Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 257

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: О.Э

Гуравдагч этгээд: Э.М 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.*******ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд О.Э, Э.М нарын өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч Р.П нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан. Талбайн хэмжээг нэмэгдүүлж, байршил өөрчлөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамж гарч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож, нэгж талбарын дугаар улсын бүртгэлийн мэдээллийн санд орж баталгаажсан байдаг. Тухайн олгогдсон газрын зориулалтыг өөрчлөх тухай асуудлаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад газрын зориулалтыг өөрчлөх шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, дуудлага худалдааны анхны үнэ болох 15,906,000 төгрөгийг төлж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож түүний дагуу газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл эзэмшиж байсан газарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/170 дугаартай захирамжаар иргэн О.Э-д 700 м.кв, Т.О-т 700 м.кв, Э.М-т 500 м.кв талбайг тус тус давхардуулан эзэмшүүлсэн байсан тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэст гомдол гаргасны дагуу дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн асуудал нь хууль бус болох тухай дүгнэлт гарч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/6418 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч дээрх нэр бүхий иргэдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн захирамжийг цуцлах тухай мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй учир Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжийн О.Э, Т.О, Э.М нарт холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Т.О, Э.М нарт холбогдох хэсгийг Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.  

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.О, О.Э, Э.М нарын хувьд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтээ гаргаад, түүний дагуу судалж үзээд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүсэж, холбогдох мэдээ нь кадастрын мэдээллийн санд орсон байгаа. Тухайн үед газар эзэмшүүлэх шийдвэр гараад, газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгоод мэдээллийн санд бүртгэгдсэн байх явцад нэхэмжлэгчийн эрх ашиг хөндсөн зүйл харагддаггүй. Тиймээс Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т,  Б.А нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Анх иргэн Ц.Б-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 540 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Иргэн Ц.Б-ын газар дээр маргаан үүссэн тул уг газартай чанарын хувьд дүйцэхүйц өөр байршилд шилжүүлж өгөх хүсэлтийг манай газарт 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар тус газрын байршлыг шилжүүлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1610 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгож газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 15 906 000 /арван таван сая есөн зуун зургаан мянган/ төгрөгийг төлүүлсэн бөгөөд, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/722 дугаар захирамжаар зориулалтыг нь өөрчилж үйлчилгээний зориулалттай болгон эзэмшүүлсэн. Иргэн О.Э, Э.М нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын  тоотод тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Тухайн иргэдэд газар өмчлүүлэхдээ Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох хуулийн заалтыг зөрчин тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт дээрх иргэдэд Хан-Уул дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд О.Э, Э.М нарын өмгөөлөгч А.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...О.Э, Э.М нарын хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээд нар газраа авсан байдаг. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа гуравдагч этгээд нар ямар хууль тогтоомж зөрчсөн талаар үндэслэлээ хэлсэнгүй. Мэдээллийн санд орсон байхад давхцуулж олгосон гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл тийм зүйл хэргийн материалд байдаггүй. Гуравдагч этгээд нар газрын эрхийг авахдаа Ц.Б-ын талаарх мэдээлэл мэдээллийн санд байгаагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Газар эзэмших хүсэлтийг тухайн үед гаргахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хэн нэгний газартай давхцаагүй байх гэсэн шаардлага хангагдсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан 0,07 га-аас илүүгүй байна гэсэн хэмжээний дагуу газраа өмчилж байгаа. Хүсэлтээ гаргаад, холбогдох бичиг баримт бүрдүүлэн өгөөд, шүүлт хийлгэхэд давхцалтай гэсэн зүйл гарч ирээгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2007 оноос эхлэн газар өмчлөх эрх нь үүссэн гэж нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тус захирамжийг үндэслэж газар эзэмших эрх үүсээд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1610 м.кв газрыг эзэмших ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид хуулийн дагуу өгсөн эрх нь зөрчигдсөн гэсэн асуудал энэ тухайд яригдах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 540 м.кв талбайг 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн. Үүний дагуу 540 м.кв газар эзэмших эрх нь боломжгүй болоод Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний А/968 дугаар захирамж гарч 15 жилийн хугацаанд тухайн газраа сунгуулсан гэдэг. Энэ газар ашиглагдах боломжгүй болсон тул 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1610 м.кв газар эзэмших эрхтэй болоод газрынхаа зориулалтыг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн дагуу өөрчилсөн тухай нэхэмжлэлдээ дурдан холбогдох баримтуудыг авахуулсан байдаг. Энэ бол гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, Ц.Б-д эзэмшүүлэх ёсгүй байсан газрыг эзэмшүүлж, газрын байршил, үйлчилгээний зориулалтыг өөрчилсөн байдаг. Гуравдагч этгээдүүдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхүүд хязгаарлагдмал байдалтай байгаа учраас энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжийг бий болгохын тулд нэхэмжлэгчийн үндсэн шаардлагатай бие даасан шаардлагыг хамтад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан захиргааны акт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан байдаг. Үүнээс болж Ц.Б-ын үндэслэлгүй нэхэмжлэл гаргах, газрын давхцал үүссэн шалтгаануудыг бий болгосон учир хууль ёсны дагуу газар өмчилж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж, саад болж байгаа. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөр байгаа ба нэхэмжлэгчийн эрх үүссэн гэх хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргасан захиргааны актууд 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэж гаргасан байдаг. Энэ захирамжийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр хууль  зүйн үндэслэлийг нь хянаад Ц.Б-д газар эзэмшүүлсэн нь хууль бус байна гэж тухайн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хариуцагч байгууллагаас удаа дараа 131 дүгээр захирамжийг үндэслэл болгож байгаа нь хууль ёсны дагуу байх, хуулийн дээдлэх, захиргааны акт үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн байгаа учраас үүнийг тогтоолгох шаардлага гарч байгаа юм” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч газрын төлбөрийг төлсөн нь эзэмших эрх үүсэх эрх зүйн үндэслэл болохгүй гэдэг зүйлийг ерөөсөө ярих боломжгүй. Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын алба нь хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөд газрын асуудлыг өөрчлөөд, сунгаад энэ газрыг олгосон. Олгохдоо Ц.Б-д газар олгогдох үндэслэл журмын дагуу түрүүлж олгогдсон. Тэгэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрт байхгүй эрх мэдлээр энэ асуудлыг шийдвэрлэсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/968, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б-д холбогдох хэсгээс илт хууль бус болохыг тогтоолгох тухай ярьж байна. Гэтэл 2014 оны А/968, 2015 оны А/246 дугаар захирамжууд хүчингүй болж байж дараагийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар гарсан. Энэ нь илт хууль бус болох буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа  нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бие даасан шаардлагыг Нийслэлийн Засаг даргаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ц.Б-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 540 м.кв газрыг олгосон байдаг. Тэгэхээр н.Ц- иргэн Ц.Б-д олгосон газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр болон Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ц.Б-д 131 дүгээр захирамжаар олгосон газар нь бусдын орц, гарцыг хаасан байна гэсэн үндэслэлээр хүчингүй болсон. Энэ ажиллагаа нь төрийн захиргааны байгууллагад холбоотой ажиллагаа яригдана. Төрийн захиргааны байгууллага нь бусдад эзэмшүүлж, ашиглуулах эрх олгож байгаа тохиолдолд ямарваа нэгэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх ёстой гэдэг үндэслэлээр Ц.Б нь төрийн захиргааны төв байгууллагад хандаж “Би энэ газрыг эзэмшиж болохгүйд хүрээд байна, тийм учраас дүйцэхүйц өөр байршилд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн байдаг бөгөөд үүний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр газрын байршлыг шилжүүлж эзэмшүүлсэн байдаг. Тэгэхээр эзэмшүүлэхэд заасан тодорхой нөхцөлүүд байдаг. Иргэн Ц.Б нь тухайн шилжүүлж, байршуулсан газраа эзэмшиж чадахгүй байгаа болон Хан-Уул дүүрэг буюу Нийслэлээс газрыг өмчлүүлж өгсөн байна гэдэг утгаар төрийн захиргааны байгууллагад гомдол гаргасан байдаг. Гомдлын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт шалгалтын үнэлгээний хэлтсээс дүгнэлт гаргаад холбогдох материалуудыг судалж тодорхой чиглэл өгсөн байдаг. Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны алба буюу Хан-Уул дүүргийн Засаг даргад тодорхой шаардсан албан бичгүүд байдаг ба тэдгээрийн агуулга нь Ц.Б-д эзэмшүүлсэн газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал гэдгийг тодорхой дурдсан байдаг. Ц.Б-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 болон 2014 оны 807 тоот захирамжуудаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээд газар олгосон нь хуульд нийцсэн. Газар өмчлөлийн тухай хуульд нэгэнт өмчлүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд Нийслэлийн Засаг дарга өөрөө хүчингүй болгох үндэслэл байхгүй тул төрийн захиргааны байгууллага энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байна” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Б-ын газартай холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэзээ, хэрхэн хөндөгдөж байгаа вэ гэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулснаар газартай холбоотой харилцаа үүсэж эхэлж байгаа юм. Тэгэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон бөгөөд харилцаа үүсээгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/968 дугаартай захирамжийг иш татаж тайлбарласан байдаг. Хугацаа сунгах захирамж нь Газар эзэмших тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусаад тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хугацааг сунгуулна гэж байгаа. Гэтэл анх үүссэн эрх шүүхээр хүчингүй болсон. Хугацаа сунгахаас 4 жилийн өмнө шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Хугацааг сунгуулаад талбайн хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Энэ бүх захиргааны акт 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад холбогдож үүснэ. Тэгэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй харин гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийн Ц.Б-ын эзэмшил газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Ц.Б, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг гуравдагч этгээд О.Э тус тус гаргажээ.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд О.Э-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Б-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, нийтийн эзэмшлийн газар, бусдын орц гарцыг хаасан болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр тогтоож, уг 131 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.  

Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбогдуулан Ц. “...танай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас би уг газрыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа тул өөр байршилд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар түүнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын  дугаар гудамжинд амины сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нэгж талбарын 186,,,, дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид анх үүсжээ. 

 Харин гуравдагч этгээд О.Э, Э.М нар 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “...тус дүүргийн нутаг дэвсгэр 4 дүгээр хороонд газар эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар О.Э 700 м.кв, Э.М-т 500 м.кв газрыг тус тус Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжид эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна.  

Дээрх үйл баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрх нэхэмжлэгч Ц.-д түрүүлж үүссэн байх бөгөөд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ц.Б-ын эзэмших эрх бүхий 1610 м.кв газрыг /байршил өөрчлөгдсөнийг/ 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд 186,,, нэгж талбараар бүртгэсэн атлаа мэдээллийг хадгалаагүйн улмаас гуравдагч этгээд нарт 700 м.кв болон 500 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхдээ 606 м.кв /О.Э/, 5 м.кв /Э.М/-аар хэсэгчлэн давхцуулж олгосон нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1452 тоот албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Мөн маргаан бүхий газар орчим нь “Шинэ яармаг” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “...үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлчилгээтэй нийтийн орон сууц байхаар” төлөвлөгдсөн, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09/678 тоот лавлагаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолын хавсралт болон холбогдох бусад баримтаар нотлогджээ.  

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэж заасны дагуу батлагдсан төлөвлөгөөний дагуу /зориулалтын дагуу/ иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар Ц.Б-од 1610 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн, гуравдагч этгээд О.Э, Э.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

Нөгөөтэйгүүр, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн байршилд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар О.Э, Э.М нарт газар эзэмшүүлж, улмаар тухайн нөхцөл байдлыг шалган тодруулалгүйгээр Нийслэлийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар өмчлүүлж /гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар/ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг зөрчсөн байна. 

Нэхэмжлэгч Ц.Б-д 1610 м.кв газрыг анх амины зориулалтаар эзэмшүүлсэн боловч тэрээр газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар “үйлчилгээний зориулалттай” болгон, дуудлага худалдааны анхны үнэ 15,906,000 төгрөгийг төлүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байгааг шүүх анхаарч үзсэн болно.   

Түүнчлэн, гуравдагч этгээд О.Э өөрт нь газар эзэмших эрх үүсэхээс өмнө гаргасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг зөрчигдсөн гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 болон 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрх үүсээгүй, эдгээр захирамжийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ. 

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “уг газрын давхардлыг арилгахаар газрын байршлын асуудлыг судалж байна” гэсэн утга бүхий хариуг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/1687 тоот албан бичгээр Ц.Б,  Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байх боловч Хан-Уул дүүргийн Газрын алба энэ асуудлаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй болох нь Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13/367 тоот албан бичгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан иргэн Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн О.Э, Э.М-т холбогдох хэсгийг Ц.Б-ын эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр хүчингүй болгож, гуравдагч этгээд О.Э-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөг, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА