт хийх зорилгоор иргэн Б.Г ээс 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаагаар зээлж авсан юм.

3.2. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улмаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг шүүхээр тогтоолгосноор манайх орон сууц захиалан барих гэрээний дагуу 61 орон сууцны өмчлөх эрхийг Б.Г т шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, харин зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

3.3. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Б ХХК нь Б.Г тэй байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоож өгнө үү.

3.4. Хариуцагч Б ХХК нь тус шүүхэд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа ба уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар өөрчилж байна. Үүнд:

Хариуцагч Б ХХК болон иргэн Б.Г ийн хооронд 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож, улмаар 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Б ХХК-ийн захирал Д.З бид харилцан тохиролцож, 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ"-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч Б.Г 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр гүйцэтгэгч Б ХХК-д төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн.

4.2. Гэтэл хариуцагч Б ХХК нь талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг үндэслэн байгуулж, гэрээнд заасан 3,000,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн ба гэрээгээр тохиролцсон хугацаа 2 жилээр хэтрээд байхад энэ гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэсэн сөрөг шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэл болгон байгуулсан бөгөөд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ гэж онцгойлон зааж нэрлэсэн, уг гэрээний 4-т төлбөр төлөх нөхцлийг маш тодорхой, ойлгомжтойгоор гэрээний тусгай нөхцөлийг тохиролцсон.

4.4. Энд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг ...зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн харилцааг бичгийн хэлбэрт оруулахын тулд ...манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашигласан...зээлийн барьцаа болгож 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан гэсэн ойлгомжгүй, гэрээний үүргээс зориуд зайлс хийсэн хууль бус тайлбар огтхон ч тогтоогдохгүй байгаа.

4.5. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 11.1-д Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тохиролцсоны дагуу 2019 оны 08 сарын 20-ны өдөр Талууд харилцан тохиролцож гэрээний 4.3.3-т заасан хугацааг 2019 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл сунгав гэсэн гэрээний нэмэлтийг Барилгын гүйцэтгэгч талыг төлөөлж Б ХХК-ийн захирал Д.З , Захиалагч талыг төлөөлж иргэн Б.Г нар байгуулсан.

4.6. Ийнхүү гэрээнд нэмэлт оруулснаар гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаа 2019 оны 10 сарын 17-ны өдрөөр дуусгавар болж, уг гэрээний 4.3.3-т тохиролцсоны дагуу хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэсэн заалт хэрэгжих хууль зүйн үндэслэлтэй болж, гэрээний 5.2.4-т гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгасан, гэрээний 4.3.3-т заасан нөхцөл хангагдсанаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж тохиролцсон тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсэж байгаа.

4.7. Хэлцэлд оролцогч талуудын хэн аль нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн байгаа. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдох 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Б ХХК болон Б.Г нарын хооронд 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож, 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 1.3, 4.3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үлдэх хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г ийн хариуцагч Ж.БО д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,228,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,158,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 7,579,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн 15-р талд ... Тухайлбал нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тус тус марган, мэтгэлцэж байна. гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэл, хуралдаанд мэтгэлцсэн тайлбар мэтгэлцээний агуулгыг хэргийн үйл баримтаас огт өөр байдлаар ойлгож шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

6.2. Талуудын хооронд байгуулагдсан маргааны зүйл болж байгаа энэ гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байхад шүүх хариуцагч талын тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн илт хууль бус шийдвэр гаргасан.

6.3. Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Б ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч Б.Г 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 17-нд гүйцэтгэгч Б ХХК-д төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн.

6.4. Гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, чөлөөтэй байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуудах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний нөхцөл нь маш тодорхой байгаа.

6.5. Энэ гэрээний тусгай хугацаа заасан тохиролцоогоор төсөл хэрэгжүүлэгч тал төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэж талуудын тодорхой тохиролцсон байгааг анхаарахгүйгээр, шүүх гэрээний энэ хэсгийг салган авч зээлийн гэрээ байгуулагдсан байна дүгнэсэн нь гэрээг тайлбарлах хуулийн заалтад нийцэхгүй байгаа бөгөөд, энэ дүгнэлтээсээ ноцтой төөрөгдсөн хэлцэл хийсэн байна гэж дүгнээд байгаа нь хуулийг тайлбарлан хэрэглэх бүрэн эрхтэй цор ганц субъектийн хувьд, мэргэжлийн ур чадварт нь эргэлзэхэд хүргэж байна.

6.6. Хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох хэргийн үйл баримтаар уг хэлцлийг ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл гэж үзэх дараах үндэслэл огт байхгүй байхад шүүх ямар баримтыг үндэслэж ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6.7. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ...хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн..., ...хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн...гэх үндэслэл талуудын хооронд байгуулсан гэрээнд огт байхгүй. Харин ч хариуцагч хөрөнгө оруулалтын мөнгийг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд захиалсан байрыг шилжүүлэх үүрэг хүлээх талаар тохиролцсон байгаад шүүх огт ач холбогдол өгч дүгнэсэнгүй, нөгөө талаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн ноцтой төөрөгдлийн агуулгыг илэрхийлсэн гол үндэслэл, хуулийн урьдчилсан нөхцлийг хангагдаагүй байдлыг харгалзан үзсэнгүй.

6.8. Шүүхээс талуудын хооронд хийсэн, маргаж буй гэрээ нь холимог гэрээний шинжийг илүүтэй агуулсан байна гэж үзсэн бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг авч үзэн дүгнэх нь үндэслэл бүхий болох байсныг анхаарсангүй.

6.9. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөл гэж тодотгосон хэсэгт талууд ямар нөхцөлд, ямар үүрэг, хэн нь яаж хүлээхийг тодорхой харилцан тохиролцсон байгаад дүгнэлт өгсөнгүй.

6.10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх тодорхой заасангүй, талуудын маргаж буй асуудлаар тодорхой шийдвэр гаргасангүй. Иймд давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Өмнө нь энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр ороод буцаж байсан. Тусгай нөхцөлт гэрээ, ХП ХХК-ийн захирал Ж.БО оролцсон гурван талт гэрээний дагуу хамтран хариуцагчаар татаж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсний дагуу анхан шатны шүүх дээр уг хэргийг хэлэлцээд дахин давж заалдах шатны шүүхээр орж байна.

7.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг зөв хэрэглэсэн.

7.3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны хүлээн зөвшөөрөгдсөн асуудлуудын талаар дүгнэлт хийсэн. 3,000,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэв. гэсэн гүйлгээний утгатай баримт Ж.БО гаас Б ХХК-ийн данс руу шилжсэн байдаг. Мөн гэрээний тусгай нөхцөлд зааснаар мөнгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тохиролцож авсан үйл баримт тогтоогдож байгаа. Үүний дагуу хариуцагч талаас 230,000,000 төгрөгийг хүүнд өгсөн.

7.4. Мөн хамтран хариуцагчаар татагдахаасаа өмнө ХП ХХК-ийн захирал Ж.БО гэрчийн мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасныг хэрэглэж шийдвэрлэсэн.

Гэрээний нэр ийм байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсноор андуурсан байх боломжтой, төөрөгдөл гэдэг утгаар дүгнэсэн.

7.5. Агуулгын хувьд зээлийн гэрээний харилцаа байгаа бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна гэдэг байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7.6. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлж, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд зөв гарсан. Нэхэмжлэгч талаас 61 орон сууцыг барьцаалсан гэж яриад байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа хуулийн шаардлага хангасан байх ёстой. Барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр байгуулсан баримт хэрэгт авагдаагүй. Орон сууцны 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр үнэлэгдэж, бусад захиалагч нартай гэрээ байгуулагдсан.

Тухайн үед 10,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан, одоо 30,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Тийм учраас 600,000 төгрөгөөр тооцож өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б ХХК, Ж.БО нарт холбогдуулан 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б ХХК нь орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б ХХК болон иргэн Б.Г ийн хооронд 3,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ний өдрийн 210/МА2022/01968 дугаар магадлалаар Б.Г , хариуцагч Б ХХК, ХП ХХК нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний маргааны шийдвэрлэхэд ХП ХХК-ийг эрх, ашиг хөндөгдөнө гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухай шүүхэд буцааж шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд ХП ХХК-ийн захирал Ж.БО г хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ХП ХХК-ийг бус иргэн Ж.Б г хариуцагчаар татан оролцуулсан нь буруу болжээ./2хх-63, 65-66/

Ж.Б нь зохигч талуудтай иргэний хувиар хэлцэл байгуулаагүй ба ХП ХХК-ийг төлөөлөн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г байгуулагдахад оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч татан оролцуулах тухай хүсэлтийг тодруулахгүйгээр иргэн Ж.Б г хариуцагчаар татан оролцуулсан нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ний өдрийн 210/МА2022/01968 дугаар магадлалд заасан алдаа арилаагүй гэж үзнэ.

 

3.2. Анхан шатны шүүх 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн буруу болжээ.

Түүнчлэн, хариуцагч Б ХХК нь орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулах шаардлагай.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,228,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР